Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс, нийт нутгийн өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолон гаргажээ. Ингэхдээ, тухайн нутгийн тус жилд ургасан бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэргийг үндэслэн гаргадаг аж. 2024-2025 оны хувьд, бэлчээрийн даац нийт нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй гэж гарчээ. Тодруулбал, нийт нутгийн 47 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 21 хувь нь бэлчээрийн даац гурав дахин нэмэгдсэн гэж гарсан бол нийт нутгийн 4 хувьд бэлчээрийн даац 3-5 дахин нэмэгдсэн байгаа ажээ. Өөрөөр хэлбэл өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрчээ.
Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудын зарим нутгаар даац хэтэрч гарчээ. Бэлчээрийн даац олон дахин хэтэрч /улаан/ гарсан сумдад Баян-Өлгийн Сагсай, Увсын Завхан, Ховдын Мөст, Мянгад, Буянт, Говь-Алтайн Алтай, Баянхонгорын Галуут, Баянговь, Баянлиг, Хөвсгөлийн Төмөрбулаг, Цагаан-Уул, Өвөрхангайн Нарийнтээл, Уянга, Гучин-Ус сумд хамрагдаж байгаа аж.
Харин Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл, Баяннуур, Алтай, Увсын Зүүнхангай, Түргэн, Ховдын Чандмань, Манхан, Дөргөн, Говь-Алтайн Тайшир, Төгрөг, Цээл, Халиун, Есөнбулаг, Дэлгэр, Бигэр, Завханы Баянтэс, Баянхонгорын Баацагаан, Бөмбөгөр, Архангайн Цэцэрлэг, Ихтамир, Цэнхэр, Булган, Хөвсгөлийн Бүрэнтогтох, Галт, Тосонцэнгэл сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч /улбар шар/ гарсан байна.
Бэлчээрийн даац нь тухайн газар нутгийн бэлчээрт бэлчээж болох эсвэл бэлчээрийн нөөцөөс хэтэрсэн малын тоог илтгэдэг. Энэ жилийн хувьд зуншлага харьцангуй сайн байсан бүс нутгаар бэлчээр хүрэлцээтэй, нөөцтэй гарсан байна. Гэвч хүйтний улиралд гэнэт хэт хүйтрэх, ахиу хэмжээний цасан бүрхүүл тогтоход цасан болон мөсөн зудын нөхцөл үүсч, мал бэлчээрлэх боломжгүй болдог тул,
ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан дээрх аймаг, сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтад бэлтгэх шаардлагатай байгааг албаныхан анхааруулж байна.