Бүтээн байгуулалтын улирлаа дуустал нь дотоодын цементийн томоохон үйлдвэр болох Монцемент үйлдвэрийн үүдийг төр засгаасаа хаалаа. Манай улс жилийн дөрвөн улиралтай учраас бүтээн байгуулалтыг хэдхэн сарын дотор хурдтайгаар хийх шаардлагатай болдог. Мэдээж бүтээн байгуулалтад чухал шаардлагатай, төрөөс стратегийн гэж үздэг бүтээгдэхүүн бол цемент. Нэг үе манайхан чинь цементээ дотооддоо хангаад, импортын цементийн татварыг өндөр болгож байв даа. Тусгаар тогтносон, үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг, ирээдүйн хөгжлөө харсан улсын бодлого, шийдвэр ийм л байх ёстой. Харамсалтай нь төр засгаас өнгөрсөн хавар импортын цементийн татварыг таван хувь болгон бууруулах шийдвэр гаргасан. Шалтгаан нь үнэ нэмэгдсэн гэх. Гэвч энэ бол ердөө сонгуулийн санал авах арга байсан нь одоо нэгэнт ил болсон. Учир нь гаднаас цемент орж ирээд үнэд нь өөрчлөлт орсонгүй. Нөгөө барилга, орон сууцных нь үнэ бол бүр нэмэгдсэн. Тэгээд ч цементийн үнэ барилгын материалын төсөвт өртгийн ердөө 8.68 хувийг эзэлдэг гэсэн тооцоо судалгаа бий. Дээрээс нь энэ шийдвэрийг дагаад чанаргүй цемент орж ирж байгаа тухай салбарын сайд нь хүртэл хэлж байсан. Тийм болохоор цемент үйлдвэрлэгчид, импортлогчид, хэрэглэгчид гэсэн гурван талт уулзалтыг зохион байгуулж, дундын шийдвэр гаргахаар болсон байна лээ. Гэвч хаах болохоороо ганцхан өдрийн дотор хаачихдаг. Нээх болохоороо хагас жилийн нүүрийг үздэг байдал нь энэ удаад ч давтагдахгүй гэсэн баталгаа алга.
Үндсэндээ энэ бүхнээс үзэхэд үндэсний үйлдвэрлэгч компанийнхаа үүд хаалгыг зориудаар хааж, гадны компаниудад боломж олгодог, тэдний шахалт, үгээр төрийн ажил явдаг юм биш биз дээ гэсэн хардлага эрхгүй төрнө.
Сангийн сайд саяхан ирэх оны төсвийн төслөө хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан. Энэ үеэрээ “Улсын чанартай үйлдвэрийн төслүүдийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжийг гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан” гэсэн мэдээллийг өгч байсан. Өнгөц харахад үйлдвэрлэлийг дэмжиж байгаа төрийн том бодлого мэт боловч сайн ухаад үзвэл энэ нь хувийн хэвшлийнхэнд огт хамаагүй мэтээр тусгасан байгаа юм. Гэтэл төр бүхнийг аваад, үйлдвэрлэл явуулаад, уурхай ажиллуулаад улс орноо хөгжүүлээд ард иргэдээ амгалан сайхан болгочихсон тохиолдол хүн төрөлхтний түүхэнд байхгүй. Бүр ойрын манайхны жишээ ч байж л байгаа. Улсаасаа хулгай хийсэн хэргээр хэдхэн гүйцэтгэх захирлуудыг барьж хорьчихоод дахиад л төр бүхнийг мэддэг, чаддаг гэдэг суртал ухуулгыг явуулсаар байна. Төр гэсэн том өрсөлдөгчийн өөдөөс өнөөдөр зах зээлийн зарчмаар үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах бизнесийн байгууллага үнэндээ алга боллоо. Амь зогоон тэсэж байгаанууд нь дарга нарын үгийг дагаж, тэдний авлигыг цэцэглүүлж, далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарахаас өөр аргагүй болж байх шиг байна. Харин энэ бүхнийг эсэргүүцсэнийг нь болохоор төрийн нэрийн өмнөөс элдвээр хавчиж, дансыг нь хааж, үйл ажиллагааг нь зогсоож байна. Үүний хамгийн том жишээ бол Монполимет групп. Энэ том байгууллагын ард 200, 300 ханган нийлүүлэгч байгууллага, нийтдээ 13 мянган хүн бий. Тэдний гэр бүлийг оруулан тоолбол олон арван мянган хүний ажил, амьдрал бие сэтгэлийн гүн хямралд ороод байна. Анх дансыг нь хаахдаа нэг өөр хэрэг хэлээд одоо болохоор хэд хэдэн өөр хэрэг яриад байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна лээ. Нэг ёсондоо “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гээчийн үлгэрээр ямар нэгэн аргаар хэрэг тохож, эдийн засгийн бүхий л хүнд гэмт хэрэгт гүтгэн сэжиглэж, буруутай болгох гэж улайрсан ажиллагаа явагдаж байх магадлалтай гэдэг таамгийг ч хуулийн хүрээнийхэн өгч байна.
Манай дотоодын цемент үйлдвэрлэгчид улс эх орноо импортоос хараат бус болгож, гадагш урсах валютыг дотооддоо авч үлддэг болж, бид олон улсын стандартад нийцсэн цементийг бүтээн байгуулалтдаа хэрэглэдэг болсон. Манай улсын гол зорилго уг нь энэ. Дарга нар маань ч ингэж л ярьдаг. Аж үйлдвэрийн сэргэлт гээд сүржин даржин мэдэгдлүүд хийдэг, харин тэр аж үйлдвэрийн жинхэнэ сэргэлт гээчийг Монцемент тэргүүтэй үйлдвэрлэгчид 10 жилийн өмнө шанхыг нь татсан. Гэтэл хэдэн муусайн хувийн хэвшлийнхэн нь чадах ядахаараа энэ зорилгыг нь биелүүлэхээр хичээж байхад төр засаг гадны үйлдвэрлэгчдийг дэмжсэн шийдвэр гаргаад байгааг юу гэж ойлгох вэ.
Чанарын баталгаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй, бат бэхийн үзүүлэлт, жиндээ хүрэхгүй цемент их хэмжээгээр орж ирээд байгааг салбар яам нь хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр чанаргүй барилгын тоо улам өснө. Хохирол, горыг нь иргэд олон нийт л амсана. Учир нь одоогийн шийдвэр гаргасан Засгийн газар ирээдүйд учрах эрсдлийн хариуцлагыг хүлээхгүй шүү дээ. Тийм ч болохоор тэд зориудаар буруу зөрүү шийдвэрүүдийг гаргадаг байх.
Дайн дажин, байгалийн гамшиг, нийтийг хамарсан пандемикийн хүнд үе цагуудад үндэсний үйлдвэр л гагцхүү эх орондоо хэнээс ч ирэхгүй тусыг өгдөг гэдгийг дэлхий нийтээрээ ойлгочихоод байна. Олон жил яригдсан Дарханы замын бүтээн байгуулалт, цар тахлын үед хэрэгжиж байсан төмөр замын төслүүдэд ч гэсэн Монцемент тэргүүтэй үйлдвэрүүд хамгийн их хувь нэмэр оруулсан.
Бүтээн байгуулалтын улирал дуусахад цөөхөн хоног үлдсэн. Цаг агаарын нөхцөл байдал ч энэ жил эрт сэрүүсэх төлөвтэй байгааг хэлээд байгаа. Тэгвэл одоо хэдүүлээ яах вэ. Тийм болохоор хувийн хэвшлийнхэндээ эр бяраа гаргаад төрөөс хулгайлсан нөхдөдөө хариуцлага тооцож чадахгүй байгаа явдлыг юу гэж ойлгох вэ. Ямар ч хэрэг хийгээгүй мөн шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хууль хүчний байгууллага хүч түрэмгийлэн нэгжлэг хийж, дайрч давшилсан үйлдэл гаргаж, орон гэр, ажлын байруудыг түйвээх нь огтоос зүйд нийцэхгүй. Тэд үйлдвэрлэгчид болохоос террористууд биш ээ. Эдийн засаг агаад үндэсний аюулгүй байдалд аюул учруулаагүй.
Ерөөс цөөн хэдэн үндэсний үйлдвэрлэгчид маань хамаг бэрх, амаргүй цаг хугацааг туулан олон улсын түвшинд гэрээ хэлэлцээрээ хийгээд, үйдвэрээ бүтээн байгуулж, дэлхийн хамаг л сайн гэсэн технологи болгоныг эх орондоо нутагшуулж байгаа. Тэдгээрийг алдаршуулдаггүй юмаа гэхэд үйл ажиллагаанд нь элдэв хориг саад, хохирол учруулмааргүй байна.
Дээр нь эрх баригчдын дуртай үедээ импортын татварыг бууруулж үндэсний үйлдвэрлэгчдээ хааж боодог энэ байдлыг зогсоохгүй аваас 10 жилээр хөгжлөө татаж цаашид үндэсний гэх тодотголтой юу ч байхгүй болох вий дээ!
Манайд л төр засаг үндэсний үйлдвэрлэгчдээ хясан боогдуулж, элдэв шударга бус дарамт үзүүлж, ялгавартай хандаж, амыг нь хааж, хаалгыг нь цоожилчихоод улс үндэстнээрээ хөгжье гэж яриад байгаа чинь өөрөө үндэснийхээ эдийн засгийн эрх ашгийг ноцтой хохироож байгааг харуулж байна шүү.
Т.ХӨВСГӨЛ