Олон улсын “Фитч” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэл ахисан гэж дүгнэжээ. Энэ талаар СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн багш Ц.Батсүхээс тодрууллаа.
-Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд ахилаа гэж байна. Олон улсын агентлаг юуг үндэслэж ийм зэрэглэл тогтоож байна вэ?
-Сүүлийн хоёр жилд Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд өмнөх жилүүдээс илүү эерэг сайн байлаа. Ковид цар тахал, геополитикийн хүндрэлийг хурдтай даван туулж, “шинэ энгийн төлөвт” шилжин, ДНБ-ий өсөлт тогтвортой өндөр байж, энэ жил инфляцийн түвшин өмнөх жилээс харьцангуй ихээр буурсан, төлбөрийн болон төсвийн тэнцэл сайн байгаа нь зэрэглэл ахихад нөлөөлсөн.
-“В+тогтвортой” зэрэглэлд шилжсэнээр манай эдийн засагт ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ?
-Олон улсын зэрэглэл тогтоодог байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг ахиулж байгаа нь Засгийн газар болон бусад байгууллагууд олон улсын зах зээлд бонд гаргах тохиолдолд хүү багатай эх үүсвэр татах, гадаадын хөрөнгө оруулалтын орох урсгалд нэмэгдэх эерэг нөлөөнүүд үзүүлэх талтай.
Зээлийн хүү хэдэн хувиар буурах боломжтой вэ?
-Дотоодын зээлийн хүү буурахад шууд утгаараа нөлөөлөхгүй ч, хэрвээ арилжааны банкууд олон улсын захаас бага хүүтэй хөрөнгийн эх үүсвэр татаж, зээл олгосон тохиолдолд тодорхой хэмжээнд дам утгаар нөлөөлөл үзүүлж болно.
-Засгийн газраас зарласан 14 төслийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ гэж Ерөнхий сайд хэлж байна. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Энэ нь олон улсын зах зээлээс санхүүжилт босгох бололцоо илүү нэмэгдэж байна гэсэн утгаар хэлсэн болов уу гэж бодож байна.
-АНУ уржигдар бодлогын хүүгээ 50 нэгжээр бууруулах шийдвэр гаргалаа. Энэ валютын ханшид яаж нөлөөлөх вэ?
-Гадаад валютын, ялангуяа америк долларын эсрэг төгрөг тодорхой хэмжээнд чангарах нөхцөл болно. Гэхдээ манай улсын хувьд мөн бодлогын хүүгээ бууруулсан нь хүүний паритет нөхцөлөөр санхүүгийн зах зээл дээр мэдэгдэхүйц нөлөө гаргахгүй байх. Харин экспортын орлогоос шалтгаалан гадаад валютын орох урсгал нэмэгдэж байгаа нь ханш тогтвортой байх боломжийг олгоно.