Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Номингэрэл: Эрүүгийн хуулийг үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг боомилох арга хэрэгсэл болгон ашиглаж байна DNN.mn

УИХ дахь АН-ын бүлгээс “Үзэл бодол: Ялтай эрх чөлөө” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хууль тогтоогчдоос УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Жаргалан, А.Ганбаатар, Ж.Баярмаа, Ө.Шижир нар иржээ. Мөн МСНЭ-ийн удирдлагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд оролцож, Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтаар сэтгүүлчдийг яллаж, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хэрхэн халдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ сэдвээр АН-ын бүлгийн зөвлөх, эрх зүйч Х.Номингэрэлтэй ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдаж байгааг судалгаанууд харуулж байна. Ялангуяа сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар яллаж буй асуудлыг яаж болиулах вэ?

-Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ардчиллын үнэт зүйл бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээгээр агуулга, хүрээн нь тодорхойлогдсон байдаг билээ.

Сүүлийн жилүүдэд олон улс дахь дарангуй улс төрийн дэглэм өргөжилт, нөгөө талаар цар тахлын эсрэг арга хэмжээ зэргээс шалтгаалан энэхүү эрхийг хязгаарлах байдал ажиглагдаж буйг олон улсын судалгаа, индексүүд онцолсоор байна.

Сэтгүүлчдийг хамгаалах хороо Олон улсын байгууллагын мэдээгээр 2019-2023 оны хооронд “худал мэдээ тараах” тухай хууль зүйн зохицуулалтыг 91 улс шинээр бий болгосон. 2022, 2023 онд дэлхий даяар хамгийн олон сэтгүүлчдийг хорьсон байна.

Монгол Улсад ч мөн Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллага болон “Глоб Интернэшнл” зэрэг иргэний нийгмийн байгууллагуудын тайлан мэдээлэлд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийн нөхцөл байдал дордсон. Энэ эрхийг төрийн зүгээс хязгаарласан, халдсан тохиолдлууд гарсаар байгааг анхааруулсаар байгаа билээ. Монгол Улс 2023 оноос хойш нэг жилд 21 байраар ухарсан. Харин сүүлийн найман жилд 60 байрнаас 109 хүртэл буюу 49 байраар ухарч “асуудалтай” ангилалд багтаж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 9 сарын 18-ны өдөр “Үзэл бодол: Ялтай эрх чөлөө?” сэдвийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгааг дээшлүүлэх, тэр дундаа Эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд энэ эрхийг хөндөж буй зохицуулалтуудыг дахин авч үзэх, сайжруулах зорилгоор холбогдох иргэний нийгмийн, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид болон ХЗДХЯ-ны санаачилга, мэдээллийг сонсож хэлэлцүүллээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах зорилтууд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөрт ч тусгагдсан. Тиймээс энэ асуудлаар тодорхой ахиц дэвшил гарах болов уу гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ үүний тулд бодит нөхцөл байдлыг дүгнэх, үзэл баримтлалын ялгаа заагийг гаргах, салбарын мэргэжилтнүүдийн дуу хоолойг сонсох, хөндөгдөж буй эрхүүдийн тэнцвэрийг хангаж ойлголцлоо нэгтгэх шаардлагатай.

-Эрүүгийн хуулийн 13.14-дэх заалт нь сэтгүүлчдийг яллахад үйлчилж байна. Энэ зүйл заалтыг хуулиас авч болдоггүй юм уу. хуульчид ямар байр суурьтай байна вэ?

-Хэлэлцүүлгийн оролцогчдын харьцангуй дуу нэгтэй илэрхийлж байгаа байр суурь бол Эрүүгийн хуулийн 13.14 зүйл буюу Худал мэдээлэл тараах гэсэн гэмт хэрэг нь худал мэдээлэлтэй тэмцэх гэхээсээ илүү сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах, залхаан цээрлүүлэх хэрэгсэл болж байгааг дурдаж байна. Энэ гэмт хэргийн гомдол гаргагч төрийн байгууллага, өндөр албан тушаалтнууд байх нь элбэг. Эрүүгийн хуулийн 13.14-т холбогдуулан шалгагдаж байгаа хүмүүсийн тал хувь нь сэтгүүлчид байна.Хэлэлцүүлэгт яг энэ зүйл ангиар дахин дахин цагдаад дуудагддаг, яллагдагчаар татагдсан, ял авсан сэтгүүлчдийн төлөөлөл ирж нөхцөл байдлыг хуваалцсан.

ХЗДХЯ-ны мэдээллээр сүүлийн таван жилд нийт 828 гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Үүний 408 буюу шийдвэрлэсэн хэргийн 74.5 хувь хэрэгсэхгүй болжээ. Тэгвэл 108 буюу 19.7 хувийг шүүхэд шилжүүлж, 32 буюу 5.8 хувийг эрүүгийн хэрэгтэй нэгтгэж тус тус шийдсэн байна. Үүнээс 732 буюу 88.4 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Хэдийгээр ийнхүү гомдлын дийлэнх хэсэг нь хэрэгсэхгүй болж байгаа ч цагдаад дуудаж тайлбар мэдүүлэг авахаас эхлээд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг нь мохоох, залхаан цээрлүүлэх, айлгаж эмээлгэх арга болж ашиглагдаж байна. Учир нь худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан” гэсэн хэт өргөн агуулгатай. Ерөнхийдөө гүтгэх агуулгатай, мөн “тараах” гэх үйлдэл нь тодорхойгүй зэрэг хууль зүйн хувьд хэрэглэхэд ойлгомжгүй байдал үүсгэж буйг судлаачид, хуульчид дурдлаа. Мөн ХЭҮК-оос ч ийм байр суурьтай байгаагаа ХЗДХЯ-нд албан бичгээр мэдэгдсэн байна. Үүнээс үүдэж хууль хэрэглээний практикт өмнө дурдсан албан тушаалтан урвуулан ашиглах боломжууд үүссэнээс гадна иргэний хуулийн хүрээнд шийдвэрлэж болох маргаануудыг гэмт хэрэг болгон шийдвэрлэж буйг судалгаанууд дурдаж байна. Эрүүгийн хуулийн энэ заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн байгаа юм байна.

-Нууцын тухай хууль сэтгүүлчдийн мэдээлэл авах үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд шууд утгаар нөлөөлж байна. Үүнийг яаж хуульчлах ёстой вэ?

-2017 оны хуулиар төрийн, албаны нууцын хүрээг хэт өргөжүүлсний гайгаар, цаашлаад төрийн нууц задруулах гэмт хэрэгт нууцыг хамгаалах ёстой төрийн албан хаагч этгээд биш сэтгүүлчийг хамруулан ял шийтгэх нөхцөл бүрдүүлсэн.

Энэ хүрээнд заавал хөндөх нэг асуудал бол олон нийтийн анхаарлын төвд байдаг улс төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн байгууллагууд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн шүүмж, хөндсөн асуудлуудад хүлээцтэй хандах, иргэдтэйгээ, хэвлэлтэйгээ эрүүгийн хуулиар далайлган тэмцэлдэхгүй байх ардчилсан соёлыг төлөвшүүлэх, нөгөө талаар хууль зүйн хувьд тусгайлан зохицуулах боломж байгааг хэлэлцлээ.

Хуурамч мэдээлэл нь олон улсад ардчилалд томоохон сорилт болж иргэдийн үнэн зөв мэдээлэл авах эрхэд ноцтой хохирол учруулж байгаа бодитой зүйл. Гэхдээ НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн конвенцын тайлбарууд, тусгай илтгэгчийн итгэл, зөвлөмжүүд болон Европын холбооны энэ чиглэлээрх зөвлөмжүүдэд худал мэдээлэлтэй иргэдэд мэдээллийн боловсрол олгох, төрийн өөрийн ил тод байдлаа нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч зохицуулах, нөгөө талаар эрүүжүүлэхээс зайлсхийхийг сануулдаг.

Худал мэдээлэл гэх нэр томьёо дотор бидний будилж буй хоёр тусдаа асуудлыг зааглах хэрэгцээ байна. Тодорхой зохион байгуулалттайгаар улс төрийн, эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс, нийгмийн дэг журамд ноцтой хохирол учруулахуйц, хуваагдал эсвэл хүчирхийлэлд уриалсан хуурамч мэдээллийг зохицуулах нийгмийн хэрэгцээ байгааг ойлгож байгаа. Харин хувь хүний нэр төр, халдашгүй байдалд халдсан, гутаасан, гүтгэсэн зэрэг үйлдлийг хувийн эрх зүйн хүрээнд иргэний шүүхээр шийдвэрлэх боломжтой юм.

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллах ёстой. энэ тал дээр ан-ын бүлэг яаж ажиллах вэ. шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг сэтгүүлчид, олон нийт шаардаж байгаа. Ардчилсан нийгэмд ганц дуугардаг сэтгүүлчээ барьж, хорьчихлоо шүү дээ?

-Энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа нэг асуудал нь эрүүгийн гэмт хэргийн хавтаст хэргийн нууцаар далимдуулан олон нийтэд мэдээлэл өгөх боломжгүй болгох, шүүх хуралдаануудыг ч хаалттай хийх байдал эрс ихэссэн, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх хуралдааныг хэвлэл мэдээллээр дамжуулахад саад учруулсан журам хэрэгжүүлж байгааг дурдлаа.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэргийн хувьд түүнийг ялласан таван зүйл ангийн дөрөв нь төрийн нууцтай хамааралгүй учир ядаж хэсэгчилсэн байдлаар ч шүүх хуралдааныг нээлттэй хийх боломжтой байсан. Удахгүй болох давж заалдах шатны шүүх хуралд ч шүүх хуралдааныг нээлттэй хийж, олон нийтэд ил тод байлгахын төлөө УИХ-ын гишүүд, олон нийтийг анхаарлаа хандуулахыг сануулж байна.

Цаашид хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах эрх зүйн орчныг сайжруулахад цогц байдлаар авч үзэж, зөвхөн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль гэлтгүй нууцын хууль тогтоомж, төрийн мэдээллийн ил тод байдлын талаар хөндсөн 10 гаруй хууль тогтоомжийг засварлах, салбарын өөрийн зохицуулалтаа сайжруулах чиглэлийг чухалчиллаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн бодлогын асуудлаар цуврал хэлэлцүүлгийг цаашид тогтмол зохион байгуулна. Хэлэлцүүлгийн үр дүнгээр бодлогын зөвлөмж гаргах УИХ-ын гишүүд, олон нийтийг мэдээллээр хангаж ажиллана.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *