Шадар сайд Т.Доржхандтай эрчим хүчний реформын талаар ярилцлаа.
-Засгийн газраас эрчим хүчний реформыг эхлүүлэхээ мэдэгдсэн. Үндэсний хороог та ахалж байна. Энэ реформыг хаанаас эхлэх вэ. Ямар дүр зураг гарав?
-Монгол Улс газрын доорх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийн 200 улсаас эхний тавд ордог бол газар дээрх сэргээгдэх нөөцөөрөө эхний хоёрт ордог. Гэсэн хэдий ч бид улсаараа эрчим хүчний дутагдалтай, дотоод улс төрийн зөрчил болон гадны нөлөөгөөр сүүлийн 40 жил шинэ эх үүсвэр барьж байгуулаагүй нь бодит үнэн.
Тэгвэл бие биедээ дэгээ тавьсан улс төрийн зөрчлийг давж Хамтарсан Засгийн газарт орох урилгыг ХҮН нам хүлээн авч Эрчим хүчний реформыг хийх Үндэсний хороог миний бие ахалж ажиллаж байна. Үндэсний хорооны зүгээс эрчим хүчний салбарт эрх зүйн шинэчлэл хийх, төрийн монополыг задалж үр ашгийг нэмэгдүүлэх, үнэ тарифийг зах зээлийн зарчимд шилжүүлэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, ялангуяа ногоон эрчим хүчний зах зээлд зөвхөн хувийн хэвшлийг дэмжих замаар дунд хугацаандаа эрчим хүчний бие даасан тогтолцоог үүсгэж, урт хугацаанд эрчим хүчний экспортыг хийх нөхцөлийг бүрдүүлнэ.
-Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний хэсэг ашиглалтад орж байна. Засгийн газраас хувийн хэвшилтэйгээ хэрхэн хамтарч ажиллах вэ. Ялангуяа эрчим хүчний салбарт?
-Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Бөөрөлжүүтийн 600 МВТ, Цэнэг хураагуурын 50 МВТ, Баян сумын 660 МВТ төслүүдийг дэмжиж, яаралтай ашиглалтад оруулах арга хэмжээг авч ажиллана. Эрчим хүч байхгүй бол эдийн засгийн өсөлт байхгүй. Эрчим хүчний биеэ даасан байдлыг хангах нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа бөгөөд эрчим хүчний үйлдвэрлэлийг гацаах, няцаах аливаа сонирхол, популист үйлдлүүдийг хаана, зогсооно. Бид бодлогоо урт хугацаанд төлөвлөж байна. Монгол Улс уул уурхайгаас хамааралтай, нийт эдийн засгийн 70-80 хувь нь энэ салбараас санхүүжигддэг. Тэгвэл дараагийн салбар нь эрчим хүч болно. Монгол Улсын эрчим хүчний нөөц асар их. Том газар нутагтай, газар доорх эрчим хүчний нөөц ихтэй, нар салхи буюу “ногоон эрчим хүч”-ний нөөцтэй. Монгол Улс эрчим хүчний экспортлогч улс байж чадна. Бодлогоо урт хугацаанд энэ чиглэлд уялдуулж харж байгаа. Мөн дунд хугацаанд реформыг зоригтой хийнэ. Энэ салбарын төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ, үр ашгийг нь сайжруулна, нээлттэй олон нийтийн компани болгоно, хөрөнгө оруулалтуудыг бий болгоно. Хөрөнгө оруулалт бий болгохын тулд үнэ тарифын шинэчлэлтийг хийнэ. Эхний ээлжид өнөөдрийн бодит өртгөөр алдагдалгүй байх хэмжээнд хүргэнэ. Дараа нь зах зээлийнх зарчимд оруулж, үр дүнд нь нийлүүлэлт өссөнөөр үнэ буурна гэж харж байна. 2023 оны гүйцэтгэлээр манай улс 10.9 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүч боловсруулж, 9.9 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүчийг түгээсэн. Үүний 77.7 хувийг дотоодоосоо нийлүүлж, 22.3 хувийг гаднаас импортолсон байна. Гаднаас импортолсон эрчим хүчний 60 хувийг БНХАУ, 40 хувийг ОХУ-аас авсан мэдээлэлтэй байна.
-Эрчим хүчний хараат бус байдал нь реформын нэг зорилго шүү дээ. Үнэхээр бид хараат байдлаас гарч чадах уу?
-Ирэх дөрвөн жилд эрчим хүчний хараат бус байдал бий болох ёстой. Энэ бол эрчим хүчнийхээ найдвартай ажиллагааг хангана гэсэн үг. Мөн эрчим хүчний үнийг чөлөөлснөөр эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулагчид орж ирж байна. Эрчим хүчний бие даасан байдлыг жаахан тодруулах хэрэгтэй болов уу. Бие даана гэдэг нь ОХУ, БНХАУ-аас эрчим хүч авахгүй болно гэсэн ойлголт биш юм. Эрчим хүч импортолдог. Эргээд экспортолдог тийм дархлаатай байх нь чухал. Ингэхийн тулд эрчим хүчний тарифыг төрөөс хүчээр барьмааргүй байна. Өөрийнх нь үйлдвэрлэж байгаа өртгөөс 2-3 дахин хямд үнэтэй байгаад байхаар хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хувьд зах зээлийн жишиг үнээр гэрээ байгуулсан учраас ямар ч асуудалгүй зохицуулалт хийж байна.
-Ирэх сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдэнэ гэж ярьж байна. Хэдэн төгрөгөөр хэрхэн нэмэх тооцоолол гарсан уу?
-Эрчим хүчний салбарыг дандаа Төрийн өмчийн компаниуд удирдаж байна. Технологийн хувьд хоцрогдолтой, аргацаасан байдалтай, өвлийг яаж давна даа гэсэн айдастай байгаа нь үнэн. Гэхдээ ийм байдалтай явахаа больцгооё. Эхний ээлжинд тарифыг бодит түвшинд хүргэнэ. Дараа нь инфляцтайгаа уялдуулж, бизнесийн зарчимд нь тааруулаад авах учиртай гэсэн байр суурьтай байна. Ингэсний дараа манай эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт асар ихээр нэмэгдэнэ. Одоогоор судалгааны түвшинд явж байна. Иргэдэд ямар зэргийн ачаалал ирэх юм. Эсвэл ЖДҮ, томоохон уул уурхайн компаниудад гол ачаалал нь ирэх юм уу. Тэр бүхнийг арга судалж байж, төрөөс дараагийн арга хэмжээг авна. Үнэ тарифын нэмэгдлийг ирэх сарын 1-нд Үндэсний хорооноос албан ёсоор зарлана.
-Одоо байгаа тариф дээр 30-40 хувь нэмнэ гэсэн яриа бий. Энэ үнэн болов уу?
-Хэзээ, хэдэн хувиар нэмэх вэ гэдгийг бид нар одоо судалж байна. Мэдэгдлээ арваннэгдүгээр сард хийнэ. Ер нь үнэ тарифыг үе шаттай нэмэх бодлого барина. Энд бас нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Эрчим хүчний реформ гэхээр тариф өсөх гээд байгаа хэрэг биш шүү. Маш олон цогц асуудлын нэг нь үнэ тарифын нэмэгдлийн асуудал юм. Богино хугацаанд бид үнэ тарифын асуудлыг шийдэж, дунд хугацаандаа эрчим хүчнийхээ үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна. Тухайлбал, төрийн өмчийн компаниудыг нээлттэй ил тод болгоно. Хувийн секторуудыг бодлогоор дэмжиж оруулна. Урт хугацаандаа зөвхөн экспортлогч биш импортлогч орон болно. Бидэнд эрчим хүчний асар их нөөц бий. Тэрийгээ хөдөлгөж чаддаггүй, хөрөнгө оруулагчид, бизнесийнхнийг хаачихдаг. Тэгээд төр нь өөрөө санхүүжүүлээд алдагдал хүлээгээд явдаг энэ байдлыг засна. Энэ бүгд нийлээд цогцоороо хэрэгжиж чадвал эрчим хүчний реформ буюу шинэчлэл болж чадна. Үүний үндсэн эхлэл цэг нь төр хувийн хэвшилдээ найр тавьж хойшоо нэг алхам хийж, хувийн хэвшлээ энэ чиглэлд бодлогоор дэмжих асуудал юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин