Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хөвсгөл аймгийн Ханх суманд АН, МАН-аас өөр нам, эвсэл, бие даагч нэр дэвшээгүй байна DNN.mn

Монгол Улсын хэмжээнд өчигдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Сонгуулийн санал авах өдөр ирэх сарын 11-нд болох учиртай билээ. Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчид 2393 тойрогт, 8031 мандатын төлөө өрсөлдөнө. Харин энэ удаагийн орон нутгийн сонгуульд 15 нам, нэг эвсэл оролцож байгаа юм. Эдгээр нам, эвслүүд өчигдөр дор бүрнээ сүр дуулиантайгаар сонгуулийн сурталчилгааны ажлынхаа нээлтийг хийсэн. Тэгвэл бид энэ удаад эх орныхоо хойд хил буюу Хөвсгөл аймгийн Ханх суманд сонгуулийн сурталчилгааны нээлт хэрхэн болж өнгөрснийг тодрууллаа. Хөвсгөл аймгийн Ханх сум нь 5500 км квадрат газар нутагтай, 2800 орчим хүн амтай. Сумын төв Турт нь Хөвсгөл нуурын хөвөөнд байрладаг. Аймгийн төвөөсөө 280, нийслэлээс 1020 км алслагдсан. ОХУ-тай хиллэдэг Ханх-Мондын боомттой, хилийн сум юм.

Сонгуулийн тухай хуулиар сумын Засаг даргын тамгын газрын дарга нар нь тухайн сумынхаа Сонгуулийн хорооны даргын үүрэгт ажлыг хавсран хийдэг байна. Тийм учраас Ханх сумын ЗДТГ-ын дарга Б.Баасансүрэн энэ удаагийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байгаа ажээ. Түүний хэлснээр Ханх сум нь гурван тойрогтой бөгөөд нэгдүгээр тойрог буюу Тураг баг дөрөв, хоёрдугаар тойрог болох Хороо баг дөрөв, гуравдугаар тойрог буюу Төвийн баг нь 13 мандаттай ажээ. Нийт 21 мандат дээр МАН-аас 21, Ардчилсан намаас 21 нэр дэвшигч албан ёсоор бүртгүүлж, өчигдөр Сонгуулийн хорооноосоо албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан байна.

Одоо бол хэсгийн хороодын үйл ажиллагаа жигдэрсэн. Аймгийн төвөөс санал тоолох автомат төхөөрөмжийг хамгаалах цагдаагийн албан хаагч, мэдээлэл технологийн ажилтнууд тухайн суманд ирдэг байна. Хуулийн дагуу сонгогчдын ирц хүрээгүй тохиолдолд тухайн хэсэг дээр дахин санал хураалт явуулах боломжтой гэдгийг Б.Баасансүрэн дарга хэлж байсан. Учир нь энэ удаагийн орон нутгийн сонгуульд ирц огт хамаагүй гэсэн ойлголт гадуур их байсан юм. Саналыг аравдугаар сарын 11-ний 22:00 цаг хүртэл авах бөгөөд өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуулиас ялгаатай хяналтын тооллогыг сугалж явуулах ажээ.

УИХ-ын сонгуулиар бүхий л хэсгийн хороодод гар тооллогыг хийж байсан бол Ханх сумын гурван тойргоос сугалаагаар нэг дээр нь гар тооллого хийнэ гэсэн үг юм. Дашрамд сонирхуулахад, Ханх суманд АН, МАН-аас өөр нам, эвсэл, бие даагч нэр дэвшээгүй байна.

Бид Ханх сумын Төвийн баг буюу гуравдугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ринагийн Нэргүйтэй утсаар холбогдсон. Ардчилсан нам иргэдийнхээ дунд явуулсан судалгааг үндэслэн нийт 36 хүнээс шигшиж байж энэ удаагийн нэр дэвших 21 хүнээ тодруулсан байна. Ингэхдээ татвары өргүй, хууль, шүүхийн байгууллагад ямар нэгэн асуудалгүй байх энгийн шалгуурыг ч харгалзаж үзжээ. Ханх сумын Ардчилсан нам энэ удаад “Зүрхэнд орших Ханх” гэсэн уриатай мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн бөгөөд Эко аялал жуулчлалын бүс нутаг болох, нийтийн цэвэрлэх байгууламж, нэгдсэн халаалттай болох, засмал замаа бүрэн гүйцэт оруулах зэргийг багтаажээ. Өнгөрсөн 2020-2024 оны хугацаанд тус суманд Ардчилсан нам эрх барьсан бөгөөд ингэхдээ Хороо, Ходон чиглэлийн авто замыг сайжруулж, сүлжээгүй багуудад Юнителийн 4G сүлжээ тавьсан байна.

Мөн сумын төвдөө хог ангилах, төв цэвэрлэх байгууламжийг бүрэн гүйцэт барьж дуусгаж байгаа гэнэ. Төв доторх замуудаа засаж, гудамжны гэрэлтүүлэгтэй болгожээ. Байгаль хамгаалагч, багийн дарга нарын мотоцикл, эмнэлэг, захиргаа, сургууль зэрэг байгууллагуудыг бүгдийг нь автомашинтай болгосон байна. Хамгийн чухал нь Ханх сум иж бүрэн камертай болжээ. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд жил бүрийн хавар, намар мод, жимсний бут тарьдаг уламжлалтай болсон гэнэ. Ханх сумын Ардчилсан намынхан өчигдөр өдөр 12:00 цагт сурталчилгааныхаа нээлтийг албан ёсоор хийж, сумынхаа иргэдтэй уулзсан байна. Тус уулзалтад нийтдээ 300 орчим хүн цуглажээ.

Мөн бид Ханх сумын МАН-ын дарга Л.Дуламхүүтэй холбогдсон юм. МАН-ын хувьд 21 төлөөлөгч нэр дэвшүүлж байгаа бөгөөд эдгээрийн ес нь эмэгтэй хүн байгаа аж. Харин мөрийн хөтөлбөрийн хувьд “Иргэдийн оролцоотой Ханхын хөгжил” гэсэн уриатайгаар Ханх-Хатгал чиглэлийн 180 км автозамын ажлыг урагшлуулах, албан байгууллагуудын барилгыг шинэчлэх зэрэг зүйлсийг багтаажээ. Сурталчилгааных нь албан ёсны нээлтэд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа өчигдөр очиж ажилласан бөгөөд Хойд бүсээс УИХ-ын найман гишүүний долоо нь МАН-аас сонгогдсон учраас анхан шатдаа багаар нь дэмжихийг мөн уриалсан байна. Л.Дуламхүүгийн хувьд 2020-2024 оны сумын ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажилласан бөгөөд өчигдөр отгон хуралдаа мөн оролцжээ.

Ийнхүү өчигдрөөс орон нутгийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Нийслэл, аймгийн төвүүдэд сүр дуулиантайгаар сурталчилгаагаа нээсэн. Тэгвэл хөдөөгийн буйдхан, алс хязгаарын Ханх сумын сурталчилгаа ийн даруухнаар эхэлж байна. Ердөө 3000 хүрэхгүй хүн амтай учраас биесээ сайн таньдаг нь нэг бодлын амар ч байдаг биз.

Ямартаа ч ирэх дөрвөн жилд Ханх сумыг удирдан чиглүүлэх 21 хүнээ иргэд сонгогчид нь сонгоно. Харин өчигдрөөс эхлэн нэр дэвшсэн хүмүүсийн хэн нь хэн бэ гэдэгтэй танилцах, сонголтоо хийх чухал өдрүүд ийн эхэлж байна

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *