Categories
гадаад мэдээ

Марк Рютте: Путин юу гэж бодох нь хамаагүй зүйл DNN.mn

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте энэ сарын 14-ний даваа гаригт Германы Висбаден хотод байрлах НАТО-гийн Украины аюулгүй байдлын тусламж, сургалтын байгууллага болох NSATU(NATO Secu­rity Assistance and Training for Ukraine)-н төв байранд анх удаа зочилж “НАТО Оросын заналхийллээс айхгүй байгаа бөгөөд Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалж байгаа Украиныг дэмжсээр байх болно” гэж мэдэгдсэн байна. Рютте энэ үеэр Ройтерс агентлаг болон Германы олон нийтийн хэвлэл, мэдээллийн Hes­sischer Rundfunk(HR) компанид ярилцлага өгч “Бидний энэ удаагийн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд өгч буй мессэж бол Украины тусламжаа бид үргэлжлүүлэх болно. Түүнийг зорилгодоо хүргэхгүй байхад шаардагдах бүх зүйлийг хийх болно. Украин баталгаатай ялах болно гэдгийг ойлгуулах явдал” гэж хэлжээ. Мөн Ройтерс агентлаг “Хойд Атлантын холбоог шүүмжилдгээрээ алдартай, төрийн тэргүүн асан Дональд Трампыг АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд очих магадлалтай байгаа үед НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Украиныг гуйвшгүй дэмжинэ гэдгээ олон нийтэд хүргэж байна” гэж тэмдэглэсэн байна. Марк Рюттег Висбаден дахь Украиныг дэмжих төлөөлөгчийн газрын төв байранд айлчлах үед Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус мөн түүнтэй хамт байлцсан бөгөөд түүнийг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргатай хаалттай хаалганы цаана хэлэлцээ хийсэн гэж HR өөрийн цахим хуудастаа бичээд “NSATU-ийн шинэ төв байранд 330 цэргийн албан хаагч ажиллах бөгөөд 200 нь энд аль хэдийнэ ирж байрласан байна. NSATU-ийн төв байр яг хэзээ бүрэн хүчээр ажиллаж эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ шинэ байгууллагын зорилго нь Украинд зэвсэг нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, Украины армийн цэргийг сургах зэрэг асуудал юм” гэжээ. Харин Ройтерс агентлаг “АНУ-ын цэргийн баазын нутаг дэвсгэрт байрлаж буй NSATU нь Бельги дэх эвслийн төв байранд байрладаг НАТО-гийн төлөөлөгчид болон Польш, Румын дахь ложистикийн төвүүдийн ажилтнууд зэрэг нийт 700 орчим албан хаагчдыг хамран ажиллах төлөвтэй байна” гэж мэдээлжээ.

Германд 2026 оноос Вашингтон түр байрлуулахаар төлөвлөж буй алсын тусгалын пуужингуудын ажиллагааг хангах үүрэгтэй АНУ-ын цэргийн анги мөн энэхүү Висбаден хотод байрлаж байгаа аж. НАТО энэхүү арга хэмжээг Берлинээс 500 км-ийн зайд орших Калининградад байрлаж буй Оросын пуужингийн аюул заналхийллийн хариу арга хэмжээ гэж байгаа бол ОХУ Германд алсын тусгалын пуужин байрлуулах шийдвэрийг өдөөн хатгалга гэж байгаа билээ. Тэгвэл НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Висбаден хотод айлчлах үеэрээ энд АНУ-ын пуужин байрлуулах төлөвлөгөөг сайшаан дэмжиж буйгаа илэрхийлжээ. Энэ тухай Германы олон нийтийн хэвлэл мэдээллийн HR компани “Рютте АНУ-ын алсын тусгалын пуужингууд энд байрласнаар Висбаден хот Оросын цэргийн боломжит бай болж хувирна гэдэгт бид санаа зовохгүй байна. Учир нь хэн ч байсан бидний эсрэг хуруугаа хөдөлгөхөд л НАТО өөрийгөө хамгаалах болно” гэж хэлснийг онцлон дурджээ. Мөн Нидерландын ерөнхий сайд асан “ Хэлсэн хийсэн нь байнга зөрж байдаг Путиныг юу бодож байгаа бол гэж бодохоо би олон жилийн өмнөөс больсон. Иймээс Путин юу гэж бодох нь хамаагүй зүйл” гэж хэлснийг онцолжээ. Үнэхээр ч дарангуйллын дэглэмд хуулийн заалтууд бус зөвхөн дарангуйлагчийн үг хуулийн үүрэг гүйцэтгэдэг. Иймээс удирдагч нь юу дуртайгаа ярьж, хэлсэн хийсэн нь байнга зөрж байдаг. Харин ардчилсан улсад худлаа ярьсан улстөрч хуулийн хариуцлага хүлээх учир тэд дарангуйлагч шиг санасан зоргоороо, хамаа намаагүй бураад байж болдоггүй билээ.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *