Эрчим хүчний яаманд уг салбарынхны өргөтгөсөн шуурхай хурал болжээ.
Уг хуралд төрийн болон орон нутгийн өмчит 37 байгууллага танхимаар болон цахимаар оролцсон бөгөөд 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв. Хуралд оролцсон бүхий л байгууллага 2024 оны их засвар, хөрөнгө оруулалтын ажлын явц, 2024-2025 оны өвлийн их ачааллыг давах бэлтгэл ажлын гүйцэтгэл, байгууллагын өр, авлага, санхүүгийн байдал зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгчээ.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниуд 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгах, аюулгүйн нөөц, сэлбэг материалыг бүрдүүлэх үүрэг өгчээ. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байгааг албаныхан дүгнэв.