Categories
мэдээ нийгэм

М.Говьсайхан: ХОТ бол Хүндээ ээлтэй, орчноо сайжруулсан, төлөвлөлтөө хэрэгжүүлсэн цогц бодлогын нийлбэр юм DNN.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Маньбазарын ГОВЬСАЙХАНЫ ярилцлагад таныг урьж байна. Нийслэлийн орон сууцны корпарацийн гүйцэтгэх захирал гэдгээр нь та бүхэн эчнээ таних биз ээ.


ТҮҮНИЙ БАГА, ӨСВӨР НАС БА БОЛОВСРОЛЫН ТҮҮХ…

-Говьсайхан гэж их содон нэр юм. Говь нутагт төрж, өссөн үү та?

-Ээж, аав минь хангай нутгийн улс. Аав минь Хөвсгөл аймагт төрсөн, барилгын инженер хүн. Ажил мэргэжлийн онцлогоос хамаарч ийш, тийш их явна аа. Дорноговь аймагт цэргийн ангийн барилга бариулахаар очоод байх үед нь би төрсөн юм билээ. Хангай нутгийн хүмүүс говь нутгийн сайхныг биширч, хүүдээ Говьсайхан нэрийг хайрласан гэсэн. Дүүг маань М.Говь-Эрдэнэ гэдэг. Саяхан адил нэртэй хэдэн хүн байдаг юм бол гээд сонирхоод үзтэл, Говьсайхан гэсэн нэртэй 11 хүн байдаг юм билээ.

-Тэгэхээр таны хүүхэд ахуй нас Дорноговь аймагт өнгөрсөн гэсэн үг үү?

-Аавын ажил хаашаа, бид тийшээ дагаад л явдаг байсан. Бараг л бүх аймгуудаар явсан байх.

-Арван жилийн жигтэйхэн олон найзтай байх нь ээ…

-Их олон найзтай. Нэг газар-нэг жил суралцсан болохоор заримыг нь одоо харвал сайн танихгүй байж магад. Нэгдүгээр ангийн 20 жилийн ойн уулзалтад уривал бараг танихгүй дээ /инээв/.

-Ийш, тийш аавыгаа дагаж “нүүдэллэсээр” дунд сургуулиа төгсжээ. Аль их сургуулийг дүүргэв?

-Орхон, Дархан-Уулд миний өсвөр нас өнгөрсөн. Дархан-Уулд волейболын гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сурч, Орхонд химийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгссөн. Тэгээд дараа нь ШУТИС-ийг хүнсний технологич, инженер мэргэжлээр суралцаж төгссөн.

-Волейболын гүнзгийрүүлсэн сургалттай сургууль төгссөн гэлээ. Одоо хэр тоглож байна?

-Өсвөрийн улсын аварга, залуучуудын улсын аваргад оролцдог байсан. Ажлын онцлог, зав зайнаас болоод тоглох ховордсон доо.

-Спортод сонирхолтой, нуруулаг хүн яагаад заавал хүнсний чиглэлээр суралцсан юм бэ. Аавыгаа дагаад цэрэг, армийн хүн болъё гэж бодож байв уу?

-Арван жилдээ бол хуульч болъё гэж боддог байлаа. Цагдаагийн академи болон ШУТИС-д шалгалт өгч, ШУТИС-д тэнцсэн юм.

Аав маань барилгын инженер болгох гэж нэлээн ч үзсэн. Ангийн маань багш томоохон ресторанууд олноор бий болж, хүнсний салбар хөгжих ирээдүйтэй гэж зөвлөсөн юм. Багшийн үг, химийн ангийн сурагч байсан минь нөлөөлсөн ч байх. Ингээд л би гэдэг хүн хүнсний ангийн оюутан боллоо. Дипломоо хамгаалаагүй байсан цаг. Ангийн багшийнхаа урилгаар хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Хүнстех” корпорацид эрдэм шинжилгээний ажилтнаар орлоо.

Бараг дөрвөн жил ажилласан. Ажлынхаа хажуугаар ШУТИС-дээ хүнсний чанар аюулгүй байдлын менежмент мэргэжлээр магистр хамгаалаад ч амжив. Дараа нь Англид мөн л энэ мэргэжлээрээ магистр хамгааллаа. Монголдоо ирээд Рояль академийг төрийн удирдлага мэргэжлээр магистр, Их засаг олон улсын их сургуулийг эрхзүйч мэргэжлээр бакалавр хамгаалсан. Одоо төрийн удирдлагын чиглэлээр докрантурт суралцаж байгаа. Энэ намар докторын зэргээ хамгаалахаар бэлтгээд явж байна.

-Одоо хийж байгаа ажилд эзэмшсэн мэргэжил тань хэр их хэрэг болж байна вэ?

-Хэрэг бололгүй яахав. ШУТИС чинь инженер бэлтгэдэг сургууль. Ялангуяа хүнсний салбар бүх салбартай харилцан хамааралтай. Барилга архитектур, үйлдвэрлэл, төлөвлөлт, гидрологи гээд инженерийн суурь бүх хичээлийг бусад ангиудаас илүү үздэг байсан.

Учир нь барилга байгууламж хүртэл хүний эрүүл мэндтэй шууд холбоотой шүү дээ. Хүнс үйлдвэрлэдэг үйлдвэр барих боллоо гэхэд тэр үйлдвэрийг яаж зохион байгуулах вэ гээд инженерийн түвшинд бэлтгэгдэг байсан. Тэр утгаараа суурь мэргэжил минь өнөөдөр ч надад хэрэг болоод явж байна.

-Хүнсний технологич, инженер хүнтэй уулзсаных асуулгүй өнгөрч боломгүй. Манайхан хүнсний аюулгүй байдал гэж их чухалчилж ярьдаг боллоо. Хүнсний аюулгүй байдлаас болоод хорт хавдрын тоо ихсэж байна гэцгээх юм. Ер нь манайд хүнсний аюулгүй байдлын бодлого гэж байна уу?

-Хүнсний аюулгүй байдал хүний эрүүл мэндтэй холбоотой гэхээсээ илүү үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддаг томоохон асуудал болсон. Саяхны жишээ татахад ковидын үеэр манай улс хүнсний дутагдалд шууд орсон шүү дээ. 60, 70 сая малтай ч үйлдвэрлэгч биш. Хүнсний хангамж хүрэлцээтэй биш болохоор гадаад улсын үйлдвэрлэсэн чанартай, чанаргүй нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүнээс монголчуудын эрүүл мэнд шууд хамааралтай болж байна. Импортын бүтээгдэхүүний чанарын хяналтын асуудалд анхаарах цаг нь болсон. Манайд олон улсын шаардлага хангасан томоохон лаборатори хүрэлцээтэй бус байдаг. Энэ хэрээр хүнсний аюулгүй байдал алдагдаж байна аа л гэсэн үг.

Дээрээс нь үйлдвэрлэлийн явцад гарч байгаа хяналт сул байгаатай холбоотой хүний эрүүл мэндэд чанаргүй сул бүтээгдэхүүнүүд очих асуудлууд байна. Хүнсний хангамжийн асуудал, Хүнсний эрүүл ахуйн хяналтын асуудал, дараа нь энэ шимт бодисын асуудал гээд үндсэн гурван асуудал байдаг. Эд нийлж байж хүнсний аюулгүй байдал бий болдог. Шат шатандаа алдагдаад явахаар улсын хэмжээнд энэ их хорт хавдар гарах, энэ их эмийн хэрэглээтэй байх асуудал гарч байна. Хэрэглэж байгаа эм нь дахиад л чанаргүй байна. Бүгд л хүнстэй, эмтэй холбоотой. Хүнсний аюулгүй байдал бол манайд ноцтой алдагдаад байгаа. Яг энэ мэргэжлээр сурч, ажиллаж байсан болохоор бас санаа зовж явдаг.

ТҮҮНИЙ “ВИТАМИН”, ХҮЧ, УРАМ ЗОРИГ

-Хийж байсан зүйлээсээ шантраад зориг буцаж, больё гээд хаяж байсан удаа бий юү?

-Санаанд орохгүй байна. Эхлүүлсэн юмаа дуусгачихъя л гэж боддог шүү.

-Амьдралдаа баримталдаг зарчим тань?

-Зөв хүн байя л гэж боддог. Зөв хандлагатай байхыг, асуудалд бодитой хандахыг хичээдэг. Хүн харахад зөөлөн, дөлгөөн хүн юм шиг боловч, ажил дээр бол хатуу, шаардлагыг харин ч нэг тавина шүү.

-М.Говьсайхан гэдэг хүнийг тодотгодог зан чанар?

-Найз нөхөд “Чи их ноён нуруутай” л гэж хэлдэг юм. Ер нь бол хүн ялгалгүй, хүнтэй хүн ёсоор харьцахыг чухалчилдаг.

-Таныг урагш тэмүүлэн алхахад түлхэж өгдөг хүч гэвэл юуг нэрлэх бол?

-Миний “витамин”, хүч, урам зориг бол гэр бүл. Эхнэр маань эмч мэргэжилтэй хүн. Бид дөрвөн хүүхэдтэй. Бүгд 10 жилийн сурагч. Хамгийн бага маань энэ намар сургуульд орсон. Ажлын стресстэй жаахан нурмайсан үедээ хүүхдүүдээ хараад л сэргэчихдэг.

-Хэн нэгнээс сонсож байсан хамгийн сайхан урмын үгээ хуваалцаач гэвэл…?

-“Чи чадна аа”, “Болж байна шүү. Илүү ихийг хийнэ шүү” гээд л найз нөхөд маань их урам өгдөг дөө.

-Таны амьдрал дээрх баатар хэн бэ?

-Миний баатар бол миний аав. Багаасаа аавынхаа хажууд, байнга л хамт явдаг сан. Тиймдээ ч аав шигээ хүн болъё гэж боддог байлаа.

-Аав шигээ хүн болж чадав уу?

-Аавынхаа дайнд хүрэхэд арай л болоогүй байх.

-Таны гаргаж буй шийдвэрт юу хамгийн их нөлөөлдөг вэ?

-Би ямар нэг ажил хийхдээ боддог. Дотроо ажлаа төсөөлдөг. Нүдэндээ буулгаж хардаг. Ямар ч ажилд сэтгэл орно гэж байдаг. Хүний нүдэнд өөрт нь буугаад, харагдаж байх юм бол тэр ажил илүү бүтэмжтэй биеллээ олдог гэж боддог. Ямар ч том ажил эхлүүлэх байсан нүдэндээ буулгадаг. Тэгж гэмээнэ өөртөө итгэлтэй болдог. Өөрийнхөө итгэл үнэмшлийг бий болгож байж л шийдвэр гаргадаг. Өөрөө итгэж байж бусдад тэр ажлаа итгүүлнэ. Нөгөөтээгүүр өөртөө итгэлтэй байж л ажлаа гал эрмэлзэлтэйгээр хийнэ шүү дээ.

ХҮНИЙ ТӨЛӨӨ, ХҮНИЙ АМЬДРАХ ОРЧИН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХЫН ТӨЛӨӨХ АЖИЛ

-Та Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй хүн. Олон ч хүн арга зүйн туслалцаа, тусламж авахаар ханддаг байх. Хүмүүс голчлон ямар асуудал дээр тусламж авахыг хүсэж байна вэ?

-Хүмүүст хамгийн хэрэгцээтэй асуудал бол орон байр байна. Ажлын онцлогтой холбоотой ч юм уу, уулзаж, учирч байгаа бүх хүн л хамгийн түрүүнд “Яаж байртай болох вэ” гэж асуудаг. Ахмадууд маань “Ахмадын байр байна уу. Ахмадын байранд оръё” гэх жишээний. Харин залуус түрээсийн байранд ормоор байгаагаа учирлана.

-Ингэвэл зүгээр, тэгвэл зүгээр гээд арга зүйн зөвлөгөө өгдөг л байлгүй дээ тэ?

-Тэгэлгүй яахав. Ийм, ийм боломжууд байна гэж хэлнэ. Иргэд маань бас мэдээллээр дутмаг, дандаа сургаар явж байна. Энд, тэндхийн цуу ярианд автаж, өчнөөн жил хурааж хуримтлуулсан мөнгөө залилан хийдэг хүмүүст өгчхөөд дараа нь үгээ хэлж байна.

-Эргээд харахад хийж байсан ажлуудаас тань хамгийн бахархалтай ямар ажил байна?

-Дөрвөн жил Нийслэлийн орон сууцны Корпараци /НОСК/ гэдэг байгууллагыг толгойлж ажиллалаа. Ямар нэг түлш сайжруулаад, яндан, зуух өөрчлөөд, шинэчлэх нь эцсийн шийдэл биш. Ерөөсөө л бүгдийг нь дэд бүтэцтэй болгоод орон сууцжуулах гэсэн ганцхан зам бидэнд байна. Үүн дээр НОСК анхаарч ажилладаг. Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан илүү хямд өртөгтэй орон сууцыг яаж бий болгох уу, орлогод нийцсэн орон сууцуудыг яаж нэмэгдүүлэх үү, түрээсийн, түрээслээд өмчлөх орон сууцыг Улаанбаатар хотод яаж нутагшуулах вэ гээд л…Мөн хувийн хэвшлийнхний иргэдийг хохироосон асуудал дээр иргэдийн хохирлыг барагдуулах, түр суурьшуулах байраар хангах гээд маш олон төрлийн ажлуудыг хийдэг.

Миний хувьд НОСК-ийг толгойлж ажилласан хугацаандаа Улаанбаатар хотын агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд тодорхой ажлууд хийлээ. Тодруулбал хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санаачилж, хуулийг нь батлуулахад ажлын хэсэгт нь гар бие оролцсон. Энэ хууль батлагдсанаар Улаанбаатар хотод бий болгох гэж буй зургаан дэд төвийн ажил хурдтай урагшлах боломж бүрдэж байна гэсэн үг.

Хамгийн эхнийх нь “Сэлбэ дэд төв”. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын эх үүсвэрийг багасгахаар 12 мянган айлын орон сууцны төслийг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд эхлүүлээд байна. Энэ төслийн хүрээнд 2200 айлын газар чөлөөлөх ёстойгоос бид гуравхан сарын хугацаанд 1400 айлын газар чөлөөлөөд байна. Мөн “Баянхошуу дэд төв”-ийн инженерийн дэд бүтэц бүрэн хийгдсэн, орон сууцжуулах төсөл нь эхэлчихсэн явж байгаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлт гэхээр иргэд ямар ч итгэл үнэмшилгүй болчихсон байсан. Иргэн, компани хоёр хоорондоо тохиролцдог. Компани нь төсөл хэрэгжүүлэх явцдаа нэг жил ч юм уу түрээсийн төлбөр төлдөг. Тэгж байснаа хоёр дахь жилээс нь алга болчихдог. Төслөө бусдад зарчихдаг. Нөгөө авсан компани нь төлөвлөлтөө дахиад өөрчлөөд ямар нэг байдлаар зураг төслөө өөрчилчихдөг. Үүнээс үүдэлтэй маш олон замбараагүй хороолол, хотхон бий болсон байх жишээний.

Дахин төлөвлөлт бол тендер зарлаад зүгээр нэг барилгын цүнхний компанид өгдөг юм биш. Хөрөнгө оруулагч компанид өгөх ёстой. Хөрөнгө оруулагч компани цаашлаад барилгын компаниудаар гүйцэтгэлээ хийлгэж байж илүү хурдтай, бүтээн байгуулалт нь бодитой болно. Нэг жишээ дурдахад, дахин төлөвлөлтийн байршил дээр шалгарсан компани 9 давхар барилгыг хоёр, гурван жил дамнуулаад барьж байна.Есөн давхар 45 блок барилга барина гэвэл 100-аад жил болох юм уу хаашаа юм. Энэ мэтээр төслөө хөрөнгийн чадавхад нь тааруулж өгөхгүй болохоор тухайн компани нэг барилга барих гэж зээл аваад, иргэдээс захиалга аваад л… Энэ тогтолцоо нь буруу. Үүнийг хөрөнгөтэй, хөрөнгө оруулагч компанид өгөөд, тухайн компани нь зургаа гаргаад, барилгын компаниудаар хөлсийг нь өгч бариулбал тэр төсөл хурдтай урагшилна. Тэр утгаараа бид “Сэлбэ дэд төв”-ийн барилгын ажлын зураг төсөл нь гаргачихсан. Одоо барилга барих компанийг сонгон шалгуулна. Тухайн компани барилгыг зураг төслийн дагуу хийж гүйцэтгэнэ ээ л гэсэн үг.

-Баригдсан 12 мянган айлын орон сууцыг иргэдэд борлуулахгүй гэсэн. Үүн дээр мэдээлэл өгөөч?

-Сибирээс орж ирдэг хүйтний урсгал Дунд гол, Сэлбэ голыг дагаад хойноосоо урагшаа чиглэлтэй, Улаанбаатар хотын төв рүү орж ирдэг. Тэгэхээр яг дөрвөн уулын дунд байгаа гэр хорооллын утаа хотын төв рүү хөөгдөж орж ирдэг. Иймд энд байгаа утааны эх үүсвэрийг алга болгох ёстой. Хоёрдугаарт, бид нар зөвхөн агаарын бохирдол яриад байдаг. Хөрсний бохирдол мөн аюулын түвшинд очсон. Олон улсын байгууллагуудын судалгаагаар хөрс 90 гаруй хувийн бохирдолтой байна гээд гарчихсан. Бороо ордог энд байгаа бүх айлын нойлууд урсаад Сэлбэ гол руу ордог. Ингээд Сэлбэ гол маань үерлээд хотын гудмаараа битүү урсдаг. Үүнээс үүдэлтэй төрөл бүрийн халдварт өвчнүүд хүмүүсийн эрүүл мэнд хохироосон асуудал гарах үр дагаврууд байдаг. Тэгэхээр энэ бүхнээс сэргийлэх ганц зам бол гэр хорооллыг орон сууцжуулах.

Тиймээс бид энд барьсан 12 мянган айлын орон сууц бүхий хэсгийг Сэлбэ хот гэж нэрлээд, зах зээл дээр нэгийг ч борлуулахгүй. Дараагийн шатны 32-ын тойрог, Хайлааст, Чингэлтэй, Орбит зэрэг гэр хорооллын бүсийн айлуудад “Та газраа өгөөд, бидний барьсан орон сууцнаас аваач” гэсэн санал тавина.

Төлөвлөлтийн тухайд 60 хувь нь барилга байгууламж, 40 хувь нь ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай байна. 5, 7 давхар хамгийн дээд тал нь 9 давхар байрууд сүндэрлэнэ. Мөн бид инженерийн дэд бүтэц очих боломжгүй уулын энгэр, голын дагуу байгаа бүсүүдэд амины орон сууц барихаар төлөвлөж байна. Хашаагаа тэр бүсэд баригдаж байгаа амины орон сууцаар сольё гэдэг сонголт нь иргэдэд нээлттэй байгаа гэсэн үг.

Мөн төлөвлөлтийн тухайд, Сэлбэ голыг дагасан соёл амралтын бүс бий болгохоор зорьж байна.

-Хот дотор хот баригдах нь ээ. Бүх юм нь Сэлбэ хотдоо, Улаанбаатар хот руу орж ирэх шаардлагагүй байхаар тооцоолж байгаа юу?

-Хүний хэрэгцээтэй бүх зүйл л тэнд 20 минутын хот концепцийн дагуу байгуулагдана. Монгол Улсын Их хуралд танилцуулсны дагуу хүүхдүүд сургуульдаа алхаад очдог, эмнэлэгтээ 20 минутын дотор яваад очдог, төрийн үйлчилгээ нь бүгд хүртээмжтэй байх төлөвлөлтийг хийж байгаа. Энэ зураг төсөл батлагдсан учраас төлөвлөгөөний дагуу барилгажилтын төслүүд хэрэгжинэ.

-Ажил хийж байсан хүмүүс нь солигдчихоор ажил нь зогсчих гээд байдаг талтай. Одоо орон нутгийн сонгууль болох гэж байна. Энэ сонгуулийн үр дүн яаж ч гарсан дэд төвүүдийн ажил урагшлах болов уу?

-Урагшилна л гэж бодож байна. Учир нь дэд төвүүдийг хөгжүүлэх хууль батлагдсан. Хэрэгжүүлэгч байгууллага нь тодорхой хуульд заагдсан. Дагалдах журмууд мөн батлагдсан. Өмнө ямарваа нэг бүтээн байгуулалт хийгдэх явцад хоёр айл хэт өндөр үнэ нэхдэг, нэг бол газраа өгөхгүй гэдгээс болоод тухайн төсөл гацдаг байсан. Энэ хуулийн зохицуулалтаар иргэдийн 70 хувь нь зөвшөөрвөл үлдсэн 30 хувийг нөхөх олговортойгоор жишиг үнээр албадан чөлөөлөхөөр болсон.

Энэ мэтээр эрхзүйн орчинтой болсон учир саадгүй хэрэгжих байх. Зураг төслийн ажил 158 га дээр хийгдээд дууссан. Хөрөнгө оруулалтаа гадаадын зах зээлд бонд гаргаж шийдэж байгаа. Тендерүүд зарлагдаад гүйцэтгэгч компани шалгараад явчихаар ямар нэг саатах, зогсох боломжгүй. Тийм эрсдэл байхгүй. Аль ч нам гарсан, аль ч засаг солигдсон энэ бол иргэдэд зориулсан хэрэгжих ёстой асуудал. Улс төрийн үзэл бодлоор яаж ч хандсан энэ бол иргэдийн амьдрал дээшлэх, орчин нөхцөл сайжрах, агаар хөрсний бохирдол буурах ганц гарц. Ялангуяа Улаанбаатар хотын төвтэй хамгийн ойрхон энэ бүсийг засч, сайжруулах хэрэгтэй. Дээрээс нь төслийн хүрээнд долоон буудал орчимд ногооны том худалдааны төв, захыг төлөвлөж байгаа. Батсүмбэрийн сангийн аж ахуйд газар тариалан эрхэлж байгаа иргэдийн зах зээлийг бүрдүүлж, Нарантуул руу заавал явахгүйгээр хүнсний бүтээгдэхүүнээ авдаг байх. Мөн тэнд авто терминалыг төлөвлөсөн. Хурдын тойрог замтай уялдсан, нийслэл хотын 2040 ерөнхий төлөвлөгөөтэй холбогдсон төлөвлөлтийг ч мөн хийж байгаа учраас төсөл цаашдаа хөгжөөд явна.

-НОСК-ийн хэрэгжүүлж байгаа хамгийн аятайхан төсөл энэ шүү, сонирхоорой гээд зөвлөөч та?

-НОСК урьдчилгаа төлбөргүй, бага хүүтэй орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх гэж зорьдог. Одоо НОСК орон сууцны сангаа бүрдүүлж иргэдийг түрээсийн байраар хангах ажлыг зохион байгуулж байна. НОСК түрээсийн байраа м.кв-ыг нь 10 мянган төгрөгөөр түрээсэлдэг. Зах зээл дээр 50 м.кв-тай хоёр өрөө байрны дундаж үнэ 1.500.000 орчимтой байгаа Гэтэл 50 м.кв-ыг 10 мянгаар үржихэд 500.000 мянган төгрөгөөр буюу хоёр дахин бага үнээр түрээслүүлж байна. Ийм учраас хүмүүс НОСК-ийн түрээсийн байранд орно гээд материал бүрдүүлдэг. Гагцхүү бидэнд орон сууцны сан тоотой, бага байдаг. Дээрээс нь хувийн аж ахуй нэгжүүдийн хохироосон иргэд “Бид хаана очих бэ? Орон байргүй болчихлоо” гээд ирнэ. Тэр хувийн компани шиг иргэдээ гудамжинд хаялтай нь биш. НОСК-ийнхоо түр суурьшуулах байр руу оруулдаг. Энэ байр уг нь иргэдтэй нэг жилийн хугацаанд гэрээ хийгээд, гурав хүртэл удаа сунгаж болно гэдэг заалттай. Тэгэхээр тухайн байранд гурван жил амьдраад дараагийн хүндээ боломж олгох ёстой гэсэн үг. Гэтэл манайхан нэг орчихоороо гардаггүй. Бүр долоон жил болчихдог. Та гараач ээ дараагийн хүн чинь орох гээд байна гэж хэлж нэг үзнэ. Хуулийг хэрэгжүүлэх тал дээр нэлээн шахаж иргэдэд ойлголт өгөхгүй бол хэдхэн хүн энэ боломжийг ашиглачих гээд байдаг талтай.

Урьдчилгаа төлбөргүй орон сууцны зээлийг НОСК-иас бонд гаргаж иргэдэд олгосон. 6-8 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай, урьдчилгаа төлбөр төлөхгүй ийм байруудыг төр, хувийн хэвшлийн 1400 албан хаагчид олгосон. Иймэрхүү хөтөлбөрүүдийг олноор хэрэгжүүлэх ёстой. Дээрээс нь түрээсийн орон сууцны олон төрлийн хэлбэрүүдийг хэрэгжүүлэх ёстой. НОСК хөгжихийн хэрээр санхүүжилт, хөрөнгө оруулалт сайжрахын хэрээр орон сууцны олон төрлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Европ,Сингапурт хэрэгждэг орон сууцны хөтөлбөрүүдийг судалж байна. Жишээ нь Парист хотын захиргаа нь тухайн жилд баригдсан барилгын 30 хувийг өөрийнх өртгөөр худалдаж авдаг. Худалдаж аваад НОСК шиг олон байгууллагууддаа тараагаад өгдөг. Нөгөөдүүл нь иргэдэд байраа борлуулахын тулд бүтээгдэхүүнээрээ өрсөлддөг. Манайх Univsion-тэй, манайх дугуйны зогсоолтой гэдэг ч юм уу бүтээгдэхүүнээрээ өрсөлддөг. Гол шалгуур бол иргэдийн сард төлөх орлогын бодит байдал дээр тулгуурладаг. Тэгэхгүй бол 500.000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүн 700.000 төгрөгийн түрээсийн байранд орчихвол сар бүр дутуу төлөлттэй, хасах дүнтэй яваад хуримтлал үүснэ. Хэн хэнийгээ хохироодоггүй ‘’win-win’’ зарчим дээр л үндэслэсэн орон сууцны олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Манайхаас хэрэгжүүлж байгаа хамгийн аятайхан төсөл нь “Орлогод нийцсэн Ногоон орон сууц” гээд 800 айлын төсөл байна. 430 айлын орон сууц нь Баянхошуунд, 370 айлын орон сууц нь Цайзад баригдаж байгаа. Энэ төсөл 2025 оны эхний улиралд ашиглалтад орно. Эрчим хүчний хэмнэлттэй, саарал ус ашигладаг ногоон орон сууцны төсөл байгаа. Түрээслээд өмчлөх хэлбэрээр хугацааг нь тохироод айлуудаа оруулна. Урьдчилгаа төлбөр авах уу, авахгүй юу гэдгээ орон сууц ашиглалтад ороход шийднэ. Тодруулан хэлбэл, Засгийн газар, УИХ дээр орон сууц, баялгийн сантай холбоотой хуулийн төслүүд явж байгаа. Хуулийн төслүүд батлагдахад иргэдэд чиглэсэн урт хугацааны бага хүүтэй хөнгөлөлттэй, олон төрлийн давуу талуудтай хөтөлбөр хэрэгжих бололцоо бүрдэнэ.

-Улаанбаатар хотод анх удаа дулааны төлбөр төлөхгүйгээр амьдарч болох загвар орон сууцыг ашиглалтад орууллаа гэж дуулдсан. Энэ хаана байсан бэ?

-“Хайбрид хаус” компанитай хамтраад, гэр хорооллын дунд, инженерийн дэд бүтэц очих боломжгүй байршлуудад эрчим хүчний хэмнэлттэй, нарны эрчим хүчээр халдаг, өөрийн эх үүсвэртэй, гүний худагтай орон сууцны төслийг хэрэгжүүлсэн. СХД-ийн 31 дүгээр хороонд баригдсан хаус маань ашиглалтад орчихсон. Найман айл амьдарч байна. Дараагийн найман айлын хаус маань БЗД-ийн 18 дугаар хороонд мөн л уулын энгэр дээр баригдаж байгаа. Хоёр давхар байшин ч байхгүй газар орон сууц барьж иргэдэд харууллаа. Бид энэ төслөө олон улсын байгууллагууд болон хөрөнгө оруулагч нарт загвар байдлаар үзүүлнэ. Ингээд гэр хорооллыг орон сууцжуулж болж байна гэдгийг харуулахыг зорьсон.

ХОТ гэдэг нь:

  1. “Х”үний төлөө ажил юм. Өөрөөр хэлбэл ХҮН ТӨВТЭЙ ХОТЫН БОДЛОГО.
  2. “О”рчин нөхцөлийг сайжруулсан ОРЧИН ТӨВТЭЙ ХОТЫН БОДЛОГО
  3. “Т”өлөвлөлттэй хот байж иргэдийн цаашдын ажиллаж амьдрах боломж бүрдэнэ. Тиймээс ТӨЛӨВЛӨЛТ ТӨВТЭЙ ХОТЫН БОДЛОГО нэн чухал байна.

Энэ гурав нийлж байж ХОТ гэдэг зүйл бий болдог. Хүн бүхэн БИДНИЙ ХОТ, МИНИЙ ХОТ сэтгэхүйтэй байгаасай. Тэгж байж энэ хот илүү хурдацтай хөгжих боломж бүрдэх юм болов уу гэж бодож байна.

-Ярилцлагын төгсгөлийг танд үлдээе…

-Хүн болгон л ажил хийдэг. Тодорхой хэмжээгээр орлого олдог. Тэр орлого нь амьдралд нь, авах гэж байгаа юманд нь хүрэлцдэг болж байж л стресс, уур уцааргүй болно. Тэгэхээр улс маань тодорхой хэмжээнд үйлдвэрлэгч орон болоосой. Байгалийн баялгаа боломжоороо ашигладаг байгаасай. Гэр хорооллынхон маань бүгд орон сууцтай болоосой гэж боддог. Үүнийг дагаад маш олон эерэг өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэдэг. Монгол орон маань аль стрессгүй, амар тайван, хүмүүс нь хоорондоо инээгээд мэндэлдэг тэр цаг ойрхон гэж бодож байна.

 

Э.НАМАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *