Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хов живээр хоолоо олдог цаг болж дээ DNN.mn

Ойрын өдрүүдэд цахим сүлжээнд “Өөрийнхөө тухай ямар хов сонсож байв” гэсэн зүйлийг хүмүүс хуваалцаж, янз бүрийн л зүйл бичсэн байна.

Зарим нь бүр ухаан санаанд нь багтахааргүй ховыг бусад хүмүүс ярьсан байсан тухай ч бичжээ. Мөн энэ бүхнийг ихэнхдээ ойр тойрны хүрээллийн, таньдаг найз нөхөд нь анх ярьсан гэдгийг ч дурджээ. Ёстой л нөгөө “Хулгай дотроосоо” гэдэг шиг болчихсон бололтой юм.

Уг нь монголчууд хэдийнээсээ хов живээс хол байхыг үр хүүхдэдээ аминчлан захиж, бусдын тухай элдэв хов ярьдаг хүмүүсийг жигшин зэвүүцдэг ард түмэн байлаа. Ардын аман сургаал билэгтээ хүртэл “Шиврээ бороо хувцас норгоно. Шивнээ үг сэтгэл эвдэнэ” зэргээр сургаж, өөр хоорондоо ярилцдаг байв. Гэтэл цаг үеэ дагаад ч тэр үү, хүмүүсийн хүн чанар муудсантай ч холбоотой юм уу “Шивнээ үг”-ийг сэтгэл өвдөлгүй ярьцгаадаг болжээ. Хэн нэгэнд тал тохой татах гэсэндээ сайн найзынхаа бүү хэл эцэг эхийнхээ талаар ч элдэв хов хэлж, хоолоо олж иддэг цаг болж байгаа нь дэндүү харамсалтай.

Сонирхуулахад, Англид хийсэн нэгэн судалгаанд 5000 хүн хамрагдсанаас эрэгтэйчүүд өдөрт дунджаар 76 минут, эмэгтэйчүүд дунджаар 56 минутыг жов живэнд зарцуулдаг байна.

Эрэгтэйчүүдийн хов живний гол сэдэв хамт ажилладаг халуухан бүсгүй, арван жил, их сургуулийн найзууд, эсвэл согтуудаа хийсэн үйлдлүүд зэрэг байдаг бол эмэгтэйчүүдийнх эргэн тойрны хүмүүсийнх нь секс амьдрал, найз нөхөд, танилынх нь илүүдэл жин зэрэг сэдэв байдаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *