Categories
мэдээ

Д.Энхтуяа: Ахмадад чиглэсэн үйлчилгээг сайжруулах юмсан гэж олон жил тээж явсан хүслээ ажил хэрэг болгоно DNN.mn

УИХ-ын гишүүн Д.Энхтуяатай ярилцлаа.


-126 гишүүнтэй энэ удаагийн парламентын анхны ээлжит чуулган нээлтээ хийлээ. Энэ чуулганаар улс орны ирээдүйн хувь заяатай холбоотой ямар хууль батлах ёстой гэж та харж байна?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байгуулагдсан 126 гишүүнтэй энэ удаагийн парламентад ард түмэн ихээхэн итгэл хүлээлгэж байгаа. Учир нь энэ удаагийн парламентад олон өнгийн дуу хоолой орж ирсэн. Урьд нь нэг намын давамгайлал байсан бол одоо олон төрлийн мэргэжилтэй, олон намын төлөөлөл орсон. Тиймээс ч УИХ-ын мэтгэлцээнийг маш халуун, сонирхолтой болгож байгаа гэж харж байна. Өнгөрөгч ээлжит бус чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, 2024 оны төсвийн тодотголыг баталсан.

Энэ үеэр УИХ-ын танхимаас олон зүйл заалтыг буцаасан. Өмнө нь УИХ руу орж ирсэн олон тогтоол, төсөл шуурхай батлагддаг байсан бол энэ удаагийн парламентаар нухацтай хэлэлцэж, хуулийн төслийг буцаах түвшинд хүрсэн. Энэ мэтээр олон шүүмжлэлтэй асуудал гарч байгаа.

Дээр хэлчсэнчлэн энэ удаагийн УИХд иргэд ихээхэн хүлээлттэй байгаа. Тэрхүү хүлээлтэд хүрч ажиллах нь чухал. Засгийн газрын хэрэгжүүлэх гэж буй 14 мега төслийн ядаж дөрөв, тав нь энэ дөрвөн жилд бүрэн хэрэгжээсэй гэсэн хүлээлт байна. Олон намын зөвшилцөл, олон ургалч үзлийн үндсэн дээр Монголын хөгжил урагшлах ёстой. Монголчуудын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэх, реформын өөрчлөлтийг мэдээж зоригтой хийх ёстой.

Миний хувьд НИТХ-д дөрвөн жил ажилласан. УИХын гишүүн болохдоо тодорхой төлөвлөгөөтэй орж ирсэн. Ахмад настны асуудлаар олон жил үйл ажиллагаа явуулсан л даа. Тиймээс энэ чиглэлээр хийж гүйцэтгэе гэсэн хүсэл мөрөөдөл ч байна. Өөрөөр хэлбэл, ахмадын асаргаа, ахмадын асрамжийн газрыг олноор байгуулж, ахмад настнуудад хүртээмжтэй, чанартай үйлчилгээ хүргэх ёстой гэж боддог.

Германд оюутан байхдаа ахмадад асрамжийн үйлчилгээ үзүүлдэг газарт олон жил ажиллаж байсан учраас хөгжилтэй орнууд ахмадын асаргаа, сувилгааг ямар түвшинд үзүүлдэг вэ гэдэг сайн туршлагыг мэднэ. Тийм ч учраас олон жил тээж явсан үйл хэргээ одоо ажил хэрэг болгох боломж олдож байна.

УИХд ахмадын асуудлаар лобби бүлэг байгуулж, би ахалж ажиллахаар болсон. Энэ талаараа Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.ЭнхАмгалантай хамт өнөөдөр (өчигдөр) мэдээлэл хийлээ. 2024 оны тавдугаар сарын 22-ны чуулганы хуралдаанаар Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр олон асуудлыг шийдэж байгаа. Тэрхүү хуулийн гол концепци нь эрүүл, идэвхтэй насжилтад бэлтгэх юм.

Өнөөдөр ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд маш хойрго байгаа. Тиймээс ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мөн ахмад настанд үзүүлж байгаа эдийн засгийн хүчирхийллийг багасгах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Хүчирхийлэл гэхээр зөвхөн бие махбодын хүчирхийлэл гэж ойлгоод байдаг. Гэтэл бие махбод, эдийн засгийн хүчирхийлэл гэж тусдаа шүү дээ.

Ахмадууд олноороо уулзаж асаргаагаа авч, бүлээрээ байх боломж ховор байдаг. Хааяа нэг уулзахаар хүнээр дутсан байдалтай суудаг. Тиймээс ахмадын сувиллын газруудыг олшруулах, ахмадын асрамжийн төвүүдийг нэмэгдүүлэх зүйлчлэл орсон. Үүнд 2024 оны төсөвт тодорхой төсвийг суулгаж өгнө.

Үүнээс гадна ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилж байгаа сувиллуудыг нэмэгдүүлнэ. Аж ахуйн нэгжүүд ахмадын сантай болох заалт орсон. Уг сангаар дамжуулж ахмадад чиглэсэн олон талт үйл ажиллагааг дэмжих сан байгуулах ёстой гэсэн өөрчлөлт орсон.

Мөн төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж дэлхийн жишигт нийцсэн ахмадын асрамж, үйлчилгээний газруудыг байгуулах сонирхолтой байгаа.

Миний хувьд ХБНГУ-ын жишгээр ахмадын асрамжийн газар байгуулах төсвийг 2025 оны төсөвт тусгуулж, ахмадын жишиг үйлчилгээний газар ямар байдгийг манлайлж үзүүлэх зорилготой ажиллаж байна.

-Энэ чиглэлд реформ хийе гэвэл 2025 оны төсөвт хэдий хэмжээний төсөв тусгуулах шаардлагатай вэ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ чиглэлээрх төсөв орж ирнэ. Ахмадын асрамж, сувилахуйн төсөвт 4.6 тэрбум төгрөг суулгасан. Ахмадын асрамжийн газар байгуулахад 10 тэрбум төгрөг суулгасан юм билээ. Үүнээс жишиг ахмадын төвийг байгуулах төсөвт анхаарлаа хандуулж ажиллана.

-Та НҮБ-ын ҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоод ирлээ. Ер нь олон улсад манай нэр хүнд ямархуу байна. ОХУ-ын ерөнхийлөгч Путины манай улсад хийсэн албан айлчлалыг улс орнууд хэрхэн хүлээж авч байна вэ?

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулга уулзалтад оролцсон. Уг чуулга уулзалтад манай улсын талаас оролцох бие бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүдээс миний бие багтсан.

Ер нь Монгол төрийн гадаад бодлого нэг цонхоор явах ёстой. Тэр ч үүднээс НҮБын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы манай улстай холбоотой бүх үйл ажиллагааны талаар Гадаад харилцааны сайд болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан ёсны мэдээллийг өгдөг.

УИХын дэд дарга Х.Булгантуяагийн хамт миний бие энэхүү чуулга уулзалтын үеэр эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлээрх хоёр том хуралд оролцсон. Нэгдүгээрт, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедийн “Woman rise for all” үйл ажиллагаанд оролцсон. Мөн “He she for” үйл ажиллагааны 10 жилийн ой болсон. Үүнд оролцсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд өргөн утгатай үг хэлсэн. “Парисын тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр” зэрэг баримт бичиг гаргасан ч эдгээр зорилтын хэрэгжилт хангалтгүй байна гэсэн шүүмжлэлийг илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд олон орны төрийн тэргүүн санал нэгдэж байгаагаа илэрхийлж байсан.

Мөн энэ чуулганаар “Ирээдүйн төлөөх гэрээ” баримт бичгийг баталсан. Ерөнхийдөө чуулган амжилттай болж өндөрлөсөн.

-Манай улсын нэр хүнд олон улсын тавцанд ямархуу байсан бол?

НҮБын чуулганд УИХын гишүүний хувиар анх удаа оролцсон. Манай улс энэхүү чуулганд нэлээн үнэ хүндтэй, жин даахуйцаар оролцдогийг хараад бахархаж байлаа.

Р.ЖАРГАЛ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *