Categories
гадаад мэдээ

Энэ оны физикийн салбарын Нобелийн шагналтнууд DNN.mn

Энэ оны Физикийн салбарын Нобелийн шагналыг Америкийн Жон Хопфилд, Канадын Жеффри Хинтон нарын нээсэн хиймэл оюун ухааны мэдрэлийн сүлжээг хөгжүүлдэг шинэ бүтээлд олгохоор болсныг зарлав. Энэхүү бүтээлийн албан ёсны нэр нь “Хиймэл мэдрэлийн сүлжээг ашиглан машиныг сургаж, ухаажуулах үндсэн нээлт, шинэ бүтээл” юм. Жон Хопфилд нь зураг болон бусад төрлийн мэдээллийг хадгалах, сэргээх чадвартай мэдрэлийн сүлжээ бүхий хиймэл санах ой бүтээжээ. Харин Жеффри Хинтон Хопфилдийн шинэ бүтээлийг ашиглаж тухайлбал, гэрэл зураг дээрх тодорхой өгөгдлүүдийг хадгалж, тэдгээрийг ангилан ашиглах чадвартай хиймэл оюун ухаант машин бүтээсэн юм байна.

Өнгөрсөн жил физикийн салбарын Нобелийн шагналыг Пьер Агостини, Ференк Краус, Энн Л’Хюиллет нарын “атомын дотор талыг харах” боломж олгодог хэт богино лазер импульсийн технологид олгож байсан билээ. 1901 оноос хойш Физикийн салбарт 117 удаа Нобелийн шагнал олгосон бөгөөд нийт 225 хүн шагнагджээ.

Уламжлал ёсоор 10 дугаар сарын эхээр “Нобелийн долоо хоног” гэгддэг шагналтан тодруулах ажиллагаа Шведийн Стокгольм хотод болдог бөгөөд энэ шагналын хоёр дахь нь Физикийн салбар юм. Эхний өдөр анагаах ухаан, физиологийн салбарын шагналтнууд тодордог билээ. Үүний дараа физик, хими, уран зохиолын салбарын шагналтнууд тодрох бөгөөд уг долоо хоногийн төгсгөлд Нобелийн энх тайвны шагналын эзнээр зөвхөн хувь хүн төдийгүй бүхэл бүтэн байгууллага ч тодордог. Нобелийн энх тайвны шагналыг Шведийн бус Норвегийн Шинжлэх ухааны академиас олгодог гэдгээрээ онцлог шагнал юм. Мөн 1969 оноос хойш Шведийн Банкны санаачилгаар жил бүр эдийн засгийн салбарт Нобелийн шагнал гардуулдаг болсон билээ. Учир нь энэ салбарыг Альфред Нобель өөрийн гэрээслэлд дурдалгүй орхисон байсан юм. Харин физик нь Альфред Нобелийн гэрээслэлд дурдсан шинжлэх ухааны анхны салбар юм. Нобелийн шагнал 11 сая швед крон буюу 825 мянга орчим евро байдаг. Нобелийн шагнал олгодог Шведийн хааны Шинжлэх ухааны академи анх 1739 онд байгуулагдсан. Өнөөдөр энэ академи Шведийн 450, гадаадын 180 орчим эрдэмтдээс бүрддэг. Харин Нобелийн Хорооны гишүүдийг академиас гурван жилийн хугацаатай томилдог ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *