Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын дарга П.ЦЭЦГЭЭ: Хуульд өөрчлөлт орсон ч жороор олгохтой холбоотой шинэ зохицуулалт ороогүй DNN.mn

“Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга 2025 оны зургадугаар сарын 5-нд УИХ-аар батлагдаад, аравдугаар сарын 1-ний өдрөөс орон даяар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хууль мөрдөгдсөнтэй холбогдуулан “Бүх эмийг жороор олгоно” гэдэг ойлголт иргэдийн дунд тархаад байгаа юм. Энэ талаар Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын дарга П.Цэцгээ “Тухайн хуульд маш олон зарчмын өөрчлөлтүүд орсон. Жороор олгохтой холбоотой шинэ зохицуулалт бол ороогүй. Энэ хуулийг дагаж гарсан зөрчлийн тухай хууль дээр санкци нь нэлээн их нэмэгдсэн. Жороор олгодог эмийг эмчийн жоргүйгээр худалдаалсан бол өмнө нь 50 мянган төгрөгөөр торгодог байсан бол одоо 500 мянган төгрөгөөр торгох хуулийн санкцтай болсон. Тунгаасаа шалтгаалаад жоргүйгээр авч болох эмийг эмийн санчтайгаа зөвлөлдөөд авч болно” гэв

Тэгвэл бид энэ талаар эмийн санч нараас тодруулахад “Иргэдийн хувьд эмийн санч нар луу бухимдаж байна. гэтэл бид жороор олгох эмийг жоргүй өгвөл зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ” гэсэн байр суурьтай байсан юм.

Энэ тухай Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн хувийн эмийн санч “Уг нь бол жороор авах эмээ авах ёстой. Гэвч энэ хуулийн шинэчилсэн найруулгаа эхлээд эмч нарт сайн таниулах ёстой байсан. Зургадугаар сард баталсан хуулийг бид мэдээгүй байж байгаад сая аравдугаар сард мэдсэн. Гэтэл зөрчлийн хуулиар жороор олгох эмийг жоргүй олгочихвол эмийн санч, зөрчилтэй жор бичсэн эмчийг мөн 500 мянган төгрөгөөр торгоно. Яахав цахим орчин ашигладаг хүмүүс тэрийг олоод мэдчихнэ. Ашигладаггүй хүмүүст бид хэлэхээр толгойгоо хага цохиулах гэж байгаа юм. Иргэдийн зүгээс өмнө нь авч болоод байсан эмийг яагаад авч болохгүй байгаа юм, тийм зүйл гэж юу байсан юм гэх мэт хандлага гаргаж байна. Зарим эмч нар яараад онош, эсвэл он сар, тамга зэргээ дарахаа мартчихна. Зөрчилтэй жороор үйлчилж болохгүй. Хэрэв үйлчилвэл торгуулна. Тэгэхээр эмийн жорыг яаралтай цахим болгох хэрэгтэй. Түүний дараа нэг талдаа гарна. Энэ шинэчилсэн найруулгыг бол хүмүүс шууд хүлээж авахгүй. Хэвшиж, дастлаа цаг хугацаа орно. Урьд нь уг хууль байсан хэрнээ орон даяар замбараагүй хэрэглээд хэвшчихсэн, хэрэгжүүлээгүй байсан. Тэр хуулиа сая шинэчлээд зөрчлийн хуульд оруулаад торгуулийн санкцитай болгож байгаа юм билээ. Уг нь олон жилийн өмнө хийж болох байсан зүйл л дээ” хэмээлээ. Энэ талаар зарим иргэдийн хувьд “Бид улсын эмнэлэгт үзүүлэх гэж сарын өмнө оочер авч байхад, өвчин намдаах эм дээр хүртэл эмч дээр очиж жор авах хэрэгтэй болчихож байгаа нь маш их чирэгдэл үүсгэж байна” гэсэн байр суурьтай байсан юм.

Эмийг жороор олгохын тулд жор дээр эмчийн нэр, хувийн тэмдэг, харилцах утас, хаяг нь заавал байх ёстой бөгөөд хэрэв зөрчилтэй жор бол эмийг олгохгүй. Хуулийн шинэчилсэн найруулгаар эмийн жорыг стандартын дагуу бичээгүй бол эмчийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Гэтэл эмийн санч нар стандартын шаардлага хангасан жор бараг ирдэггүй талаар ярьж байсан юм. Чингэлтэй дүүрэгт байрлах эмийн санч “Өнөөдөр гэхэд ганц л шаардлага хангасан жор ирлээ. Латинаар биш монголоор бичсэн байсныг эс тооцвол.” гэв. Эмийн санчийн авсан жоруудыг харахад ихэнх нь тамгагүй, шаардлага хангаагүй жор маш их харагдлаа. Эдгээр жорыг тооцохгүй гэвэл иргэд бухимддаг уу гэхэд “Энэ болгоныг зөвтгөж авна гээд байвал иргэд бухимдалтай байна. Тэгээд эмийг нь өгөхөөс өөр аргагүй байдалд хүрдэг” гэв.

Эмийн жорын стандарттай холбоотой Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны өрхийн эмнэлгийн эмчээс тодруулахад эмч нар шаардлагын дагуу эмийн жороо бичиж байгаа, хуулийн шинэчилсэн найруулгаар жороор олгох ёстой байсан эмүүдийг иргэд бичүүлээд явж байгаа.” гэсэн мэдээллийг өгөв.

Эмийн сангууд ихэнх нь жороор олгодог эмийг жоргүй олгодог зөрчил гаргадаг байсан нь ажиглагдав. Гэхдээ тэдгээрийн дотор жороор олгох эмийг хуулийн дагуу олгодог эмийн сантай таарсан юм. Тухайн эмийн санчийн хувьд хуулийг дахин шинэчлэн найруулсныг ихэд сайшаасан байдалтай байлаа. Тэрээр “Хууль шинэчлэгдсэн нь үнэн. Тэрнээс биш жоргүй болоод, жортой эмийн жагсаалт шинэчлэгдсэн зүйл байхгүй. Үүнийг иргэд буруу ташаагаар ойлгож байна. Жороор олгох, жоргүй олгох эмнүүдийн жагсаалтаа мөрдөөч ээ, алдаа гаргавал торгоно шүү гээд зөрчлийн хууль дээр байгаа. Шинэчилсэн найруулга гэж засвар ороод зөрчлийн хуулиар торгохоор болсон. Манай эмийн сан бол хуулийн дагуу ажилладаг учраас надад бухимдах хүн байхгүй. Би энд 12 жил ажиллаж байна. Над шиг хэнхэглээд антибиотик ч өгсөн жорыг нь хураагаад, бичээд, журналдаад явдаг хүн байхгүй. Би ээлжийнхээ эмийн санчийг буруу бичээд халтардуулахад нь арилгаад, засаж авдаг хүн. Яг жороор нь өгдөг. Өдөр бүр нөгөө ээлжиндээ хүлээлгэж өгнө. Анх намайг яг хуулиараа жортой эмээ жороор олгоно гэхэд иргэд маш их доромжилдог байсан. Одоо бол хуулиараа явдаг болсонд нь баяртай байна” гэв. Хотын төвөөр байрладаг “МОНОС”-ын эмийн санч “Эмч нарт анхнаасаа ямар ч мэдээлэл очоогүй. Жортой эмийг жороор нь олго гэдэг эмийн сангуудад шууд тавьсан. Эмч нар нэг жор дээр гурван эм бичих байтал заавал дөрөв юмуу тавыг бичиж явуулдаг. Тэрнээс болоод хүмүүст маш их чирэгдэл учирч байна. Эмийг олон улсын нэршлээр бичихийг зарим нь шууд худалдааны нэршлээр бичсэн тохиолдолд эмийг өгөх боломжгүй байдаг. Тэгээд солиулж ир гэхээр иргэдийг өдөрт хоёроос гурван удаа явуулж, хүндрэл учруулж байна. Өмнө нь хүмүүс “Рингер”-ийг хордлого өгөхөөр шууд дур мэдээд авчихдаг байсан бол одоо эмчийн жороор авна гэсэн үг. Тэгэхдээ эмч нар стандартын дагуу бичих ёстой. Зарим эм зүйч нар “Ибупрофен”-ыг хүртэл жороор гээд ойлгосон байна лээ. Ибупрофен өвчин намдаах нь 100-600 мг гэх тунтай байдаг. Манай улсад 60 гаруй төрлийн ибупрофен байдаг. Үүнээс зургаан төрлийг нь жортой олгоно. “Денкфарм”-ынх жортой, Хятад, Индонез зэрэг газрынх жоргүй байгаа. Бага тунтай парацетамолын найрлагатай эмүүдийг жоргүй олгоно. Тун, найрлагаасаа жортой эсэх нь шалтгаална гэсэн үг. Энэ хуулийн хувьд бас нэг өрөөсгөл зүйл нь байнгын даралтны эм уудаг хүмүүс даралт нь ихсэхээрээ эмийн сан руу орж ирдэг. Гэтэл тийм хүмүүст өгөхгүй гэлтэй нь биш. Уг нь зохицуулалт хийх хэрэгтэй. Миний бодлоор “И Монгилиа”-аар зохицуулах хэрэгтэй” хэмээлээ.

Г.Балгармаа

 

2 replies on “Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын дарга П.ЦЭЦГЭЭ: Хуульд өөрчлөлт орсон ч жороор олгохтой холбоотой шинэ зохицуулалт ороогүй DNN.mn”

өвчин намдаах 1 эмийн жор бичүүлэх гэж 30 минут алхаж очоод өрхийн эмнэлэгт 2 цаг оочирлов….1 эмээ муужрав…өрхийн эмч нар хүнээ үзэх завгүй жор бичиж сууцгаана…иргэдээ дарамталсан, чирэгдэл учруулсан, амьдралаас тасархай ийм шийвдэр гаргадаг алиалагч нарыг төрөөс зайлуул…гаргасан шийдвэрүүд нь бүгд иргэдийнхээ эсрэг….1 монополийн төлөө ….ингэж өдрийн талыг өнгөрөөдөг болов…..төр засаг аа….Бямба Ням гараг таарвал эмгүй хүмүүс шууд үхэх юм байна….хүнээ цөөлөх бодлого яваад бна уу? ??

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *