Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ:  “Их өгөгдөл” DNN.mn

“Нэпко”-гоос 2018 онд Доун Е.Холмсын “Их өгөгдөл” гэх номыг орчуулан гаргасан юм. Өнөө цагт “Их өгөгдөл-Big data” гэдэг үгийг сонсоогүй хүн бараг үлдээгүй биз. Тэгвэл их өгөгдөл гэж чухамдаа юу болох, ямар ач холбогдолтой, энэхүү ойлголтод юу хамаардаг, аюулгүй байдлын эрсдэл, бидний өдөр тутмын амьдралд хэрхэн холбогдох гээд өргөн хүрээг хамруулан тайлбарласан чухал бүтээл ажгуу.

Өгөгдөл гэж ер нь тэгээд юу вэ. Ерөөс ухаант хүн бий болсон цагаас ямар нэгэн байдлаар өгөгдөл аажмаар үүсч эхэлсэн гэж болно. Хаа байсан чулуун зэвсгийн үеэс эхлэн чулуу, яс, хадан дээр хэрчлээс зураасуудыг зурж тэмдэглэсэн байдаг. Чухамдаа яг юуг тэгж бүртгэж авч байсан нь тодорхой биш ч ямартаа ч бүртгэл байсан.

МТӨ 35000 жилийн өмнөх сармагчингийн шилбэний ясан дээр 29 зураас байдаг гээд өгөгдөл гэгчийн эх үндэс өдгөө энэ цаг үед үлджээ. Хожмоо энгийн байдлаар 1854 онд Лондонд холер дэгдэх үед анх их өгөгдлийг цуглуулсан гэж үздэг бөгөөд тухайн өгөгдлөө ашиглан зураглал хийж, усаар тархсан байж болох тухай таамаглалаа Жон Сноу анхлан гаргаж. Энэ үйл явдлаас хойш эрдэмтэн судлаачид мэдээлэл цуглуулах нь эрс нэмэгдсэн аж. Төрөлт, нас баралт, орлого зарлага, гэмт хэргийн талаар гэх мэт өгөгдлүүд аажмаар цугларч, асар их ач холбогдолтой нь мэдэгдсэн байх нь. Компьютер салбаруудад нэвтрэхээс өмнө цугларсан тэр их мэдээллийг боловсруулах нь асар их цаг хугацаа авсан ажил байсан нь мэдээж. Тэгвэл өнгөрөгч зууны дундаас зарим өгөгдлийг компьютерт хадгалдаг болсноор нүсэр ажил бага ч болов хөнгөрсөн. Яваандаа интернэт бий болсноор тэрхүү дижитал ертөнцөд ямар “аймаар” их өгөгдөл бий болсныг хэн хүнгүй мэдэж байгаа биз ээ.

Бид бүхний олон нийтийн сүлжээнд оруулж байгаа бүхэн, интернэтээр орсон ул мөр бүхэн ямар нэгэн байдлаар энэхүү их өгөгдөл гэгчид хувь нэмрээ оруулж байгаа.

Дэлгүүр ороод талх авахдаа уншуулсан карт, авто зогсоолын бүртгэл гээд бүгд өгөгдөл шүү дээ. Гэхдээ хэн нэгний оруулж байгаа мэдээлэл нь ямар нэгэн байдлаар системчлэгдээгүй өгөгдөл юм. Сүүлийн үед эрүүл мэндийн өгөгдөл хэмээх зүйл үнэхээр хүчийг авчээ. Хүн ам өсөн нэмэгдэж байгаа, янз бүрийн шинэ технологиуд бараг л өдөр бүр амьдралд нэвтэрч байгаа гээд энэ бүхэн их өгөгдөлд нэмрээ оруулж байна. Компьютерийн технологи үсрэнгүй хөгжсөн, дагаад хадгалах чадвар эрс өссөн зэрэг нь их өгөгдөл үүсэх нөхцөл бий болсон. Сонирхолтой нь өдгөөгөөс тавхан жилийн өмнө их өгөгдөлд тооцогдож байсан зүйл өнөөдөр тооцогдохоо байсан. Өгөгдөл цуглуулах хурд асар их нэмэгдсэн, тэр хэрээр ч цугларч байгаа тул ямар ч их хэмжээ удахгүй тийм их байхаа больж байгаа юм.

Их өгөгдлийг хадгалах технологи ердөө тавхан жилийн өмнөхөөс хавьгүй илүү болсон. Гордон Мур хэмээх эрхмийн нэг чипэнд багтах транзисторын тоо хоёр жил тутамд хоёр дахин нэмэгдэнэ гэх таамаг тун алдаршсан ба үүнийг “Мурын хууль” гэдэг. Гэхдээ энэ хууль одоо бараг хүчин төгөлдөр байхаа больж байгаа гэхэд болно. Хиймэл оюуны салбарт гайхамшигтай хувьслыг авчирч буй чип үйлдвэрлэлийн гигант “Н Видиа” компани энэ хуулийг давсан. Тэгэхээр бид л төдийлөн анзаарахгүй байгаагаас биш технологи пуужингийн хурдаар супер болж байна. Өдгөө дэлхийд хамгийн өндөр эрэлттэй мэргэжлийн жагсаалтад өгөгдлийн шинжээч байнга дээгүүрт бичигддэг. Ирээдүйгээ сайн байгаасай гэж бодвол энэ мэргэжлийг сонговол хэзээ ч алдахгүй нь ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *