Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сонголт нэгэнт хийгдсэн, төлөөлөгчийн ажлаа л сайн хийх ганцхан даалгавар үлдлээ DNN.mn

Хуулийн дагуу энэ сарын 11-нд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгууль өмнөхүүдээ бодвол олны анхаарлыг их татсан, нам, эвслүүд өндөр ач холбогдол өгсөн байдлаар болж өнгөрснийг дурдах нь зүйтэй. Бага Засгийн газар гэгддэг нийслэлийн ИТХ-ын 45 мандатын 40-ийг нь МАН, тавыг нь АН авсан нь ярианы сэдэв болоод буй. Өмнөх дөрвөн жил бүлэг байгуулах хэмжээнд суудалтай байсан ХҮН нэг ч суудалгүй үлдсэн, АН ердөө тавхан төлөөлөгчтэй болсон зэргээ олон байдлаар тайлбарлаж байна. Тухайлбал, иргэдийн ирц их тааруу байсан, санал хураалтыг баасан гарагт тохируулсан, эрх баригчид асар их мөнгө тараасан зэргийг хэлж байгаа бол олон нийтийн зүгээс энэ хоёр намын ялагдал нь хамтарсан засагт орсонтой холбоотой гэх өнцгийг ч гаргаж тавьж байна. Ардчилсан намын хувьд энэ удаагийн сонгуульд 330 сумаас 154-т нь ялалт байгуулж, нийслэл, аймгийн ИТХ-ын 794 төлөөлөгчөөс 332 төлөөлөлтэй /41,8 хувь/ болж, нийт найман аймаг, дүүрэгт албан ёсоор ялалт байгуулсан гэж мэдэгдсэн. Мөн нийслэлийн иргэдийн ердөө 16-хан хувийн санал авчихаад МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгууллаа гэх зүйлийг ч илэрхийлээд байгаа юм. Гэхдээ энэ удаагийн сонгуульд АН ч тэр, ХҮН ч тэр “Баяраа өөрөө ширээн дээрээс унасан” гэдгийг хэлэх нь зүйтэй.

Нийслэлийн ИТХ-ын тойргуудад МАН-аас нэр дэвшсэн хүмүүс бусдаасаа нэлээд өндөр зөрүүтэй ялалт байгуулсан болохыг Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаснаас харж болно. Харин хамгийн ойролцоо буюу өрсөлдөөнийг Хан-Уул дүүрэгт үзүүлсэн байна. Зургаан мандаттай тус тойргийн зургаагаар МАН-аас нэр дэвшсэн Б.Мягмар 21269 хүний санал авсан бол яг хамраараа таслуулсан АН-ын нэр дэвшигч Б.Онон 21093 санал авсан байх юм. Тэгвэл эсрэгээрээ Баганхангай дүүрэгт ялалт байгуулсан АН-ын Б.Золтуяа өрсөлдөгчөөсөө ердөө 70 санал л илүү авч нийслэлийн төлөөлөгч болжээ. Саналын зөрүү сум, дүүргийн төлөөлөгч дээр ирэхээрээ улам ойрхон болж байна. Зарим тохиолдолд бүр ганцхан хүний саналын зөрүүгээр төлөөлөгчөөр сонгогдсон тохиолдол ч байгаа юм. Нэг ёсондоо яг орон нутагтаа бол их тэнцүү, ойролцоо ялалтууд олон болсон байна.

Энэ удаагийн сонгуулийн зарим сонирхолтой зүйлсийг дурдвал Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ-ын 21 мандатын 17-д нь бие даагчид ялалт байгуулсан. Манай улсын түүхэнд анх удаа ийм зүйл тохиолдож байгаа гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байгаа. Гэсэн хэдий боловч олонх болсон бие даагчид ардчиллын зарчмаараа Засаг даргаа сонгоод сумаа засаглаад явахад ямар нэгэн асуудал гарахгүй гэдгийг хуульчид хэлээд байгаа. Тус сумын Ардчилсан нам хуулийн хугацаандаа бүртгүүлж чадаагүй учраас хүмүүсээ бие даалгах шийдвэр гаргасан нь ийм үр дүн гарахад нөлөөлсөн байна. Мөн Булган аймгийн Баян-Агт сумын 21 мандатын 12-ыг нь Иргэний хөдөлгөөний нам /ИХН/ авч, ялалт байгуулсан. Учир нь тус сумын МАН бас л амжиж бүртгүүлж чадаагүй учраас нэр дэвшигчдээ ИХН-аас нэр дэвшүүлсэн нь ийм амжилт үзүүлэх шалтгаан болсон гэдгийг хүмүүс хэлж байна. Энэ удаагийн сонгуулийн ирц маш хангалтгүй байсан. Тэр дундаа залуучуудын ирц маш муу байсан юм. Ердөө хэдхэн сарын өмнө УИХ-ын сонгуульд боломжийн ирцтэй саналаа өгч байсан залуучууд энэ удаад яагаад саналаа өгсөнгүй вэ гэдэг асуулт гарч ирнэ. Улс төрийн хүрээнийхэн, нам, эвслийнхэн санал авах өдрийг баасан гарагт хийсэн, мөнгө тараасан гэж гоншигонож байгаа ч иргэд АН, ХҮН хоёр засагт хамтарсаных нь гай гэж байна. Үүнд үнэний орж байж болно. Хугацаагүй эрхэт хаан мэт сүүлийн жилүүдэд эрх барьж байгаа МАН-ын эсрэг хүчтэй сөрөг хүчин байгаадах гэж Их хуралд энэ хоёр намд гайгүй олон суудал өгч байхад гүйж очоод хамтарчихсан нь залуучуудын дургүйцлийг төрүүлж, итгэлийг эвдсэн байхыг үгүйсгэхгүй. Харин нийслэлд ХҮН ямар ч төлөөлөлгүй болсонд дарга Т.Доржхандыг буруутгах хүн олон байна. Үнэхээр Шадар сайд болсноосоо хойш, тэр ч бүү хэл сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд энэ хүн намаа, нэр дэвшигчдээ магтаад, дэмжээд олон нийтийн өмнө гарч ирээгүй. Албан тушаалтайгаа үлдэхийн тулд ах намынхаа даалгаврыг ягштал биелүүллээ ч гэж байна. Харин АН-ын хувьд гэвэл төв намаасаа олигтой анхаарал хандуулсангүй. Бүр дээр нь нэмээд нийслэлээ Х.Баттулга гэж хүнд найр тавьж өгөөд, өнөөх нь өөрийн дураар хэдэн лайвчин, нэр нүүрээ хэдийнэ барчихсан нөхдүүдийг нэр дэвшүүлсэн. Сонгогчийн хувиар санал авах байранд очоод нэр дэвшсэн нөхдүүдээс харахад АН-ынхан дотор үнэндээ таних хүн байгаагүй. Тийм болохоор хүмүүс “Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэсэн сонголт хийсэн нь 40:5 гэсэн харьцааг бий болгосон. Сонгууль бүрийн ард л мөнгө тараасан гэдэг үг улиг болтлоо яригддаг. Энэ удаад ч яригдаж л байна. Гэхдээ бурууг бусдад тохохоосоо өмнө өөрсдөөсөө хайж, алдаагаа ухаарах нь АНынханы алс хэтэд нэн тустай. МАН-ын хувьд энэ удаад ялангуяа системээ үнэхээр сайн угсарсан. Харин яг өнгөний ялгарлаар нь газрын зураг дээр харахаар АН, МАН хоёр ая, тач үзсэн сонгууль болж өнгөрсөн нь харагдана. Ардчилсан нийгэмд шилжсэн 34 жилийн түүхэнд анх удаагаа МАН ялалт байгуулсан сум байна. Тэгэхээр ард түмэн сонголтоо нэгэнт хийсэн. Харин ялсан ч бай, ялагдсан ч бай сонгогчдынхоо үзүүлсэн итгэлийг хүндэлж, хуулийг сахиж, ажил үүргээ сайтар гүйцэтгэх ганцхан даалгавар л төлөөлөгчдийн өмнө үлдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *