Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэснээс хойш өдгөө 29 дэх жилдээ Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлж байна.
Улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31,635 иргэнийг цагаатгаад байна.
Цагаатгалын хууль батлагдсан 1998 оноос хойших хугацаанд хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтад тусгагдсан 500,0 мянга болон 1 сая төгрөгийн нөхөх олговрын хүрээнд 16 тэрбум 608 сая төгрөгийн нөхөх олговрыг 18,379 иргэнд, харин 2018 онд батлагдсан Цагаатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэгдсэн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалт буюу хэлмэгдүүлэлтийн хор уршгийг өөрийн биеэр мэдэрч, бие махбод, сэтгэл санааны хохиролд хамгийн ихээр өртсөн хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40 болон 80 сая төгрөгийн нөхөх олговор олгох ажлын хүрээнд 100 тэрбум 600 сая төгрөгийн нөхөх олговрыг 1863 иргэнд тус тус олгосон бөгөөд нийт 20,242 иргэнд 117 тэрбум 208 сая төгрөгийн нөхөх олговрыг олгоод байна.
Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлийн ажлын хүрээнд “Хамаг Монголчууд бүү мартагтун” баримтат цуврал нэвтрүүлгийн “Хэлмэгдүүлэлт ба Төр нийгмийн зүтгэлтэн” дугаар, “Гэмшлийн гэрэлт зам” цуврал нэвтрүүлгийн нэг дугаар, хэлмэгдүүлэлтийн тодорхой цаг үеийг илтгэсэн 8 цуврал комикс, “Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалын Цагаан ном” 1 дүгээр боть /Дорнод аймаг/, 2-р боть /Увс аймаг/ зэргийг тус тус бэлтгэн иргэд, олон нийтийн хүртээл болголоо.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль УИХ-ын чуулганаар батлагдаж цагаатгуулах тухай өргөдөл, гомдлыг хүлээн авах хугацааг заасан уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг хасаж тодорхой заасан хугацаагүй болж, “БАЙНГЫН НЭЭЛТТЭЙ”-гээр хүлээн авахаар боллоо. Хуульд ийнхүү өөрчлөлт орсноор хэлмэгдүүлэлтийн улмаас нийгэмд учирсан хор хохирол, үүсэж бий болсон шалтгаан нөхцөлийг тодорхойлох, хэлмэгдэгчдийг цагаатгах, нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах юм.
Мөн БНСУ-д төвтэй “Азийн хэлмэгдүүлэлтэд өртсөн улс орны сүлжээ байгууллага”-д Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс гишүүн байгууллагаар элсэж, тус байгууллагатай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж улмаар БНСУ-ын Гванжу хотод “Монголын нэн шинэ үеийн түүх: Их хэлмэгдүүлэлт ба Соёлын устгал” тусгай үзэсгэлэнг гаргасан нь Зүүн өмнөд азийн болон бусад орны төрийн байгууллагуудын төлөөлөл, иргэдэд Монголын хэлмэгдүүлэлтийн түүхийг таниулах, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулсан нь гадаад харилцааны чиглэлээр хийгдсэн онцлох томоохон ажил болсон юм.
Энэ удаагийн “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээнд урилгаар БНСУ-ын ижил төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байгууллага болох “Чэжү 4.3 Энхтайваны сан”, “5.18 Ардчиллын хөдөлгөөний үнэний комисс”-ын удирдлага, зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байгаа нь онцлох үйл явдал болж байна.
Түүнчлэн Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран 2022 оноос эхлэн уламжлал болгон 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сүм хийдүүд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ буяны ном хурах арга хэмжээг зохион байгуулж байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр Улсын хэмжээнд зохион байгуулсан олон талт ажил, арга хэмжээг нийгэмд түгээн таниулах, ач холбогдол зүйг нь нэмэгдүүлэх, хэлмэгдүүлэлтийг ахин давтахгүй байх, соён гэгээрүүлэх цогц арга хэмжээг авахаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс ажиллаж байна гэж Цагаатгалын Улсын комисс /ЦАУЗБУК/-аас мэдээллээ.