Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Алтаншагай: Сайн, муу хэлэгдээд хувийн хэвшлийнхэн маань улс орныг үүрч яваа DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Алтаншагайтай ярилцлаа.


-Таны хувьд дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон. Тэгэхээр энэ удаагийн УИХ, Засгийн газар нийслэлд чиглэсэн ямар томоохон бодлогын шинжтэй үйл ажиллагаанууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Монгол Улс анх удаа бүсчилсэн байдлаар УИХ-ын сонгуулиа явуулж, 126 гишүүнтэй анхны парламент бүрдсэн. Хэдийгээр МАН олонх болсон ч АН, ХҮН-д санал тавьж хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Улмаар ээлжит бус чуулган хуралдаж, төсвийн тодотгол, Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Энэхүү үйл ажиллагааны хөтөлбөр гэдэг бол энэ удаагийн Засгийн газрын 2024-2028 оны луужин гэсэн үг. Хаашаа явах юм, ямар аргаар түүндээ хүрэх вэ гэдгээ л төлөвлөж байгаа юм. Энэ удаагийн төсвийн тодотголоор нийслэлд маш том хүндрэл байгааг олж харсан, түүнийг шийдье гэсэн улс төрийн зоригтой шийдлүүд байсан гэж би харж байгаа. Метро, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, тойрог болон хурдны зам гээд олон том төсөл бий. Дээр нь гэр хорооллыг байшин хороолол болгох том хөтөлбөрүүд 3-4 байршилд эхэлнэ

Өмнө нь байгаагүй том хөрөнгө оруулалтууд тавигдсан. Хоёрдугаарт, нийслэлийн төсөв анх удаагаа ингэж их тэлж байгаа юм. Нэг тэрбум ам.доллар буюу 3.5 их наяд төгрөгийг нийслэлийн бүтээн байгуулалтад төлөвлөж байна.

-Нийслэл анх удаа бонд босгосон?

-Тэгсэн. Үүний дагуу маш их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж байна. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон “20 минутын хот” гэсэн статус руу шилжих бэлтгэлийг хангах учиртай. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот 14 хот, 43 хорооллын засаг захиргааны шинэ нэгж рүү шилжинэ. Гэрээсээ гараад ажлын байрандаа хүрдэг. Боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээг 20 минутад авдаг байх чиглэл рүү хөгжье гэж байгаа юм. Тэгэхгүй болохоор нийслэлийн хороодын хүн ам жил ирэх бүр л нэмэгддэг. Сонгинохайрхан дүүргийн нэг хороо гэхэд л 28 мянган хүн амтай болж байлаа. Аймгийн төвөөс их хүн амтай. Бараг 30 мянган иргэнд хороонд ажилладаг хүмүүс чинь яаж хүрч ажиллах юм бэ. Хороонд дээд тал нь арван хүн л байдаг шүү дээ. Тэгэхээр засаг захиргааны шинэ нэгж рүү шилжих зайлшгүй хэрэгтэй болсон. Мөн Улаанбаатар хотын замыг засварлах, шинэчлэх цаг нь болсон. Яг хотынхоо төвөөр төмөр зам нь явдаг. Үүнээсээ болоод түгжирдэг. Таван шарын нүхэн гарцыг тухайн үеийн хотын дарга байсан Д.Сумъяабазар эхлүүлж байлаа. Судалгаа хийгээд дөрвөн газарт ийм хэмжээний нүхэн гарц хийхээр болсны нэг нь сая ашиглалтад орлоо. Энэ төмөр замын гарам дээр энгийн үедээ л гэхэд өдөрт хоёр цаг 48 минут, ид ачааллын үед дөрвөн цаг хаалт хаадаг гэж байгаа юм. Ингэхээр түгжрэлд төдий чинээ нөлөө үзүүлнэ. Одоо Лабораторийн уулзвараас урагшаагаа нэгийг хийнэ. Мөн замууд их муудсан. Тийм учраас саяын төсөв дээр дэд бүтэц рүү нэлээд их төсөв тавилаа. Жил бүр урсгал засвар нэртэй нөхдөг. Дээр нь брожур гэдэг зүйл яригдаад байна. Сүүлийн хоёр жил бороо, цас их байсан. Цасаа арилгахын тулд бодис, давс цацдаг. Гэтэл тэр нь эргээд брожураа үйрүүлж, муутгадаг. Тийм болохоор Хотын дарга Х.Нямбаатар зоригтой шийдвэрүүд гаргаж, сөрөг хүчнээс хардаад байгаа бол аудит, АТГ-ын шалгалт оруулъя гэж мэдэгдсэн. Энэ нь ч хар хоргүй, нэг талдаа зөв байх. Ер нь замаа шинэчлэхгүй бол улам л муудна. Тэр хэрээрээ л түгжрэл нэмэгдэж, иргэдийн бухимдал ихэснэ. Тийм ч болохоор Улаанбаатар хотын замыг маш сайн шинэчилж байна. Үүнээс гадна инженерийн дэд бүтэц рүү нэлээн их хэмжээний төсөв тавьж анхаарал хандуулна гэж байгаа.

Манай Сонгинохайрхан дүүрэг бүртгэлтэй 345 мянган иргэнтэй. Түр оршин сууж байгаа болон бүртгэлгүй амьдарч байгаа 50, 60 мянга бий. Энэ чинь Монгол Улсын хүн амын 12 хувь нь зөвхөн СХД-т амьдарч байна. Эдгээрээ дагаад ус, дулаан, тог, хогны мөнгө гээд асар их зардал гардаг. Нэг айлын хашаанд 3-4 айл амьдардаг ч зөвхөн бүртгэлтэй айлаас нь л тог, хогны мөнгө авдаг гээд хотод зовлон бэрхшээл, асуудлууд бий. Тийм болохоор П.Сайнзориг гишүүнтэй хамтран Улаанбаатар хотод байгаа 1970-1980-аад онд баригдсан дулаан алдагдалтай байруудыг төрөөс нэг удаад засаж сэлбэх ажлыг хийхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтаасан. Хотоос сонгогдсон гишүүд маань ч их дэмжсэн.

-Улаанбаатар хотыг 14 жижиг хот болгох асуудал дээр нэлээд маргаан гарч байгаа. Үүний хамгийн том давуу тал, ашиг тус нь юу байх юм бэ?

-Ер нь бол боловсрол, эрүүл мэнд, соёлын үйлчилгээг авах гэж Толгойтоос хотын төв орох шаардлагагүй. Яг энэ бүсчилэл дотроо энэ үйлчилгээнүүдээ авчихдаг болно л гэж байгаа юм. Иргэдийнхээ цаг завыг хэмнэж, аятай тухтай амьдруулахыг л хичээж байгаа хэрэг. Түүнээс биш “20 минутын хот” гэж нэр зүүгээд баахан дарга нар бий болох гээд байгаа зүйл биш. Толгойт хот гэхэд л төрийн анхан болон дунд шатны үйлчилгээ, соёл, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээ иргэддээ тэндээ өгдөг. Үүнийгээ дагаад томоохон худалдааны төвүүд нь байдаг л болно. Дээрээс нь гэр хороолол дунд барилгажилт үүсч, давхар утааг багасгах том бодлого л байгаа юм.

-Хотын төв рүүгээ ордог урсгалын хамгийн их нь ажлын байр байдаг. Тэгвэл тухайн газар нь ажлын байрыг бий болгох тал дээр нь хэрхэн анхаарах юм бэ?

-Ажлын байраа дагаж төвлөрдөг. Одоо ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх гэж байна. Мөн ингэж 14 хот болох юм бол их, дээд сургуулиудыг алслагдсан дүүргүүд рүү гаргах асуудал ч яригдаж байгаа. Толгойт хот гэж байгуулагдахад Эмээлт аж үйлдвэрийн парк бий болно. Энэ нь дам нөлөөгөөрөө 10 мянган ажлын байр бий болгоно гэж байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Ар Гүнтэд Агро сити байгуулна. Ингэснээр хоёр том эдийн засгийн таталцал бий болох учиртай. Ер нь нэг төвт хотоосоо олон төвт хот болчихоор улам задарч, тэлнэ гэдэг судалгаа тооцоолол бий.

-Улаанбаатар хотоо олон төвт болгох гэхээр инженерийн шугам сүлжээний хүртээмж асуудал болдог. Үүнийг шийдэх сорилгоор дэд төвүүдийг байгуулахаар болсон. Танай СХД-т хоёр ч дэд төв баригдаж байгаа. ажил нь юу болж байна вэ?

-Сонгинохайрхан дүүрэгт Толгойт, Баянхошуу гээд хоёр дэд төв бий. Дэд төвүүдээс хамгийн анхны дэд бүтцээ татсан нь Баянхошуу. Дулаан, цэвэр бохир, цахилгаан гээд бүгд очсон. Тэнд 2-3 мянган айлын орон сууц барих нөхцөл бүрдсэн. Мөн 5-6 га газар чөлөөлөөд эхний ээлжийн барилгуудаа бариад эхэлчихсэн. Толгойт дэд төвийн ажил ч явж байгаа. Яагаад ингэж их төвлөрөл үүсээд, барилгуудаа шавж бариад байна гэхээр ерөөсөө л таны хэлдэг дэд бүтцийн асуудалтай холбоотой. Тийм болохоор дэд төвүүддээ түшиглээд төвлөрлийг задлах, гэр хорооллыг барилгажуулах ажлыг л хийе гээд байгаа юм. Гэхдээ анхнаас нь төлөвлөлтөө зөв хийх ёстой.

-Энэ дэд төвүүдийн ажил нэлээд удаашралтай, олон жил болж байна уу гэж бодогддог. Шалтгаан нь юу байдаг юм бэ. Газар чөлөөлөх дээр их уддаг гэдэг юм билээ?

-Жил ирэх бүр л газрын үнэ нэмэгдэж байна. Төрийн өмнөөс иргэдтэй ойлголцож, газар чөлөөлнө гэдэг хүнд шүү дээ. Тухайн иргэн газраа өгөхгүй л гэвэл боломжгүй. Харин сүүлд шинэчлэгдсэн хуулиар тодорхой хувь нь дэмжсэн тохиолдолд чөлөөлдөг болсон. Гэвч тэр газар чинь хувийн өмч. Тийм болохоор маш уян хатан, ухаалаг хандах ёстой. Хүний өмч хөрөнгийг үнэгүйдүүлж, иргэдээ хохироож болохгүй. Тэгэхээр тооцоо, судалгаатай хандаж явахгүй бол арван хэдэн жил хүлээчихсэн хүмүүс ч байсан, хотын дарга эдгээр хүмүүсийн байр орон сууцыг нь шийдэж өгсөн гэсэн.

-Дүүрэг удирдаж байсан учраас таныг аж ахуйн нэгжүүдэд учирдаг зовлон, жаргалыг илүү мэдэх байх гэж бодож байна. Хувийн хэвшлийнхний маань ганц зовлон нь татварын дарамт гэдэг. Тэгвэл УИХ-ын гишүүн болсон хүний хувьд татварыг бууруулах, уян хатан болгох тал дээр ямар ажил хийе гэж бодож байна вэ?

-Жижиг аж ахуйн нэгжүүдэд маань өөрийн гэсэн өмчлөлтэй ажлын байр алга. Дандаа түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Хоёрдугаарт, банкны шаардлага хангахгүй учраас маш өндөр хүүтэй өдрийн зээл авдаг болсон. Яг ийм зовлонг иргэд, аж ахуйн нэгжүүдээс маань байнга хэлдэг. Дээрээс нь татвар өндөр байгаа талаар үеийн үед л ярьж ирсэн. Улс байгаа л юм чинь зохих хэмжээний татвараа авах ёстой. Харин татварыг одоо байгаа хэмжээнээс нь нэмэхгүй байх дээр анхаарах хэрэгтэй. Бүр илүү хөнгөлөх, бууруулах боломж байна гэдэг дээр анхаарч ажиллана. Мөн хариуцлагатай аж ахуйн нэгжүүдээ яаж урамшуулж, дэмжих юм гэдгээ үе шаттайгаар хиймээр юм билээ.

Маш олон ажлын байр бий болгоод татвараа тогтмол төлдөг газрууддаа хөнгөлөлт үзүүлж яагаад болохгүй гэж. Хэвийн хэвшлийнхнийхээ энэ тал дээр онцгойлон анхаарах хэрэгтэй. Яг амьдрал дээр хувийн хэвшлийнхэн маань улс орныг бодитоор үүрч яваа шүү. Сайн муу хэлэгдээд л татвар, нийгмийн даатгалаа төлж, ажлын байр бий болгож, ажилчдынхаа орон байрыг ч шийдээд явж байна.

Тэгэхээр таван жил тогтвортой үйл ажиллагаа явуулаад татвараа тогтмол төлсөн бол гээд хувийн урамшуулал бодож болно. Хувийн хэвшлийнхнээ л дэмжиж байж ажлын байр нэмэгдэнэ. Түүнээс биш төр ажлын байрыг нэмэгдүүлнэ гэдэг маш хэцүү. Тийм болохоор энэ тал дээр онцгой анхаарч судалж үзнэ.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *