Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

МҮОНРТ-ын удирдлагыг өөрчилж гурван намаас хүн томилох хэрэгтэй байна DNN.mn

Радио телевизийн 90 жилийн ой болж тэд маань хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа биз ээ. Яг энэ үе буюу хүмүүсийн анхаарлыг татаж байгаа үед нь хэдэн үг хэлмээр байх юм. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз цаг үеэсээ мөн ч их хоцрогджээ. Үүний нэг тод жишээ л гэхэд Оросын ерөнхийлөгч В.Путины айлчлалд зориулж “Халх голын дайн” нэвтрүүлгийг бүтэн хоёр сарын турш тасралтгүй гаргалаа. Дайн гэдгээ сүүлдээ байлдаан гэх болсон юм уу даа.Нэвтрүүлгийн үеэр Цэргийн музейн тайлбарлагч “Халх голын дайнаар манай улс жаахан л газар нутгаа алдсан” хэмээн тайлбарлаж зогсох юм. Энэ юу гэсэн үг вэ. Сөөмхөн газрын төлөө ч цусаа харамлахгүй тэмцэлд хэмээн ухуулж, сэнхрүүлдэггүй биш билүү.

Гэтэл Монголын газар нутгаас бүхэл бүтэн Мана уул, Нөмрөгийн голын зүүн эргийг алдсан Халх голын байлдааныг Монголын тусгаар тогтнолын гол дайн мэтээр хоёр сар ухуулж байх юм. Угтаа “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэх өвгөдийн захиастай гэж хийрхээд байдагсан, юу болсон бэ гэж асуумаар. Бурхан газар гуйн ч гэж юу байхав дээ, өөрөө бүтээчихээд, дараа нь хэдэн малчнаас газраа өгчих гээд л явна гэж сэтгэх бол мөн ч далийж байгаа юм шүү.

Тэгээд ч Япон Монгол руу дайтах санаа огт байгаагүй юм биш үү дээ, шинээр илэрч байгаа баримт фактуудаас харж байхад. Нөгөө Гэндэн сайдын “Дуртайгаараа Япон Орос хоёр л байлдана биз” гэж байсан үнэн л юм байна. Манай радио телевиз Японы NHK телевизээс мөн ч их тусламж дэмжлэг авдаг байсан даа. Бараг тэрийгээ бодоод ичмээр юм, Японыг дайсан гэж сурталчилж байхдаа. Монголын ард түмэн бол хүнд үед тусалсан япончуудыг мартаагүй байгаа.

Газар нутгийн ямар ч маргаангүй цэвэр Монголын газар нутаг Мана уулаа бусдын гарт алдчихаад энэ нь ялалт, гавьяа мэтээр өнөөдөр ярьж сууна гэдэг ямар нүд халтирам үзэгдэл вэ. Үүгээрээ энэ телевиз Монголын гэхээсээ илүү Оросын суртал ухуулгын дуу хоолой болсон мэт харагдаж байна. “Шалихгүй ээ, багахан л газар нутгийг алдсан шүү дээ” гэж ухуулбал энхийн бус цагт хэн эх орныхоо төлөө амиа үл хайрлан тэмцэх юм бэ. Энэ үгээрээ Монголын залууст ямар дархлааг бий болгох гээд байна вэ.

Загас толгойноосоо эхэлж мууддаг гэдэг. Тиймээс энэ телевизийн удирдлага, зохион байгуулалтыг өөрчлөх цаг хэдийнэ болж. Учир нь өнөөгийн Монголын залуус тэс өөр болсон гэдгийг тэд мэдрэхгүй хоцрогджээ. Үзэгчдийнхээ үзэж харж, сонсож байгаагаас хэдийнэ хоцрогдсон, тоож харахааргүй контент их хийх юм.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар “үндэсний соёл, урлаг, түүх, ёс заншил, уламжлалыг хүндэтгэх, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, хүрээлэн байгаа орчноо хамгаалахыг дэмжих” бодлого туссан байдаг.

Гэтэл ёс заншил, уламжлалыг сурталчилна гэхээр малын тухай, малчдын амьдралын тухай, бөөгийн тухай, нум сумны тухай, их сайндаа мөнгөн аяга, эмээл хийж байгаа тухай утга агуулгын хувьд хэтэрхий сонирхолгүй, уйтгартай нэвтрүүлэг гарах юм. Бидэнд тэгээд үүнээс өөр ёс заншил байхгүй хэрэг үү. Ямар сайхан жудагтай хүмүүс байсан тухай хийж болохгүй юү. Ийм юм л гол ёс заншил биз дээ. Вертуалжсан сошиал, дижитал зонхилсон ертөнцөд амьдарч байгаа орчин үеийн залуус тэр мал маллагааны тухай, чөдөр яаж зангидах тухай нэвтрүүлгийг чинь ойлгохгүй шүү дээ.

Өөрөөр хэлбэл, уйгаржин монгол бичиг байтугай кириллээр ч зөв бичиж чадахаа байчихсан өнөөгийн залууст Монголын нууц товчоог уйгаржин галигаар уншуулж бичүүлэхтэй л адил ойлгомжгүй зүйл. Ках гух гэсэн л юм уншигдана биз дээ.

МҮОНРТ-ийн редакцын бодлого, нэвтрүүлэг хэт хоцрогдчихоод байгаа нь контентоос нь ийн нэвт шувт харагдах боллоо. Дэлхийн контентуудын хажууд яая дээ гэж чамламаар харагдах юм. Уг нь техник технологийн хувьд шинэчлэгдэж орчин үеийнх болсон юм билээ. Ер нь контент хийхэд авьяас, сэтгэл, мэдрэмж, ур чадвар чухал. Өндөр чадвартай техник технологи шаардлагагүй гэдгийг дэлхийн олон сая блогчид, олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нотолж байна.

Хэвлэл мэдээллийн салбарт мобайл сэтгүүл зүй өнөөдөр хүчээ авч байна. Үнэтэй, нүсэр техник чирч явж байснаас өдөр тутмын мэдээллийг утсаараа хийчихэж болж байна шүү дээ. Гэтэл МҮОНРТ-д техник нь байгаа ч, хүн хүч нь байгаа ч нийтлэл нэвтрүүлгийн бодлогыг зангидаж яваа удирдлага, зохион байгуулалтын багийн харах өнцөг, бодлого өнөө үеийг гүйцэхгүй хоцрогдчихжээ.

Удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, солихыг шаардах эрх олон нийтэд бий. Учир нь хуулиар Монголын үндэсний радио, телевиз олон нийтийн өмч. Тиймээс дуугүй хаямааргүй байна.

Гурван нам хамтарч Засаг барьж байгаа энэ үед удирдлагын багийг гурван намд хариуцуулъя. Өөрөөр хэлбэл, Үндэсний зөвлөлийг нь шинэчилж, МАН-д ерөнхий захирлыг нь, АН-д дэд захирлыг, ХҮН намд Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргыг хариуцуулж өгье. Ядахдаа одоо байгаа Оросын суртал ухуулгын үүрэг гүйцэтгэхээсээ арай дээрдэх байх гэж горьдож байна.

Тэгэхгүй бол радио сонсдог хүнгүй боллоо. Нэр хүнд нь ч дахиж сэргэхээргүй боллоо. Сар бүр хураамж татвар төлдөг ч үзэж харчих юм алга гэх шүүмжлэл өнөөг хүртэл олон нийтийн дунд амь бөх оршсоор л байна. Аргагүй шүү дээ. Нэг бол социалист Оросын киногоор “бөмбөгдөнө”. Нэг бол зөвлөлт Оросыг дэмжсэн суртал ухуулгатай нэвтрүүлэг мэдээллээр “бөмбөгдөж” байна. Радио ч ялгаагүй.

Иргэдийн өргөн хэрэглэж байгаа төрлийн нэг бол радио. Орон нутаг ч, хотод машиндаа ч радио, fm эрэлттэй байдаг. Гэтэл мөн л Монголын радио сонсогчдоо алдаж байна. Хуучин цаг тутам таван минутын мэдээ түгээсэн болдог байсан бол одоо заримдаа өнждөг болж хэмээн сонсогчид нь шүүмжилж байх юм. Тиймээс МҮОНРТ-ийг шинэ шатанд гаргаж шинэчилмээр байна.

Мөн удирдлагын баг хуулиар хүлээсэн бодлого, нийтлэлийг түгээдэг болмоор байна. Хэдий хүртэл зөвлөлт Оросын школоор явж, хуучирсан нийгмийн үзэл суртлыг Монголын өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр тараах вэ. Одоо өөрчлөх цаг нь болсон. Ийм үүрэг УИХ-д ч ирж байна.

Олон нийтийн хэвлэл мэдээлэл бол нийгмийн соён гэгээрүүлэх үүрэгтэй. Эх оронч, ирж байгаа нийгмийн нэг гишүүн нь болж өсөх ёстой. Ийм учраас ч татвараар санхүүждэг. Аль нэг намын дуу хоолой болох учиргүй. Нийгмийн хөгжил дэвшлийг чиглүүлэгч гол луужин нь. Тиймээс хуучирч муудсан буруу чигийг заадаг, эх орноо үл хүндэтгэдэг, үзэгчид сонсогчдоо хүн гэж боддоггүй хуучин удирдлагыг нь солихгүй бол гадны дурын орны үзэл суртлыг тараагаад эх орондоо хайргүй хүмүүс болгон харагдуулах нь байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *