Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, харагдсан эм тангаа чихэр шиг иддэгийг нь болиулах гэсэн шиг байгаа юм, уг нь… DNN.mn

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд такси үйлчилгээ эрхлэхийн тулд тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөг төлөхөөр заасан нь сүүлийн үед маргаан дагуулж байна. Уг нь ч нэг их маргаад, иргэд олон нийт бухимдаад байх зүйл биш юм билээ л дээ. Холбогдох албаныхан, хариуцсан хүмүүс нь хуулиа олигтойхон сурталчлаад, таниулаад өгсөн бол ийм “хэрүүлийн алим” ургахгүй байлаа. Харин албаныхнаас өрсөөд хэн нэгэн нь энэхүү мэдээллийг буруу талаас нь түгээснээр үүссэн. Буруу мэдээллийг ойлголт дутуугаас уу, аль эсвэл албаар олон нийтэд тараасан уу гэдэг нь өөр зүйл. Гарсан хууль бүхэн эцсийн үнэн, зөв гэсэн үг биш.

Гэхдээ л тухайн хуулийг гаргах шалтгаан нөхцөл гэж бий. Нэмээд муу ч, сайн ч суурь судалгаануудыг хийж таарна. Нийслэлд сүүлийн таван жилд 2900 гаруй гэмт хэрэг гарсны 2116 нь таксины жолоочтой холбоотой байна гэсэн судалгаа бий. Үүнийг л зохицуулахын тулд хууль баталсан хэрэг. Үнэхээр ч улсын төв нийслэл юм бол үүнийгээ нэг цэгцлэх цаг нь болчихсон л доо. Яг үнэндээ таксинд явдаг хүмүүс амандаа орсон үнэ хэлдэг, үйлчлүүлэгчээ айлгадаг, сүрдүүлдэг, машин нь бохир гээд олон шүүмжлэл байдаг. Үүнийг л зохицуулах гээд буй ухаантай юм шиг байгаа юм, уг нь. Гэтэл аль болох л буруу талаас нь шүүмжлээд, цахим орчинд холбогдох албаныхныг нь дүүжилж дураа хангах нь дэндүү олон байх юм. Тэгээд ч манайхан сошиалын хандалт харж байж ажлаа хийдэг болохоор энэ хууль бараг эргүүлэн татагдах хэмжээнд хүрч байх шиг байна.

Тэгвэл та бүхэн ажлаасаа оройтож тарсан бүсгүй гар өргөөд таарсан таксиндаа суугаад алслагдсан гэр хорооллын харанхуй гудамжинд буух үеийг төсөөлж үзсэн үү. Улаанчулуутын хогийн цэг дээр мөчлүүлчихсэн эмэгтэйг санаж байна уу. Саяхан даа, Өмнөговь аймагт алуулсан бяцхан охины хэргийг мартаагүй биз дээ. Энэ мэт аймшигт хэрэг гарангуут улс даяараа хэдхэн өдөр гасалчихаад мартдаг. Дараагийн гэмт хэрэг гарахаар уйлан дуугардаг байдалтай дахиад хэдүүлээ хэдэн жил амьдрах юм. Албан ёсны бүртгэлтэй, хаягтай, цэвэр цэмцгэр, буцах эзэн буух хаягтай таксигаар үйлчлүүлдэг болох чинь наад захын шаардлага болчихсон. Гэтэл өнөөдөр зам дээрээс таксинд суухдаа арай овсгоотой нэг нь улсын дугаарыг нь дотны хэн нэгэн рүүгээ илгээхээс өөрөөр хэтрэхгүй л байгаа шүү дээ. Амьдрал дээр өнөөх серийн дугаарыг нь хуурамчаар хийж чадахаар болсон.

Хууль нь хэчнээн сайн байлаа ч дагалдах журмаар нь түүнийг завхруулдаг байдал энэ удаад ч давтагдсан. Бүр хорлож байгаа юм шиг байдалтай журам гаргачихсан гэж хэлж болно. Такси үйлчилгээнд бүртгүүлэхдээ таван сая төгрөг төлнө гэсэн ганц өгүүлбэр л энэ бүхнийг орвонгоор нь эргүүлж орхисон. Өнөөдөр таксинд явж нэмэлт орлого олж, ар гэрээ тэжээж байгаа нь хэд билээ. Угаасаа авч байгаа хэд нь амьдралд хүрэлцэхгүй байгаа юм чинь үүнээс өөрөөр яах билээ. Тийм болохоор хувиараа таксинд явдгууд нь явж байг л дээ. Гол нь хуульд заасан шаардлагуудыг нь ягштал биелүүлээд, албан ёсоор бүртгүүлчих хэрэгтэй. Бүр болохгүй бол шаардлагатай үед алсаас хаана явааг нь харж болдог чип, дохиолол суулгасан ч болохгүй юмгүй. Харин үүнийхээ төлөө 200 мянган төгрөгийн хураамж төл гэсэн бол ийм хэл ам огт гарахгүй. Дургүйцээд байгаа шалтгаан нь энэ таван сая төгрөг л юм шүү дээ. Нээрээ ч ийм хэмжээний мөнгөтэй байсан бол ТҮЦ, эсвэл лангуу түрээслээд суух нь биед нь амар байж таарна. Ядарсан ард түмнээ таван сая гэх тэнгэрийн тоогоор айлгаад энэ хуулийг үгүй хийж болно гэж мэддэг хүмүүс л ийм журам гаргаж байгаа.

Яг үүнтэй адилхан тун хэрэгтэй мөртлөө сошиалд балбуулж байгаа зүйл бол Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга. Үүнийг УИХ-аас өнгөрсөн зургадугаар сарын 5-ны өдөр баталсан бөгөөд энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Бас л хуулийнхаа таниулгыг салбар яам нь огт хийгээгүй. Цахим орчинд хүмүүс шуугиад, эмийн сангууд эм олгохоо болиод ирсний дараа л алга дарам мэдэгдэл гаргаснаас өөр зүйл огт хийсэнгүй. Гэтэл эмийг чихэр шиг, хоол шиг хэрэглэдэг болчихсон байдлыг л таслан зогсоох, болиулах гэж энэ хуулийн шинэчилсэн найруулгыг хийсэн шиг билээ.

Ер нь манай улс ардчилсан зарчимд шилжих үедээ эмийн салбараа тэр чигээр нь зөнд нь орхисон. Ингэхдээ “Зөвхөн хямд эм” гэсэн уралдааныг зарлаж, тендерийн гол шалгуураа ч хямд болгосон. Үүнийх нь гор гарч өнөөдөр манай улсад үйлчилгээ сайтай, өвчнийг дарангуйлдаг эм бараг байхгүй болсон гэхэд болно. Тэрийгээ хямдаар бараг кг-аар нь зардаг. Тиймээс манайд шүдний эмнэлэг, эмийн сан хоёрыг гүйцэх өндөр ашигтай бизнес байхгүй. Тэгэхээр энэ будлианыг далимдуулаад эмийн сангууд нугалаа гаргаж байхыг ч үгүйсгэхгүй. Өвчин намдаах болон энгийн нэг эмийг хүртэл жороор олгоно гээд тас гүрийж буй нь ийм хардлага төрүүлж байгаа юм. Ингэж асуудлыг хүндрүүлж, сошиалаар балбуулж байгаад эмийн сангууд хуучин шигээ эм гэх хуурамч хороороо ард түмнээ шулж байхыг санаархаж ийм байдалд хүргэж байж ч магадгүй.

Гадаадад бол даралтны эмийг дуртай газраасаа очоод авчихна гэсэн ойлголт байхгүй. Эхлээд даралтаа үзүүлж байж, эмчийн бичигтэйгээр үйлчилдэг гэх юм билээ. Гадаадад өвдсөн л бол өнгөрөө болдгийг захын сурвалжлагч ч мэднэ. Гүйж гараад өвчин намдаах эм лав авч чаддаггүй. Нөгөө орны бүртгэл энээ тэрээ нь байхгүй учраас, эмчийн бичиг үгүй болохоор яг л хаягдсан амьтан шиг болдог. Эрхбиш албан ажлаар яваа тулдаа л албаны хүнээр нь дамжуулж эм тан олдог. Тийм учраас манайхан гадагшаа явахдаа эм авч явдаг юм. Үүнийг мэдэх нэг нь мэднэ. Харанхуйгаар муйхарласан энэ үед мэддэг зарим нь түүнийгээ бичихээр Эрүүл мэндийн яамны өнөөх мэдэгдэл шиг дарагдчихаад байна. Ер нь өндөр хөгжилтэй орнуудад эмийг ингэж хязгаарлах нь хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалж байгаа чухал алхам болдог бололтой. Учир нь эмийн зохисгүй хэрэглээг болиулж, хэн ямар өвчинд юу ууж байгааг нь хянаад эхлэхээр иргэд нь эрүүл мэнддээ анхаарч ядахдаа л өглөөдөө алхаж, гүйж, спортоор хичээллэдэг болдог байна.

Бүр архи, тамхиныхаа хэрэглээг багасгаж, хужирссан мал шиг газтай ундаа уухаа больдог адил уншигдаад байгаа юм. Өнгөрсөн хавар баталсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга урт хугацаандаа монголчуудад яг л ийм дадал бий болгох учиртай байлаа. Даанч санаатай, санамсаргүй байдлаар мушгин гуйвуулагчид, худал мэдээллээр монголчуудыг талцуулахыг хүсэгчид, хэрэгтэй, зөв хууль, журмыг завхруулахыг хичээгчдийн балгаар зорилго нь хазайж байх шиг байна. Дээрээс нь сошиал хандалтаар өглөөний шийдвэрээ орой нь, өчигдрийн ажлаа өнөөдөр нураадаг дарга нартай болохоор яалтай ч билээ дээ.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *