Categories
гадаад мэдээ

Орос ялагдсан томоохон дайн, тулаанууд DNN.mn

Кремлийн суртал ухуулагчид “Оросууд хэзээ ч бусдын нутагт халдаж байгаагүй. Оросууд хэзээ ч дайнд ялагдаж байгаагүй” гэж сурталддаг болов. Монголчуудын гарт хэдэн зуун жил болсны ачаар улс гэж юу байдгийг харж, ойлгон цагийн эрхээр оросууд өөрийн улсыг байгуулсан билээ. Харин эртний түүхтэй үндэстэн болох гэж “орос” гэдэг үгийг украинчуудаас булаан авсан юм.

  1. Ливоны дайн (1558-1583 он) Швед улс Оросын сул талыг олж хараад Польш-Литвийн хамтын нөхөрлөлийн холбоонд элсэв. Оросын догшин Иван хааны арми тэднийг дарахаар довтолсон ч эцэст нь 1578 онд Вэндийн тулалдаанд нэгмөсөн ялагджээ. Энэ дайн Орос улс оролцсон хамгийн урт дайнуудын нэг юм. Энэ дайны үр дүнд Москва ихээхэн газар нутгаа алдаж, Швед, Польш-Литвийн хамтын нөхөрлөлийн мэдэлд шилжүүлэв. Энэ дайн үргэлжлэх хугацаанд дайны явц, үр дүнд нөлөөлсөн дотоод, гадаадын олон ноцтой үйл явдал болсон билээ. Үр дүнд нь Англи улс энэ дайныг чадварлагаар ашиглаж, Балтийн тэнгисийн худалдааг хянаж байсан улсуудын холбоог түлхэн унагаж, худалдааны замыг гартаа аван далайн хамгийн хүчирхэг гүрэн болж чадсан юм.Казань, Астраханыг Орост нэгтгэсний дараа догшин Иван хаан бусдын нутгийг эзлэхээр шийдсэн нь ийнхүү эсрэгээрээ эргэсэн юм. Орос улсын эдийн засаг 25 жил үргэлжилсэн дайны үр дүнд бүрэн сүйрч, олон газар нутаг нь эзэнгүйрч, энэ үеийг Оросын түүхчид 1598-1613 оны хооронд үргэлжилсэн “Зовлонт цаг,үе” гэж нэрлэх болсон билээ.
  2. Орос-Польшийн дайн (1609-1618 он) Дайны шалтгаан нь Оросын хаан Василий Шуйский хуурамч Дмитрий II-ийн цэргүүдийг ялахад туслахыг Шведээс хүсэв. Польш улс Орос-Шведийн холбоог өөрийн ашиг сонирхолд заналхийлж байна гэж үзэн Смоленскийг бүслэв. Улмаар Клушиногийн гэгддэг 1610 оны долдугаар сарын 4-ний тулалдаанд Оросын арми ялагдаж, Польшийн цэргүүд Москваг эзлэв. Оросын төрийн задрал эхлэв. Польшууд Оросыг захирч эхэлсэн ч Минин, Пожарский нар цэрэг цуглуулж 1612 онд тэднийг нийслэлээсээ хөөн зайлуулав. Гэсэн хэдий ч дайн үргэлжилсээр Оросын цэргүүд харийнхны довтолгоог арай ядан тогтоож байв. Гэтэл Петр Сагайдачный тэргүүтэй Запорожийн казахууд1618 онд Оросын цэргүүдийн ар талаас цохилт өгөн Елецийг эзлэн авч, улмаар Москвагийн ойролцоо ирж Польшийн армитай нэгдэв. Ингэснээр Оросын хаан Смоленск, Чернигов, Северск мужуудыг Польш-Литвийн хамтын нөхөрлөлд шилжүүлэн, “Деулингийн эвлэрэл” гэх гэрээ байгуулахаас өөр аргагүй болжээ.
  3. Орос-Шведийн дайн (1610-1617 он)Дайны шалтгаан нь Швед “Зовлонт цаг, үе”-ийг далимдуулан Оросын хойд хэсгийн хотуудыг эзлэн авах хүсэл байв. Үр дүнд нь Шведүүд 1611 оноос Оросын газар нутагт довтлон Новгород хотыг эзлэн авч 1617 онд “Столбовогийн гэрээ” байгуулагдаж Орос улс Балтийн тэнгис рүү нэвтрэх эрхээ алджээ
  4. Смоленскийн дайн (1632-1634) он Дайны шалтгаан нь Оросууд “Зовлонт цаг, үе”-д алдагдсан Смоленскийг буцаан авах хүсэл байв. Оросын армийг Шеин удирдаж Польшуудын мэдэлд байсан Смоленскийг бүслэв. Гэтэл Польшийн хаан Владиславын 30,000 хүнтэй арми Смоленск хот руу ойртож, Шеин өөрөө армитайгаа бүслэгдэв. Ийнхүү Оросууд “Поляновскийн энхтайвны гэрээ”-нд гарын үсэг зурахаас өөр аргагүй болж Смоленск Польш улсад үлдэж, Москвад Шейн цаазлагдав.
  5. Орос-Туркийн дайн (1710-1713 он) Дайны шалтгаан нь Оросын I Петр хаан туркүүдийг өөрийн дайсан Шведийн Карл хааныг нутаг дэвсгэрээсээ хөөн гаргахыг шаардсан явдал болов. Учир нь Полтавад ялагдсан Карл хаан Османы Бендерид хоргодож байжээ. Петрийн хатуу шаардлагын хариуд Османы Султан Крымын хааны шахалтаар өөрөө Оростой байлдав. Үр дүнд нь Петр хааны Прутскийн аян дайн бүрэн ялагдал хүлээж Оросууд Азов, Хар тэнгис рүү нэвтрэх эрх болон Запорожийг алдав.
  6. Крымын дайн (1853-1856 он) Цар хүрээ, болсон тулаанууд, дайчлагдсан цэргүүдийн тооны хувьд энэ дайн тухайн үедээ дэлхийн дайн болсон билээ. Учир нь Оросын хаан I Николайн арми Крым, Гүрж, Кавказ, Свеаборг, Кронштадт, Соловки, Камчатка зэрэг хэд хэдэн фронтод тулалдан тэдний талд Болгарын 3000 цэрэг болон Грекийн 800 хүнтэй легион байлдаж байв. Харин тэдний эсрэг Их Британи, Франц, Османы эзэнт гүрэн, Сардиний цэргээс бүрдсэн нийт 750 мянга гаруй цэрэгтэй олон улсын эвсэл тулалдав. Үр дүнд нь Парист болсон олон улсын конгрессын үеэр Австри, Пруссээс гадна бүх дайтаж буй гүрнүүд оролцсон Энхийн гэрээнд 1856 оны гуравдугаар сарын 30-нд гарын үсэг зурав. Энэхүү гэрээний дагуу Орос улс холбоотнуудад эзлэгдсэн Крымын Севастополь, Балаклава болон бусад хотуудын оронд Карскын бэхлэлтийг Туркт буцаан өгч Дунай мөрний ам, Өмнөд Бессарабийн нэг хэсгийг Молдавын ноёдод шилжүүлэв. Хар тэнгисийг төвийг сахисан бүс гэж зарласан бөгөөд Турк болон Орос улс энд тэнгисийн флотоо байрлуулах эрхгүй болов.Энэ дайн Их Британи, Францын бүрэн ялалтаар өндөрлөжээ.
  7. Орос-Японы дайн (1904-1905 он) Оросын II Николай хаан Японтой хийх дайныг ” жижигхэн боловч том ялалт байх болно” гэж итгэж дайран орсон ч үр дүн нь эсрэгээрээ эргэсэн. Оросууд энэ дайнаар Сахалины арлын талыг зэргэлдээх бүх жижиг арлуудтай нь Японы мэдэлд шилжүүлж, Порт Артур, Дальный болон Ляодун хойгийг түрээслэх эрхийг Японд өгч, Солонгос, Манжуурыг Японы нөлөөллийн бүс гэж хүлээн зөвшөөрч, Японд 300 сая алтан рублийн дайнынөхөн төлбөр олгох болсноос гадна энэ дайнд 2,6 тэрбум рубль зарцуулсан нь жилийн төсвөөс нь 700 саяар илүү гарсан байв. Үр дүнд нь Орос улс эдийн засгийн хямрал, хувьсгалд нэрвэгдэв.
  8. Дэлхийн нэгдүгээр дайн (1914-1918 он) Энд нэгэн сонин зүйл болсон нь Оросууд өөрийн нэгдэн орсон эвсэлд ялагдсан Германд бууж өгсөн явдал юм.Герман“Брестийн энх тайвны гэрээ”-ний дагуу 780 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий газар нутгийг Оросоос таслан авав. Оросын эзэнт гүрний хүн амын гуравны нэг буюу 56 сая хүн амтай энэ газар нутагт хувьсгалаас өмнө тариалангийн 27%, төмөр замын нийт сүлжээний 26%, нэхмэлийн үйлдвэрийн 33%, Төмөр, гангийн 73% хайлуулж, нүүрсний 89%, элсэн чихэр 90%-ийг үйлдвэрлэж байжээ.Мөн Оросууд Финланд болон Балтийн орнуудаас өөрийн флотыг татан буулгахаар болов. Хар тэнгисийн флотыг бүх дэд бүтцийн хамт Германы мэдэлд шилжүүлэв. Орос улс Германд учруулсан хохирол хэмээн 500 сая алтан рублийн нөхөн төлбөр төлсөн бөгөөд Зөвлөлт засгийн газар эдгээр нутаг болон Герман, түүний холбоотон улсуудын нутагт хувьсгалт суртал ухуулга хийхгүй байх үүрэг хүлээв. Үр дүнд нь Орос улс задарч, иргэний дайн дэгдэв.
  9. Зөвлөлт-Польшийн дайн (1919-1921 он)Зөвлөлтийн арми Польшийн нутагт цөмрөн орсон ч Варшавын дэргэд бут цохигдов. Ийнхүү Ригагийн гэрээ байгуулагдаж уг гэрээгээр ЗХУ болон бүрэлдэхүүнд нь орсон Зөвлөлт Украин, Зөвлөлт Белорусь улсууд Польшийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч баруун Украин, баруун Беларусь болон Оросын эзэнт гүрний мэдэлд байсан зарим мужуудын нутаг дэвсгэрийг Бүгд Найрамдах Польш улсад шилжүүлэв. Мөн Зөвлөлтийн тал 1772 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш Польшийн Вант Улсын нутаг дэвсгэрээс олзлон авсан цэргийн цом, шинжлэх ухаан, соёлын бүхий л үнэт зүйлсийг Бүгд Найрамдах Польш улсад буцааж өгөхөөр болж, Польш улсад нэг жилийн дотор 30 сая алтан рублийг дайны төлбөр толгох үүрэг хүлээв. Бас Оросын эзэнт гүрэнд Польшийн Вант улсын оруулж байсан хувь нэмрийн нөхөн төлбөр болгож Польшийн талд 18 сая алтан рубль олгохоор болжээ.
  10. Халх голын байлдаан (1939 он) Япончууд “Номунханы мөргөлдөөн” гэж нэрлэдэг энэ байлдаан тавдугаар сарын сүүлчээр эхэлж эцсийн шийдвэрлэх тулаан наймдугаар сарын сүүлээр болж, 1939 оны есдүгээр сарын 15-нд ЗСБНХУ-Японы хооронд Энхийн хэлэлцээр байгуулагдсанаар дууссан юм. ЗХУ энэ байлдаанд Японоос хэд дахин олон цэрэг, техникээ алдсанаас гадна Монголын газар нутгаас Японы мэдэлд өгсөн нь өнөөдрийг хүртэл буцаж ирээгүй байна. Иймээс энэ дайныг ялагдал гэхээс өөр аргагүй. Мөн Оросууд өнөөдөр ч “Энэ тулалдаан байгаагүй бол Япон дэлхийн дайны II үеэр ЗХУ-д довтлох байсан” гэж сурталддаг. Энэ бол огт худал зүйл. Учир нь 1904-1905 оны Орос-Японы дайны дараа энэ хоёр улс “Өвөр Монгол Хятад, Японы мэдэлд, Буриад Монгол Оросын мэдэлд, Ар Монгол зааг буюу аюулгүйн бүс байна” гэсэн нууц гэрээ байгуулсан юм. Энэ нь хожим Зөвлөлт, Хятадын “зааг бүс” болж Ар Монгол тусгаар улс болох гол үндэс болсон байдаг. Орос улсад Октябрийн төрийн эргэлт болсны дараа Япончууд Манжуураас цэрэглэн орж ирж большевикуудаар гарын үсэг зуруулж уг нууц гэрээг дахин баталгаажуулж авсан билээ. Иймээс Япончууд тухайн үед Монж Го болон Монгол улсын хилийг баталгаажуулсны дараа дайн хийх нефтийн нөөцтэй болох гэж Номхон далайн зүг цэргийн хүчээ чиглүүлсэн юм.
  11. Зөвлөлт-Финландын дайн (1939-1940 он) Улаан Армийн анги нэгтгэлүүд Финландын хилийг 1939 оны арваннэгдүгээр сарын 30-нд давж, 1940 оны гуравдугаар сарын 13 хүртэл энэ дайн үргэлжилсэн. Энэ дайнд Ленинградын тойргийн ангиуд, Балтын, Хойд усан цэргийн хүчин, Ладог нуурын цэргийн ангийн 1915 их буу, 1131 танк ба 967 онгоц бүхий 1 сая орчим зөвлөлтийн цэрэг оролцсон байна. Зөвлөлтийн арми 72408 хүнээ алдаж, 186129 хүн шархдаж, дарга нар нь цэргийн өвлийн хувцас авах мөнгийг нь “идчихсэн” учир 132213 хүн хөлдөж, 17520 хүн сураггүй алга болсон, эсвэл олзлогдсон байна. Энэ бол ЗХУ-ын гаргасан албан ёсны тоо бөгөөд бодит тоо мэдээж үүнээс өндөр байсан байж таарна. Харин Финийн арми 19576 хүнээ алдаж, 43557 хүн шархдаж, 4101 хүн сураггүй алга болсон эсвэл олзлогдсон байна. Москва хотноо гарын үсэг зурсан энхийн хэлцэл хийсэн өдөр байлдааны үйл ажиллагааг зогсоож хоёр улсын хилийн зурвасыг хойшлуулан Ленинград болон Мурманск хотуудын аюулгүй байдлыг хангах гол зорилтоо зөвлөлтийн тал биелүүлж чадсан юм.Гэхдээ энэ дайн Финландын талд байсан Германд “Зөвлөлтийн цэрэг бол зүгээр л тоо юм байна” гэдгийг ойлгуулсан нь хожим нь ЗХУ-ыг стратегийн том ялагдал хүлээхэд хүргэсэн. Иймээс энэ дайнд Оросыг ялагдсан гэж үзэхээс өөр аргагүй юм.
  12. Дэлхийн хоёрдугаар дайн (1941-1945 он)Германтай байгуулсан Энхийн гэрээ зөрчигдөж хамаагүй цөөн хүн, техниктэй Германы армид Оросууд бут цохигдож эхлэв. Их Британы дэмжлэг, АНУ-ын “Лэнд лиз” тусламжийн ач тусаар ЗХУ Германыг ялсан эвслийн эгнээнд багтав. Ганц л жишээ авахад, Зөвлөлтийн “алдарт” Т-34 танкны гол төмрийг америкчууд зорж бэлэн болгон ЗХУ руу илгээж байсан бол энэ танкны мотор нь америк тракторын хуулбар байв. Дайны үнэнийг мэддэг хүмүүс эрс цөөрсөн үе буюу 1965 оноос Оросууд жил бүрийн тавдугаар сарын 9-нийг “Ялалтын баяр” хэмээн сүр дуулиантай тэмдэглэх болов.
  13. Афганистаны дайн (1979-1989 он) Нийт 10 жил байлдсан цэргийн үйл ажиллагаа үр дүнгүй болж ЗСБНХУ-ын эдийн засгийн нөхцөл байдал муудсан тул цэргээ Афганистанаас татан авахаас өөр аргагүй болов.Арми нь зэвсэглэсэн энгийн ардуудтай байлдан ялж чадахгүй арчаагүй гэдгээ харуулж, коммунизм бол огт худал үзэл, суртал гэдгийг иргэд нь ойлгон, үр дүнд нь ЗХУ задрав.Харин ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин саяхан “Орос янхан байдгийг харуулсан “Интердевушка” кино дэлгэцэнд гарснаас болж ЗХУ задарсан” гэж мэдэгдэв.
  14. Чечений нэгдүгээр дайн (1994-1996он) Энэ дайн үнэндээ Чеченийн тусгаар тогтнолыг бодитоор хүлээн зөвшөөрсөн явдлаар өндөрлөж, ОХУ-ын нэр хүнд унав.
  15. Чечений хоёрдугаар дайн (1999 оноос өнөөг хүртэл) ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельциний “алдааг засаж” өөрийн нэр хүндийг өргөхийн тулд Владимир Путин 1999 онд Чечений хоёрдугаар дайныг эхлүүлж энэ ард түмнийг хүүхэд, хөгшидгүй нь цусанд хутгаж, нийслэлийг нь газрын хөрстэй тэгшлэв. Чечений эх орончид амийг нь егүүтгэсэн Путины тавиулын хүү аавыгаа залгамжлан санаанд багтамгүй их мөнгө жил болгон Оросын төсвөөс авдаг болов. Кадыров өөр мужаас ирсэн хуулийнхныг нам буудаж, ОХУ-ын өөр бусад муж улсад дуртай үедээ аллага үйлдэх болж, ОХУ дотор илүү эрхтэй Чечений тусгаар улс бий болов. “Хойд Кавказын нутаг дэвсгэрт явуулж буй терроризмын эсрэг ажиллагаа” гэх албан ёсны нэртэй энэ дайн албан ёсоор дуусалгүй өнөөдөртэй золгоод байгаа билээ.
  16. Уулын Карабахын дайн (1992-2023 он) Орос цэргийн тусламжтай өрнөсөн 1992-1994 онд болсон Карабахын дайнд 30 мянга гаруй хүний амь насыг авч, нэг сая гаруй хүн дүрвэгсэд болжээ. Карабахын энэ дайны дараа Уулын Карабах болон түүний ойр орчмын долоон бүс нутагт нэг ч азербайжан иргэн үлдээгүй юм. Оросууд Арменд тусалсан энэ дайны гол зорилго нь 11 сая хүн амтай Азербайжан улсыг Ираны мэдэлд байгаа 25 сая ахан дүүс, хамаатан садантай нь шууд хиллүүлэхгүй байх, энэ хоёр улсыг өөрийн цэргийн хяналтад байлгах явдал байв. Азербайжан улс 2023 оны есдүгээр сарын сүүлээр “Цэргийн тусгай ажиллагаа” эхэлснийг зарлаж, газар нутгаа бүрэн буцааж авав. Жилийн дараа Оросын “Энхийг сахиулагч” цэргүүд Азербайжан,Армен улсуудаас хөөгдөн гарав.
  17. Орос Украины дайн (2014 оноос өнөөдрийг хүртэл) “Гурав хоногт нийслэл Киевийг нь, долоо хоногт Украины бүх газар нутгийг нь эзэлж, НАТО-г холдуулан хөөнө” гэсэн “Цэргийн тусгай ажиллагаа” нэртэй энэ дайн эсрэгээрээ эргэж, гурав дахь жилдээ үргэлжлэн Путин Украиныг ялахгүй гэдэг нь тодорхой болов.
  18. Израилийн эсрэг Оросын дайнууд Израилийн эсрэг хийсэн орос цэргүүд оролцож, ялагдсан дайнууд гэвэл нэлээд урт жагсаалт гарна. Хамгийн сүүлд гэхэд л Украинд өгөх барууны тусламжийг сааруулах гэж Оросууд өөрсдийн бий болгосон ХАМАС-ыг Путины төрсөн өдрөөр Израиль руу гэнэдүүлэн дайруулсан нь яг эсрэгээрээ эргэж, ХАМАС төдийгүй Ливаны Хизболла бүр Ираны дэглэмийн хувь заяаг дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлж орхив.

Эдгээр нь томчилж түүсэн Орос ялагдсан дайн, тулаанууд юм. Кремлийн суртал ухуулагчид өнөөдөр эдгээрийн ихэнхийг огт дурддаггүй, эсвэл “Оросууд ялсан” мэт болгож, худал сурталддаг. Ерөөс Орос улс зэвсэггүй ард түмнийг эзэлж ийм том нутагтай болсон бөгөөд харин зэвсэг сайтайд нь хэрээ мэдэхгүй довтолж, байнга л ялагдаж байсан байдаг. Харин энэ бол бодит үнэн билээ.

 

Бэлтгэсэн

Г.АМАРСАНАА

2 replies on “Орос ялагдсан томоохон дайн, тулаанууд DNN.mn”

Хаха саранд хуцна гэж энэ д байхдаа…Ход очиж юу даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *