Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Сэддорж: Төр нь бүтээн байгуулалт хийхээс илүүтэй хувийн хэвшилдээ тэр орон зайг нь үлдээх ёстой DNN.mn

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р. Сэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын анхны 126 гишүүнтэй парламентад та говийн бүсийг төлөөлөн хамгийн олон саналаар сонгогдон гарч ирлээ. Таны хувьд өмнө нь Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Юуны өмнө энэхүү томсгосон парламентын бүрэн эрхийн хугацаа эхэлсэнтэй холбогдуулан та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

– УИХ-ын сонгууль амжилттай явагдаж өндөрлөсөн. Анхны 126 гишүүнтэй парламент бүрдээд намрын чуулганаа эхлүүллээ. Энэ парламентад говийн бүсээс долоон хүн сонгогдон энэ бүс нутгийн хөгжлийн төлөө, хүн ардын төлөөлөл болон орж ирсэнд баяртай байгаа. Миний хувьд бүсчилсэн хөгжлийн

бодлогыг анхаас нь дэмжиж ирсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын парламентад сонгогдсон гишүүн болгон гарч ирсэн тойргоо л ярьцгаадаг байсан. Үүнд цэг тавьсан сонгууль боллоо гэж бодож байгаа. Одоо бид нэгэнтэйгээ нэгдэж, нэгдмэл нэг бодлого явуулж байж хөгжинө. Энэ утгаараа говийн бүсэд багтсан дөрвөн аймаг нэгэнтэйгээ давуу болон сул талаа уялдуулан ажиллах шаардлага зүй ёсоор ирсэн. Өөрөөр хэлбэл, өмнө тус тусдаа асуудлаа ярьдаг байсан бол одоо хамтраад зовлон жаргалаа ярьж, шийдэхийн төлөө явдаг болсон нь бүсчилсэн хөгжлийн хамгийн том давуу тал гэж ойлгож байна. Долоон гишүүн говийн бүсээс сонгогдсон ч жагсаалтаар говьд хайртай, говийн асуудлыг ойлгодог, мэдэрдэг олон гишүүн энэхүү парламентад гарч ирсэн. Тиймээс цаашид говийн асуудал, говьд амьдарч байгаа олон мянган хүмүүсийн аж амьдрал дээшилнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Дээшлүүлэхийн тулд, тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн тулд л бид нэгдэж ажиллана.

-Манай улсын эдийн засгийг нуруун дээрээ авч яваа салбар бол уул уурхайн салбар. Уурхайн ихэнх нь говьд үйл ажиллагаа явуулдаг. Энэ бүс нутгийн цаашдын том зорилго чиглэл юу байхаар байна вэ. Байгалийн баялгаа олборлоод түүхийгээр нь экспортлоод л яваад байх уу. Илүү үр өгөөжтэй эдийн засгийн өсөлттэй, байгаль орчинд ээлтэй байлгахын тулд ямар зохицуулалт хэрэгтэй вэ?

-Ирэх оны байдлаар Монгол Улсын 21 аймгаас Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймгууд улсын төсөвт нэг их наяд 903 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх ёстой.

Тэгвэл Өмнөговь аймаг дангаараа нэг их наяд 754 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр орж ирсэн нь орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэх нийт орлогын 92 хувь нь оногдож байна гэсэн үг. Харин үлдэж буй 16 аймгийн төсөвт ерөнхий дүнгээр 527 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг улсын төсвөөс олгоно. Эндээс харвал, манай аймаг бусад аймгуудынхаа татаасыг даагаад зогсохгүй нэг их наяд 200 гаруй тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлж байна. Үүнээс гадна тус аймагт Оюу толгой, Таван толгой, Нарийн сухайт тэргүүтэй уул уурхайн голлох 14 компани үйл ажиллагаа явуулдаг. 2025 оны төсөвт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоор таван их наяд 644 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлнэ. Зөвхөн нүүрс, зэсийн баяжмалын экспортын нөлөөгөөр ирэх онд уул уурхайн салбар нэгдсэн төсвийн нийт орлогын 31 хувийг бүрдүүлнэ. Энд уул уурхайн олборлолт дагасан салбаруудын төсөвт оруулж буй орлогыг тооцоогүй. Хүнсний салбараас авахуулаад уул уурхайн томоохон техникийн сэлбэг хэрэгслийн гаалийн импортын татвар, нефтийн бүтээгдэхүүний онцгой татвар зэргийг тооцвол маш их мөнгөн дүн гарна.

-Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олборлож байгаа түүхий эд Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа гэдгийг та хэлж байна, тийм үү?

-2010 онд Өмнөговийн ДНБ-ий дийлэнх буюу 69.5 хувийг уул уурхай бүрдүүлж байсан бол 2021 оны байдлаар энэ тоо 29.8 хувь болтлоо буурч эсрэгээрээ үйлдвэрийнх 44.9 хувь болж өссөн гэдгээс уул уурхайн салбарын өсөлт нь бусад салбарыг нь дэмжиж хөгжүүлсэн дүр зураг бий. Гэхдээ энэ байдлаа цаашид улам бүр гүнзгийрүүлэх чиглэлд анхаарах ёстой. Байгалийн баялгаа олборлоод экспортлоод л яваад байх уу гэдэг асуудлыг дан ганц Өмнөговийн шийдэх асуудал биш. Монгол Улсын ойрын болон дунд хугацаанд шийдэх чухал асуудлын нэг гэдэгтэй би санал нэг байна. Илүү үр өгөөжтэй эдийн засгийн өсөлттэй, байгаль орчинд ээлтэй байлгахын тулд орон нутагт тодорхой хэмжээний санхүүжилтийг үлдээх зохицуулалт хэрэгтэй байгаа. Ний нуугүй хэлэхэд, манай аймагт орж буй орлогоос улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ жилээс жилд огцом өсч байгаа атлаа улсын төсвөөс хөрөнгө оруулалтаар өчүүхэн хөрөнгө тавигдаж ирсэн нь нууц биш.

-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны талаар та юу хэлэх вэ. Засагт гурван намын төлөөлөл орсон. Өмнө ийм Засгийн газар байсан эсэхийг мэдэхгүй ч олон намын төлөөлөл гүйцэтгэл засаглалдаа орж ажиллахын давуу тал, ач холбогдлыг та УИХ-ын гишүүнийхээ хувьд ямар байдлаар харж байгаа вэ?

-Гурван нам хамтарч шинэ Засгийн газар бүрдүүлсэн. Мэдээж өөр өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд гурван тийш чангаах шаардлагагүй гэж бодож байна. Томоохон төслийн хувьд дэд бүтэц, улс орны цаашдын хөгжилд нэмэр болохуйц төсөл хөтөлбөр эхлүүлж байгааг дэмжиж байгаа. Бид эрчим хүчээ гаднаас экспортоор авалгүй өөрсдөө бие даан шийдвэрлэх ёстой. Улс орны хөгжлийг эрчим хүчгүйгээр төсөөлөх аргагүй. Мөн гадаад өрийн асуудалдаа анхаарах цаг ирлээ гэж бодож байна. Манай нийт иргэдийн арилжааны банкнаас авсан зээл ганц жилийн дотор 14 их наядаас 19.7 их наяд буюу даруй 5.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэх статистик энэ оны хагас жилийн тайланд харагдсан. Ломбард, ББСБ, хоршоо энэ тэрийг оруулбал бүр их тоо гарах байх. Тэгэхээр улс орны төдийгүй иргэдийн, өрхийн зээл санаа зовоох асуудал болжээ. Үүнээс гадна, Статистикийн бизнес регистрийн санд 2024 оны эхний хагас жилийн байдлаар бүртгэлтэй 245 мянган хуулийн этгээдийн 40 хувь нь үйл ажиллагаа явуулж, 60 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Үүний голлох хувийг төсөв, мөнгөний бодлого оновчгүй байгаатай холбоотой гэж үзэхээс өөр арга байхгүй. Миний хувьд төр нь бүтээн байгуулалт хийхээс илүүтэй хувийн хэвшилдээ орон зай үлдээх ёстой гэдэг үзэл баримтлал дээр хатуу зогсдог. Дээр дурдсан асуудлууд хамтарсан Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ёстой ажил гэж хэлнэ.

-Намрын чуулган эхэллээ. Энэ чуулганаар мэдээж Төсвийн тухай хуулийг хэлэлцэн батлах ёстой. Тэр утгаараа ер нь манай улс Төсвийн тухай хуулиа ямар байдлаар батлах ёстой вэ. Төсөв батлахаас хамаарч эдийн засгийн болон нийгэм, улс орны хөгжил шалтгаалж байгаа шүү дээ?

-Төсвийн төслийг гоё ганган уриа лоозонгоор чимэглэхэд анхаарах бус харин эдийн засгийн хямралын эхлэлийг тавьдаггүй, өрийн хэмжээ нэмэгдүүлэхгүй, эдийн засгийн тэлэлт нь өрх гэрийн санхүү, аж ахуйн нэгж бүрийн үйл ажиллагааг дэмжсэн аливаа алдаа, дутагдлаа цаг хугацаа алдалгүй шийдвэрлэхэд чиглэгдэх ёстой. Төсвийн тогтвортой байдлын хууль, Төсвийн хууль бол маш чамбай хуулиуд. Иймээс дээрх хоёр хуулиа чанд мөрдөөд ажиллаж чадвал төсөв элдэв шүүмжлэлээс хол байж нийгэм, улс орны хөгжилд бодитой нөлөө үзүүлж чадна. Сүүлийн жилүүдэд халамж хавтгайрлаа, хувийн хэвшлийн орон зайг төр булааж байна, татварын дарамт өндөр байна зэрэг шүүмжлэлүүд их гарах болсон. Намууд хамтдаа өмнө нь дангаараа шийдэж чаддаггүй байсан олон асуудлын ард гарна гэж найдаж байна. Миний хувьд төсвийн хөрөнгө оруулалтад их анхаарч ажиллах болно. Төсвийн хөрөнгө оруулалтын хуваарилалт, байршуулалт жигд, эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх зарчим алдагдаж буйд санаа зовниж явдаг. Тухайлбал, өнгөрсөн жилийн улсын төсвийг харахад Хэнтий аймгийн нэг хүнд ногдох төсвийн хөрөнгө оруулалт 14 сая 507 мянган төгрөг байхад Өмнөговь аймгийн хувьд 541 мянга, Орхон аймагт 931 мянган төгрөг оногдохоор байсан. Мөн батлагдсан тодотголын хөрөнгө оруулалтын мянга гаруй арга хэмжээний 80 хувь нь цаашид төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр харагдаж байна. Иймээс хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлж, ердөө 241-ийг нь царцаахад 927 тэрбум төгрөг хэмнэх боломж харагдаж байсан. Энэ хөрөнгөөр Монгол Улсын нийтлэг эрх ашгийг илэрхийлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх нь зүйд нийцнэ гэж үздэг. Үндсэн хуулиндаа Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах баталгаатай эрх эдэлнэ гэж маш тодорхой заасан. Харамсалтай нь, манай иргэд хорт хавдрын хэд хэдэн өвчлөлийн тоогоор дэлхийд тэргүүлж байна. Иймээс төсвийн хөрөнгө оруулалтын хөрөнгөөр хавдрын өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх эмнэлэг барих ёстой юм. Жил бүр олон зуун сая ам.долларыг импортын эрчим хүчний зардалд өгөх биш, харин өөрсдөө үйлдвэрлэх бүтээн байгуулалт хийх ёстой. Хөрөнгө оруулалтын бодлогоо эрс шинэчилж урсгал зардлыг нэмэхгүй, ажлын байрыг олноор нэмэх үндэсний үйлдвэрлэлийн салбарт нийт хөрөнгө оруулалтын 60 хувийг төлөвлөх чиглэлд санал санаачилга гаргаж ажиллах болно.

-Та энэ УИХ-д Эдийн засгийн байнгын хороог ахлахаар болсон. Ер нь Монгол Улсын эдийн засгийн ойрын таван жилийн дараахь дүр зургийг та ямар байх бол гэж харж байна. Эдийн засгаа илүү хурдацтай өсгөхөд эрх зүйн ямар өөрчлөлт дутагдаж байна вэ?

-Монгол Улсын эдийн засаг 2023 онд долоон хувь өссөн байна. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, хувийн хэрэглээ сэргэн, төсвийн зардал тэлснээр эдийн засгийн өсөлтийг голлон тодорхойлж. “КОВИД-19 цар тахал, БНХАУ-тай хиллэдэг худалдааны боомтууд дахь хязгаарлалтууд, Украин дахь Оросын халдлага зэрэг гадаад орчны сөрөг нөлөө, цочролын улмаас Монгол Улсын эдийн засагт өнгөрсөн гурван жилийн турш хүндрэлтэй байсан. Гэвч экспортын эрэлт огцом сэргэсэн явдал нь эдийн засагт нөлөөллөө. Монгол Улсын эдийн засаг 2023 онд уул уурхайн салбарын өсөлтөд тулгуурлан эрчимтэй өссөн гэж дүгнэж болно. Монгол Улс бараг 70 сая тонн нүүрс экспортолж урьдчилсан байдлаар есөн тэрбум ам.долларын орлого олжээ. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт жигд бус байна. Уул уурхайн бус салбарын идэвхжил харьцангуй сул байгаа нь эдийн засаг уул уурхайн салбараас хэт өндөр хамааралтай болж. Уг салбарын мөчлөгийн хэлбэлзэлд улам ихээр өртөмтгий болсныг харуулж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Монгол Улсын эдийн засаг 5.6 хувьтай гэдгийг Монголбанкнаас гаргасан байна лээ. Нөгөөтэйгүүр УИХ-аас тэргүүлэх 14 чиглэлийг баталсан. Үүнээс эхний дөрвийг нь нэн яаралтай батлуулах ёстой гэсэн асуудлыг Засгийн газраас УИХ-д оруулж ирсэн байгаа. Энэ чиглэлээр бид ажиллана. Мөн хил дамнан тавигдах төмөр замын холболтуудыг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Тавантолгойн станц, Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцуудын асуудлыг нэн яаралтай хэлэлцэхээр төлөвлөж байгаа.

-Цаашид эдийн засаг ямар байдлаар өсөх бол?

-Дунд хугацаанд эдийн засгийн өсөлт хурдсаж, 2025-2026 онуудад дунджаар зургаан хувийг давах төлөв бий. Үүнд Оюу толгойн олборлолт 2025 он гэхэд энэ оны түвшнээс хоёр дахин нэмэгдэх хүлээлт байна. Гэхдээ эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй томоохон эрсдэлүүд байсаар байна. Тухайлбал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур байх, нүүрсний оффтейк гэрээний тодорхой бус байдал зэргээс шалтгаалан уул уурхайн экспорт төсөөллөөс бага байх боломжтой. Мөн дотоодод төсөв улам тэлэх, Ойрхи Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалж газрын тосны үнэ өсөх зэрэг хүчин зүйлүүд инфляцийн дарамтыг бий болгож болзошгүй байна. Уул уурхайн түүхий эдийн экспорт огцом тэлснээр Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сайжирч байгаа. Энэхүү эерэг нөхцөл байдлыг цаашдаа тогтвортой хадгалахад эдийн засгийг төрөлжүүлэх, түүхий эдийн үнийн хэлбэлзэлд тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бүтцийн өөрчлөлт, бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь чухал юм. Инфляцийн дарамтыг бууруулж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд төсвийн тэлэлтийг сааруулах ёстой. Ингэснээр эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад хөрөнгийн зах зээлд Монгол Улсад итгэх итгэлийг бэхжүүлэх боломж бүрдэнэ. Сүүлийн жилүүдэд анхаарал татах болсон үнийн хөөрөгдөлтийг үүсгэхгүйгээр өрхийн бодит хэрэглээг хамгаалахын тулд нийгмийн хамгааллын бодлогоо хэт хавтгайруулах биш, үр ашгийг сайжруулах, илүү оновчтой арга хэмжээ авах шаардлагатай байна. Дунд хугацаанд төсвийн хуримтлалыг дахин бүрдүүлж, улмаар эдийн засагт үүсэх аливаа сөрөг нөлөөлөлд хариу арга хэмжээ авах бодлогын орон зайг бий болгох, ирээдүйд хийгдэх хөрөнгө оруулалтуудад шаардагдах хуримтлалыг бий болгох нь чухал. Түүнчлэн цахим үйлчилгээг хөгжүүлэх замаар эдийн засгийн төрөлжилтийг дэмжих шаардлагатай байгаа.

-Хууль тогтоогчийнхоо хувьд энэ бүрэн эрхийнхээ хугацаанд ямар хуулийн төсөл боловсруулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй, зорилготой байгаа вэ?

-Хэд хэдэн хуулийн төслүүд дээр сууж байна. Татварын орчныг таатай болгох асуудлаар судалгаа хийж байгаа. Үүнд, НӨАТ-ыг хэмжээг багасгах хуулийн төслийг зарим гишүүдийн хамт өргөн барихаар ажиллаж байна.

-Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхлээд удаагүй байна. Энэ хуулийн хэрэгжилт бүрэн дүүрэн хэрэгжиж байж иргэд байгалийн баялгаасаа бодитой хувь хишиг хүртэх боломжтой гэж хараад байгаа. Энэ асуудлаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Газрын хэвлийн баялаг нь нэг удаагийн буюу шавхагдах шинжтэй, улсын эдийн засагт олборлох салбар томоохон байр суурь эзэлснээс хамаарч бусад салбарт сөрөг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн олборлолтын үйл ажиллагаа нь тухайн хэсэг нутаг дэвсгэрийг хамран явагддагаас үүдэн тухайн нутаг дэвсгэртээ сөрөг болон эерэг нөлөөллийг бий болгож байдаг зэрэг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд байгалийн баялгаас олсон орлого, үр шимийг зөв удирдах хэрэгцээ, шаардлага үүсдэг. Монгол Улсын тухайд Баялгийн сантай болох зорилгоор 2007 онд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль, 2009 онд Хүний хөгжлийн сангийн тухай хууль, 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, 2016 онд Ирээдүйн өв сангийн тухай хуулиудыг баталж хэрэгжүүлж ирсэн. Эдгээр сан байгалийн баялгаас олсон орлогыг хуримтлуулан, тодорхой зорилгоор зарцуулалт, хуваарилалт хийхийг зорьж байсан боловч сангийн хөрөнгийг ашиг олох, арвижуулах зорилгоор төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхэд биш, харин бэлэн мөнгө тараах байдлаар зарцуулснаас болж төсөвт өрийн дарамт үүсгэж, эдгээр сан цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн байдаг. Тиймээс Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж чадахуйц зорилго, зохицуулалт бүхий Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өнгөрсөн парламент УИХ сонгуулийн өмнөхөн баталсан. Гэхдээ л олон шүүмжлэл дагуулж байх шиг байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улс 73 орчим тэрбум ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн олборлон гаргасан ч олсон орлогынхоо 100 төгрөг тутмын ердөө нэг төгрөгийг нь хуримтлуулж үлдсэн 99 төгрөгийг үрж дуусгажээ. Үр дүнд нь нийгэм, эдийн засгийн хөгжилд чанарын ахиц гарсангүй, байгаль орчин доройтлоо. Иймд эрдэс баялгийн орлогыг сонгуулиас сонгуулийн хооронд улстөрчдийн үзэмжээр зарцуулдаг явдлыг таслан зогсоож Үндэсний баялгийн санг жинхэнэ утгаар нь байгуулан Монгол Улсын урт хугацааны эдийн засгийн хөгжил, хүн амын хангалуун амьдралын баталгаа болгох ёстой. Үүний тулд Баялгийн санг хараат бусаар, тогтвортой ажиллуулах сайн засаглал, улс төрийн зөвшилцөл шаардлагатай гэж үздэг.

-Гишүүд, сайд нарын тоо нэмэгдсэн. Дагаад төрийн албан хаагчдын тоо ч нэмэгдлээ. Ингэхээр мэдээж төрийн байгууллагын зардал өснө. Угтаа энэ зардлыг яаж бууруулах вэ гэдэг рүү төр бодлогоо чиглүүлэх ёстой байх. Нөгөөтэйгүүр хувийн хэвшлээ Монголын төр дэмжиж байж улс орны эдийн засаг өсдөгийг бид мэдэж байгаа. Төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлээ дэмжих асуудлаарх таны байр суурь ямар байдаг вэ?

-Өнөөдөр манай улсад 226 мянган төрийн албан хаагчид, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, төрийн өмчит үйлдвэрийн газар 66 мянган иргэн ажиллаж байгаа нь том тоо. Нэмээд 510 мянган ахмадууд тэтгэвэр, тэтгэмж авч байна. Инфляци өнгөрсөн жилүүдэд өндөр хувьтай байсан тул төрөөс хэд хэдэн удаа цалин тэтгэвэр нэмсэн нь төсвийн урсгал зардлыг өсгөсөн нь үнэн. Мөн төсвийн тэлэлт хувийн хэвшлийн орон зайг булааж байгаа гэсэн шүүмжлэл байсаар байна. Энэ нь төсөвт зоригтой шинэчлэл хийхийг шаардаж байна гэсэн үг. Яаж төсвийн тэлэлтийг зогсоох вэ гэдэг асуудлаас эхлэх байх. Олон гарц гаргалгаа бий. Тухайлбал, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг анхаарах ёстой. Олон жил дамнан өртөг нь өсдөг. Хэт өндөр мөнгөн дүнтэй атлаа иргэдийн амьдралд наалдахгүй олон төсөл хөтөлбөр төсөвт орж ирдэг. Мөн гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр дүнд анхаарах ёстой. Эдийн засгаа солонгоруулж, хувийн хэвшлээ төсвийн бодлогоор дэмжиж чадвал энэ бүхнийг засаж залруулах тийм хүнд асуудал биш болов уу. Энэ цагт гурван нам хамтарч нэг зорилгын төлөө ажиллаж чадвал энэ зорилгодоо хүрч чадна гэсэн итгэл надад байна. Төлөвлөсөн, хэрэгжүүлэх ажлууд ч их байна. Хэдийгээр ярих хийхийн тал гэж ярьдаг ч миний хувьд ярихаасаа илүүтэй хийж бүтээхэд гол анхаарлаа хандуулдаг.

-Орон нутгийн сонгууль ид үргэлжилж байна. Таны хувьд Их хуралд орж ирэхээсээ өмнө Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүн. Тус аймгийн хувьд өнгөрсөн хугацаанд АН олонх болж засаглаж ирсэн. Чамгүй ололт амжилт гаргаж ажилласан гэдгийг орон нутгийнхан тань хэлдэг. Одоо танай орон нутгийн нам ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэн өрсөлдөж байна вэ?

-Ардчилсан намын хувьд “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийг дэвшүүлэн залуучууд маань өрсөлдөж байгаа. Хөтөлбөрийн гол зорилго, агуулга бол эдийн засгийн өсөлтийг өрх болгонд оруулъя гэдэг үндсэн санаагаа дэвшүүлсэн. Өмнөговь аймагт нийт 14 том уурхай ажиллаж байгаа. Эдгээр уул, уурхайн компаниудын үйл ажиллагааг эхлүүлэхэд нь манай говьчууд ямар нэгэн тээг, эсэргүүцэл огт үзүүлж байгаагүй. Нөгөөтэйгүүр эдгээр компаниудын Монгол Улсын төсөвт үзүүлж байгаа орлого маш өндөр. Улсын төсвийн 50 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг гэж хэлж болно. Энэ утгаараа Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлж байгаа аймаг Өмнөговь мөн л юм бол тэнд амьдарч байгаа иргэн, айл өрх бүрийн аж амьдралд энэхүү эдийн засгийн өсөлт хамгийн түрүүнд мэдрэгдэж байх хэрэгтэй. Говийн бүсэд амьдарч байгаа өрх айл бүрийн үүдээр энэхүү өсөлт орж байх шаардлагатай. Уул уурхайд бэлчээрээ алдсан, бэлчээрийн нөөцгүй болсон иргэдийн аж амьдралыг анхаарах нь чухал юм. Тиймээс “Өсөлттэй Өмнөговь” гэдэг бол эдийн засгийн өсөлтийг аймгийнхаа иргэн, өрх айлын аж амьдрал, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудлыг нь шийдэхийн төлөө бодитой дэмжлэг болгон оруулж байх зорилттой байгаа юм. Энэ утгаараа Өмнөговь аймгийг цаашид авч явах баг, хамт олонд нутгийн зон олон нь итгэж, найдаж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бидний хувьд “Нутгийн хишиг” хөтөлбөрөөр дамжуулан байгалийн баялгаас өмнөговьчууд давуу байдлаар ногдол ашиг хүртэж байх асуудлыг ярьсан. Учир нь энэ нутгийн хүмүүс бол говь нутгийн эзэд нь гэдэг санаагаар “Нутгийн хишиг” хөтөлбөрийг оруулж ирж байсан. Үүнийгээ ч ажил хэрэг болгон орон нутгийн оролцоотой аж ахуйн нэгжүүдээс орж ирсэн ногдол ашгаас иргэн бүрдээ 500 мянган төгрөгийг олгодог байсан. Харамсалтай нь үүнийг Өмнөговь аймгийн МАН-ынхан эрс эсэргүүцэн зогсоож байсан. Гэвч бид “Нутгийн хишиг” хөтөлбөрийг зогсоогоогүй. Одоо ч үргэлжиллээд явж байгаа. Өнгөрсөн хугацаанд бид 4300 төрийн албан хаагчийнхаа цалинг нэмсэн. Хашаандаа сайхан амьдрах боломжийг нь олгосон. Говьд саяар тоологдох мод тарилаа. Цахилгаан дулаанд олон айл өрхүүдийг холбосон. Үүгээрээ агаарын бохирдлыг бууруулах бодлого барьж ажиллалаа. Даланзадгад хотыг утаагүй болгох ажил дээр ахицтай ажиллалаа. Цаашид Өмнөговь аймгийн иргэдийн ажиллах, амьдрах орчин улам илүү дээшлээсэй. “Нутгийн хишиг” хөтөлбөр цаашид хэрэгжээд яваасай. Зах хязгаарын сумдад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын маань цалин өндөр хэвээрээ үргэлжлээсэй. Эхлүүлсэн олон сайн ажлууд гацалтгүй улам төгөлдөржиж, говийн хүний аж амьдралд эдийн засгийн өсөлт болгон хамгийн түрүүнд мэдрэгдэж байгаасай гэж хүсч байна. Ингэхийн тулд Өмнөговь аймгийн Ардчилсан нам заавал засаглах, олонх болох шаардлагатай гэдгийг манай зон олон сайн мэдэж байгаад эргэлзэхгүй байна.

Э.МӨНХТҮВШИН

 

One reply on “Р.Сэддорж: Төр нь бүтээн байгуулалт хийхээс илүүтэй хувийн хэвшилдээ тэр орон зайг нь үлдээх ёстой DNN.mn”

Хөөх энэ хулгайч гишүүн болчихсон юм уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *