Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Америкууд “Танай эрчим хүчийг шийдээд өгье” гэж удаа дараа мэдэгдлээ. УИХ анхаарч байна уу DNN.mn

“Танай эрчим хүчийг шийдээд өгье” гэж АНУ-ын Элчин сайдын яамны зүгээс дөрөв дэх удаагаа мэдэгдлээ. Үүнийг Монголын төр засаг анзаарч байна уу. УИХ-ын зүгээс ач холбогдол өгч байна уу. Огт мэдэгдэхгүй байна. Өмнөөс өнөөх л Эгийн голын усан цахилгаан станцаа яриастай. Оросууд ингээд, тэгээд гэж Эгийн голын төслийг сүүлийн 30 жил, мянгантаа ярилаа. Тэртээх 1998 онд С.Зориг амь насаа алдахад “Эгийн голын төслөөс болсон юм биш үү” гэсэн анхны таамаглал гарч байлаа. Эгийн голыг ярихаар цаана нь оросууд л яригддаг. Өнөөдөр ч ярьсаар, бид хууртагдсаар байна. Эрчим хүчний шинэчлэл ярихаар л заавал хойд хөршийг ярьдгаа одоо больчих. Хойд хөршгүйгээр Монголын эрчим хүчийг ярья. Нарийн учир шалтгаан, үндэсний аюулгүй байдал, геополитикийн асуудлууд байгааг гадарлаж байна. Гэхдээ Америкчууд овоо босгоод өгсөн. Одоо овоон дээр нь шаазгай шиг шагширцгаая. Дэлхийн нэг номерын эдийн засаг, их гүрэн. Тэд худлаа ярьдаггүй. Америк санаачилга гаргачихаад байхад бид хөдлөх ёстой. Америкийг дуугарсан дээр нь ашиглая.

Шулуухан хэлэхэд, Оросын зүгээс Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг шийднэ гэж байхгүйг бид бүгдээрээ мэднэ. Орос бол дайн хийгээд эдийн засгаа тамирдуулж байгааг олон улсын судлаачид бичээд, дүгнээд байгааг харж л байна. Сая ОХУ-ын ерөнхийлөгч Путин Монголд айлчлахдаа “Танай III цахилгаан станцыг чинь шинэчлээд өгье” гэж мэдэгдлээ. Энэ нь тэгээд Монголын эрчим хүчний бие даасан байдлыг хангачихсан хэрэг үү. Тэгж ярих юм бол 2022 оны есдүгээр сарын 21-ний өдөр АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Майкл Клечески АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аар дамжуулан АНУ-Монгол Улсын хамтын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх түншлэлийн хүрээнд 3 сая ам.долларын (8.5 тэрбум төгрөг) нэмэлт санхүүжилт олгохоор болсон. Энэ нь эрчим хүчний шинэчлэлд зориулагдах боломжтойг мэдэгдсэн. Тэгсэн юу болов. Манайхан хамгийн найдвартай санхүүжилтээ тодорхойгүй орхиод, хамгийн найдваргүй түнш рүүгээ ханараад эхэлсэн. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн бүсийн захирал ноён Райан Уошберн 2022 оны 5 дугаар сард Монгол Улсад айлчлах үедээ “Эрчим хүчний засаглал (MEG) төслийн үйл ажиллагааг энэхүү санхүүжилтээр дэмжих болно. Уг төсөл нь хувийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, орчин үеийн, цэвэр эрчим хүчний технологийн хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор төлөвлөлтийг сайжруулж, зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой” гэж мэдэгдсэн. Гэтэл яагаад ийм боломжуудаа эрчим хүчин дээрээ ашиглахгүй “Оросууд, оросууд” гээд өнөөдөрт ирэв.

Монголын эрчим хүчний шинэчлэлийг Америкаас Монголд суусан үе үеийн Элчин сайдууд огтхон ч орхиогүй. 2023 онд Цэвэр эрчим хүчийг дэмжих тусламжийн хөтөлбөрийг АНУ-аас зарласан. 2023 оны тавдугаар сарын 17-ны өдөр АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID буюу ОУХА) нь цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцыг хөнгөвчлөх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилго бүхий санхүүжилт, Монголын Эрчим хүчний судалгаа, инновацийн сангийн үйл ажиллагааг (MERI) эхлүүлж байгаагаа мэдэгдсэн. Тус санхүүжилтийн тусламжийн хөтөлбөр нь АНУ-аас Монгол Улсад эрчим хүчний засаглалыг сайжруулах таван жилийн хугацаатай, 12 сая ам.долларын санхүүжилттэй төслийн нэг хэсэг байсан юм. Монгол Улсын эрчим хүчний салбарыг илүү уян хатан, илүү тогтвортой болгон хөгжүүлэхэд чиглэсэн. Төслийн хүрээнд илүү өрсөлдөх чадвартай, санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбарыг хөгжүүлж, улмаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, дотоодын эрчим хүчний хангамжийг илүү тогтвортой бөгөөд найдвартай болгох, сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилготой, Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн голлох түншүүдтэй хамтран ажлаа эхлүүлсэн. Одоо тэгвэл энэ ажлын үр дүн хаана явна.

Нөгөө л оросуудаа, Эгийн голын төслөө ярьсаар 2024 онтой золгосон. Монголд шинэ Элчин сайд нь ирчихсэн байна. Тэр хүн бол АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Ричард Л.Буанган юм. Энэ хүн мөн л Монголын эрчим хүчний бие даасан байдал, эрчим хүчний сэргэлт, шинэчлэлт онцгой анхаарч байна. 2024 оны аравдугаар сарын 1-ний өдөр АНУ-Монголын эрчим хүчний яриа хэлэлцээ албан ёсоор хийв. Дараа нь АНУ-Монгол Улсын Засгийн газраас хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Энэ мэдэгдлийг уншсан улстөрч байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Уг нь унших судлах, ажил хэрэг болгох нь Монголын эрх мэдэлтнүүдийн үүрэг хариуцлага баймаар. Тэгсэн энэхүү яриа хэлцлийн талаар ярьж байгаа дарга, цэрэг гарсангүй. Ядаж АНУ-Монголын Эрчим хүчний яриа хэлэлцээг нээсэн Элчин сайд Л.Буанганы хэлсэн үгийг ч анзаарсангүй. Элчин сайдын хэлсэн үгэнд чухал санаанууд бий. Тэрээр “Би Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирснээсээ хойш манай хоёр орны харилцаа голлох чухал салбаруудад өргөжин тэлж байгааг харж байна. Хамтын ажиллагааны хамгийн чухал боломжуудын нэг нь Монгол Улсын эрчим хүчний салбар. Монгол Улс сэргээгдэх эрчим хүч болон ногоон технологийн чиглэлээр бүс нутгаа манлайлах асар их боломжтой. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд гарсан ахиц дэвшил зарим үед удаашралтай байсан ч Монгол Улс өнгөрсөн үеийн, тогтвортой бус нүүрсний станцаас ирээдүйн сэргээгдэх эх үүсвэр рүү шилжихэд шаардлагатай ажлыг хийж хэрэгжүүлэх хүндхэн шийдвэрүүдийг гаргахад бэлэн гэдгийг шинэ хамтарсан засгийн газраас харж байна. Эрчим хүчний дипломат ажиллагаа эрхэлсэн Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Кимберли Харрингтоноор ахлуулсан манай Эрчим хүчний нөөцийн товчооны төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын гол төлөөлөгчидтэй уулзахаар АНУ-аас ирсэн. Монгол Улс хөгжлийн замналаа үргэлжлүүлж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд цэвэр, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой эрчим хүчтэй болох шаардлагатай. Энэ нь хувийн хэвшилд тулгуурласан хүчин чармайлт байх нь оновчтой. Хувийн хэвшил манлайлан бодит ажил болгож, түүнийг нь төр хамгаалж, хөхиүлэн дэмжсэнээр л амжилтад хүрэх юм. Иймд Монгол Улс эрчим хүчний зорилтууддаа хүрэхэд нь АНУ-ын зүгээс Монгол Улстай хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар бид ярилцана. Өмнө хэлсэнчлэн, эрчим хүчний аюулгүй байдал бол Үндэсний аюулгүй байдал. Монгол Улс үүнийг бүрэн утгаар нь ойлгож, хүлээн авах нь чухал. АНУ түншийн хувиар дэмжиж ажиллахад бэлэн байна” гэж хэлжээ.

Элчин сайд ингэж хэлэхээс өөрөөр санаагаа яаж ойлгуулах юм бэ. Одоо юу хүлээсэн юм бэ. Эдгээрийг ажил болгоход эрх баригч МАН-ын зүгээс хөдлөхгүй байгаа бол ядаж АН-ын УИХ дахь бүлгийн гишүүд санаачилгатай ажиллаач.

АНУ-ын зүгээс Монголд ажиллаж байгаа сүүлийн хоёр ч Элчин сайд мэдэгдэл хийхдээ төгсгөлд нь яг адилхан үгийг хэлсэн. Тэр нь “Эрчим хүч бол манай хоёр талт хамтын ажиллагааны гол бүрэлдэхүүн хэсэг болсон, цаашдаа ч байх болно” гэж. Та бүхэн Элчин сайдуудын хэлсэн үг, хийсэн мэдэгдлүүдийг хэрэг болгон олж хараарай, яг ингэж адилхан төгсгөсөн байгаа шүү…

Б.Нямаа

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *