Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Наранбаяр: Боловсролын салбарт илүү чадварлаг, мэргэшсэн багш нарыг авах, тогтвор суурьшилтай ажиллах тал дээр маш сайн анхаарна DNN.mn

Багшлах эрхийн 45 хоногийн сургалтын асуудал нийгэмд маргаан дагуулаад буй юм. Тиймээс багшлах хүчний хомсдол дээр ямар бодлого барьж ажиллах, 45 хоногийн сургалтын гол учир нь юу болох талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.


-Багшлах эрхийн 45 хоногийн сургалт нэлээд асуудал дагуулж байна. Үүн дээр та тодорхой тайлбар өгөөч?

-Зүгээр л мушгин гуйвуулж байна. Бид чинь бакалаврын зэргээ авчихсан. Магистр, доктор бол бүр сайн. Тэгээд 80 хувь буюу 2.7 гэсэн голчоос дээш оноотой төгссөн, магадлан итгэмжлэгдсэн гадаад, дотоодын их сургуулийг төгссөн, боловсролын салбарт хамгийн их хомсдол үүсээд байгаа физикч, химич, математикч, англи хэлний болон технологийн мэргэжилтэй хүмүүст богино буюу 45 хоногийн дотор багшлах эрхийг олгох сургалтад суугаад багшлахуйд орж ирээч ээ гэж урьж байгаа юм. Дээрээс нь энэ хүмүүс үндсэн багш бол биш. Багшлах эрхийг л олж авч багшлах болохоос биш үндсэн багш нар шиг ажиллахгүй. Цагийн, гэрээт багш нар байх юм. Өөрсдийнхөө үндсэн ажлыг хийхийн хажуугаар дунд сургуульд цагаар багшилна л гэсэн үг. Өнөөдөр Хан-Уул дүүргийн нэг сургуульд л гэхэд физикийн багш олдохгүй байгаагаас болоод 40 цаг зааж байна шүү дээ. Гэтэл багш хүн чинь 19 цаг заах нормтой. Ийм байхад юун сургалтын чанар ярих вэ. Харамсалтай нь өнөөдөр бэлдэж байгаа физикчийн маань тоо 10 хүрэхгүй л байгаа шүү дээ. Ингэж их хомсдол үүсч байгаа үед богино хугацаандаа ийм арга хэмжээ авахаас өөр арга үнэндээ алга. Харин эдгээр хүмүүс маань үнэхээр өөрсдөө хүсээд үндсэн багш болоод явъя гэвэл хөрвөх сургалтад хамрагдана. Энэ бол бүр тогтчихсон тогтолцоо. Энэ асуудлаар өнөөдөр (өчигдөр) Засгийн газраас Ажлын хэсэг байгуул гэсэн даалгавар өгсөн. Ер нь энэ жил гэхэд 4200 багш дутагдалтай байгаа. Гэтэл энэ салбарт жилдээ 2500 орчим багш бэлтгэгдэн гардаг. Тэгэхээр чинь цаашдаа дахиад л дутна. Харахад физикийн багштай юм шиг хэрнээ нэг багшид өгч байгаа ачаалал их. Далд хомсдол асар их байсан нь үүнээс харагдаж байна. Ингэж бэлдсэнээр багш нарын ачаалал буурн

 

-Засгийн газрын хуралдаан дээр та бас хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулсан гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?

-Өнөөдөр (өчигдөр)-ийн Засгийн газрын хуралдаанд би зургаан багц арга хэмжээгээ танилцуулсан. Багшлах эрхийн 45 хоногийн сургалт гээд байгаа чинь үүний зөвхөн нэг нь юм. Үүнээс гадна багшлах эрхтэй, багшаар төгссөн хэрнээ өөр ажил хийж байгаа хүмүүс байна. Бидний авсан статистик мэдээллээр 2010 оноос хойш 19998 ийм хүн байгаа юм. Тиймээс энэ хүмүүсийг эргүүлэн багшлахуйд урих, энэ нөөцийг ашиглах нэг боломж байна. Тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар болон туслах багшаар ажиллуулах хэлбэр байна. Тэд чинь асар их туршлагатай хүмүүс шүү дээ. Шинжлэх ухаан, англи хэлээр амжилттай төгссөн хүмүүст багшлах боломжийг нээж өгөх. Сургалтын цагийн норм нь 19 цагтаа хүрэхгүй байгаа багш нарыг хөрвөх сургалтад хамруулаад төстэй мэргэжлийн хичээлийг заалгах боломжтой. Багш бэлтгэдэг их сургуулийн төгсөх дамжааны оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах ийм ажлууд эхэлчихсэн байгаа. Цахим сургалтыг багшийн дутагдал өндөр байдаг хичээл, сургалтад илүү эрчимтэй ашиглах зэрэг ажлууд явж байгаа юм.

-Цалин, нийгмийн хангамж тааруу учраас хүмүүс багшаар ажиллахгүй байна. Цалинг нь нэмээгүй байж ийм шийдвэр гарахаар багшлах хүмүүс олдох юм уу гэдэг асуудлыг ч бас ярьж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Ер нь цалин хангамжийн асуудал яригдаж байгаа нь зайлшгүй зөв. Төрийн үйлчилгээний бага, дунд, ахлах гэсэн ангиллаар багш нарыг харахад үндсэн цалин нь 1.4 сая төгрөг. харин нэмэгдэл цалинтайгаа нйилэхээр улсын дундаж нь 2.4 сая болчихоод байгаа юм. Багш нар сая гаруй төгрөгийг нэмэгдлээрээ авч байна. Орон нутагт ажилласан тохиолдолд багш нар илүү өндөр цалин авч эхэлж байгаа. Шууд очоод 40 хувийн нэмэгдэл авдаг болсон. Мөн зэргийн нэмэгдэл, гүйцэтгэлийн үнэлгээ, анги удирдах болон бусад нэмэгдлүүд байдаг. Гэхдээ бид цаашдаа энэ салбарт илүү чадварлаг, мэргэшсэн багш нарыг авах, тогтвор суурьшилтай ажиллах тал дээр нь маш сайн анхаарна. Өнөөдөр тав хүртэл жил ажилласан багш нарын судалгааг харахад 47 хувь нь ажлаасаа гарчихсан байна. Тэгэхээр энэ салбар ямар их хөдөлгөөнтэй байгаа нь харагдаж байгаа биз дээ. Уг нь таван жил ажиллаж байж багш болдог гэдэг. Гэтэл яг энэ үе дээрээ залхаж байна. Цалин хангамж нь хүрэлцээтэй бус байна гэсэн үг. Тийм ч болохоор газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цалинг үе шаттай нэмэгдүүлнэ гэж заасан. Энэ бол макро эдийн засгийн өсөлттэйгөө шууд холбогдоно. Цалинг дор хаяж 10-аас дээш хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. үүнийгээ ч бид хариуцсан яам, засгийн газарт тууштай тавиад явна. Багшийн үйлдвэрчний эвлэлийн албан ёсны холбооных нь зүгээс тавиад байгаа шаардлага, яриад буй зүйлийг нь бид хүлээн зөвшөөрч байгаа. Тийм болохоор цалинг нэмэх тал дээр дорвитой ажлууд хийнэ. Гэвч цалинг нэмлээ гээд нэг дор асуудал шийдэгдэхгүй. Үр дүн нь зугуухан гарна.

-Багшийн ажил төрийн албан хаагчид хамаардаг. Тийм учраас цалингийн шатлал, урамшуулал нь төвөгтэй. Тиймээс төрийн албанд хамаардгийг нь болиулах тухай ЗГХЭГ-ын дарга Н.Учрал яриад байх шиг байсан. Үүнийг та тайлбарлаад өгөөч?

-Шууд гаргаж байгаа зүйл биш. Манай Төрийн албаны хууль чинь төрийн захиргаа, үйлчилгээ, тусгай, улс төр гээд дөрөв ангилсан хэрнээ нэг хуулиар зохицуулаад буй нь хүндрэл учруулаад байгаа нь үнэн. Нийтийн албанд зүтгэж байна уу гэвэл бүгд л зүтгэж, үйлчилж байна. Улс орнууд төрийн захиргааны албан хаагчдаа зориулсан хуультай байдаг. Тэр бүү хэл орон нутгийн албан хаагчдыг тусдаа хуулиар зохицуулдаг. Төрийн үйлчилгээний буюу багш, эмчийн ажлын байрыг баталгаатай байлгахыг хуулиар зохицуулдаг. Мөн төрийн албан хаагч гэж үзээд цалин хөлсийг нь нэг дор, нэг ижлээр шийдэж явдаг. Харин нэмэгдэл дээрээ ялгаа гарна. Гүйцэтгэлд суурилсан үнэлгээ гэдэг чинь энэ. Гэтэл нэг том хууль дотор бүгдийг нь хийчихээр хөдөлгөхөд хэцүү байна гэж Н.Учрал сайд хэлээд байгаа нь энэ утгаараа зөв. Тэгэхээр багшийн эрх зүйн статусыг яг баталгаажуулсан, төрийн үйлчилгээнд зориулсан тусдаа хуультай болох юм бол зохицуулалт хийхэд амар болно. Статистик тооцоогоо гаргахад ч амар болно. Төсвөөс цалинжиж байгаа нь тусдаа, төрийн захиргааны албан хаагчдын тоо нь ч тусдаа гараад явна. ингэх юм бол бодлого боловсруулахад хэрэгтэй байна гэж яриад байгаа юм.

-Та ярианыхаа эхэнд энэ шийдвэрийг зориуд мушгиж байна гэж хэлсэн. Тэгвэл яг хэн, ямар ашигтай болоод ингээд байгаа юм бэ?

-Багшийн бодит хомсдолд орчихсон, ур чадварын болоод нөөцийн хомдсолд орчихсон байгаа нь олон нийтийн бодит хэлэлцүүлэгт орж, ил гарч байгаад би баяртай байгаа. Нөгөө талдаа орон нутгийн сонгууль ойртсонтой холбоотойгоор зарим нэг нэр дэвшигч боломж гэж харсан уу. Эсвэл юу гэж хараад байгаа юм сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэдний үйлдэл олны өмнө ил л байна шүү дээ. Сүүлдээ балмад үйлдэл рүү орж байна. Бид үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. энэ чинь ардчиллын үндсэн зарчим биш.

-Таныг мэдээлэл хийж байхад иргэн А.Отгонбаатар тань руу өндөг шидсэн. Ямар нэгэн гэмтэл учирсан уу. Та энэ асуудал дээр холбогдох газруудад нь гомдол гаргасан уу?

-Надаас ирж мэдүүлэг бол авсан. Бэртэл, гэмтэл аваагүй учраас миний зүгээс гомдолгүй гэж хэлсэн. Гэхдээ ийм үйлдлийг бид хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж үгтэй. Ярилцахын оронд ингэж балмад аашилж байгаа явдалд цаашид Монгол Улсын төр хүлээн зөвшөөрч, өөгшүүлж болохгүй. Тэгээд ч манай яам бол бодлогын яам. хэн дуртай нь ирж балмад зан гаргадаг, агсам тавьдаг байх ёсгүй.

-Нөгөө талдаа УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхэд халдсан асуудал гэж яриад байгаа?

-Ер нь Уих-ын гишүүн биш энгийн иргэнд ч халдашгүй эрх байгаа шүү дээ. Иргэн өөрийгөө халдлагаас ангид байлгах эрх байна. Энэ чинь хүний эрхийн үндсэн зарчим. Тийм болохоор байж болохгүй зүйл гэдгийг хатуу хэлье.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *