Categories
гадаад мэдээ

Эльвира Набиуллина: Бид өөрсдийн үнэн бодит судалгаан дээр үндэслэж дүгнэлт хийдэг DNN.mn

ОХУ-ын Төв банкны тэргүүн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хэвлэлийн бага хурал зарлаж, Путины “ОХУ түүхэндээ хамгийн бага ажилгүйдлийн үзүүлэлттэй болж, цалин хангамж нэмэгдэн, манай ДНБ-ий өсөлт Герман улсыг ардаа орхилоо” гэж зарласны цаана бодит амьдрал дээр Оросын эдийн засагт яг юу болж байгаа үнэнийг олон нийтэд мэдээлсэн юм.Иймээс түүний хэлсэн үгийг товчлон хүргэж байна.

Бидний авч явуулсан мөнгөний бодлогын үр дүнд сүүлийн саруудад мөнгөний нийлүүлэлт чангарсан. Гэсэн хэдий ч инфляцийн өсөлт буурахгүй байна. Инфляцийн өсөлт ирэх оны зорилтот түвшинд хүрэхэд шаардлагатай хэмжээнээс дээгүүр хэвээр байна. Өнөөдөр бидний авч буй бодлогын хүүг жилийн 19 хувиар нэмэгдүүлэх шийдвэр инфляцийг бууруулах эрчмийг нэмэгдүүлэх болно. Иймээс бид дараагийн хурлаар ч бодлогынхүүг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Инфляцийн тогтвортой болон тогтворгүй хүчин зүйлүүдийн нөлөөллөөс үүдэж үнэ өссөөр байна. Инфляцийн ихэнх үзүүлэлтүүд 6.0-8.0%-ийн хооронд тогтвортой үргэлжилсээр байна. Энэ нь хүлээн зөвшөөрөх ёсгүй өндөр түвшин юм. Үнийн өсөлтийн дунд жимс, хүнсний ногоо онцгой анхаарал татаж байгаа бөгөөд энэ намар үнэ нь олигтой хямдарсангүй. Үүнээс гадна зуны сүүл, есдүгээр сарын эхээр хүн амд чухал ач холбогдолтой зарим барааны үнэ илүү хурдацтай өслөө. Тухайлбал, үүнд бензин, сүүн бүтээгдэхүүнийг нэрлэж болно. Энэ бүхэн инфляцийн өсөлтийг улам нэмэгдүүлж болзошгүй байна.

Мөнгөний хатуу бодлого инфляцийг удаашруулахад нөлөөлдөг. Инфляци удааширна гэдэгт итгэлтэй байгаа ч өнөөдрийг хүртэл бидний авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлого ирэх оны зорилтот түвшинд хүрэхэд хангалтгүй байна. Бидний санааг зовоож буй асуудал юунд байна вэ?Нэгдүгээрт, Инфляцийн өсөлт. Хүн амын өргөн хэрэглээний барааны үнэ дөрөв дэх сар дараалан өсч байна. Мөн бизнесийн өөрийнх нь зардал өсч буй нь хамгийн ихээр жижиглэнгийн худалдаанд ажиглагдаж байна. Инфляци ийнхүү нэмэгдэж байгаа нь инфляцийг бууруулахад хүндрэл учруулж байна.Хоёрдугаарт, бид эдийн засгийн өсөлт тэнцвэргүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, эрэлт нь бараа, үйлчилгээний нийлүүлэлттэй тохирохгүй байна. Энэ нь юуны өмнө инфляцийн өсөлтөөр илэрхийлэгдэж байна. Иймээс эдийн засгийн нөхцөл байдлыг нарийвчлан авч үзье: Нийлүүлэлтийг юу хязгаарлаж, эрэлтийг юу дэмждэг вэ.Нийлүүлэлтийн тал дээр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд саад болж буй гол хүчин зүйл нь хөдөлмөрийн зах зээл хэвээр байна. Ажилгүйдэл түүхэн доод түвшиндээ хүрээд байна. Гэтэл бидний судалгааны мэдээллээс харахад боловсон хүчний хомсдолтой байгаа аж ахуйн нэгжүүдийн эзлэх хувь өндөр хэвээр байна. Хэдийгээр сүүлийн саруудад цалингийн өсөлт нэмэгдсэн ч энэ өсөлт хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс давсан хэвээр байна. Компаниудын боловсон хүчний зардал өөр бусад хүчин зүйлсээс болж нэмэгдэж байгаа тул цалингийн эдгээр нэмэгдэл нь алдагдал буурсан гэсэн үг биш юм. Тухайлбал, манай байгууллагуудын мэдээлж буйгаар аж ахуйн нэгжүүд бусад бүс нутгаас ажилчдыг татах, тэдний орон сууц, тээврийн зардлыг төлөхөөс өөр аргагүй болж байна. Үүнээс гадна олон компани нийгмийн багцаа өргөжүүлж байна.Мөн хориг арга хэмжээний улмаас ложистик, хил дамнасан төлбөр тооцооны хүндрэлээс үүдэн дотоодын зах зээлд бараа, үйлчилгээний нийлүүлэлт хязгаарлагдаж байна. Түүнчлэн, гадаад эрэлт сул байгаатай холбогдуулан газрын тосны компаниуд “ОПЕК+” гэрээний дагуу олборлолтоо бууруулаад байна. Мөн дотоодын эрэлтийн нөхцөл байдлын хувьд хэрэглэгчийн болон хөрөнгө оруулалтын бууралт ерөнхийдөө өндөр хэвээр байна. Есдүгээр сард манай улсын бизнесийн үнэлгээний үзүүлэлт энэ жил анх удаа сөрөг гарлаа. Энэ нь эдийн засгийн идэвхжил удааширч байгаагийн нэг гол шинж тэмдэг юм. Гол асуудал нь эдийн засгийн удаашрал эрэлтийн бууралтаас болж байна уу, эсвэл нийлүүлэлтийн шок/үнийн огцом өсөлт/ уу гэдэгт байгаа юм. Хэрэв энэ нь нийлүүлэлтийн шок бөгөөд урт хугацааны шинж чанартай болох нь батлагдвал мөнгөний бодлого илүү хатуу байх ёстой. Энэ нь бид цаашид эрэлтийг бараа, үйлчилгээний хязгаарлагдаж буй нийлүүлэлттэй уялдуулан тохируулах шаардлагатай болж байна гэсэн үг.

Зээлийн зах зээл ч бидний авсан мөнгөний бодлогод хариу үйлдэл үзүүлсэн. Зээлийн бууралт нь юуны түрүүнд жижиглэнгийн худалдаанд илүү илэрч байна. Үүнд, хүүгийн зэрэгцээ ялангуяа орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдийн нөхцөл өөрчлөгдсөн, макро зохистой бодлогыг чангатгасан зэрэгбусад хүчин зүйлс нөлөөлсөн.Харин орон сууцны зээл олголт өндөр хэвээр байна. Үүний үр дүнд 7-8 дугаар сард нийт зээлийн багцын хэмжээ мэдэгдэхүйц өөрчлөгдсөнгүй. Зээлийн салбаруудын жигд бус байдал нь хэвийн үзэгдэл юм. Иймээс бодлогынөндөр хүү зах зээлийн бүх хэсэгт ижил нөлөө үзүүлнэ гэж бид бодохгүй байна. Инфляцийг бууруулахын тулд ерөнхийдөө дунд зэргийн зээлийн хүү шаардлагатай байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь бидний таамаглаж байсантай тохирч байна. Ерөнхийдөө дэлхийн эрэлт буурч эрчим хүчний хэрэглээ багасаж байна. Энэ нь манай экспортын барааны эрэлтийг хязгаарлаж магадгүй юм.Газрын тосны үнэ буурч байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтцаашид буурна гэсэн хүлээлттэй холбоотой байна. Нефтийн зах зээл дээрх эдгээр чиг хандлага нь ОХУ-ын хувьд инфляцийг дэмжиж байна.Оросын экспортын гол нэрийн барааны үнэ болонхэмжээ 7, 8 дугаар сард буурсан ч импортын хэмжээ хэвээр байгаа нь гадаад худалдааны тэнцэл бүхэлдээ алдагдалтай гарахад хүргэв. Импортлогчдын хил дамнасан төлбөр тооцооны асуудал хэвээр байгаа нь дотоодын эрэлт өндөр байгаа ч импортын хэмжээг цаашид хязгаарлах магадлалтай байна.Дотоодын гол эрсдэл бол үйлдвэрлэлийн хүчин чадал, ажиллах хүч шавхагдаж байгаа явдал юм. Ийм нөхцөлд буюу аливаа эрэлт нь үйлдвэрлэл нэмэгдэхгүй байгаа нөхцөлд зөвхөн үнийн өсөлт бий болгоход хүргэдэг. Түүнчлэн инфляци өсөх бусад эрсдэлүүд хэвээр байгаа бөгөөд энэ нь удаан хугацаанд өндөр түвшинд байж болзошгүй байна. Инфляцийг дэмжих эрсдлүүдийн дунд геополитикийн дарамт нэмэгдэж болзошгүй байгаа явдал хэвээр байна. Түүнчлэн дэлхийн томоохон орнуудын эдийн засгийн удаашрал улам хүчтэй явагдаж, түүхий эдийн эрэлт буурахад хүргэж, улмаар Оросын экспорт, түүгээр дамжин рублийн ханшид дарамт учруулж магадгүй байна. Үүнийг шийдвэрлэх гол чухал хүчин зүйл бол төсвийн бодлого юм. Бид ирэх аравдугаар сард шийдвэр гаргахдаа гурван жилийн төсвийн тохиргоог харгалзан үзнэ. Инфляцийг бууруулахад эрэлтээ багасгах, эсвэл эдийн засгийн чадавхи, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Эцэст нь хэлэхэд, ирэх онд инфляцийг дөрвөн хувьд хүргэх шаардлагатай гэж бид үзэж байна. Үүнд хүрэхийн тулд бид шаардлагатай бол мөнгөний бодлогыг хатуу барихад бэлэн байна. Мөн бид бодлогын хүүг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхэд бэлэн байна. Инфляци 6-8 хувь дээр байхын оронд 4 хувь руу буух нь яагаад тийм чухал юм бэ? Нэгдүгээрт, иргэдийн хадгаламж, орлогыг хамгаалах баталгааг хангах зорилготой юм. Хоёрдугаарт, инфляци бага байхад л урт хугацаатай зээл олдоно. Инфляци өндөр байгаа тохиолдолд ийм зээл, түүний дотор ипотекийн зээл ихэнх зээлдэгчдэд хэт үнэтэй болж очих болно. Гуравдугаарт, инфляци худалдааны түнш орнуудынхаас хамаагүй өндөр байх үед рублийн ханш суларсаар “цаас” болно. Дөрөвдүгээрт, инфляци өндөр байна гэдэг ньүнийн хэлбэлзэл байнга нэмэгдэнэ гэсэн үг. Инфляци өндөр болох тусам түүнийг зохицуулахад улам хэцүү болдог. Хэрэв бид үнийн өсөлтийн хурдыг 6.0-8.0 хувь дээр байхыг хүлээн зөвшөөрвөл инфляци хоёр оронтой тоонд шилжих эрсдэл эрс нэмэгдэх болно. Дараа нь инфляцийг эргээд хяналтад оруулахад нийгэмд хамаагүй хэцүү, илүү үнэтэй тусах болно. Иймээс ОХУ-ын Төв банк ирэх онд инфляцийг дөрвөн хувь хүртэл бууруулахын тулд боломжтой бүхнийг хийх болно.Анхаарал тавьсанд баярлалаа!

Төв банкны тэргүүн үгээ хэлж дууссаны дараа сэтгүүлч түүнээс “Таны мэдэгдэл Эдийн засгийн яамнаас гаргасан эдийн засгийн өөдрөг хүлээлтээс яагаад ингэж эрс зөрж байна вэ?” гэж асуухад Эльвира Набиуллина “Бид өөрсдийн үнэн бодит судалгаан дээр үндэслэж дүгнэлтгаргадаг” гэж хариулсан юм. Үнэндээ эдийн засгийн наад захын мэдлэгтэй хэнд ч Төв банк, Набиуллина хоёр Оросын инфляцийг тогтоон барьж чадахгүй гэдэг нь нэгэнт ойлгомжтой болсон зүйл билээ. Харин Төв банкны тэргүүн нь ингэж, айхгүйгээр ОХУ дефолт руу явж байгааг олон нийтэд шууд хэлж байгаа нь Путины үе өнгөрч буйг нотолсон том баталгаа болж байгаа юм.

Орчуулсан

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *