АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяртай шатахууны нөөц болон нийлүүлэлтийн өнөөгийн байдлын талаар тодрууллаа.
-Түлш шатахууны өнөөгийн нөөц хэр байгаа талаарх мэдээллээс тодруулгаа эхэлье?
-Манай байгууллага долоо хоногт хоёр удаа газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой импорт, нөөц зэрэг мэдээллийг гаргадаг. Энэ сарын 26-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 41,823 мянган тонн АИ92 бензин байна. Үүнийг улсын өдрийн хэрэглээгээр тооцвол 23 хоногийн нөөцтэй байна гэсэн үг.
Дизель түлшний хувьд 127,678 мянган тонн байна. Үүнийг өдрийн дундаж хэрэглээгээр тооцвол 46 хоногийн нөөцтэй байна. Энэ бол гааль болон импортлогч газруудаас авсан мэдээлэлд үндэслэсэн мэдээ.
Импорт хэвийн явагдаж байна. Наймдугаар сарын 29-ны байдлаар Сүхбаатар боомтоор 1061 вагон буюу 63600 тонн АИ92 бензин орж ирсэн. Манай улсын АИ92 бензиний нэг сарын хэрэглээ ихдээ 55 мянган тонн байдаг. Одоогийн байдлаар сарын хэрэглээнээс илүү хэмжээтэй АИ92 бензинийг импортлоод байна.
Дизель түлшний хувьд 2067 вагон буюу 124 мянган тонн Сүхбаатар боомтоор импортолсон. Манай улс сард 90-100 мянган тонн дизель түлш хэрэглэдэг. Хэрэглээнээс давсан хэмжээтэй буюу 46 хоногийн нөөцтэй байна.
Үүнээс гадна Эрээнцав, Цагааннуур, Боршоо боомтуудаар ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортолдог шүү дээ. Эрээнцав боомтоор наймдугаар сард 1760 тонн АИ92 бензин орж ирсэн. Зүүн бүсийн сарын хэрэглээ 1500 тонн байдаг. Харин Цагааннуур боомтоор 2207 тонн орж ирсэн байна. Баян-Өлгий, Ховд аймгийн 1800-2000 мянган тонн байдаг. Боршоо боомтоор 829 мянган тонн орж ирсэн. Ингээд улсын хэмжээнд нийт 68 мянган тонн АИ92 импортолсон байна.
-Зарим сумдад түлш шатахуун тасалдсан тухай мэдээлэл байна л даа. Тухайлбал, Архангай аймгийн Чулуут суманд гэхэд долоо хоног түлш тасалдсан гэсэн мэдээлэл манай сонины редакцид ирсэн?
-Зарим сумдад тасалдаж байна гэх мэдээлэл байна. Фэйсбүүкээр Хэнтий аймгийн Норовлин суманд тасалдлаа гэх мэдээлэл гарсан байна гэсэн. Тэнд байгаа шатахуун түгээх компани, аж ахуйн нэгж рүү явуулж байгаа нөөцийн мэдээллийг харж, судаллаа. Нөөц хэвийн байгаа ч бороо орж гол үерлэсэн зэрэг шалтгаанаас болж тасалдсан гэсэн мэдээллийг өгсөн.
Энэ дашрамд хэлэхэд, Монгол Улсын хэмжээнд нийт 1600 шатахуун түгээх станц бий. Эдгээр ШТС-ын ямар нэгэн газарт нь тодорхой нэг хүчин зүйлээс шалтгаалсан түр саатлыг дэвэргэж иргэдийг төөрөгдөлд оруулмааргүй байна.
-Ургац хураалт эхлэх гэж байна. Энэ үед өмнөх шиг дизель тасалдах гэхчилэн асуудал үүсэхгүй юм байна гэж ойлгож болох уу?
-Дизель түлшний нийт хэрэглээний 70-80 хувийг уул уурхай эзэлдэг. Газар тариалангийн салбар ихдээ 20 хувийг эзэлдэг. Өнөөдрийн байдлаар 127 мянган тонн дизель түлшний нөөц байна. Тиймээс импорт хэвийн явагдаж байгаа энэ үед ургац хураалтын үеэр ямар нэгэн асуудал үүсэхгүй.
-Өнгөрөгч өвлийн тодорхой хэдэн сард манайх БНХАУ-аас дизель түлш импортолсон. Тэр импорт хэвийн явж байгаа юу, эсвэл зогссон уу?
-Тодорхой шалтгааны улмаас хоёрдугаар сараас хойш импортлоогүй байгаа. Төмөр замын хуваарь нь гарахгүй байгаа л даа.
-ОХУ-ын нийлүүлэлт цаашид хэвийн явагдах, хоригт орохгүй байх ямар баталгаа бидэнд байгаа вэ?
-ОХУ ямар нөхцөл байдалтай байгааг та бүхэн харж байгаа байх. Дотоод нөхцөл байдлаасаа үүдэн экспортдоо хориг тавьж байгаа зүйл байна. Монгол Улс ОХУ хоёр бол найрсаг харилцаатай хөрш орон. Тиймээс гэрээ, харилцан тохиролцсоныхоо дагуу нийлүүлнэ гэж харж байгаа