Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг

У.Минжин: “Ихэр тавилан” кинонд таван сартай нялх хүүтэйгээ тоглож байлаа DNN.mn

Жүжигчин У.Минжинтэй ярилцлаа. Тэрбээр саяхан “Алдарт ээжүүдийн ажил хаялт” кинонд гол дүр бүтээсэн юм.


-“Алдарт ээжүүдийн ажил хаялт” киноны санал ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Киноны зохиолыг уншихад өмнө нь хөндөгдөж байгаагүй асуудал учраас олзуурхаж хүлээж авсан. Хоёрдугаарт, ганц бие ээжүүдийн тухай уран сайхны хэтрүүлэг бий. Гэсэн хэдий ч амьдрал дээр би өөрөө алдарт ээж болоогүй ч өөрийгөө алдарт эгч гэж боддог. Би таван дүүтэй. Ээж болсныг ч хэлэх үү, ээж хүн гэртээ байхаар ямар ачаалалтай байж стресстдэг, энэ бүхний арыг яаж даадаг вэ гэх мэт зүйлсийг зах зухаас нь тодорхой хэмжээнд мэдэрдэг. Тиймээс үүнийг бусдад хүргэж ойлгуулах гэж киноны саналыг баяртайгаар хүлээж авсан.

-Та киноны дүртэйгээ удаан ажилладаг уу?

-Дүр дээр ажиллах талаасаа бүх жүжигчид л сүүлийн үед энгийн тоглохыг зорьдог болсон байх гэж боддог. Энгийн үг сонгож дүрдээ ажиллахыг илүүд үздэг. Хүн чанарын хувьд өөрийгөө үнэнч, зарчимч, шударга гэж боддог. Үүндээ ч бат зогсдог.

-Анх үлгэр жишээ авч байсан уран бүтээлчдээсээ нэрлэвэл?

-МУГЖ И.Одончимэг эгч байна. Багаасаа л хошин урлагийн шоу, киног нь үзэж өссөн. Надад алгассан шоу, тоглолт байдаггүй байх аа. Үзэх бүрдээ Одноо эгч шиг хүн болох юмсан гэж боддог байлаа. Жүжигчин болно гэж шийдчихээд түүн шиг уран бүтээлч болно гэж боддог байсан юм. Мөн СУИС-д сурч байхдаа Х-ТҮЦ продакшнд орох юмсан гэж хүсдэг байлаа. Хүсэл минь биелж сургуулиа төгсөөд 2015 онд Х-ТҮЦ-д орсон. Есөн жилийн хугацаанд ажиллажээ. Бас өөрийнхөө хүсэл мөрөөдлөө биелүүлээд явж байгаадаа баярладаг.

-Хамгийн дурсамжтай, хөгжилтэй киноныхоо талаар хуваалцахгүй юу?

-Хамгийн жаргалтай бүх зүйл бүрдсэн кино баг гэвэл “Нийслэл хүүхэн” гэж боддог. Гоё хүмүүсээс бүрдсэн. Хошин урлагийн жүжигчид тал талаас цугласан болохоор ажлаа хийхдээ хүртэл инээлдэж, жаргаж хийдэг байсан.

Тэр утгаараа сэтгэлд тод үлдсэн. Дурсамжтай гэвэл “Ихэр тавилан” кинонд таван сартай хүүтэйгээ хамт тоглосон. Дурсамжтай, хайрламаар санагддаг. Үзэх бүрдээ хүүгийнхээ балчир байсан үеийг эргэж дурсаад энерги нь цаанаасаа л гоё байдаг.

-Та шантарсан үедээ юунаас урам зориг авдаг вэ?

-Хүүхэдтэй болохоосоо өмнө аав, ээж дээрээ байнга очдог байсан. Айлын том, бас аав, ээж маань нээлттэй залуу сэтгэлгээтэй байсан учраас хүүхдүүдээ их сонсдог байсан. Тийм болохоор ярилцаад урам зориг өгдөг. Ээж болсны дараа амьдралыг илүү ойлгож хүүгээ хараад энэ зүйл дээр шантраад яах вэ дээ гэж боддог болсон. Жаахан өвдөхөөрөө ч гэсэн өвдөж болохгүй шүү, хүүхэд минь байхад гэдэг ч юм уу. Хүүхдээ нялх байхад нь шөнө хөхүүлээд сууж байхдаа гэрэлтэй цонх хараад надтай адилхан ээж байгаа даа гэж бодно.  Ганцаараа төрчихсөн юм шиг ингэж аашилж болохгүй гээд хүүхдээ л боддог юм байна лээ.

-Анхны уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

-“Мааз” гээд хамтлагт дуулдаг байсан. “Би дурламаар байна” миний анхны дуу. Киноны хувьд 2015 онд “Сайн уу амьдрал минь” кинонд дуучин А.Хишигдалайтай хамт тоглож байлаа.

-Хэрэв жүжигчин биш бол өөр ямар мэргэжил сонгох байсан бэ?

-Арван жилдээ Хүүхдийн ордны хийлийн дугуйланд явдаг байлаа. Телевизороор хийлч Дээгий эгчийг үзэх дуртай.  Цоглог, гоё харагддаг байсан юм.

Тэгсэн дугуйлангийн багш маань СУИС-ийн багш байж таарсан. Тэгээд сургууль дээр нь очиж дугуйландаа сууна. Сургууль руу ороход энд тэндгүй дуулсан, хөгжим тоглосон, жүжиглэсэн, шалгалтаа өгөх гэж байгаа оюутнууд.  Тэднийг харахад шар үс босч эрч хүчтэй болоод л улам дүрэлзмээр санагддаг байлаа.

Аравдугаар ангид орох зун хийлийн хичээлдээ явдаг байсан. Тэр үед аав, ээждээ би жүжигчин болмоор байна гэхэд “Төгсөх болоогүй байна. Сайн бод” гэсэн. Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ бүгдийг хийдэг болохоор жүжигчин мэргэжил эзэмшихээр шийдсэн юм. Ингээд 2011 онд СУИС-д шалгалт өгөөд тэнцэж байлаа. Жүжигчнээрээ явна гээд шалгалт өгөхдөө зөвхөн СУИС-д өгөөд 2011 онд орж байсан.

-Дуулах, жүжиглэхээс өөр сонирхолтой авьяас бий юү?

-Байхгүй байх аа. Лаг дуулж чадахгүй ч эвийг нь олоод дуулчихна. Усанд сэлэх, морь унах гээд монгол ахуйд дуртай. Бас үнээ, гүү саагаад цагаан идээгээ боловсруулчихна.

-Цаашдын төлөвлөгөө, уран бүтээлийнхээ талаар бидэнтэй хуваалцаач?

-Тоглохыг хүсдэг дүрээ ямар ч жүжигчин хүсэж мөрөөднө. Миний хувьд яг л хөрсөн дээрээ буугаад сэтгэж амьдрах дуртай. Зогсолтгүй ажиллана. Х-ТҮЦ маань “Show time”-аа есдүгээр сарын 3-наас эхлэн орон нутгийн үзэгчдэдээ толилуулах гэж байгаа. Бэлтгэл ажил эхэлсэн. Энэ жилдээ багтаагаад 2-3 дуу хийнэ гэсэн бодолтой байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *