Categories
мэдээ цаг-үе

Нийт нутгийн 47 хувь нь бэлчээрийн нөөц сайтай DNN.mn

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн нутгаар тооцоолон гаргажээ. Газрын гарц, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн уг тооцооллыг хийсэн аж. Ингэснээр нийт нутгийн 47 хувьд нь бэлчээрийн нөөц сайн байгааг тогтоожээ. Энэ жил зуншлага сайн болсон аймаг, сумуудын нутаг дэвсгэр үүнд хамрагдсан байна. Мөн 20 хувьд нь бэлчээрийн нөөц дундаж түвшинд байгаа гэнэ. Харин үлдсэн хувьд нь бэлчээрийн даац их, бага хэмжээгээр хэтэрсэн гэх дүн гарчээ.

Ялангуяа Баян-Өлгийн Сагсай, Увсын Завхан, Ховдын Мөст, Мянгад, Буянт, Говь-Алтайн Алтай, Баянхонгорын Галуут, Баянговь, Баянлиг, Хөвсгөлийн Төмөрбулаг, Цагаан-Уул, Өвөрхангайн Нарийнтээл, Уянга, Гучин-Ус сумд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэйг тус хүрээлэнгийнхэн анхааруулсан байна. Иймд бэлчээрийн даац хэтэрсэн аймаг, сумуудын нутагт өвс, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс хэрэгжүүлэхийг зөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *