Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Болормаа: Манайд өндөр гэхээсээ илүү бага орлоготой иргэдэд татварын дарамт их ирдэг DNN.mn

УИХ-ын гишүүн Э.Болормаатай ярилцлаа.


-Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнөөдөр /өчигдөр/ намрын чуулган нээлтээ хийлээ. Тэгэхээр таны хувьд ирэх оны төсвийн төсөлтэй танилцаж амжив уу. Та ер нь хэр болсон гэж харж байна вэ?

-Өнөөдөр /өчигдөр/ УИХ-ын намрын чуулганы нээлт боллоо. Шинээр 126 гишүүнтэй парламент бий болсноос хойш анхны бүтэн төсөв хэлэлцэх үе болж байна. Ээлжит бус чуулганаар бид Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг дагасан төсвийн тодотголыг хэлэлцсэн. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлтэй танилцаж эхлээд явж байна. Тэгэхээр яг бүрэн дүүрэн танилцаж амжаагүй байна. Гэсэн ч ерөнхий онцлог, бүс нутагтайгаа холбоотой асуудлуудтай нь танилцаж эхэлсэн. Цаашдаа хэлэлцээд эхлэхээр илүү нарийн танилцаад явна. Одоогийн байдлаар миний харснаар хөрөнгө оруулалтаа илүү далайцтай бүтээн байгуулалт руугаа хийе гэж байгаа нь таалагдсан. Мөн татварын бодлого талдаа илүү реформ хийх боломжтой. Ялгаатай татварын бодлого гээд эхлэлүүдийг тавьсан байна лээ.

-Ирэх оны төсөв дээр 14 мега төслийг эхлүүлнэ гэж байгааг хоёр талаас нь авч үзэж байна. Нэг хэсэг дэмжиж байна. Гэтэл эдийн засагт шууд үр нөлөөгөө үзүүлэхгүй дэд бүтцийн шинжтэй олон төсөл байна. Дэд бүтцийн төсөл их гэсэн шүүмжлэл яваад байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Эдийн засагч хүний хувьд эдийн засагт үр өгөөж авч ирэхгүй гэж байгаатай санал нийлэхгүй байна. Яагаад гэхээр “Алсын хараа – 2050”-ын эхний 10 жилийн эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг ахалж бичихэд л эдгээр мега төслүүд орсон байсан. Эдгээр төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын ДНБ хоёр дахин өснө гэсэн тооцоолол ч гарсан.

Мөн нийт хөрөнгө нь бүгдээрээ улсын төсвөөс гарахгүй. Нийт 14 мега төслийн урьдчилсан тооцооллоор 43 их наяд төгрөг болно гэж байгаа. Үүнийг гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж, хоёр орны хамтын ажиллагаа гээд янз бүрийн байдлаар хэрэгжинэ. Одоогоор гурвынх нь ажил эхэлсэн, дөрвөн төсөл нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээр хэрэгжих бэлтгэл ажилд орсон байгаа. Харин долоон төслийг төрхувийн хэвшил, хувийн хэвшил болон бусад эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Ер нь бид эдгээр төслийг хэрэгжүүлэхгүй юм бол өөр юу хийх юм бэ. Эхлээд дэд бүтцийн асуудлаа шийдэж байж л хөгжинө. Тийм ч болохоор зоригтойгоор, улс орны хөгжлийн төлөөх том төслүүдээ улстөржүүлэхгүйгээр хийе гэсэн зорилго дээр хамтарсан Засгийн газар байгуулагдсан байх гэж харж байгаа. Бусад улс орнууд ч том төслүүдээ жижиг улс төрөөс ангид байлгаж байж хэрэгжүүлж л хөгжсөн байдаг. Эдгээр дотроос хэрэгжиж эхэлсэн төслүүд гэвэл Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байна. Мөн Тавантолгойн дулааны цахилгаан станц байна. Бид жил бүр төлбөрийн тэнцэл дээр ӨМӨЗОны сүлжээнээс тог авч, тэр хэрээрээ манай валют гадагшаа урсдаг. Энэ цахилгааны хэрэгцээгээ бид дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Бид аль хэдийнэ Оюу толгой төсөлтэй цахилгаан хангамж нийлүүлэх гэрээгээ зурчихсан. Тэгэхээр эдгээр төсөл Монгол Улсдаа эдийн засгийн хувьд нэн шаардлагатай байгаа л гэж харж байгаа.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц яригдаад бас л чамгүй хугацаа өнгөрлөө. Тэгэхээр яг хэдийнээс ажил нь дуусч, баруун бүсээ эрчим хүчээр хангаж эхлэх юм бэ?

-Миний хувьд сүүлийн хоёр жил орчим Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж, энэ төсөл дээр онцгой анхаарсан. Энэ хүрээндээ орон нутгийн иргэдтэй ойлголцохгүй байсан асуудлыг шийдсэн. Ингэснээр нүүлгэн шилжүүлэлтийн гэрээнүүд хийгдсэн. Судалгаанууд бүрэн дууссан. Одоо зээлийн хэлэлцээрүүдээ бүрэн байгуулаад барилга угсралтын ажлыг ирэх жилд 15 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ усан цахилгаан станцын нийт төсөвт өртөг 1.2 их наяд төгрөг. Баруун таван аймгаа бүрэн хангах 90 мегаВаттын төсөл байгаа. Нэмж хэлэхэд, энэ станц өнөөдөр ашиглалтад орсон байсан ч бид нэгдсэн сүлжээ рүүгээ холбож чадахгүй. Тэгэхээр цахилгаан дамжуулах агаарын шугамын төслүүд ч ирэх оны төсөвт суулгаж өгсөн.

Ховд аймагт л гэхэд гурван сум нь Хятадаас цахилгаан авдаг, нэгдсэн сүлжээтэйгээ холбоогүй байдаг. Тэгвэл үүнийг холбох Үенч, Хөшөөтийн хооронд 35 кВтын шугамын хөрөнгө оруулалт орсон. Мөн ЭрдэнэбүрэнМянгадУлиастай чиглэлийн 400 гаруй км шугамын ажлыг эхлүүлэхээр тусгасан. Энэ үр дүнд хүрснээр бид 17.5 тэрбум төгрөгийн импортын эрчим хүчний төлбөрийг хэмнэнэ. Харин 2030 он гэхэд бүрэн ашиглалтад орохоор төлөвлөсөн байгаа.

-“Бүсчилсэн хөгжил”-тэй уяж өгсөн гээд байгаа. Үүнийг нь ямар хөрөнгө оруулалтаар харуулж байгаа хэрэг вэ?

-Энэ удаагийн төсвийн гол гурван онцлогийг Засгийг газраас Бүсчилсэн хөгжлийг дэмжсэн төсвийн төлөвлөлт, Нийслэлийн тулгамдсан асуудлыг сууриар нь шийдвэрлэх төлөвлөлт, Хувийн хэвшил, бизнесийн орчныг дэмжих татварын бодлого гэсэн байна лээ. Үүнээс эхний хоёр нь шууд хөрөнгө оруулалтын асуудал. Энэ удаагийн төсвийн нийт хөрөнгө оруулалт 10.4 их наяд төгрөг гэж өргөн баригдсан. Үүнээс 4.5 их наяд нь нийслэлийн асуудлыг шийдэхэд зарцуулна. Харин бүсүүдийн хөгжлийг хангахад мөн 4.5 их наяд төгрөгийг төлөвлөсөн байгаа. Бүсчилсэн хөгжлийг дэмжиж байгаа хамгийн чухал зүйл нь аймгийн төвүүдийг холбох авто зам. Өмнө нь бид ганц аймгуудаа сумтай холбох, тойргоо услах асуудлыг шийдэж ирсэн. Ховд аймаг гэхэд л өнөөдөр дийлэнх сумтайгаа холбогдчихсон хэрнээ зэргэлдээ Увс аймгийн төвтэйгөө холбогдоогүй. Зах зээлийн талаас нь бодоод үзвэл хоёр аймгийн төвийг холбох нь чухал. Тиймээс энэ асуудлыг арилгахад буюу 25 хувь нь зам тээврийн асуудалд, найман хувь нь эрчим хүч, нийгмийн салбарт 17 хувь, инженерийн дэд бүтцийг сайжруулахад 14 хувийг нь зарцуулна гэж өргөн баригдсан байгаа.

-Шинээр төсөл хөтөлбөрүүдийг их бага санхүүжүүлнэ гэж ойлгосон, зөв үү?

-Хуучин байснуудаа явуулж, томоохон дэд бүтцийн шинэ хөтөлбөрүүдийг эхлүүлэх юм байна гэж хардаг. Өмнө нь бид төсөл хөтөлбөрийг амсуулаад хаядаг байсныг би их буруу гэж боддог. Үр дүнд нь баахан гацсан хөрөнгө оруулалт болдог. Тэгэхээр шинээр ямар ажил эхлүүлснээрээ биш, дуусгасан ажлаа гайхуулдаг болох хэрэгтэй.

УИХ-ын гишүүний хувьд энэ буруу байж магадгүй. Гэхдээ л худлаа үнэн эхлүүлсэн гэж байхаар дуусгасан гэдгээрээ бидний хөгжлийн үзүүлэлт харагдана гэж боддог. Хөрөнгө оруулалтыг сүүлийн найман жилийн хугацаанд нэлээд хийсэн. Тэгэхээр одоо суурь, реформын шинжтэй асуудал дээрээ анхаарах хэрэгтэй.

-Татварын бодлого дээр ямар асуудал орсон байна вэ?

-Татварыг буулгана, эсвэл нэмнэ гэж ярих нь өөрөө өрөөсгөл сонсогдоно. Харин орчин үеийн шатлалтай, ялгаатай татварын бодлогыг л хэрэгжүүлмээр байгаа юм. Засгийн газрын хэрэгжүүлэх гээд байгаа бодлогын хөшүүрэг чинь л татварын бодлого байхгүй юу. Тиймээс олон талаас нь авч үзэх хэрэгтэй. Энэ удаад хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн, таатай орчныг бий болгох зорилгоор гурван бодлогыг онцолсон байсан. Нэгдүгээрт, бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг өгнө. Хоёрдугаарт, хувийн хэвшил нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийвэл нэг хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Гуравдугаарт, үйлдвэржих бодлогыг дэмжиж, бүх төрлийн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирэх бол гаалийн татвараас чөлөөлнө гэсэн зүйл оруулсан байгаа. Мөн 20 орчим ялгаатай татварын бодлогыг суулгасан байсан. Гэхдээ л хангалттай хэмжээний реформ ороогүй гэж харж байгаа. Манайх гадны улсуудад байдаг тансаг зэрэглэлийн татварыг бүрэн хэрэгжүүлэх боломжтой. Өнөөдөр манайд өндөр орлоготой иргэдээс илүү бага орлоготой иргэд дээр илүү их дарамт учирч байгаа. Тиймээс нийгэмдээ таарсан шаталсан татварын бодлогыг зоригтой хэрэгжүүлэх ёстой.

-Хувь хүн дээрээ илүү татварын ачаалал өгдөг гэдгийг эдийн засагчид хэлдэг. Мөн гэр бүлийн гишүүдтэй уялдуулах тухай ч ярьдаг шүү дээ?

-Янз бүрийн шийдэл байгаа. Орлогын хэмжээ, гэр бүлийн гишүүдийн тоотой нь уялдуулж болно. Тухайн орны бодлогын асуудал. Харин үүнийг бид олон талаас нь судалж, хэлэлцэж байж гаргаж болно.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *