НҮБ-ын үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд нь бусдаас илүү эрх эдэлдэг ардчилалд харш үзэгдэл зэрэг олон арван жилийн өмнө бий болсон асуудлуудыг шийдвэрлэх шаардлага нэгэнт үүсээд байсан билээ. Иймээс НҮБ-ын дүрмийг өөрчлөх гол баримт бичгийг Герман, Намиб улсууд боловсруулан гишүүн улсуудын саналыг 2024 оны эхнээс авсан бөгөөд тогтвортой хөгжил, олон улсын аюулгүй байдал, шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагаа, залуучууд ба ирээдүй хойч үе, дэлхийн засаглалын өөрчлөлт зэрэг сэдвүүдийг багтаасан уг баримт бичгийг “Ирээдүйн гэрээ” гэж нэрлэсэн юм.
Өмнө нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга ч шинэчлэл хийхийг уриалж байсан билээ. А.Гутерриш “Улс орнуудын хамтын нийгэмлэг олон тооны хямрал, дайн гаргахгүй байх, дэлхий дахинд илүү шударга ёсыг тогтоох боломжтой болох зайлшгүй шаардлага үүсээд байна. НҮБ-д шинэчлэл хийх шаардлага, ялангуяа ОХУ-аас Украинд явуулж буй дайнаас үүдэн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн хориг тавих эрхийг цуцлах шаардлага улам эрчимжээд байна” гэж мэдэгдэж байсан юм. Мөн Украины асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн энэ удаагийн хуралдааны өмнө Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок НҮБ-д зарчмын шинэчлэл хийхийг уриалж “Өнгөрсөн зууны төлөөлөл болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл огт шинэчлэгдэхгүй явж ирлээ. НҮБ энэ зуундаа зохицох үүднээс өөрийн дүрмийг шинэчилж байж л дэлхийн хамтын нийгэмлэг хамтран ажилладаг, асуудлаа зөв шийдвэрлэх боломжтой газар болно. Герман НҮБ-ын тогтолцоог илүү шударга, илүү хүртээмжтэй, илүү чадавхтай болгохыг хичээж байгаа бөгөөд Берлин НҮБ-ын дүрэм болон түүний зарчмуудыг тууштай баримтлахын төлөө байх болно” гэж мэдэгдсэн юм.
Түүний энэ мэдэгдлийн дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж ямар нэгэн шийдвэр гаргаагүй ч үг хэлсэн гишүүд Украинд эзлэн түрэмгийлэх дайн хийж байгаа Кремлийн өнөөгийн үйл ажиллагааг зад шүүмжлэв. Тэгвэл Орос улс санал нэгтэй батлах ёстой байсан уг гэрээнээс зайлсхийж, гэрээ батлах ёслолын эхэнд Москвагийн төлөөлөгч ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Вершинин энэ талаар үг хэлэхийг хүсч, “Ирээдүйн гэрээ”-ний баримт бичгийн эх бичвэрт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна” гэж мэдэгдэв. Уг нь “Ирээдүйн гэрээ”-г оны эхэнд боловсруулж, олон сарын өмнөөс гишүүн улсуудын саналыг тусгаж эцэслэн боловсруулаад байсан билээ.
Тиймээс энэхүү гэрээг санал хураалтгүйгээр баяр, ёслолын байдалтай батлах гэж байсан юм. Харин Орос ийнхүү эсэргүүцсэнээр уг баримт бичгийг 193 улс бүгд албан ёсоор баталсан эсэхэд эргэлзээ төрүүлэх зорилго агуулж байгаа нь тодорхой байв. Учир нь С.Вершинин “Хэрэв ОХУ-аас шаардаж буй нэмэлт, өөрчлөлтийг “Ирээдүйн гэрээ”-нд оруулахгүй бол энэ баримт бичгийг бид дагаж мөрдөх ёсгүй гэж үзнэ. Гэрээнд сэтгэл хангалуун бус байгаа улсуудад уг гэрээг хэлэлцэх боломж олгоогүй” гэж хэлсэн юм.
Үүний дараа Конго улсын төлөөлөгч зарчмын санал гаргаж “Оросын саналыг хэлэлцэхгүй” гэсэн асуудлаар санал хураалгасан бөгөөд 143 орон дэмжсэн бол Оросоос гадна Беларусь, Никарагуа, Хойд Солонгос, Сири, Судан, Иран улс эсэргүүцэж 15 улс түдгэлзэв. Ийнхүү Оросын эсэргүүцлийг даван туулж, НҮБ-ын дүрмийг өөрчлөх “Ирээдүйн гэрээ” батлагдаж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхийлөгч Филемон Янг өчигдөр “Ирээдүйн гэрээ” батлагдсаныг албан ёсоор зарлав. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хэлснээр, уг баримт бичиг нь энх тайван, аюулгүй байдлыг бататгах шинэ боломжуудыг нээж, олон улсын хамтын ажиллагааг шинэчлэх, шударга дэлхий рүү чиглэсэн маш чухал алхам болов.
One reply on “НҮБ-ыг шинэчлэх төлөвлөгөө батлагдав DNN.mn”
MONGOL ULS YAMAR SANALTAI BSAN BE ? BAS L BUURUNHIILSEN BHUU ARDIIN NAMIIN NOVSHNUUD