Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгууль болон “102 police” аппликэйшний талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр: -Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдрийг энэ оны аравдугаар сарын 11-нд зохион байгуулахаар тогтсон. Орон нутгийн сонгуулийн санал авах 2230 байр ажиллана. Санал авах байруудад цагдаагийн байгууллагаас хамгаалалтыг зохион байгуулж ажиллана. Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэх, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх байнгын штабын бүрэлдэхүүнийг есдүгээр сарын 16-наас ажиллуулж эхэлсэн. Есдүгээр сарын 25-ны 08:50 цагийн байдлаар сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 58 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс зөрчлийн шинжтэй 49, гэмт хэргийн шинжтэй есөн гомдол мэдээлэл байна. Эдгээрийн дийлэнх нь сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлээгүй байхад нэр дэвшигчид хууль бус сурталчилгаа явуулж буй тухай юм.
ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэлтийн албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Саруул: –Энэ сарын 26-ны өдрөөс аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа эхэлнэ. Сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны зурагт самбарыг тухайн аймаг, дүүргийн ИТХ-ын тогтоож өгсөн хяналтын камерын тусгал бүхий газарт байрлуулна. Цагдаагийн байгууллагын зүгээс гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ төслийн үндсэн зорилго нь нийтийн эзэмшлийн гудамж талбай, байгууллага, ААН-үүдийг камержуулах явдал юм. Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийг цагдаагийн байгууллагаас гадна 63 төрлийн байгууллага шалгадаг.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн: -Иргэд олон нийтэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг ойртуулах, цагдаагийн байгууллагаас авдаг үйлчилгээнүүдийг хөнгөвчлөх зорилгоор “102 police” аппликэйшнийг нэвтрүүлээд байгаа. Цагдаагийн байгууллагын бүх үйл ажиллагаа тус аппликэйшнээр дамжин иргэдэд хүрнэ. Иргэд олон нийт тус аппликейшнийг IOS болон андройд үйлдлийн системтэй гар утсандаа суулгаж, И-Монголиа системээр баталгаажуулалт хийнэ. Тус аппликэйшн олон онцлог, давуу талтай. Иргэд цагдаагийн байгууллагад тус аппликэйшнээр дамжуулан дүрст буюу видео дуудлага, мессэж хэлбэрээр дуудлага мэдээлэл өгөх боломжтой. Түүнчлэн дуудлага мэдээллийг хүлээн авсан алба хаагч болон автомашины байршлын мэдээллийг авч болно. Үүнээс гадна замын хөдөлгөөний ачаалал, дугаарын хязгаарлалттай бүс, замын хар цэгийн мэдээлэл буюу осол хамгийн их гардаг замын мэдээллийг авах боломжтой. Иргэн эрсдэлтэй буюу осол хамгийн их гардаг бүсэд зорчсон тохиолдолд гар утсанд нь аппликэйшнээр дамжуулан мэдэгдэл очно. Мөн зөрчлийн шинжтэй мэдээллийг иргэд баримтжуулан илгээх боломжтой. Ингэснээр иргэний мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулна. Хэрэв тухайн асуудалд зөрчлийн шинжтэй үйлдэл байвал мэдээлэл өгсөн хувь хүнд урамшууллын оноо өгнө. Мөн эрэн сурвалжлалт болон шуурхай мэдээ, урьдчлан сэргийлэх аянтай холбоотой мэдээлэл, цагдаагийн байгууллагын байршил, холбоо барих дугаарын талаарх мэдээллийг авах боломжтой. “102 police” аппликэйшнд хөгжүүлэлт хийн улам сайжруулж байгаа юм.
Ө.АНХЗАЯА