Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Уянга: Устай холбоотой хуулиудын давхардлыг арилгаж, уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Уянгатай ярилцлаа.


-Уламжлал болон зохион байгуулагддаг Уул уурхайн долоо хоног болж өнгөрлөө. Энэ удаагийн зорилго, гол онцлог нь юу байв?

-Уул уурхайн салбар Монгол Улсад сонгодог утгаараа хөгжиж эхлээд 100 жил болж буй ойг тохиолдуулан бид 2022 онд анх удаа “Уул уурхайн долоо хоног”-ийг зохион байгуулж байсан. Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулсан нь энэ юм. Ер нь гол зорилго нь эрдэс баялгийн салбарын ололт амжилт, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, Монгол орны нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын хэтийн төлөв, хөрөнгө оруулагчид яагаад манай улсыг сонирхох хэрэгтэй талаар чуулж, ярилцаж, ирээдүйгээ төлөвлөх байдаг. Энэ жил хурлын үйл ажиллагааг Mine Pro 2024 уул уурхайн үзэсгэлэнгээр тэлж, өвөрмөц байдлаар, задгай талбайд зохион байгуулсныг салбарын мэргэжилтнүүд их талархан хүлээн авсан.

-Таныг энэ удаад говийн бүсийг усжуулахтай холбоотой илтгэл тавьж оролцсон гэж сонссон. Энэ талаараа тодруулахгүй юу?

-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан захирамж гаргаж, хууль, эрх зүйн орчны судалгаа хийж холбогдох зөвлөмж гаргахтай холбоотой чиглэл, чиглэлийн ажлын хэсгүүдийг байгуулсан.

Эдгээрийн нэг Ажлын хэсэг болох Ундны ус болон ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхтэй холбоотой хууль эрх зүйн орчныг судлах, холбогдох зөвлөмж, саналыг боловсруулах ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна. Ундны усаар хангагдах бидний суурь эрх хэрхэн хангагдаж байгаа талаар судлах явцад гүн гүнзгий агуулгатай, өргөн цар хүрээтэй сэдэв гэдгийг улам бүр ойлгож байгаа. Монгол орны газар зүйн тогтоцтой холбоотойгоор усны нөөцийн тархалт хойд бүсдээ гадаргын, урд хэсгээр газрын доорх усны хэрэглээ болж хувирдаг. Сонгууль болгоноор л усны талаар онцлон хөндөж, олон асуудлыг холбож улстөржиж ирсэн. Аль нам, эвсэл төрийн эрхийг барихтай хамааралгүйгээр бид уг асуудалд ул суурьтай хандах шаардлагатай байгаагийн илрэл бол устай холбоотой судалгааны олон тооны ажил байгаагаар харагдаж байгаа. Эдгээр бүх мэдээлэл, судалгааны ажлыг нэгтгэн зангидахад цаг хугацаа их шаардагдахаар байна. Гэхдээ би байгалийн шинжлэх ухааны эрдэмтэн хүний хувьд уг асуудалд ул суурьтай хандаж, гүн гүнзгий орж ажиллах нь өөрт оногдсон эрхэм бөгөөд хариуцлагатай үүрэг гэж хүлээж авч байгаа. Одоогийн байдлаар хүрсэн дүгнэлт гэвэл усны асуудлыг тусгасан долоон хууль Монгол Улсад хэрэгжиж байгаа ч эдгээр хуулиуд хоорондын уялдаа холбоо хангалтгүй, зөрчилтэй, агуулга давхардаж тусгагдсан байгааг сайжруулах шаардлагатай байна. Улаанбаатар хотод Мянганы Сорилтын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй саарал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орох ойртож байгаа хэдий ч яг энэ төрлийн ус буюу өртөг шингэсэн усны хэрэглээ, ашиглалттай холбоотой зохицуулалт дутагдаж байгаа гэдгийг судалгаанаас харж болохоор байна.

-УИХ-ын чуулган, байнгын хороогоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Та ер нь хэр төсөв болсон гэж харж байна вэ?

-Байгуулагдаад удаагүй

байгаа хамтарсан Засгийн газрын хийхээр төлөвлөж буй томоохон төслүүдийн хөдлөх боломжийг бүрдүүлсэн төсөв гэж харж байна. Яг одоо бол чуулганаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай хэлэлцэж байна. Үүний дараагаар залгаад ирэх оны төсвийг хэлэлцэнэ. Бид хамтарсан Засгийн газартай байгаа дээрээ нэлээд сайн зөвшилцөж, олон талын саналыг тусгаж мега төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй байна.

-Ирэх жилийн төсвийн орлогод нүүрснээс олох ашгийг хэт өндрөөр төсөөлсөн гээд байгаа. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Энэ таамаг жил бүрийн төсөв хэлэлцэх үеэр асуугддаг таамаг байх.

Нүүрсний экспорт энэ жилийнхтэй ижил, түүнээс хил гаалийн нэвтрэлт, боомтын сэргэлт явагдахын хэрээр экспорт нэмэгдвэл төлөвлөгөөндөө хүрэх байх гэж бодож байгаа. Харин ирэх оны нүүрсний дундаж үнэ ноднин, уржнан жилийнхтэй харьцуулахад бага буюу нэг тонн нь 105 ам.доллараар төсөөлөгдсөн байсан.

-Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа солонгоруулах тухай дандаа ярьдаг ч ойрын жилүүддээ үүндээ л найдах юм шиг байна. Тэгэхээр уул уурхайн салбарын ойрын ирээдүй, манайд ашигтай байдал нь хэр байхаар байна вэ?

-Уул уурхайн салбар маань Монгол Улсын эдийн засгийг олон жил нуруун дээрээ үүрч ирсэн. Цаашдаа ч нэлээдгүй олон жил үүрнэ гэж боддог. Бид хариуцлагатай уул уурхайн концепцийг ярьдаг нь улс орныхоо эдийн засгийг солонгоруулах үйл хэрэгт түлхэц өгөх нэг шалтгаан байдаг. Ингэснээр жижиг гэлтгүй төслүүд хэрэгжиж, дотоодынхоо зарим хэрэгцээг хангадаг болбол нэг л өдөр гадагш тухайн бараагаа экспортлогч болно. Тиймээс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь маш чухал.

-Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлнэ гээд байгаа. Эдгээрээс эдийн засагт үр өгөөжтэй төслүүд нь аль гэж харж байна вэ?

-Нэлээд олон төслөөс эрэмбэлж байгаад энэ 14 төслийг зарлаж, чухалчилж байгаа тул яг төлөвлөсөн ажил төлөвлөгөөнийхөө дагуу явчихаасай гэж найдаж байна. Огт төлөвлөгөөгүй ухаантнаас төлөвлөгөөтэй нь хол явна гэдэг. Хамгийн гол нь хэрэгжүүлэгчид нь тогтвортой байж төслүүд хугацаандаа дуусах ёстой. Миний хувьд бүх цахилгаан станцын төслийг онцолмоор байна. Уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжих шаардлагатай байгаа. Хувийн хэвшлийнхэнд, ер нь баялаг бүтээгчид илүү өргөн цар хүрээтэй төсөл хэрэгжүүлэхээр хичээвч эрчим хүчний хязгаарлалтад ордог. Бид үйлдвэрлэгч орон болохын тулд цахилгааны эрэлтээ хангалттай нийлүүлдэг байх хэрэгтэй.

-Баялгийн сангийн тухай хууль, стратегийн ордуудын 34 хувийг төр авах дээр нэлээд маргаан үүсч байна. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Энэ маргаан монголчууд бид стратегийн ашигт малтмал гэдэг олон улсын болоод онолын шахуу ойлголтыг стратегийн орд болгон хуулинд тусгаснаас үүдэн гарсан гэж боддог. Ашигт малтмалын хэрэглээг, зах зээл дэх эрэлтийг л ярьмаар байгаа юм. Нэмээд орд авах тухай ярихаас өмнө одоо байгаа ордуудтай холбоотой хийгдээгүй ажлуудыг хийх хэрэгтэй байх. Цэгцлэх ажил их бий. Хөдөлгөх төслүүд ч бий.

-Францтай хамтарсан ураны төслийг эхлүүлнэ гээд байгаа. Энэ төслийн үр ашиг, бидний хүртэх боломж нь юу байх вэ?

-Хамгийн том бидэнд ирэх боломж нь бид орон нутагт олон тооны шинэ ажлын байр бий болгоно. Зөвхөн нэг том олон улсын хэмжээний компанитай хамтарсан төсөл хэрэгжүүлдэг байсныг олон болгох боломж бүрдэнэ. Энэ хэрээрээ эдийн засгийн хувьд бидэнд ашигтай. Бид байгаа ашигт малтмалаа, хамгийн шинэлэг технологиор гарган авч эргэлтэд оруулах л хэрэгтэй.

-УИХ-ын гишүүний хувьд цаашид татварын бодлого, хувь хэмжээг бууруулах дээр ямар зарчим барьж ажиллах вэ?

-Манай улсад ирээдүйд батерейн түүхий эд, газрын ховор металлын ордууд нээгдэнэ гэж боддог. Дараагийн Эрдэнэт ч нээгдэх боломжтой. Харин энэ ордуудыг хайж олох аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжиж татахад нэг татвар онцлогддог нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр байгаа. Бид өөрийн улсын ашигт малтмалын хэтийн төлөвтэй адил улстай өрсөлдөхүйц татварын орчныг санал болгох шаардлагатай. Хөрөнгө оруулалтыг татна гэдэг утгаараа. Бид дотоодоосоо хөрөнгө босгож дараа дараагийн ордыг нээнэ гэдэг их том зардал яригдах асуудал. Мөн аливаа ашигт малтмалын ордыг хайж олж, ашиглана гэдэг 10 болон түүнээс олон жилээр яригдах урт хугацаа шаардагдах тул шууд олборлохгүй юм байна, хайгуулыг нь хийлгэе гэсэн сэтгэлтэйгээр төсөл хэрэгжүүлэгчидтэйгээ хамтран ажиллах хэрэгтэй байна. Бидэнд боломж их бий. Харин тэр бүхнийгээ ашиглах л хэрэгтэй.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

One reply on “Б.Уянга: Устай холбоотой хуулиудын давхардлыг арилгаж, уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *