Categories
мэдээ цаг-үе

Өвлийн саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар, орчны, тоон загварчлал, судалгааны хэлтсээс ирэх  арваннэгдүгээр сараас 2025 оны нэгдүгээр сар хүртэлх урьдчилсан төлөвийг тооцоолон гаргасан байна.

2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 1 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД (Олон жилийн дунджаар)–аар Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -12…-18°C, Хөвсгөлийн уулархаг нутгаар -18…-22°C, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг, Дорнодын тал нутгаар -2…-8°C, бусад нутгаар -4…-8°C хүйтэн байдаг. Энэ оны 11 дүгээр сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговийн нутаг, Архангайн ихэнх, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм цас ордог байна. 2024 оны 11 дүгээр сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун хэсгээр ОЖД–аас бага, Дорноговь, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Арванхоёрдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Онон голын сав газраар -22…-30°C, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -10…-16°C, бусад нутгаар -16…-22°C хүйтэн байдаг. 2024 оны 12 дугаар сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Өмнөговийн нутаг, Ховд, Говь–Алтайн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна.

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 0–2 мм, бусад нутгаар 3–6 мм цас ордог аж. 2024 оны 12 дугаар сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховд, Увс, Говь–Алтайн нутаг, Баянхонгор, Өмнөговийн ихэнх, Завханы баруун, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас ахиу орох төлөвтэй байна.

Нэгдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -26…-32°С, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -10…-16°С, бусад нутгаар -17…-25°С хүйтэн байдаг аж. Харин 2025 оны 1 дүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн байх төлөвтөй байна. Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм цас ордог бол 2025 оны 1 дүгээр сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Арваннэгдүгээр сард баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсэг болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй байгаа хэдий ч цаашдаа өвлийн саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн зүүн хагаст хур тунадас ахиу орох төлөв ажиглагдаж байгаа тул өвлийн бэлтгэлээ эртнээс базаахыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *