Эдийн засагч Н.Туяатай ярилцлаа.
-Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) ажил олгогчид болон ажилтнуудад ихээхэн дарамт болж байна. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгаа. Түүхэн замналыг нь аваад үзвэл хуучин социализм гэж нэрлэдэг цаг үед зөвхөн ажил олгогчоос 13 хувийг, ажилтнаас огт суутгадаггүй байсан. Харин 2007 оны үед алдарт дөрвөн 10-ын бодлогын хүрээнд ажилтнаас 10 хувь, байгууллага 11 хувь, нийт 21 хувийн шимтгэл суутгадаг байсан. Гэтэл нийгмийн даатгалын сан алдагдалтай байна гэх үндэслэлээр шимтгэлийг огцом нэмэгдүүлж салбараас шалтгаалж цалингийн 24-26 хувь хүртэл нэмэгдүүлсэн. Ийнхүү шимтгэлийн хувь хэмжээ таван хувиар нэмэгдсэний дээр тэтгэврийн насыг үе шаттайгаар 65-д хүргэх өөрчлөлт хийснээр шимтгэл төлөх хугацаа уртсаж даатгуулагчдад маш хүнд нөхцөл үүссэн. Ялангуяа монгол эрэгтэй хүний дундаж наслалт 67 байхад 65 насны босгыг тайван хүлээж авах боломжгүй нь ойлгомжтой шүү дээ. Даатгуулагчдын гомдоллох гол шалтгаан бол одоогийн нийгмийн даатгалын тогтолцоо даатгуулагчиддаа үр өгөөжгүй, сэтгэл х анамжгүй байгаад байгаа юм. Даатгуулагч насаараа шимтгэл төлж хуримтлуулсан ч үр шимийг нь хүртэж чадахгүй. Жишээлбэл, тэтгэвэртээ гарч амжилгүй, эсвэл хэдхэн жил аваад насан эцэс болоход хуримтлалаасаа юу ч хүртэлгүй хоцорч байгаа нь даатгуулах хэрэг байна уу, мөнгөө хадгалуулсан дээр биш үү гэх мэт асуулт тавихад хүргэж байгаа нь бодитой үнэн. Тиймээс гом дол их, даатгуулах сонирхол буураад байгаа хэрэг. Ер нь аливаа системийн оролцогч талууд харилцан сэтгэл ханамжтай байж гэмээнэ тухайн систем үр ашигтайгаар удаан хугацаанд оршин тогтнох боломжтой байдгийг бүгд мэднэ.
-Манайх шиг ингэж НДШ-ийг өндрөөр тооцож авдаг орон байна уу?
-Дэлхийн улс орнуудад бага шимтгэлтэй нь ч байна, өндөр шимтгэлтэй нь ч байна. Тухайлбал, Швед, Хятад зэрэг улсад нэлээд өндөр 30 орчим хувьтай байхад ОХУ-д 12, БНСУ 18, Литва 21, Франц 18 хувь гэх мэтчилэн янз бүр байна. Мөн шимтгэлийг ажил олгогч, ажилтан тэнцүү хэмжээгээр төлдөг, ажилтнаас бага, ажил олгогч илүү төлдөг аргачлал ч байна. Шимтгэлийн хувь хэмжээнээс илүү тогтолцооны үр ашигтай байдал, менежмент маш чухал гэдгийг бид бодох ёстой. Шинэ хуульд оруулсан төлсөн шимтгэлийн хоёр хувийг өвлүүлэх заалт 2030 оноос хэрэгжинэ. Зөвхөн хоёр хувийг өвлүүлэх заалтаар шинэчлэгдлээ гэж үзэхэд хэцүү. Хамгийн гол нь даатгалын санг төсвөөс тусгаарлах шинэчлэл хийгдсэнгүй.
Мөн сангийн чөлөөт үлдэгдлийг зөвхөн Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас, хадгаламж гэсэн цөөн хувилбараар хязгаарласан. Хөрөнгө оруулалтын бусад шийдлүүдийг авч үзсэнгүй. Тэгэхээр энэ удаагийн нийгмийн даатгалын хуулийн шинэчлэл ул суурьтай, зөв шинэчлэл болж чадахгүй.
-НДШ-ийг бууруулах ямар боломж байна вэ?
-Засгийн газар мэдээллийн сан, дата дээрээ ул суурьтай шинжилгээ хийх хэрэгтэй. Шинэчлэл хийнэ гээд зөвхөн тоо, хувь хэмжээтэй ноцолддог, орлого зарлагаа баланслуулах хэмжээнд сэтгэдэг байдлаасаа салж арай өргөн хүрээнд нөлөөллийг авч үзмээр байгаа юм. Өнөөдөр нийгмийн даатгалын тогтолцооны гажуудал хуримтлагдсаар зөвхөн ирээдүйн тэтгэвэр, тэтгэмжийн асуудал биш өнөөдрийн ажил эрхлэлт, өрхийн орлого, хөрөнгө оруулалт гээд эдийн засаг нийгмийн олон асуудалд нөлөөлөхүйц хэмжээнд очоод байна. Нийгмийн даатгалын системийг зохистой хөгжүүлэх олон хөшүүргийн нэг нь л шимтгэлийн зохистой хувь хэмжээ юм. Шимтгэлийн хувь хэмжээг бууруулах хэд хэдэн хувилбар байж болно. Нэгдүгээрт, даатгуулагчдын хүрээг өргөтгөх замаар нэг хүн, нэг ажил олгогчид ногдох ачааллыг бууруулах. Үүнд албан бус сектороо албан ёсны болгох бүх талын ажиллагаа чухал. Мөн аль нэг бүлгийн даатгалыг хөнгөлнө гэх мэт улс төрийн поп амлалтуудыг хориглох хэрэгтэй. Хоёрдугаарт, зарим улсад хэрэглэж байгаа ажилтнаас суутгах шимтгэлийн хувийг бууруулах боломжтой. Ингэвэл хувь хүний даатгуулах сонирхол нэмэгдэж бодитоор тайлагнах нь нэмэгдэнэ. Одоо, ялангуяа бага цалинтай хүмүүс нийгмийн даатгалд хамрагдмааргүй байна, бүх цалингаа гар дээрээ авъя гэсэн шаардлага ажил олгогчдоо маш их тавьж байна. Цалин нь амьдралд хүрэлцэхгүй юм чинь аргагүй шүү дээ. Тиймээс хувь хүнээс суутгах хувь хэмжээг аль болох бууруулах. Гуравдугаарт, Нийгмийн даатгалын хууль боловсруулахдаа ч, хэрэгжүүлэхдээ ч зөвхөн сангийнхаа эрх ашгийг боддог их муухай жишиг тогтсон. Бүр хуульчлагдсан. Энд хоёр жишээ хэлье. НДШ тооцох дээд хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна гэж тогтоосон хэрнээ энэ зарчмаа ажил олгогчид хамаагүй гэж хуульчилсан. Жишээлбэл, 10 сая төгрөгийн цалинтай ажилтнаас 6.6 сая төгрөгөөс шимтгэл тооцох хэрнээ, ажил олгогч 10 сая төгрөгөөс тооцож авч байгаа. Гэсэн хэр нь тэтгэвэр тооцох цалинг хязгаарласан 6.6 саяар тооцож байна. Энэ нь нэгд, хууль тэгш үйлчлэх зарчимд нийцэхгүй. Хоёрт, ажил олгогчийн цалингаа нэмэх санаачилгыг бууруулж байгаа. Бас даатгуулагчийг хохироож байгаа зэрэг олон сөрөг үр дагавартай. Мөн ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгээс НДШ тооцно гэж журамлаж хэрэгжүүлж байгаа нь үнэхээр байж боломгүй, дээрмийн шинжтэй. Яагаад гэвэл ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн нь цалин биш юм. Үүнд ямар ажлаас хамаарч тээврийн, шуудан холбооны, сэлбэг материалын, бичиг хэргийн гэх мэт зардлууд багтсан байдаг. Энэ нь бизнесийн үйл ажиллагаа мөн гэж татварын хуулиар ч баталгаажсан зүйл. Ийм маягаар шимтгэлийг бууруулах, зохистой болгох боломжууд маш их бий. Зохистой гэдэг нь даатгуулагчдын эрх ашиг хангагдсан байх, ажлын байр шинээр бий болох, цалин урамшуулал нэмэгдэх, бүтээмж нэмэгдэх гэх мэт чухал үндсэн асуудлуудаа дэмжихүйц байх ёстой. Гажуудлуудыг энэ их хурал засах хэрэгтэй.
-НДШ өндөр байгаагаас болж цалингийн өсөлт харагддаггүй. Нөгөө талд НДШ-ийг банкинд байршуулж эрх мэдэлтнүүд дураараа дургих боломжийг олгоод байдаг. Хуулинд ямар өөрчлөлт оруулах ёстой гэж харж байна вэ?
-Нэгдүгээрт, цалин маш доогуур байна. Үүн дээр инфляци өндөр байгаа нь улам хүндрүүлж байна. Хэдийгээр Үндэсний статистикийн хорооноос гаргадаг үзүүлэлтээр 2024 оны хоёрдугаар сарын байдлаар дундаж цалин улсын хэмжээнд 2.4 сая төгрөг гэж байгаа боловч 1.1 сая хүртэлх цалинтай хүн 22.7 хувь, 2.0 сая төгрөг хүрэхгүй цалинтай нь 50 орчим хувь байна. Дөрвөн хүн тутмын нэг нь 700 мянгаас доош, хоёр хүн тутмын нэг нь хоёр сая төгрөг хүрэхгүй цалинтай байна гэсэн үг. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байгаа үед нэрлэсэн цалин ийм доогуур байгаа нь мэдээж амьдралд хүрэлцэхгүй. Энэ бага цалингаас НДШ, татвар нийлээд 20 гаруй хувийг суутгачихаар мэдээж хүнд байгаа. Ажил олгогчийн төлж байгаатай нийлээд 30 хувь гарна л даа. Тиймээс нэг талаас ажил хөдөлмөр эрхлэх санаа сэдлийг урамшуулах, халамжийг багасгах үүднээс ажилтнаас суутгах шимтгэлийг бууруулах хэрэгтэй байна. Нөгөө талдаа зөвхөн сангийн орлогоо бодохоосоо илүүтэй сангийн менежментээ сайжруулах, системийн авлига, хүнд суртлыг байхгүй болгоход анхаарах хэрэгтэй шүү дээ. Даатгуулагчдын хөрөнгийг шаардлага хангахгүй банкинд байршуулж алдсан хариуцлагагүй явдал саяхных. 2024 оны төсвийн төслөөс харахад Капитал банкнаас 67.2 тэрбум төгрөгийн авлагатай гэж тусгасан байсан. Энэ мэтчилэн үрэлгэн хариуцлагагүй байдлыг цаашид тэвчих боломжгүй. Сая шинэчлэгдсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар сангийн чөлөөт үлдэгдлийг Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас, тодорхой шаардлага хангасан арилжааны банкинд хадгалуулахаар зохицуулсан байсан. Хамгийн гол нь ил тод нээлттэй байх ёстой. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөө Засгийн газрын гишүүн бус даатгуулагчид удирдмаар байна гэх мэтчилэн маш их засах зүйл байгаа.
-НДШ-ээс болоод аж ахуйн нэгжүүд томорч чаддаггүй. Ингэхэд НДШ-ийг ажилтнаас нь авахгүй байж болох уу?
-Даатгалын тогтолцоо үр ашигтай, даатгуулагчад өгөөжтэй байх нь гол шүү дээ. Нийгмийн үр дагаврыг нь сайн тооцоолж татвар, нийгмийн даатгал гэх мэт асуудлуудыг зохицуулахгүй бол нөгөө талдаа үүсэх сөрөг нөлөөлөл нь эргээд системээ татаж унагах, хямралд оруулах нь элбэг байдаг. Шимтгэл 10 хувь байхад бизнес эрхлэгчид тэгтлээ асуудал ярьдаггүй байсан. Гэтэл одоо ажилтны төлдөгтэй нийлээд 26 хувьд хүрчихлээ. Энэ нь үнэхээр цалингаа нэмэх, үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллах хүчээ нэмэгдүүлэх, ур чадвартай ажилтан хөлслөх боломжийг хумьж байна. Дээр нь жил бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байгаа нь ажиллах хүчний зардлыг өсгөж байгаа нь ойлгомжтой. Ажил олгогчид ажилтандаа олгосон түлээ нүүрс гэх мэт бүх төрлийн нөхөн олговор, урамшуулал, нийгмийн асуудлыг нь хөнгөвчилсөн дэмжлэгээс шимтгэл авч байгаа нь сангийн орлогоо хэт хөөсөн зохисгүй зохицуулалт гэдгийг бизнес эрхлэгчид ч, мэргэжилтнүүд ч хэлдэг. Энэ нь ажилтныхаа нийгмийн асуудалд хөрөнгө зарцуулах, цалин урамшууллыг нэмэгдүүлэх боломжийг хязгаарлана. Өмнөх нийгэмд ажилтны цалингаас шимтгэл авдаггүй байсан, мөн зарим улсад цалингаас суутгадаггүй талаар дээр дурдсан. Швед, Литва, Франц зэрэг улсад ажилтнаас маш бага суутгадаг юм байна. Зарлагаа хяналттай байлгаж, сангийн хөрөнгөө зөв удирдаж чадвал нийгмийн даатгалын санд хангалттай хуримтлал үүсч байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, халамжийг бууруулж, халамжаас хөдөлмөрт гэх уриагаа ажил хэрэг болгоё гэвэл татвар, шимтгэлээ зохистой хэмжээнд оруулж хүмүүсийн ажиллах урам зоригийг нэмэгдүүлбэл хувь хүн, гэр бүлд ч, бизнест ч, том зургаараа улс орны эдийн засаг нийгмийн олон эерэг үр дүн гарна гэж бодож байна.
Дашрамд хэлэхэд, цалингаас суутгах татварыг өрхийн гишүүдийн тоотой уях замаар ХХОАТ-ын загвараас өрхийн орлогын татварын загварт шилжих нь зүйтэй гэж боддог. Олон хүүхэдтэй гэр бүлд маш зөв дэмжлэг болно.
М.Мөнхцэцэг
One reply on “Н.Туяа: Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгээс НДШ тооцож байгаа нь дээрмийн шинжтэй DNN.mn”
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.