Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Пүрэвдорж: Төсвийг агуулгаар нь дэмжиж байгаа ч МАН нөгөө л иддэг, хулгайлдаг асуудлаа давтах вий гэж болгоомжилж байна DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Орон нутгийн сонгууль өндөрлөлөө. АН-ын хувьд энэ удаагийн сонгуульд амжилттай оролцлоо гэдгийг танай намын генсек хэлж байсан. Таны хувьд намынхаа амжилтыг юу гэж харж байгаа вэ?

-Санаж байгаа бол, 2020 оны сонгуулийн өмнө намын дарга нь улс төрийн ялагдал хүлээчихсэн байсан. Тухайн үед намын даргын үүрэг гүйцэтгэж байсан Ц.Туваан дарга намаа удирдаж 2020 оны сонгуульд орсон. Тэр үед гаргаж байсан амжилтаасаа харамсалтай нь энэ удаагийн сонгуульд ганц, хоёр аймагт бага санал авч ухарсан дүнтэй байна. Саяны орон нутгийн сонгуулийн дүн, оролцоотой холбоотойгоор намын гишүүдээс шүүмжлэл их гарч байгаа. Гол шүүмжилж байгаа агуулга бол энэ сонгуулиар намын удирдлагуудын оролцоо, идэвх тааруу байлаа гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, АН-ын удирдлагууд орон нутгийн сонгуулиар бүх талаараа хангалтгүй ажиллаа гэдгийг намын эгэл жирийн гишүүд хэлж, шүүмжилж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр УИХ-ын сонгууль бол орон нутагт байгаа хүмүүсийн зүтгэлээр л амжилт нь бий болдог зүйл. Энэ утгаараа УИХ-д сонгогдсон хүмүүс орон нутагтаа очиж ажиллах, иргэд, сонгогчтойгоо, намын гишүүд, дэмжигчтэйгээ байнга уулзаж байх ёстой. Үүгээрээ намаа тухайн орон нутагт ялуулах боломжийг нээж өгдөг. Тиймээс АН-аас гарч ирсэн УИХ, Засгийн газрын гишүүд, намын удирдлагууд саяны орон нутгийн сонгуулиар нэр дэвшигчдээ дэмжиж, тойрог тус бүр дээрээ очиж ажиллах байсан. Гэвч энэ ажлаа зарим хүмүүс хангалтгүй хийлээ. Тэр ч утгаараа өнөөдрийн үр дүнг гаргаж байх шиг байна.

-Саяны сонгуулиар намын удирдлага, лидерүүд хангалтгүй ажилласан гэдгийг та хэллээ. Нөгөө талдаа танай нам Засагт хамтарсан нь саяны сонгуульд эерэг нөлөө үзүүлэв үү, сөрөг нөлөөлөл бий болгов уу?

-Мэдээж манай нам засагт хамтарснаараа орон нутгийн сонгуульд сөрөг нөлөөлөл үзүүлсэн.

-Яагаад?

-Монголын ард түмэн УИХ-ын сонгуулиар ус, тосоор нь ялгаад өгчихсөн.

Өөрөөр хэлбэл, эрх баригч нам нь энэ удаад ч гэсэн эрхээ дангаараа бариад яв гэсэн. Харин сөрөг хүчин болох Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин болоод, хяналтаа чангаруул гэдэг агуулгаар ард түмэн сонголтоо хийсэн. Гэвч сонгуулийн дараа манай нам хамтарсан засагт орсон. Энэ улс төрийн үйлдлийн үр дүн угтаа саяны орон нутгийн сонгуулиар тодорхой харагдлаа. Юу гэхээр УИХ-ын сонгуулийн үеэр манай намд итгэж байсан ард түмний итгэл засагт хамтарснаар харьцангуй буурсан байна. Буурсан учраас бид ихэнх тойрогт ялагдал хүлээлээ.

-Орон нутгийн хувьд танай нам зарим тойрогт хэдхэн хүний саналаар ялагдсан. Харин нийслэлийн хувьд дэндүү цөөнх боллоо. Үүний шалтгааныг та юу гэж дүгнэж байна вэ?

-Орон нутгийн сонгууль бол манай сум, дүүрэг, хороо, баг дээр хэн юу хийж чадах вэ гэдгийг хардаг. Энэ утгаараа миний амьдралд хэн ямар байдлаар өөрчлөлт авчрах вэ гэдэг хандлагаар иргэд саналаа өгдөг. Тиймээс бид агуулгаасаа бага зэрэг хазайсан сурталчилгааг явуулах гэж их үзлээ. Өөрөөр хэлбэл, сошиалыг ашиглаж олны хандалтад хүргэх гэж хэт их зорилоо. Үүнээс болоод алдаа гаргасан болов уу гэж харж байна. Нөгөөтэйгүүр ялагдал хүлээсэн өөр нэг том шалтгаан бол ирц. Орон нутгийн сонгуулиар ирцийг их байлгах асуудал бол манай намын асуудал. Ирц өндөр байж тэр чинээгээрээ ялалт манай намд үүснэ гэдгийг бүгд л мэдэж байсан. Харамсалтай нь тухайн хороо, дүүрэгт нэр дэвшсэн манай намын хүмүүс энэ тал дээрээ сайн ажиллаагүй юм болов уу гэж ажигласан. Ирц өндөр байх тал дээр бусдаас хариуцлага нэхэх биш, өөрсдөөсөө эрэх хэрэгтэй.

-Сүүлд болсон сонгуулиудыг харж байхад танай нам ялагдах гол шалтгаан нь намын лидер, удирдлагуудаас ихээхэн хамааралтай байв уу гэж ойлгосон. Нөгөөтэйгүүр алдаа гаргасан удирдлага, лидерүүддээ төдийгөөс өдийг хүртэл дорвитой хариуцлага тооцон ярьсангүй. Ер нь танай нам удирдлагуудаасаа хариуцлага нэхэж чадахаа больчихсон юм уу?

-Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар манай нам олонх болж чадаагүй. Ялагдсан. Хариуцлагын хувьд манай нам 2020 оноос өмнө өнөөгийнхөөс өөр байсан. Дүрмийн хувьд. Өөрөөр хэлбэл, намын удирдлага УИХ-ын сонгуульд намаа ялагдуулах юм бол хариуц лагаа хүлээгээд огцордог байсан. Энэ дүрмийг С.Эрдэнэ намын дарга байхдаа өөрчилсөн.

-Ямар байдлаар өөрчилсөн гэж…?

-Хэрэв өмнөх сонгуулиасаа ялсан, суудал авсан нэр дэвшигчид олон байвал намын дарга хариуцлага хүлээхгүй гэсэн дүрэм оруулж ирсэн. Энэ заалтаас болж өнөөдрийг хүртэл намын удирдлагуудад ямар нэгэн хариуцлага тооцох боломжгүй болчихсон.

-Тийм болохоор л өнөөдрийг хүртэл Ард чилсан нам удирдлагууддаа хариуцлага тооцох чадамжгүй нам мэт гаднаасаа хараг даад байгаа гэж ойлгох уу?

-Ер нь манай намын сонгогч, намын гишүүд, дэмжиг чид хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурин дээр байгаа.

-Орон нутгийн сонгуулийн дараа УИХ дахь намын бүлэг хуралдлаа. Бүлгээр ямар асуудал хэлэлцэв. Сонгуулийн үр дүн, алдаа оноогоо ярив уу?

-Бүлгээр бүлгийн ажиллах дүрмийн асуудлыг ярилцлаа. Мөн УИХ дээр 2025 оны Мөнгөний бодлого орж ирсэн. Үүнийг хэлэлцлээ. Мэдээж сонгуулийн асуудлаарх тодорхой мэдээллийг манай намын генсек өглөө.

-Шат, шатны сонгуулиуд болоод дууслаа. Үндсэндээ энэ Их хурал, Засгийн газар төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоох ажилдаа анхаарах цаг ирлээ. Намрын чуулганаар төсвөө хэлэлцэж байна. Засгийн газраас орж ирсэн төсөв дээр УИХ-ын дэд даргынхаа хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Саяны орж ирсэн төсвийг ярихаас урьтаж, өмнө ямар төсөв хэрхэн орж ирдэг байсан талаар хэдэн үг хэлье. Жишээ нь, аль нэг тойрог, газарт нэг шинэ сургуулийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ гэж бодъё. Ингэхдээ анхны төсвийг нь бага тавиад ирэх жилүүдэд нь төсвөө нэмээд явчихдаг байсан. Өөрөөр хэлбэл, нэг суманд шинэ сургууль барья гэж бодъё. Тэгвэл 2025 оны төсөв дээр нэг тэрбум төгрөг тусгаж өгнө. Дараа нь 2026, 2027 онуудад хоёр тэрбум төгрөг тавьж явдаг. Ингээд нийтдээ таван тэрбум төгрөгөөр нөгөө сургуулиа барьж дуусгадаг. Юу гэхээр эхний жилдээ нэг тэрбум буюу арай бага төсөв тавьсан атлаа дараа дараагийн жилүүдэд энэхүү төсвөө хоёр тэрбум гэх мэтээр данхайлгадаг байсан. Ийм маягаар бүтээн байгуулалтаа явуулах тусам Монгол Улсын өр нэмэгддэг. Үүнээс болоод Монгол Улсын төсөв жил бүр алдагдалтай гардаг, үр ашиггүй хөрөнгө оруулалт болсоор ирсэн. Тэгэхээр энэ жилийн хувьд нийтдээ 38 төсөл, арга хэмжээнд улсын хөрөнгө оруулалтыг тусгах юм билээ. Ихэнх нь эрчим хүчний хөрөнгө оруулалтыг шийдсэн харагдсан. Нөгөөх нь зам барих ажилд чамгүй их хөрөнгө тусгахаар байгаа. Үлдсэн төсвөөрөө дандаа үр ашиг сайтай, буцаагаад хөрөнгөө олдог төсөл рүү оруулахаар байсан. Тэгэхээр дэд бүтэц рүүгээ, эрчим хүч рүүгээ, үлдсэнийг нь үр ашигтай төсөл, хөтөлбөр лүүгээ оруулж байгаа гэдэг агуулгаар нь орж ирсэн төсвийг миний хувьд дэмжиж байгаа. Төсвөөрөө мега төслүүдээ дэмждэг, хувийн аж ахуйн нэгжүүддээ боломж олгосон ийм төсвийн зохицуулалтаар яваа улс орнууд хөгжсөн байдаг. Энэ утгаараа ирэх жилийн төсөв бол жалгын нэг хөрөнгө оруулалт хийгдэхгүй төсөв болохоор байна уу гэж харж байгаа. Ингэснээрээ мэдээж зардал нэмэгдүүлэхгүй. Харин ирээдүйд үр ашгаа өгөх төсөл рүү төсвөө оруулж байна гэдэг утгаар дэмжинэ. Гэвч хардалт, болгоомжлол бас байна.

-Танд ямар хардалт, болгоомжлол байна вэ?

-Хэрэглэлт, хэрэгжилт дээр нь асуудал гарах вий дээ. Ардын нам бол хулгайч нам. Энэ утгаараа яг төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх явцдаа нөгөө хулгайлдаг, иддэг асуудлаа гаргах вий дээ гэж болгоомжилж байна. Үнэхээр их санаа зовж байна. Тиймээс зарласан том төслүүдээ урагшлуулах, шалгаруулалтыг нь зөв хийх тал дээрээ анхаарч явбал манай улсад богино хугацаанд хөгжих боломж байна.

-Улс орны хөгжилд амин шаардлагатай гол зүйл бол эрчим хүч. Гэтэл манай улс эрчим хүчний хараат байдалтай оршдог. Энэ байдлаасаа гарах, хэрэгцээгээ тогтвортой хангахын тулд том чадлын эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй. Саяхан Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орлоо. Энэ мэтээр эрчим хүчний хараат байдлаасаа гарах боломж байна уу?

-Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй арван орон байна. Энэ арван орон эрчим хүчнийхээ 87 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Үүгээрээ хэрэгцээгээ хангадаг. Тэгэхээр хэн эрчим хүч үйлдвэрлэж байна тэр улс орон хөгжиж байна гэсэн үг. Гэтэл таны хэлдгээр манай улс хараат байна. Ийм цаг үед хувийн хэвшил эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барьж, ашиглалтад оруулна гэдэг том амжилт. Магадгүй цаагуураа Ардын намтай янз бүрийн тохироо хийснийг үгүйсгэхгүй. Гэхдээ л дотооддоо бид эрчим хүчээ үйлдвэрлэж байна гэдэг бол өөрөө том амжилт.

-Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл Засгийн газраас өргөн барьсан 14 мега төслийн нэг. Энэхүү төсөл олон жил яригдсан. Энэ Засгийн газар, Их хурлын бүрэн эрхийн хугацаанд уг төсөл ашиглалтад орох уу?

-Энэ төслийн бэлтгэл ажлын хувьд нэлээд их ахицтай явагдчихсан байгаа. Удсан зүйл гэвэл зээл. Улс төрийн болоод бусад олон шалтгаанаас болоод зээлийн асуудал нь удсан байх. Гэхдээ энэ зээлийг БНХАУ-ын Төрийн зөвлөлөөр баталгаажуулж гаргасан. Тиймээс зээл нь шийдэгдчихлээ, бэлтгэл ажлаа хангачихлаа. Тэгэхээр 2025 оны хавраас эхлээд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгын ажил нэлээд эрчимтэй явагдах болов уу гэж бодож байна. Нөгөөтэйгүүр энэ цахилгаан станц ашиглалтад орлоо ч хэдхэн жилийн дараа бидэнд эрчим хүчний хомсдол дахиад бий болно. Ер нь эрчим хүч шинээр үйлдвэрлэх тусам хэрэгцээ нэмэгддэг. Тиймээс бидний хувьд хэрэгцээгээ хурдан хангах тал дээрээ анхаарах хэрэгтэй. Нэг, хоёр станц, эх үүсвэр барилаа гээд сэтгэл амарч болохгүй.

-Тэгвэл Эрдэнэбүрэнгээс өөр баруун бүсэд шинэ эх үүсвэр бий болгох ямар боломж байна вэ?

-Боломж бий. Тухайлбал, Хөшөөтийн уурхай Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ уурхайн ашиглагдсан талбайг ашиглаад 150 МВт-ын дулааны цахилгаан станц барих боломж байгаа. Уг ажлыг ойрын жилүүдэд бодитой эхлүүлэх талаар Ховд аймгийн удирдлагууд болон баруун бүсээс сонгогдсон Их хурлын гишүүд хамтран ажиллана.

-Эрчим хүчний асуудал эхнээсээ шийдэгдэж байгаа нь сайн. Нөгөөтэйгүүр Монгол Улсын хараат байдаг өөр нэг бүтээгдэхүүн бол түлш, шатахуун. Өгч байгаа газар нь цоргоо хаалаа л бол манайд хэцүүддэг. Түлш, шатахууны хувьд бид цаашид яаж анхаарах ёстой юм бэ?

-Мэдээж хоёр хөрш тэйгөө бид стратегийн түнш лэл гэрээтэйгээр хамтарч ажиллаж байгаа. Түлш, шатахууны хувьд заримдаа хомсдол гардаг. Энэ тохиолдолд түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллах нь чухал. Нөгөөтэйгүүр бид өвлийн бэлтгэлээ эртнээс базаах шаардлагатай. Манайхан цагийг нь тулгаж бэлтгэлээ базаах гэж зүтгэдэг. Энэ бол алдаа. Эртнээс л бэлдэх хэрэгтэй, нөөцлөх хэрэгтэй. Одоохондоо бидэнд нөөцлөх, бэлтгэх ажил л чухал байна. Энэ ажлаа Засгийн газар тулгаж хийх биш эртнээс хийж эхлэх хэрэгтэй. Одоо хүртэл хийгээгүй байгаа бол оройтож байна гэсэн үг. Тиймээс нэн ялангуяа түлш, шатахууны асуудалдаа анхаарах цаг мөн. Цаашдаа хэрэгцээгээ дотоодоосоо хангах ажлуудаа идэвхтэй явуулах тал дээр анхаарна биз. Нөөцөө бэлтгэж чадахгүй байж хэрэгцээгээ хангах тухай яриад хэрэггүй.

-Таны хувьд өмнөх парламентын үед өргөн барьсан хуулийн төслөө Их хурлаар хэлэлцүүлэх гэж багагүй маргаан үүсгэдэг байсан. Харин одоо та УИХ-ын дэд дарга боллоо. Санаачилсан, УИХ-д өргөн барих бодолтой ямар хуулийн төслүүд байна вэ?

-Өмнөх парламентын үед миний хувьд ард түмний арван хуулийг санаачлаад түүнийхээ наймыг нь батлуулж байсан. Анхны 126 гишүүнтэй парламентад иргэдийнхээ төлөөлөл болж орж ирээд дахиад ард түмний арван хуулийг санаачлаад явж байна. Тухайлбал, НӨАТ-ын татварыг таван хувь болгох, Хуурамч шатахууны эсрэг хууль мөн эдийн засгийг эрчимжүүлэх дөрвөн хуулийн төсөл дээр ажиллаж байна. Жишээ нь, давхар АМНАТ-ыг болиулах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг хуулийн төсөл байна. Түүнчлэн малчдын зээлийг тэглэх, хөдөө орон нутгийн иргэдийн амь амьжиргааг дээшлүүлэх зэрэг олон хуулийн төсөл байгаа. Энэхүү хуулийн төслүүдээ энэ том парламентад хэлэлцүүлэн батлуулахын төлөө ажиллана.

-Татварын дарамт гэснээс НДШ аж ахуйн нэгжүүдэд үнэхээр дарамт болж байгааг сүүлийн үед хүчтэй ярих боллоо. Ер нь УИХ-д орж ирсэн улстөрч болгон аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ, хувийн хэвшлийг элдэв дарамтаас салгана гэж амлаж гарч ирсэн. Энэ асуудал дээр таны болон танай намын хувьд бодитой ажил юу хийх вэ?

-Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт НДШ-ийг болиулах асуудал шууд утгаараа орсон байгаа. Энэ утгаараа татварын дарамтыг багасгах асуудал дээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьтай байж ажиллана. Тэгэхээр бид бол цөөнх. Тиймээс мөрийн хөтөлбөрт орсон аж ахуйн нэгжүүдээ дэмжих хуулийн төслүүдийг бид эрх баригч намтайгаа тодорхой зарим асуудал дээр тохиролцож байж батлуулах боломж бий. Өөрөөр хэлбэл, НДШ-ийг багасгах асуудал дээр АН-ын бүлэг идэвхтэй ажиллаж чадвал боломж байгаа гэсэн үг.

-Та бүхэн бүлэг дээрээ маргаантай асуудал бий юу. Бүлгийн гишүүдийн ойлголцол, хамтрал ямар байгаа вэ?

-Одоохондоо манай бүлэг дээр маргалдахаар сэдэв орж ирээгүй л байна. Мэдээж орон нутгийн сонгуулийн алдаа оноогоо ярилцана. Энэ сэдвээр л нэлээд их асуудлыг бүлэг дотроо ярилцах болов уу гэж харж байгаа.

-Дараа дараагийн сонгуулиар ардчилал чиг баримжаатай намууд нэгдэж оролцвол олон жил эрх барьсан зүүний намыг ялах боломж харагдаж байна гэж байгаа. Үүнтэй та санал нэг байна уу?

-Ардчилсан намууд нэгдэж сонгуульд оролцох асуудал бол тухайн намын удирдлагуудын улс төрийн эр зоригоор шийдвэрлэгдэх зүйл. Нөгөөтэйгүүр таны хэлснээр өмнөх сонгуулиудын болоод саяны сонгуулийн үр дүн биднийг энэ нөхцөл байдал руу явахаас өөр сонголтгүй болгож байна. Түүнчлэн хамтарсан Засгийн газрыг тогтвортой байлгах сонирхол МАН-д бий. Манай намын хувьд энэ намаас дэндүү их хараат байдалтай болчихоод байгаа. Тиймээс энэ нөхцөл байдлаас салах эсэх нь намын даргын шийдэх ёстой асуудлын нэг мөн.

Э.Мөнхтүвшин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *