Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Өмгөөлөгч М.Хандармаа: Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг заавал шүүхээр орж шийдэгддэг болсон DNN.mn

2024 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 32.492 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаагийн 87 хувийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэрэг эзэлжээ. Сүүлийн үед цахим сүлжээнд олон нийтийн газар танхайрч, бухимдлаа илэрхийлэх хүчирхийллийн үйлдлүүд ихээхэн тархаж байна. Энэ нь ямар шалтгаантай, нийгэмд хэрхэн нөлөөлж буй талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч М.Хандармаатай ярилцлаа.


-Сүүлийн үед бусдын биед танхайрах зэрэг хүчирхийллийн үйлдлүүд олон нийтийн сүлжээнд ихээхэн харагдах боллоо. Эдгээр үйлдлийг таслан зогсоох, бууруулахад хууль эрх зүйн тогтолцоо ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Зөрчлийн шинжтэй маргаан нийт гэмт хэргийн ихэнх хувийг эзэлдэг. Сүүлийн үед цагдаагийн газраас камержилтыг ихээхэн байрлуулж байгаа. Иргэд байнга утастай явж буй учраас нийгмийн болж бүтэхгүй, ёс суртахуунгүй асуудлыг шууд бичлэг хийж, цахим орчинд нийтэлдэг болсноороо энэ асуудалд хүмүүс илүү их анхаарч байгаа. Бусдаар бол зөрчлийн болон хөнгөн гэмт хэргийн шинжтэй маргаан байнга гарч байдаг. Хүмүүс уурласан үедээ сүүлд гарах үр дагаврыг тооцоолоогүйн улмаас бусдын биед халдах, ёс суртахуунгүй байдлаар өөрийгөө харуулах үйлдлүүдийг гаргаж байна. Хууль эрх зүйн хүрээнд хохирогчийн бие болоод сэтгэл санаад хэр их хохирол учирсан эсэхээс шалтгаалан зөрчлийн тухай хуулиар зохих хэмжээнд торгож, хэргийг хянан шийдвэрлэдэг.

-Зөрчлийн хуулиар шийдвэрлээд дахиж ийм асуудал гаргахгүй гэсэн үндэслэл байдаг уу?

-Тухайн хүний ухамсар, уураа барих чадвараас л шалтгаална. Дахиад хөнгөн гэмтэл, гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн үндэслэл байхгүй. Ухамсаргүйн үүднээс бие биедээ түргэн зуурын уур бухимдлаас болж гэмтэл учруулах нь тухайн хүний тэвчээр, ухамсраас шалтгаална.

-Хүний амар тайван, аюулгүй амьдрах эрхэд халдаж байгаа цаад шалтгаан нь юу вэ. Хүмүүсийн сэтгэл зүй, орчны стресс бухимдал нөлөөлж байна уу?

-Хүмүүс маш их ууртай байна. Хоёр машин хоорондоо шахалдсан байсан ч гарч ирээд зодолдох хэмжээний ийм бухимдалтай байна. Энэ бухимдлын үр дагавар өөрт нь хохирол учруулж байгаа учраас багахан хэмжээний уураа тэвчиж асуудлыг эергээр харж сурах хэрэгтэй. Мэдээж нийгмийн асуудал болох түгжрэл, утаа, хүмүүсийн хандлага нөлөөлж байгаа ч өөрийн эрхийн төлөө бусдыг эрхийг зөрчинө гэдэг бол хамгийн том анхаарах ёстой асуудал.

-Өнгөрсөн сард цахим орчинд тараад байсан Манлай уяач Т.Галбадрах олон нийтийн газар бусдыг зодсон гэх бичлэг цахим орчинд тархсан. Цагдаагийн байгууллагаас хохирогч иргэний биед гэмтэл учирсан гэж үзэн яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Энэхүү кейс гэхэд уур бухимдлаа тэвчиж чадалгүй, эцэст нь өөрт хохирол учрахыг мэдэхгүй бусдад гэмтэл учруулсан жишээ болж байна?

-Танхайрах зөрчил нь хариуцлагын хэмжээнд зөрчлийн тухай хуулиараа 100 нэгжээр торгодог. Зарим хүмүүст бол хэтэрхий бага мөнгө санагдаж байгаа. Гэхдээ энэ зөрчил нь бусдын биед гэмтэл учруулсан учраас хуулийн дагуу хариуцлага хүлээх хэрэгтэй. Энэхүү хэрэг юунаас үүдэлтэй вэ гэвэл тухайн хүний ухамсар, үг, үйлдлээ захирч чадахгүй байгаагийн үр дагавар болж байгаа юм. Зарим тохиолдолд хохирогчийн биед ямар нэгэн хохирол учирсан нь тодорхойгүй байдаг. Хохирогчийн биед гэмтэл учраагүй улмаас эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол гэж тооцож авах боломжгүй. Сэтгэл санааны хохирол бол гэмт хэргийн улмаас учирсан тохиолдолд хохиролд тооцдог. Зөрчлийн хэрэг дээр бол хохирогчид холбогдогчоос мөнгө авах хуулийн зохицуулалт байхгүй. Хуулиараа 100 нэгжээр торгоод, төрийн санд мөнгөө тушаагаад явчихаж байгаа.

-Энэ талаар иргэдийн анхан шатны хуулийн мэдлэг хэр байдаг вэ?

-Иргэд хуулийн мэдлэг маш багатай байдаг. Гэмт хэрэг, зөрчилд холбогдсоныхоо дараа хуулийн мэдлэггүйгээсээ боллоо гэж ямар ч маргаан дээр ярьдаг. Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс иргэдэд байнга хууль эрх зүйн боловсрол олгох аяныг зохиодог. Үүн дээр тухайлан иргэд анхаардаггүй. Орчин үетэйгээ хөл нийлүүлсэн байдлаар иргэдийн хууль эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа хөтөлбөрүүд хийвэл зүгээр байх. Төрийн байгууллага, Хууль зүйн яамнаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар үйл ажиллагаанууд хийгээд байгаа боловч иргэдэд дорвитой хүрэхгүй байна.

-Бусдын биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг заавал шүүхээр орж шийдэгддэг болсноороо цагдаагийн мэдээллийн санд бүртгэл үүсдэг болсон. Энэ нь тухайн хүний цаашдын хувийн амьдралд нөлөөлж байгаа байх?

-Өмнө нь цагдаа, прокурор дээрээ хаагддаг байсан бол одоо заавал шүүхээр орж шийдэгддэг болсон. Тэр утгаараа цагдаагийн мэдээллийн санд гэмт хэрэгт холбогдож байсан гэсэн бүртгэл үүсдэг болсон. Хэдийгээр торгуулийн ялтай ч тухайн хүний гэмт хэргийн мэдээлэл орж байгаа учраас дараа дараагийн эрх зүйн байдалд нөлөөлж байгаа. Төрийн албанд ажилд орох, визэнд орох, гадагшаа сурах гэх мэт хувийн байдал дээр маш их нөлөөлж байгаа. Тиймээс хүмүүс энэ төрлийн зөрчлийг аль болох гаргахгүй байх хэрэгтэй.

-Хамгийн их үйлдэгддэг зөрчил маргаан юу байдаг вэ?

-Гэмт хэргийн хувьд танхайрах, хөнгөн гэмтэл учруулах, машинаараа хүнийг шүргэх, гэр бүлийн маргаанууд их тохиолддог. Эдгээрээс хамгийн их ирж байгаа хэрэг нь гэр бүлийн маргаан, дараа нь хүний биед хөнгөн гэмтэл учруулах байдаг. Стресс, уур бухимдалтай байна гээд хүнд гэмтэл учруулж, бусдад халдаад байвал өөрийнхөө эрх зүйн байдлыг дордуулаад “адгийн зарга арав хоног” гэдэг шиг шүүхээр явна.

Г.Балгармаа

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *