Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Уянгахишиг: Жагсаалтын гишүүд ямар нэгэн популизм хийх шаардлагагүй учраас өмнөх ажил дээрээ л төвлөрч байгаа DNN.mn

УИХ-ын гишүүн Г.Уянгахишигтэй ярилцлаа.


-Таны хувьд эрх зүйч мэргэжилтэй хүн. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө ямар ажил хийж байсан бэ гэдгээс яриагаа эхэлье?

-Миний хувьд 2002 онд ХБНГУ-ын Бонн хотын их сургуульд хуулийн магистр хамгаалж ирээд тасралтгүй ажиллаж байна. Эхний 10 гаруй жил яг хуулийн компанид өмгөөлөгч, хуулийн зөвлөхийн ажил хийж байгаад 2012 оноос хувийн хэвшлийн компаниудад ажиллаж эхэлсэн. Харин сүүлийн зургаан жил яг хөрөнгийн зах зээлд ажилласан. Инвескор Капитал гэж үнэт цаасны компанийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

-Хөрөнгийн зах зээл манай улсад хөгжөөд 30 жил болж байгаа ч олон нийт тэр бүр мэддэггүй. Тэгэхээр энэ салбарын хөгжил ямар байна гэж та үздэг вэ. Хууль эрх зүйн орчинд нь ямар өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байна вэ?

-Уг нь Монголын хөрөнгийн бирж сая 30 жилийн ойгоо тэмдэглэсэн. Их хувьчлал явагдаад хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд үүсээд хангалттай хугацаа өнгөрсөн гэсэн үг. Гэхдээ зах зээлийн болон эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулагч нарын боловсролтой хамааралтайгаар хөрөнгийн зах зээлийн хөгжил удаан байсан. Миний хувьд 2018 онд хөрөнгийн зах зээл рүү орж ирсэн ч аль 2006 оноос л сонирхож ирсэн.

Ерөнхийдөө хэлцэл дээр суурилдаг учраас хуульчдад маш сонирхолтой салбар. Өөрөөр хэлбэл, үнэт цаасжуулна гэдэг маань бүх харилцааг баримтжуулж, хэлцэл болгодог. Манай улс сүүлийн үед уул уурхайн бирж гээд шууд нүүрсээ зараад байна. Гэтэл яг хөрөнгийн бирж дээр явж байгаа тохиолдолд үүнийг үнэт цаасжуулах ёстой. Түүнээс биш Хөдөө аж ахуйн бирж шиг байж болохгүй. Гэхдээ хөрөнгийн зах зээлийн хөгжил сүүлийн 6-7 жилийн хугацаанд маш хурдтай явж байгаа гэж хардаг. Зөвхөн хоёр хүний хооронд хийдэг байсан арилжаа, бондуудыг биржийн бус гэсэн тустай платформ гаргаад тэр нь зохицуулалттай болоод явж байна. Тэр нь биржээс арай шалгуур багатай буюу илүү мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт зориулагдсан хэлцлүүд хийгддэг болсон. Мөн бидний мэддэгээр койны биржүүд байгуулагдаад, хуульчлагдаад явж байна.

Энэ мэтчилэн хүмүүс хөрөнгийн зах зээл рүү их орж байна. Банкуудаас энэ салбар руу маш их хүний нөөцийн хөдөлгөөн гарсан. Тэгэхээр эрх зүйн зохицуулалт нь аятайхан байгаад, хөрөнгө оруулагч нарыг татах боломжоо бий болгоод явах юм бол илүү хурдан томрох боломжтой зах зээл. Харин одоо жаахан гацалт үүсээд байгаа шалтгаан нь бид гадны хөрөнгө оруулагч нарыг оруулж ирж чадахгүй байгаатай холбоотой. Манай улсын бүхий л салбар зах зээл жижигхэн учраас зөвхөн хоорондоо л үйл ажиллагаа явуулаад байх юм бол тэгсхийгээд л гацдаг. Ингээд гадны хөрөнгө оруулагч нарыг оруулж ирье гэхээр манай улсын нэр хүнд тааруу. Харин саяхан зээлжих зэрэглэл маань жаахан нэмэгдээд, Засгийн газар тогтвортой байх нь гэсэн мэдрэмжийг гадагш нь өгөөд ахиц гарах нь уу гэсэн хүлээлт байна. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулаад явж байтал лицензийг нь хураадаг, хийсэн хөрөнгийг нь нийгэмчилдэг байдал ороод ирэх юм бол тэд зугтана. Дээрээс нь зөвхөн манай улсад эрдэс баялаг байдаг юм биш шүү дээ. Зөндөө улс оронд бий. Тэдний эрх зүйн орчин нь баталгаатай, Засгийн газар нь тогтвортой, хөрөнгө оруулагчийн хамгаалалт нь сайн байх юм бол хөрөнгө оруулагч нар тийшээ л явна. Ер нь хүн өөрийнхөө эрсдлийг харж байж л хөрөнгөө оруулна. Тэгэхээр энэ тал руу бодлого тодорхойлогчид эмзэг гэдгийг нь ойлгож, илэрхийлэмж нь ч гэсэн бодолтой байх ёстой болов уу л гэж бодож байгаа.

-Сүүлийн жилүүдэд нүүрсээ биржээр зараад л, тэр амжилттай сайн болоод байгаа тухай яриад байгаа шүү дээ. Гэтэл та жаахан шүүмжлэлтэй хандаж байх шиг байна?

-Шүүмжлэлтэй хандаад байгаа шалтгаан нь хөрөнгийн бирж маань өөрөө уул уурхайн биржээ давхар хийгээд байгаатай л холбоотой юм. Зүй нь бол Хөрөнгийн бирж дээр уул уурхайн бүтээгдэхүүнүүдтэй холбоотой үнэт цааснууд арилжаалагддаг. Уул уурхайн бирж чинь тусдаа хуультай, бие даасан субьект байх ёстой. Харин хөрөнгийн бирж дээр наачихаар яг жинхэнэ хөрөнгийн биржийн үйл ажиллагаа маань цаашаа өргөжихөд харшилдаад эхэлж байгаа юм. Хөрөнгийн биржийг ашигтай ажилласан гээд байгаа. Гэтэл энэ нь нүүрсний арилжаан дээр үүсээд байдаг. Ингээд Хөрөнгийн биржийнхээ гүйцэтгэх захирал нь уул уурхайн хүн байх ёстой юм шиг зүйл яригдаад эхэлж байгаа байхгүй юу. Энэ нь хэр зохистой вэ. Яг энэ хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүй, дүрэм журмыг нь бид дэлхийд тэргүүлдэг биржүүдийн сайн жишгийг нь авахаас өөр арга байхгүй. Харин түүнийгээ нутагшуулаад явах л асуудал. Дээрээс нь бүх зүйлийг анхныхаар нь аваад яваад байна гэж байхгүй.

-Арилжааны банкууд маань хувьцаа гаргасан. Төр засгаас ч нэлээд шахсан байх. Үүний ашиг тус нь юу байгаа юм. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Банкны шинэчлэл маань хоёр үе шаттай хийгдэхээр төлөвлөгдөөд хуульчлагдаад явсан. Эхний шат буюу системийн таван банк олон нийтийн компани болох ёстой гэсэн шаардлага хуулийн хүрээнд хангагдсан. Бүгд нээлттэй хувьцаат компани болчихсон. Гэхдээ зах зээлийнхээ багтаамжаас хамаараад таваас дээш хувийг гаргах төвөгтэй байсан учраас их хувиа гаргаж чадаагүй. Харин хоёр дахь үе шат нь юу байсан бэ гэхээр банкны хувьцаа эзэмшлийн бүтэц буюу нэг хувьцаа эзэмшигч 20-иос дээш хувийн хувьцаа зээмшихгүй гэдэг хуулийн зохицуулалт хэрэгжиж чадахгүй байгаа. Хугацаа хойшилчихсон байгаа. Энэ яагаад болохгүй байна вэ гэдэг дээр анхаарал хандуулж ажиллах ёстой байгаад байгаа юм. Банк санхүүгийн байгууллага гэдэг маш өндөр хариуцлага хүлээдэг, менежмент нь их тогтвортой байх ёстой юм. Гэтэл үүн дээр 20 хувь гэдэг харьцангуй бага. Нөгөө талдаа 20 хувийн хөрөнгө оруулалт гэдэг маш их хөрөнгө. Ийм хэмжээний хөрөнгө оруулахдаа ямар ч хяналтгүй хувь авах болчихоод байгаа юм. Тэгэхээр хөрөнгө оруулагч нарт эрсдэлтэй гэсэн үг. Тиймээс дор хаяж 34 хувь буюу хяналтын багцаа хязгаарлаж байж хөрөнгө оруулагч нарын эрх ашгийг хамгаалах тал руугаа орох боломж нь нээгдэх юм байна гэсэн зөвлөмж гарсан. Үүнийг ч бодолцож, банкны реформоо эргэж харах ёстой болов уу л гэж бодож байгаа.

-Намрын чуулган нээлтээ хийгээд удаагүй байна. УИХ-ын дарга нээлтийн үгэндээ батлагдсан хууль, тогтоомж хүн бүрд тэгш үйлчилдэг байх тухай хөндсөн. Үүн дээр та эрх зүйч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ чуулганы гол чиг үүргийг эергээр хүлээж аваад байгаа нэг зүйл маань юу гэхээр хууль тогтоох байгууллага гэдэг утгаараа хууль эрх зүйн орчны сайжруулалт буюу хүний эрхийг хамгаалах тал руугаа, дээрээс нь хууль тогтоомжийн үндсэн концепци нь хүн төвтэй байна гэдгийг дэмжиж байгаа. Сүүлийн үед хууль тогтоох байгууллага маань илүү их улс төрийн байгууллага шиг явчихсан. УИХ-ын гишүүд нь намын төлөөлөгч гэдгээ илүү гаргаад хууль боловсруулах талдаа хэр анхаарал тавьсан бэ гэдэг нь өөрөө асуултын тэмдэгтэй болчихоод байгаа юм. Тийм учраас 126 гишүүнтэй болсон, жагсаалтаар намын бодлого хэрэгжүүлэхээр мэргэжилтнүүд оруулж ирсэн бүтэц бүрэлдэхүүнээрээ энэ дөрвөн жилийн хугацаанд хууль тогтоох байгууллага маань өөрийнхөө үндсэн чиг үүргийг илүү сайн хэрэгжүүлэх болов уу гэж харж байгаа. Одоогоор УИХ-аас 57 ажлын хэсэг байгуулсан, зарим нь ажлаа эхлүүлсэн явж байна. Гишүүд бүгд энэ ажлын хэсгүүдэд хуваагдаж орсон. Миний хувьд 12 ажлын хэсэгт орсон. Хууль, дүрэм, журам гэдэг бол ерөөсөө Монгол Улсад ажиллаж, амьдарч, үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжийн хоорондын харилцааг л зохицуулж өгч байгаа тоглоомын дүрэм гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ маань зорилгоо хангаж чадаж байна уу. Хөгжлөө дагаад өөрчлөгдөж чадаагүй нь юу байна. Хоорондын нийцэл талдаа дутуу дулимаг юм байна уу. Эдгээр нь хууль хэрэглээн дээр хүндрэлтэй байдал бий болгож байна уу гэдгийг л олж илрүүлэх нь ажлын хэсгүүдийн гол зорилго юм.

-Гурван нам хамтарсан Засгийн газар байгуулсан. Энэ нь улс төр тогтвортой байх, том төслүүдээ хөдөлгөх ач холбогдолтой гээд байгаа. Гэтэл нөгөө талдаа сөрөг хүчингүй болчихлоо гэх шүүмжлэл байна?

-ХҮН нам хамтарсан засагт орох урилгыг хүлээж авахад гишүүд дэмжигчдээс сөрөг комментууд ирсэн. Гэхдээ яагаад засагт хамтарсан бэ гэхээр нэгдүгээрт, бид намчирхаж, талцаж явсаар байтал бидний хамаг амь амьдрал, улсын хөгжил цэцэглэлт гацчихаад байна. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчин байна гэдэг чинь бүхий л зүйлийг эсэргүүцэх гэдэг утга биш. ХҮН намын хувьд сонгуулийн сурталчилгаан дээрээ ч гэсэн намчирхал, талцлыг болих хэрэгтэй гэж хэлж байсан. Ямар ч сайхан санаа байсан нөгөө намаас оруулж ирсэн л бол унагаах ёстой гэсэн хандлага байж болохгүй. Одоо хэдүүлээ шийдэл ярьдаг болох хэрэгтэй. Яагаад үүнийг эсэргүүцэж байгаа юм. Илүү сайн шийдэл нь аль юм гэдэг дээр мэтгэлцдэг болъё. Ажил хэрэгч мэтгэлцээн бол хаана ч байдаг зүйл. Улс төрийн оноо авахын тулд яваад байвал улс орон хэцүүднэ. ХҮН нам анхнаасаа боловсрол, эрчим хүч, эдийн засгийн шинэчлэлийг хийе. Ингэж байж улс орон босно гэдэг мөрийн хөтөлбөртэй орж ирсэн. Харин МАН-аас хамтарсан засагт урихдаа эдийн засгийн реформыг чинь хийе. Та нар салбараа авч яваад боловсролын шинэчлэлээ хий. Тэтгэврийн шинэчлэлийг чинь хамтарч хийе гэсэн. Одоо ингээд харвал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хамтарсан гурван намын мөрийн хөтөлбөрөөс хамгийн багадаа 70 хувьтай орсон. Тэгэхээр ХҮН нам найман гишүүнтэй байгаад бүгдийг хөндлөнгөөс шүүмжлээд байх юм бол нөгөө шинэчлэлүүдээ хийж чадахгүй. Харин хамтарсан засагт ороод хяналтаа тавиад, өөрсдийн амлалтандаа хүрээд, үр дүнд хүрнэ гэдэг бол маш чухал. Үүний төлөө л бид засагт хамтарсан.

-Та ХҮН намаас жагсаалтаар гишүүн болсон. Олон нийтийн дунд жагсаалтын гишүүдийг зүгээр нэг кнопчид гэж үзэх хэсэг байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Тойргоос сонгогдсон гишүүд маань поп мэдэгдэл хийж, тухайн тойргийн сонгогчдодоо таалагдах улс төрийн тоглолтууд хийдэг. Төсөв хөтөлбөр яригдаад эхлэхээр тойрог руугаа татах дээр анхаарал хандуулдаг. Тойргийн сонгуульд маш их хөрөнгө, цаг, хүч зардаг. Гэтэл жагсаалтынх гэхээр хэт амархан юм шиг харагдаад байгаа байхгүй юу. Нам нь хүмүүсээ жагсаагаад л хэн ч танихгүй нөхөр гараад ирсэн. Тэд нь кноп дарахаас өөр зүйл хийхгүй гэдэг юм яригдаж байгаа. Гэхдээ жилийн дараагаас л хүмүүс зөв ойлголтыг аваад эхэлнэ. Жагсаалтаар орж ирсэн хүмүүс чинь өнөөдөр чуулганы хуралдаан, байнгын хороон дээр ямар идэвхтэй оролцож байна вэ. Яагаад гэвэл тэд чинь дан мэргэжилтнүүд байхгүй юу. Олонд танигдаагүй ч хийсэн бүтээсэн зүйлтэй, салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүд. Тийм ч болохоор хууль тогтоох тал руугаа илүү төвлөрч ажиллаж байгаа. Яагаад гэвэл тэд хэсэгхэн тойргийн сонгогчдыг татах биш Монгол Улс гэсэн нэг тойргоос сонгогдсон учраас намынхаа бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд өөрийн мэдлэг боловсрол, бүх зүйлээ зориулах хүмүүс. Ямар нэгэн популизм хийх шаардлагагүй учраас хийх ёстой ажил дээрээ л төвлөрч байгаа. Энэ нь маш том давуу тал болж байгаа болов уу гэж бодож байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *