Categories
гадаад мэдээ

Шуугиан дагуулсан айлчлах сураг DNN.mn

НҮБ-ын Олон улсын эрүүгийн шүүх/ОУЭШ/-ээс “Тус шүүхийн шаардлага Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилнэ” гэсэн албан ёсны мэдэгдэл гаргав. Учир нь ОУЭШ Украины хүүхдүүдийг Орос руу хууль бусаар албадан гаргахад Путин хариуцлага хүлээх ёстой хэмээн түүнийг баривчлах шийдвэр гаргасан билээ. Энэхүү мэдэгдлийг барууны хэвлэлүүд “Энэ сарын 3-нд тус улсад айлчлах гэж буй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг баривчлах тушаал” гэж бичиж байна. Үнэхээр ч Улаанбаатарт хийх айлчлал нь 2023 оны гуравдугаар сард тус шүүхээс Путиныг баривчлах шийдвэр гаргаснаас хойш ОУЭШ-ийг хүлээн зөвшөөрсөн улсад хийж буй ОХУ-ын төрийн тэргүүний анхны айлчлал болох төлөвтэй байна. “Болох төлөвтэй байна” гэж бичиж байгаа нь түүнийг ирээ ч үү, үгүй ч үү гэж байгаа хэрэг. Учир нь өнгөрсөн долоо хоногийн эцсээр ОХУ-ын 235 дугаар гарнизоны цэргийн шүүх “Мөрдөн байцаалтын нууц болон хуулиар хамгаалагдсан бусад нууцыг задруулах боломжтой” гэсэн шалтгаанаар хаалттай явагдаж Шойгугийн орлогч, Батлан хамгаалахын дэд сайд асан Павел Поповыг залилангийн хэргээр баривчлах шийдвэр гарган Москвагийн Бутырка гэх урьдчилан хорих төвд илгээсэн билээ.

Ийнхүү Павел Попов сүүлийн саруудад баривчлагдсан Оросын 10 дахь генерал болов. Учир нь дайн тулаан болж байхад ийм олон генералаа шоронд хорьж байсан явдал урьд нь дэлхийн түүхэнд тохиож байгаагүй юм. Иймээс олон улсын судлаачид уг явдлыг Украины дайнд ялагдангуут Путин “Авлигачин генералуудаас болж бид ялагдсан хэмээн өөрийн амийг авч гарахыг оролдож байна” гэж мэдээлж байгаа билээ. Өнөөдөр Украины нутаг дэвсгэрт оросууд урагшилж байгаа ч цэргийн хохирол нь 15:1 болж байгааг шинжээчид “халаглан” бичиж байна. Кремль гэрээт цэргийнхээ мөнгийг хэд дахин нэмэх шийдвэр гаргасан ч цэрэгт явах хүн олдохгүй болоод байна. Харин ОХУ-ын нутаг дэвсгэрт явагдаж буй байлдаанд Путин өөрийн амлалтаас буцаж хугацаат цэргүүдийг дайчлан оролцуулах болов. Энэ нь Оросын арми цэрэггүй болж байна гэсэн үг. Ингэсэн ч Путин “Аугаа эх орныхоо төлөө босцгоо” хэмээн цэргийн дайчилгаа явуулж чадахгүй. Хэрэв ингэвэл эцэг, эхчүүд генералуудтай нэгдэж Путины дэглэм хэдхэн өдөрт мөхөх болно.

Бас Украины арми эх нутагт нь халдсан даруйд Путин ОХУ-ын Үндсэн хуулийг биелүүлж, атомын бөмбөгийн цохилт өгөх ёстой байсан. Гэтэл тэр Үндсэн хуулиа ч биелүүлэх чадваргүй болоод байна. Энэ нь зарим цэргийн шинжээчид “Оросын тив алгасах пуужин, атомын бөмбөгүүдийг Украинд үйлдвэрлэсэн учир 2014 хүртэл Украины мэргэжилтнүүд Оросын пуужин, атомын бөмбөгөнд үйлчилгээ хийдэг байсан. Дайнаас хойш энэ үйлчилгээ зогсож, үйлчилгээ хийх мөнгийг нь генералууд нь халаасласан учир Путин атомын бөмбөггүй болсон” гэж бичиж байсан нь ортой болж таарч байна. Мөн зарим судлаачид “Хэрэв Путин атомын бөмбөг хэрэглэх гэвэл барууныхан энгийн пуужингуудаар Оросын удирдлага хамгийн гол нь Путинг шууд устгана. Тиймээс тэр атомын бөмбөг ашиглаж чадахгүй” гэж байсан билээ. Ямар ч байсан Путинд ямар ч “улаан шугам” байхгүй, түүний атомын бөмбөгний заналхийлэл нь гадныхныг айлгаж, дотоодынхныг тайвшруулах гэсэн хий хоосон зүйл байсан гэдэг нь ил болоод байна. Мөн саяхан Украин өөрийн гэсэн Москва хүрэх, тийрэлтэт дрон бас баллистик пуужин үйлдвэрлэж эхэлсэн нь тодорхой болсон. Энэ бүхэн Путин дотооддоо хэзээ ч буудуулж магадгүй болсон гэсэн үг. Үнэхээр ч тэр сүүлийн саруудад сумнаас хамгаалах хантааз өмсөж, Кремльд ажиллахгүй, албан тушаалтануудтай хаана уулзахаа уг уулзалтын өмнөхөн мэдэгдэж, аль болох гадаадад явах гэж зүтгэх болсон билээ.

Оросын удирдагч Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойгоор манайд айлчлах гэж байна. Манай олон нийтийн нэртэй төрийн телевиз “дайн” биш “байлдаан” гэх болсон нь яах аргагүй том ололт мөн. Харин газар нутгаа алдсан байлдааныг “ялалт” гэж яаж болох билээ. Үүнийгээ нэг их удахгүй засаж үнэнд нийцүүлэх биз ээ. Харин Путины айлчлалын гол зорилго нь Халх гол биш “Сибирийн хүч-II” хийн хоолойн оронд манай III цахилгаан станцыг маш өндөр үнээр барьж өгөх гэж байгаа нь ил болж орхив. Үүнийг 80 хувь нь шинэчлэгдсэн УИХ-ын гишүүдийн хуралдаан дээр хэлсэн үг батлан харуулав. УИХ-ын гишүүд маань “Монгол Улсын хууль үйлчлэхгүй гэдэг чинь юу гэсэн үг юм бэ?! ”, “Энэ бол гэрээ биш тулган шаардалт байна!” гэж хэлж байсан. Гэхдээ Москвагийн цаад зориго нь зөвхөн III цахилгаан станц биш билээ. Яг л өөрсдийн “гар хөл”, манай “Хуурамч эх орончид”-оор Уйгаржин бичгийг Монгол бичиг болгож хүүхдүүдийг маань англи хэл сурахыг, биднийг латин галигт орохыг саатуулсан шигээ Монголыг цахилгааны хамааралдаа байлган, хөгжил дэвшлийг маань боомилсоор байхыг хүсэж байна гэдгийг УИХ-ын гишүүд маань эрхбиш ойлгож байгаа биз ээ. Учир нь дэлхийн хэмжээний эрдэмтэд болох академич Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Ш.Лувсанвандан нарын “уйгаржин” гэж байсан бичгийг “монгол” болгож биднийг “Шинжааны уйгаруудтайгаа очиж нийлцгээ!” гэж хэлэх эрхтэй болсон Кремлийн чадварыг яав ч дутуу үнэлж болохгүй.

Олон улсын эрүүгийн шүүхийн гаргасан дээрх шийдвэрийн хувьд “Малчдын өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлнэ” гэж худал ярьж, хууль зөрчин “орж ирсэн”, УИХ дахь Оросын “тавиул”-ууд ямар өөрийн удирдагчийг өмөөрч сураагүй юм биш “Монголчууд баривчиллаа гэхэд хэн тэгээд Путиныг Орос, Хятадын нутгийг давуулж Гаагад чинь аваачиж өгөх болж байна. П…-ууд минь” гэж хэлж болно л доо. Гэхдээ Олон улсын эрүүгийн шүүхийн журманд “Талууд тухайн улстай хийсэн гэрээ зөрчигдөх тохиолдолд энэхүү шүүхийн заалтыг даган мөрдөхгүй байж болно” гэсэн заалт үйлчилж байдаг. Энэ нь Стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан улсынхаа тэргүүнийг баривчилчихвал Монгол Улс олон улсын хувьд жинхэнэ онигоонд орно гэсэн үг юм. Харин алдаа хаанаа байсан бэ гэвэл өөр хэрэг. Урихаас эхлээд энэ олон жил явуулсан гадаад бодлогыг аргалаад өнгөрөөдөг , мэдлэггүй мэрэгжлийн бишээсээ болоод гаргадаг жижиг жижиг геополитикийн алдаанууд цасан бөмбөлөг шиг томорсоор ийм байдалд хүргэж байгааг судлаачид тэмдэглэж байгаа.

Г.АМАРСАНАА

2 replies on “Шуугиан дагуулсан айлчлах сураг DNN.mn”

Галын галзуу солиот Амарсанаа амьд уу. Ирвэсний баас хамж идээд Бигэртээ байвал яасын.

Г.Амарсанаад амжилт хүсье. Ахмад үе чинь ийм л залуусыг хүлээж бдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *