Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Доктор Ц.Алтантуяа: Нойр булчирхайн үрэвсэлтэй хүүхдүүд үргэлж шарсан хиам өндөг, чипс, ундаа идэж уусан өгүүлэмжтэй байдаг DNN.mn

Сүүлийн үед хүүхэд багачуудын эрүүл мэнд, тэр дундаа хоол боловсруулах эрхтний өвчлөл нэмэгдсээр байгаа талаар эмч нар анхааруулах болсон. Буруу хооллолтоос үүдэж цөс, нойр булчирхай насанд хүрсэн хүнийхтэй адилхан өвчилж, бүр хүндэрч байгаа тохиолдлууд гарсаар байгаа юм. Үүний шалтгаан нөхцөл юу болох, эцэг эхчүүд эрүүл мэндийн ямар боловсролтой байх талаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш, анагаах ухааны доктор, ахлах зэрэгтэй хүүхдийн эмч Ц.Алтантуяатай ярилцлаа.


-Хүүхдийн цөс, нойр булчирхай өвдчихлөө, шалтгаангүй таргалаад байна, хүүхэд хоолондоо дургүй болчихлоо гэсэн зовиурийг сүүлийн үед эцэг эхчүүд их ярьдаг болсон. Энэ нь хүүхдийг төрөх үеэс нь зөв хооллохтой холбоотой гэж эмч нар онцолдог. Тиймээс хүүхэд төрөх үеэс эхлээд хоолонд яаж анхаарах тухай эхнээс цэгцтэй ойлголт өгөхгүй юү?

-Хүүхэд эхийн хэвлийгээс гараад анхны амьсгал авахад амьсгалын эрхтэн тогтолцоо ажиллаж эхэлдэг.

Үүнтэй ижил хүүхэд ангир уургаа амласнаар хүүхдийн хоол боловсруулах зам бэлтгэгдэж, ажилаж эхэлнэ. Хүүхдийг зөв хооллох, эрүүл өсгөх, чийрэг хүн болгох үндэс нь нярайг эрт амлуулж, зургаан сар хүртэл дагнан хөхний сүүгээр хооллох, цаашид хоёр нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлэх явдал юм. Эхийн хөхний сүү бол зөвхөн тухайн хүүхдэд зориулагдсан, байнга шинэ, халдварын эрсдэлгүй, хүүхдэд хоол боловсруулах замаар хамгийн сайн шимэгддэг шим тэжээлүүдийг агуулсан хоол. Зөвхөн эхийн хөхний сүүнд хүний дархлааны шүүрлийн иммуноглобулин агуулагддаг. Мөн эхийн өвдсөн өвчнүүдийн эсрэг биеийг агуулдаг тул нэг үгээр хэлбэл, олон өвчний эсрэг вакцин гэж ойлгож болох юм. Тиймээс хөхний сүүгээр хооллож өссөн хүүхэд, бусад сүүн тэжээл хэрэглэсэн хүүхдийн өвчин даах чадвар эрс өөр байдаг.

-Зарим ээжүүд хөхний сүү багатай байгаад хүүхдээ цатгаж чаддагүй шүү дээ. Ийм үед яах вэ?

-Ямар ч эх амьтан үр төлөө хөхний сүүгээр хооллох чадвартай л даа. Хөхний сүү татрахад хүргэдэг хамгийн гол зүйл бол эхийн сэтгэл санаа таагүй байх. Тиймээс төрөхийн өмнө болон дараа сэтгэл санааг тайван, аль болох өөдрөг байх, би хүүхдээ цатгаж чадна, миний хөхний сүү хангалттай сайн гэж бодох л чухал. Мөн ус, бор цай гэх мэт шингэн хангалттай уух, хүүхдээ унтсан үед дагаж унтаж амрах, шим тэжээллэг хоол идэх хэрэгтэй. Мөн эхчүүд үлдэгдэл сүүг, эсвэл нөгөө талын хөхөө дараа хөхүүлнэ гэж хадгалах нь буруу юм. Хүүхэд хөхсөний дараа хөхийг сулартал саах нь дараагийн сүүний боловсруулалтыг нэмэгдүүлнэ. Эхний зургаан сар хөхний сүү шаардлагатай бүхий л шингэн ба шимт тэжээлээр хангана. Иймд ус, бусад шингэн өгөх шаардлагагүй.

-Нярай хүүхдийн гэдэс дүүрэх, оройн цагаар уйлах зовуурь их болжээ. Үүнд та юуг зөвлөдөг вэ?

-Ийм зовуурь ихэнхдээ хоёр шалтгаантай байдаг. Нэг бол хүүхэд эхийн хэвлийд байхдаа бүтэлттэй байсан. Энэ нь эх булчингийн чангарал их тонустай байсан. Байнга машин жолооддог, ажлын ачаалал их, өндөр стресстэй байсан зэргээс шалтгаална. Мөн эх цус багадалттай, үрэвсэлт өвчнүүдээр өвдөх, хамар байнга битүү байх, агаар салхинд гарахгүй байх зэргээс болно. Эсвэл хүй дор байрласан байх, хүй ихсийн захад, хальсан дээр бэхлэгдсэн байх, хүй хүзүүгээ ороосон байх, ургийн буруу байрлал зэрэг ч орж болдог. Мөн төрөх үеийн бүтэлтийн улмаас тархи болон бусад эрхтэнд цусан хангамж, хүчилтөрөгч дутагддаг.

Хоёр дахь шалтгаан хүүхдийг буруу хооллох. Нярайг хэт их хооллох, амлуулахаас өмнө сүүн тэжээл өгөх, сүүн тэжээлийг халуун өгөх нь гэдэс дүүрэх, гэдэс хатгаж өвдөхөд хүргэдэг.

-Тэгвэл жирэмсэн үедээ стресс бага байх, тонус өгөхгүй байх тал дээр сайн анхаарах ёстой гэж ойлголоо. Зөв үү?

-Гэр бүл жирэмслэлтээ төлөвлөж, шүд, бусад эрхтнийг эрүүл байлгаж жирэмслэлтэд бэлдэх нь нэн чухал санагддаг. Мөн жирэмсэн үедээ машин жолоодохгүй байх, ажлын ачааллыг тохируулах, сэтгэл санааг тайван байлгах, эрт унтаж амрах, агаарт алхах нь зөв юм.

Нярай төрсний дараа шүлс нь гоожиж, хөхөө хайх үеийг алдалгүй амлуулах, цаашид зөвхөн хөхний сүүгээр хооллох нь л чухал. Нярайг цагийн зайтай хооллох, хэрэв хөх чинэрсэн бол эхний хэсэг сүүг саасны дараа хөхүүлэх, хооллосны дараа хагас босоо тэвэрч хэхрүүлэх, дараагийн хооллолтын өмнө доош харуулах, хэвлийд нар зөв тойргоор зөөлөн иллэг хийх, хүүхдийг зөвхөн хөхний сүүгээр хооллох нь сэргийлэх гол арга нь.

-Хүүхдийг зургаан сартайгаас нэмэгдэл хоолонд оруулахыг зөвлөдөг. Энэ үед ээж аавуудын анхаарах гол зүйл юу бол?

-Хүүхдийг зургаан сар хүртэл хөхний сүүгээр хооллоод нэмэгдэл хоолонд оруулна. Үр тариа, жимсний нухаш, ногооны зутан, тараг гэх мэтийг 1-2 халбагаар дасгаж өгнө. Хооллох бүрд хүүхдэд зориулан хоолыг шинээр бэлтгэнэ. Өнөөдөр нэг халбага, маргааш хоёр халбага, нөгөөдөр дөрөв гэх мэт бага багаар дасгана.

Нэг төрлийн хоолонд 7-14 хоногт дассаны дараа дараагийн нэр төрлийн хоолыг өгч эхэлнэ. Мөн л бага багаар хэмжээг нэмж дасгана. Нэмэгдэл хоол өгч эхлэх цагаас хүүхдэд ус, цай зэрэг шингэнийг мөн өгнө. Хамгийн гол нь гэртээ бүх хоол, зутан, нухшийг шинээр бэлдэж өгөх нь л зүйтэй. Худалдааны бэлэн хадгалах хугацаатай хүнс аль болох бүү хэрэглээсэй гэж боддог.

-Хүүхдийн дархлааг дэмжих тухай хүн бүр ярьдаг. Амьдрал дээр хамгийн элбэг зүйл нэмэлт витамин гэж л мэдэх юм. Гэтэл сүүлийн үед дархлааг гаднаас дэмжих ямар ч боломжгүй гэж тайлбарлаж байна. Таныхаар хүүхдийн дархлааг дэмжихэд юуг зөвлөх вэ?

-Хүүхдийг эрүүл чийрэг өсгөхөд хамгийн чухал нь мэдээж эхийн сүүгээр хооллох тухай дээр ярилаа шүү дээ. Мөн эрт, чанартай унтуулах. 22:00 цагаас эрт унтуулна, ингэхдээ өрөөнд гэрэлтүүлэг дуу чимээ багатай, агааржуулалт сайн байх нь чухал. Унтахын өмнө амттан идүүлэх, шингэн хэтрүүлж уулгах, сэтгэл санаа түгшээх кино бичлэг үзүүлэх, зэмлэн буруушаах нь хүүхдийн нойрны чанарт сөргөөр нөлөөлдөг.

Мөн усыг тохируулан уух ёстой. Өглөө боссон цагаас эхлэн орой 17-18 цаг хүртэл цаг тутамд тохирсон аягаар нэг аяга буцалсан бүлээн усыг бага багаар балгалж уулгана. Мөн Д амин дэмийг урьдчилан сэргийлэх тунгаар өглөөний цагаар тогтмол уух хэрэгтэй. Хүүхдийг хэт цатгахгүй, хэт өлсгөхгүй багаар гурван орчим цагийн зайтай шим тэжээллэг хоолоор хооллох, шүд болон амны хөндийг эрүүл байлгах зэрэг нь дархлаа сайтай, эрүүл чийрэг байхын үндэс болно.

-Танай эмнэлэг дээр үзүүлж байгаа хүүхдүүдийн дунд хоол боловсруулах эрхтний өвчин хэр элбэг байна вэ?

-Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Төв эмнэлэгт хүүхдэд эрүүл мэндийн даатгалаар амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Манай эмнэлэгт үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн өвчлөлийн бүтцийг харахад нэгдүгээрт амьсгалын замын өвчин, хоёрдугаарт харшлын өвчнүүд, гуравдугаарт хоол боловсруулах эрхтний эмгэгүүд орж байна.

-Ханиад, хатгаа бол хамгийн элбэг байдаг байх л даа. Хоол боловсруулах эрхтний өвчин элбэг байсан уу. Одоо ихсээд байна уу?

-Би 2011 оноос хойш хүүхдийн хүүхдийн эмчээр ажиллаж байна. Тухайн үед багш нарын маань энэ ховор тохиолддог өвчин шүү гээд үзүүлж, зааж, зөвлөдөг байсан өвчин эмгэг одоо ховор биш, элбэг болж байна. Ялангуяа хүүхдүүд хеликобактерийн халдвар, ходоодны үрэвсэл, нойр булчирхайн үрэвслээр олноор оношлогдож байна.

-Энэ өвчнүүдээр хүүхдийг өвдсөнийг эцэг эх мэдэх боломжтой юу?

-Хүүхэд өлөн үед ходоод өвдөх, аюулхай бүсэлхийгээр өвдөх, цээж хорсох, гэдэс дүүрэх, хоолны шингэц муудах, хоолонд дургүй болох. Гүйлгэж суулгах, өтгөн хатах, ам гашуу оргих, амархан ядрах, хамарны нүхнээс зэрэг цус гарах, илчлэгээ хасаагүй байхад жин буурах зэрэг хоол боловсруулах замын эмгэгүүдийн үед илэрдэг зовууриас илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Мөн гэр бүлийн гишүүд дотор хеликобактерийн халдвартай хүн байгаа бол хүүхдүүдээ шинжилгээнд хамруулах шаардлагатай. Үүний тулд эхлээд хүүхдийн эмчид үзүүлж, лаборатори болон багажийн шинжилгээ хийлгэж, оношилгоо хийлгэсэн нь зүйтэй болов уу. Шаардлагатай бол хүүхдийн эмч дараагийн шатлалд илгээж болно.

-Хүүхэд хеликобакте-рийн халдвартай байх нь элбэг боллоо гэж та ярилаа. Яаж сэргийлэх вэ?

-Гэр бүлийн гишүүд аяга таваг, халбага сэрээг тус тусдаа хэрэглэх, аль болох бэлэн, хагас боловсруулсан хүнснээс татгалзах, хэрэв гадуур хооллох бол өөрийн халбага, сэрээг авч явж хэрэглэж хэвшмээр байгаа юм. Мөн шүдийг эрүүл байлгах нь нэн чухал. Шүдний сойзыг тогтмол солих, ганцхан өөрөө хэрэглэдэг нүүр гарын алчууртай байх, аяга таваг угаахдаа аль болох нэг удаагийн алчуур, угаагч хэрэглэх, гарын ариун цэвэр сахих нь энэ бактерийн халдвар авахаас сэргийлэхэд тус болно.

Нялх балчир хүүхдийг амнаас хооллохгүй, хоолыг нь үлээж хөргөхгүй, хүүхдийн хоолыг бэлтгэхийн өмнө гарыг сайтар угаах нь зүйтэй.

-Нярайн хооллолтын талаар та ярилаа. Одоо бага насны хүүхдийн хооллолтын тухай дэлгэрүүлмээр байна. Хамгийн тохиромжтой хүнс, бас ямар хоол хүнс муу нөлөөтэй юм бэ?

-Бид бүгдээрээ л мэднэ шүү дээ. Хэрэгжүүлэх нь л янз бүр байх. Хүүхдийн насанд тохирсон, шим тэжээллэг, усанд буцалгасан эсвэл ууранд жигнэсэн хоол тохиромжтой. Мөн аль болох гэртээ бэлтгэж, болгосон хоол бол аюулгүй. Хүүхдийн өсөлт хөгжилд уураг, нүүрс ус мөн өөх тос хэрэгтэй. Уургийг дөрөв ба хоёр хөлтэй амьтан, мөн хөлгүй амьтны махнаас авч байгаа.

Хүнсний бүх төрлийн ногоонд сайн нүүрс ус агуулагддаг. Тэр дундаа ногоон навчит ногоо, ногоон алим, ногоон лийр зэрэг нь хүнсний эслэгээр баялаг тул хоолны сонголтод заавал байх хэрэгтэй. Сургуулийн насны хүүхдэд өдөрт 1-2 удаа махан хоол өгч, бусад үед зууш, салат, жимс жимсгэнэ, ааруул, ээзгий, баяслаг зэрэг сүүн бүтээгдэхүүн өгч хэвшвэл хүүхэд өөрт хэрэгтэй бүхий л амин дэмийг авч чадна. Худалдаанд байгаа бүх бүтээгдэхүүнд давс байгааг тооцож, гэрийн хоол цайг давс султай хийх нь зүйтэй.

-Хүүхдүүдийн дунд нойр булчирхайн үрэвсэл ихэссэн талаар сүүлийн үед ихээр яригдаж байгаа. Танай эмнэлэгт ийм тохиолдол гардаг уу?

-Хүүхдийн өглөөний цайнд шарсан хуурсан зүйл идүүлэх, хагас боловсруулсан, давсалсан бүтээгдэхүүн өгөх нь буруу юм. Эхлээд бүлээн ус уулгаж, хэсэг хугацааны дараа усанд буцалгасан, эсвэл ууранд жигнэсэн хоол хүнс өгөх нь зүйтэй.

Манай эмнэлэгт нойр булчирхайн үрэвсэл оношлогдож байгаа хүүхдүүдийн аав ээжээс асуухад өглөө бүр хиам өндөг шарж идүүлдэг, өглөө бүр каш чанаж өгдөг, хоол идсэний дараа амттан, зайрмаг, чипс, ундаа уудаг гэсэн өгүүлэмжтэй байна. Мөн хүүхэд өглөөний цай уухгүй яваад 11:00 цагийн үед өлсөөд гаднаас тосонд шарсан хуушуур, пирошки, хавчуургатай талх, бэлэн гоймон, чихэр амттан зэргийг иддэг гэж хариулж байна. Ер нь аав ээж юу идэж байна хүүхэд түүнийг дуурайна. Аав ээж хөргөгчинд юу авч ирж хийсэн байна, түүнийг л иднэ. Сургуулийн орчинд худалдаалж байгаа зүйл, гэрийн хөргөгчинд байгаа зүйлсэд л хянамгай хандмаар санагддаг.

Би зуны улиралд өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд алхдаг юм. Орох хэсэгт байгаа жижиг худалдааны цэгүүд цонхон дээрээ бэлэн гоймонг төрөл төрөл, өнгө өнгөөр нь өрсөн харагддаг. Бас чихэр амттан, хийжүүлсэн ундаа, жүүс, зайрмаг гэх мэт. Би дотроо Үндэсний цэцэрлэгт хүрээлэн үндэстнийг хордуулах хүрээлэн болчих бий гэж боддог. Өглөө оройн цагаар нялх биетэй эхчүүд, хүүхдүүд очиж салхилдаг газар тийм зүйл худалдаалж байгаа нь маш харамсалтай.

-Хүүхдийн хоол тэжээлийн талаар ярилцсан болохоор, хүүхдийн таргалалтын талаар асуумаар санагдлаа. Хүүхдийн таргалалт гэж юуг хэлээд байна вэ. Ямар үед эцэг эхчүүд эмнэлэгт хандах ёстой вэ?

-Эхлээд хүүхэд жингээ нэмэхэд мярайтай, эгдүүтэй хөөрхөн харагддаг. Хэсэг хугацааны дараа аав ээжүүд хэтэрхий таргаллаа гээд хожимдож эмчид хандах нь олон байх юм. Арьсан дээр язрал үүсээд, хүзүү суга харлаж халтартаад ирвэл оройтож байгаагийн шинж. Тиймээс хоол зүйч болон хүүхдийн эмчид аль болох эрт хандах нь зүйтэй.

Хүүхэд таргалж байгаа гол шалтгаан бол илчлэгийн илүүдэл, хөдөлгөөн бага байх. Ялангуяа муу нүүрс ус. Гликемийн индекс өндөр, нөгөө алаг эрээн нүд тусам цаастай амттангууд, хийжүүлсэн ундаа, түргэн хоолнууд. Ийм муу нүүрс усыг идэх тусам улам өлсөж, улам ам цангана. Цусан дахь сахарыг өсгөж, үүнийг багасгах гэж инсулин ихээр ялгарах болно. Ингээд идээд байхад өлсөх, уугаад байхад цангаж, улмаар хүзүү суга харлаж халтарддаг. Мөн арьс язарна. Жингийн илүүдэл нь хүүхдүүдийн бүх эрхтэнд маш сөрөг нөлөөтэй. Хичээл сурлага, бүтээмжинд ч муугаар нөлөөлнө. Цаашид сахарын өвчний суурь болох эрсдэлтэй. Ховор тохиолдолд хүүхдийн таргалалт нь ууж байгаа эмийн шалтгаантай, зарим өвчний улмаас байж болно.

-Өвчний улмаас таргалж байгааг аав ээжүүд ялгаж, мэдэж болох уу?

-Дааврын эм бэлдмэл хэрэглэж байгаа үед, мөн дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүдийн үед хүүхэд хоолноос хамааралгүй таргална. Өглөө босоход толгой өвдөх, өвдөлт эмэнд намдахгүй байх, булчин сулрах, нүдний хараа муудах, зураг давхардаж харагдах, бүдэг харагдах, гэнэт гэрэл гялбах, бөөлжих зэрэг шалтгаантай байж болно.

-Хүүхэд жингээ нэмж эхлэх үеэс юуг анхаарах вэ?

-Хэрэв хүүхэд жингээ нэмж эхэлбэл юун түрүүнд өдрийн тэмдэглэл хөтлөөд хүүхдийн эмч, хоол зүйчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Жин нэмж байна гээд хүүхдийн хоолны нүүрс ус хорих нь аюултай. Эрчимтэй өсөж байгаа хүүхдэд сайн нүүрс ус хэрэгтэй. Эмч өдрийн тэмдэглэлийг хараад буруу зүйлсийг хэрхэн зөв болгох талаар зөвлөнө. Мууг сайнаар, болохгүйг болох хүнсээр сольж өгнө гэсэн үг. Мөн шаардлагатай бол цусны сахар, инсулин, өөх тос, элэгний үйл ажиллагаа, цас, нойр булчирхай, өнчин тархи гэх мэт эрхтний эмгэг бий эсэхийг шинжилгээ хийж шалгадаг. Хэрэв үгүй бол зөвхөн хүүхдийг бус гэр бүлийн хооллолт, хэв маягийг өөрчлөх нь үр дүнтэй.

Б.ЭНХЗАЯА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *