Израилийн батлан хамгаалах хүчин Ливаны өмнөд хэсэгт шийтийн “Хезболла” хөдөлгөөний дайчдын эсрэг хуурай замын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэв. Арабын “Аль Арабия”, “Аль Хадат” телевизийн сувгууд Израилийн танкууд Ливаны Рмейш тосгоны нутаг дэвсгэрт орж ирээд байгааг мэдээлэв. Үүнээс өмнө тэд Израилийн хуягт машинууд их буу, нисэх хүчний цохилтоор халхавчлан Ливаны хилийг нэвтэрсэн гэж мэдээлж байсан билээ. Тэгвэл Израйлийн цэргийн хүчнийхэн Израилийн хойд хэсэгтэй хиллэдэг Ливаны Метула, Мисгав Ам, Кфар Гилади зэрэг суурин газруудад хаалттай цэргийн бүс байгуулснаа албан ёсоор зарлав. Үүнтэй зэрэгцэн Ливаны армийн ангиуд тус улсын өмнөд хэсэг дэх байрлалаа орхиж, өөрийн нутгийн гүн рүү ухарсан болох нь тодорхой болсон бол Хезболлагийн дайчдын сураг ч гарсангүй. Байлдаж буй энэ хоёр улс бол Ойрхи Дорнодын хамгийн жижиг буюу Израиль ердөө 22 072 хавтгай дөрвөлжин км, Ливан нь бүр 10 452 хавтгай дөрвөлжин км газар нутагтай улсууд билээ. Иймээс эдгээр улсуудад 5 км гүн нутаг гэдэг бол их том хэмжээний газар юм.
Энэхүү цэргийн довтолгооны үеэр Израилийн батлан хамгаалах хүчний албан ёсны төлөөлөгч Даниел Хагари энэ сарын 1-ний шөнө Израилийн цэргийн хүчний хөдөлгөөний талаар мэдээлэл түгээхгүй байхыг уриалж “Сүүлийн хэдэн цагт Ливаны хил дээрх манай цэргийн үйл ажиллагааны талаар олон мэдээлэл, цуурхал тарж байна. Иймээс аливаа мэдээллийг нийтийн сүлжээнд тавьснаар дайсанд тусалж, иргэддээ хариуцлагагүй цуурхал тарааж болохгүй гэдгийг анхааруулж байна” гэж мэдэгдэв. Учир нь Израилийн зарим улстөрчид олон нийтийн сүлжээгээр Ливан дахь Израйлийн цэргийн хүчний ажиллагаа эхэлсэнтэй холбоотой мэдээллүүд нийтэлсэн юм.
Израиль Ливаны өмнөд хэсэгт цэргийн ажиллагаа
явуулж эхэлсэн тухайгаа АНУ-д есдүгээр сарын 30-нд албан ёсоор мэдэгдэж “Израиль Ливаны өмнөд хэсэгт “хязгаарлагдмал хуурай замын ажиллагаа” явуулахаар шийдсэн бөгөөд энэ нь Израилийн хилийн бүс нутгийн оршин суугчдад учирсан аюул заналхийллийг арилгах зорилгоор хил дагуух Хезболлагийн дэд бүтцийг устгахад чиглэх болно” гэжээ. Иймээс АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер “Израилийн тал Хезболлагийн хилийн ойролцоох дэд бүтцийг онилон хязгаарлагдмал ажиллагаа явуулж эхэлснээ бидэнд мэдэгдсэн. Иймээс бид зарим асуудлаар тэдэнтэй нарийвчлан ярилцсан” гээд Израилийн өөрийгөө хамгаалах эрхийг АНУ дэмжиж байгааг онцлов.
Израиль энэ есдүгээр сарын хоёрдугаар хагаст Хезболлагийн эсрэг “урьдчилсан цэргийн ажиллагаа”-г эхлүүлсэн. Энэхүү ажиллагааны эхэнд Хезболлагийн дунд шатны удирдлагуудын холбооны хэрэгслүүд дэлбэрч тэд үндсэндээ бүгд жагсаалаас гарсан.
Харин дараа нь Израйлийн цэргийн хүчнийхэн анх удаа Бейрутын төв рүү цохилт өгч энэхүү террорист бүлэглэлийн дээд удирдлага болох бараг бүх удирдагчийг хоргодох байранд нь гүний бөмбөгөөр устгасан юм.Үүний дараа ийнхүү хил нэвтэрч Ливаны III дайн сүүлийн шатандaa шилжив. Ливаны I дайн 1982 онд болсон бөгөөд зорилго нь Ливанд буй Палестиныг чөлөөлөх байгууллагын цэргийн баазуудыг устгах явдал байв. Харин Ливаны II дайн 2006 онд эхэлж, долдугаар сарын 12-ноос наймдугаар сарын 14 хүртэл ердөө сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Шалтгаан нь долдугаар сарын 12-нд “Хезболла” бүлэглэл Израилийн хилийн харуул руу дайрч, хэд хэдэн цэргийг нь барьцаалсан юм. Үүний хариуд Израиль долдугаар сарын 22-нд хуурай замын ажиллагаа явуулж, наймдугаар сар гэхэд Ливаны хэд хэдэн хотыг эзэлж, олзлогдсон цэргүүдээ суллаж авч байсан билээ.
Энэхүү довтолгоотой холбогдуулан Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху эрх баригчид нь Ливаны Хезболла, Палестины ХАМАС, Йемений хуситуудыг дэмждэг Ираны энгийн иргэдэд хандан гурван минутын үг хэлсэн байна. Тэрээр “Ираны удирдагчид Газын зурвас болон Ливаныг хамгаалах талаар байнга үг хэлдэг ч бодит байдал дээр өдөр бүр манай бүс нутгийг харанхуйд улам умбуулж, дайнд автуулж байна. Ираны өнөөдрийн дэглэм секунд тутам таныг, Персийн ард түмнийг ангалын ирмэг рүү улам ойртуулж байна. Хэрэв Ираны удирдлага өөрийн дэглэмд зориулж байгаа мөнгийг та бүхэнд зориулж байсан бол өнөөдөр манай бүс нутаг цэцэглэн хөгжих байв.
Ард түмнээ, эх орноо хамгаалахын тулд Ойрхи Дорнодод Израильд хүрч чадахгүй газар гэж үгүй. Иймээс өөрсдийг чинь өнөөдөр дарангуйлж буй багахан бүлэглэл та бүхний мөрөөдөл, итгэл найдварыг няцааж буйг бүү зөвшөөрөгтүн. Та бүхэн эрх чөлөөтэй болох тэр мөч зарим хүмүүсийн бодож байгаагаас хамаагүй хурдан ирэх болно. Тэр цагт Иран, Израилийн ард түмэн энх тайвнаар зэрэгцэн амьдарч Иран урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр цэцэглэн хөгжинө. Та бүхэн сайн сайхан амьдрах эрхтэй. Израиль та нартай хамт байгаа гэдгийг Ираны ард түмэн мэдэж байх ёстой. Бид хамтдаа амар амгалан, цэцэглэн хөгжих болтугай” гэж хэлжээ.
Ийнхүү өнгөрсөн оны 10-р сарын 7-нд лалын радикал ХАМАС хөдөлгөөн Израилийн нутагт томоохон хэмжээний халдлага үйлдсэнээс үүдэн нэр хүнд нь шороотой хутгалдаад байсан Израилийн цэргийнхэн өөрийн нэр хүндээ дахин сэргээж, Оросуудын тусламжаар бий болсон ХАМАС, Ираны дэмжлэгтэй Хезболлаг оролцуулахгүй сонгууль явуулан өөрийн хил залгаа нутгуудад амар амгалан тогтоох боломж бүрдүүлж эхлэв