Categories
мэдээ улс-төр цаг-үе

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган эхэллээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2024.10.01) 10 цаг 09 минутад  100 гишүүн  буюу  79.4 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Чуулганы нээлтэд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллага болон нийслэлийн удирдлагууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. /УИХ-ын даргын хэлсэн үг бүрэн эхээрээ /

Тэрбээр хэлсэн үгэндээ, намрын чуулганаар бид эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэг салбараас хамааралтай эдийн засгийн суурийг өргөжүүлж, солонгоруулах, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатай хэмээн онцлон тэмдэглэв.

Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжууд нь ирэх дөрвөн жилийн хөгжлийн ерөнхий хандлага, эдийн засгийн өсөлтийг тодорхойлох тул Улсын Их Хурлын зүгээс Засгийн газраас авч хэрэгжүүлэх мега төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын бодит хүрэх үр дүнг нарийвчлан судалж, өмнөх алдаа сургамжаа эргэн санаж, ирээдүйд болох эрсдэлийг урьдчилан тооцож ул суурьтай хандах нь зүйтэйг сануулсан.

Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1-д заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 54 ажлын хэсэг ажилдаа эрчимтэй ороод байгааг мэдэгдээд, цаашид хуулийн чанарт онцгой анхаарал хандуулж, батлагдсан хууль тогтоомж хүн бүрд адил, тэгш үйлчилдэг, хэн нэгэнд зүй бус давуу байдал бий болгодоггүй, хүний эрхийг дээдэлсэн, тодорхой, ойлгомжтой байхад бид хичээх ёстойг гишүүдэд анхаарууллаа.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд, намрын чуулганы нээлт Олон Улсын ахмадын өдөр тохиож буй тул  төр улсынхаа түшиг, түмэн олон залуусынхаа нөмөр нөөлөг болсон нийт ахмадууддаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөв.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *