Categories
гадаад мэдээ

Дональд Трампыг яллах дүгнэлт шинэчлэгджээ DNN.mn

АНУ-ын Дээд шүүх “Ерөнхийлөгч Трампын халдашгүй байдалд хамаарах зүйлээр шүүх яллах дүгнэлт үйлдэхгүй” гэсэн шийдвэр гаргангуутаа амралтаа авсан билээ. Харин одоо Дээд шүүхийн амралт дууссан тул тусгай прокурор Жек Смит Дээд шүүхийн уг шийдвэрт тохируулан Дональд Трампад зориулсан яллах дүгнэлтийг дахин боловсруулсан гэж мэдэгдэв. Түүний энэхүү шинэ яллах дүгнэлтийн эх бичвэрт Трампыг буруутгаж байсан дөрвөн зүйл заалтыг хэвээр үлдээсэн боловч Дээд шүүхийн уг шийдвэрийн шаардлагыг хангаж, зарим зүйлийг өөрчилсөн юм байна. Тусгай прокурор Трампыг засгийн газрыг залилан мэхэлж, албан ёсны үйл ажиллагаанд нь саад учруулж, хөндлөнгөөс оролцохыг завдсан, иргэдийн эрхийг зөрчин 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг луйвардах гэж оролдсон гэж буруутгаж байгаа юм.

Харин Трамп “Тусгай прокурор Жек Смит намайг 2020 оны сонгуулийн дүнг луйвардсан гэж ямар ч нотлох баримтгүйгээр буруутгаж байна” хэмээн мэдэгдсээр байгаа юм. Энэ удаа ч Трамп тусгай прокурор түүнд шинэ яллах дүгнэлт үйлдсэн явдлыг “Truth Social” нийгмийн сүлжээндээ “Түүний энэ алхам нь шулмын анг сэргээж, Америкийн ард түмнийг сонгуулиас сатааруулах гэсэн оролдлого” гэж бичсэн байна. Мөн Трампын хуулийн багийн төлөөлөгч АНУ-ын CBS телевизийн сувагт “Шинэ яллах дүгнэлт гаргасан нь бидний хувьд гэнэтийн зүйл биш. Улсын дээд шүүхийн шийдвэрт тохируулж эрх баригчид үүнийг хийнэ гэдгийг бид хүлээж байсан. Энэ явдал бидний байр суурийг өөрчлөхгүй. Смитэд Трампыг уг хэрэгт буруутгах хангалттай нотлох баримт байхгүй учир тусгай прокурор хэрэг үүсгэхээс татгалзах ёстой” гэж ярьжээ.

Трампыг яллах шинэ дүгнэлтэнд өөрчлөлт орсноор уг дүгнэлт 45-аас 36 хуудастай болж “нимгэрсэн” байна. Жишээ нь, Трамп сонгуулийн ялагдлаа хүчингүй болгохын тулд Хууль зүйн яамны ажилтнуудад шахалт үзүүлэхийг оролдсон гэсэн заалт эндээс хасагджээ. Учир нь Дээд шүүхийн шийдвэрээр ерөнхийлөгч Трампын засгийн газрын ажилтнуудад өгсөн тушаалыг хууль бус гэж үзэх ёсгүй болж байгаа аж. Мөн шинэ эх бичвэрт “Трамп мужуудын сонгуулийн үр дүнг баталгаажуулах үйл явцад нөлөөлөхийг оролдохдоо ерөнхийлөгчийн хувиар бус иргэний хувиар нөлөөлсөн” гээд “Трамп дэд ерөнхийлөгч Майк Пенсийг сонгуулийн дүн болон Байдены ялалтыг баталгаажуулахгүй байхыг ятгахыг оролдсон” гэх мэт батлах баримтуудыг дурдсан байна. Тэгвэл Дээд шүүхийн ерөнхий шүүгч Жон Робертс “Ерөнхийлөгч Трамп дэд ерөнхийлөгч Пенс хоёрын хоорондын яриа ерөнхийлөгчийн халдашгүй байдлын тухай шийдвэрт хамаарна” гэж хэлжээ. Харин мэргэжлийн ажиглагчид Дээд шүүх нэг, хоёр шүүгчийн саналаар бус бүх шүүгчдийн олонхийн саналаар шийдвэр гаргана гэдгийг онцолжээ. Мөн АНУ-ын үндсэн хуулийн мэргэжилтэн Дэниел Чарльз Ричман BBC-д “Шинэ яллах дүгнэлт гарснаар уг хэргийг хурдасгана гэсэн үг биш бөгөөд шүүх хурал 11 дүгээр сарын сонгуулиас өмнө эхлэх магадлал багатай” гэж хэлжээ. Тэгвэл Дональд Трампын хуульчид болон тусгай зөвлөх Жэк Смит нар өнгөрсөн баасан гарагт хамтарсан мэдэгдэл хийж “Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэргийг хэрхэн үргэлжлүүлэх талаар бид санал нийлэхгүй байна” гэж зарлажээ.

Тусгай прокурор Смит энэхүү хамтарсан мэдэгдлийн үеэр уг хэргийг шийдвэрлэх цаг хугацааны талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж, “Энэ хэргийг хэзээ шүүхээр оруулах нь хуулийн дагуу миний бүрэн эрхийн асуудал” гэж хэлжээ. Харин Трампын өмгөөлөгчид уг хэргийн сонсголыг 11 дүгээр сарын сонгууль өнгөртөл хойшлуулахыг санал болгосон байна. Харин олон хуульчид “АНУ-ийн ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялбал Хууль зүйн яаманд түүний эсрэг гаргасан холбооны бүх нэхэмжлэлийг эргүүлэн татах тушаал өгнө” гэж үзэж байна. Гэхдээ энэ сарын 10-нд Филадельфи хотод болох ABC News-ээр шууд явагдах Харрис, Трамп нарын мэтгэлцээний үр дүнгээс сонуулийн явц ихээхэн хамаарна. Учир нь Трамп уг хэргээс гадна энэ сард “Бэлгийн харьцаагаа далдлан нуух гэж санхүүгийн залилан хийсэн” гэх хэрэгт оногдох ялаа Тангарагтны шүүхээс сонсоно. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч Дональд Трамп бол албан ёсны гэмт хэрэгтэн. Харин Харрис прокурор байхдаа элдэв гэмт хэрэгтэн ялангуяа цагаан захтнуудад ял оноож нэрд гарсан нэгэн. Иймээс ялтан, яллагч хоёр ABC New-ээр мэтгэлцэх болж байна гэсэн үг.

Энэ нь өнгөрсөн зургадугаар сард CNN телевизээр явагдсан Байденыг Харрисаар солиход хүргэсэн нэр дэвшигчдийн мэтгэлцээнтэй адил үр дүнд хүргэж магадгүй юм. Учир нь АНУ-ын энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуультай хамт Сенатын танхимын 100 гишүүний гуравны нэг, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүний тал хувь нь мөн нэлээд хэдэн мужийн амбан захирагч дахин сонгогдоно. Энэ олон зуун улстөрчийн хувь заяа болон намын бодлого Д.Трамп, Вэнс нарын сонгогчдын дунд байгаа нэр хүндээс шууд хамаарна. Гэтэл яллагдагч Трампаас гадна дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Дэвид Вэнс нь ерөнхийлөгч байсан Дональд Трампын татаасаар 2022 оны 11 дүгээр сарын 8-нд болсон сонгуулиар ардчилсан намын гишүүн Тим Райаныг 53 хувийн саналаар ялж, Охайо мужаас анх удаа сенатор болсон улс төрийн ямар ч туршлагагүй нэгэн юм. Иймээс энэ удаагийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль адал явдлаар дүүрэн болж өнгөрөх нь ойлгомжтой болоод байна.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *