Хүнд өвчтэй болон гадаадад эмчлүүлэх шаардлагатай хүүхэд, томчуудад туслах хандивын аян, постууд олон нийтийн сүлжээнд тавигддаг. Гэвч эдгээр зовж шаналсан иргэдийн мэдээллийг ашиглаж, бусдыг залилдаг гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэх болжээ. Энэ нь хандив тусламж гуйсан иргэндээ ч, хандив өргөсөн хүмүүст ч халтай явдал. Энэ хэрэг зөрчлийг таслан зогсоох боломж байдаг эсэх талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Одонбаатартай ярилцлаа.
-Цахим залилангийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юү?
-Цахим хэрэгсэл ашиглаж үйлдэж байгаа гэмт хэргүүд сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Үүнд залилах гэмт хэрэг, бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхэд, мөрийтэй тоглоом руу уруу татах хэргүүд түгээмэл гарч байна. Үүнээс голлон үйлдэгдэж байгаа нь залилах гэмт хэрэг.
Залилах гэмт хэрэг нь хүний нэр барьж мөнгө зээлэх, бараа худалдан авах, мөнгө шилжүүлэх хүсэлт илгээх, бусдын фейсбүүк хаягийг хакердаж тухайн хүний өмнөөс мөнгө зээлэх, олны танил хүмүүс болон байгууллагын нэр ашиглаж азтан тодруулах, хандив тусламж авахаар хуурамч данс нээх, өөрчлөх, байрны түрээс, улсын бүртгэлийн аж ахуй нэгжийн тамга, тэмдэг хийж өгнө гэх мэт хэргүүд байна.
Цахим залилангийн хэрэгт мөнгө зээлэх гэмт хэрэг 29.7 хувь, бараа худалдан авах мөнгө шилжүүлэх хүсэлт илгээх, олны танил хүмүүс байгууллагын нэр ашиглан азтан тодруулах нь 40.1 хувь, хандив, тусламж авахаар хуурамч данс нээх 20.8, байр түрээслэх гурван хувийг эзэлж байна. Сургууль, цэцэрлэг эхлэх гэж байгаатай холбоотой энэ төрлийн гэмт хэргүүд эрс өсдгийг анхааруулж байна. Оноор нь харвал 2019 онд цахим гэмт хэрэг 4688, 2020 онд 4270, 2021 онд 6558, 2022 онд 11839, 2023 онд 12985 болж эрс нэмэгдсэн. Энэ төрлийн хэргүүдийг таслан зогсоох зорилгоор Цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх аянуудыг санаачлан зохион байгуулж байгаа. “Та татгалз”, “Ятгах тусам нягтал”, “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” зэрэг контент, постер, хэвлэлийн мэдээллүүдийг шат дараатайгаар урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд явуулж байгаа. Эдгээр арга хэмжээний үр дүнд гэмт хэрэг тодорхой хэмжээнд буурч байгааг онцлох ёстой.
-Цахим гэмт хэрэг, тэр дундаа хандивын аяныг ашиглаж бусдыг залилах тохиолдол олон нийтийн сүлжээнд нэлээд ажиглагддаг болжээ. Хандив тусламж хүссэн хүмүүс, хүүхдийн зургийг ашиглаж, өөрсдийнхөө дансыг тавьчихдаг. Иргэд тэр мэдээллийг нягтлахгүйгээр мөнгө шилжүүлдэг. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгадаг уу. Ямар арга хэмжээ авдаг вэ?
-Энэ төрлийн хэрэг дээр ирсэн гомдлын дагуу мониторинг хийгээд шалгаад явж байгаа. Нэгдүгээрт, иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалт хийдэг. Хоёрдугаарт, Цагдаагийн байгууллага өөрөө мониторинг хийж, илт гэмт хэргийн шинжтэй үйлдэл байвал устгуулах, холбогдох этгээдүүдийг олж тогтоон, шүүхээр шийдүүлж хохирсон этгээдийн хохирлыг нөхөн төлүүлэх зэргийг зохион байгуулж байна.
-Хандивын мэдээллийг ашиглаж залилан үйлддэг хүмүүст голдуу юу ажиглагддаг вэ?
-Сүүлийн үед ихэвчлэн цахим, интернэт орчинд ажиллах чадвартай залуус буюу 1540 орчим насны хүмүүс энэ төрлийн хэргийг үйлдэж байна. Хохирч байгаа иргэдийн хувьд найман настай балчраас 80 настай буурал хүртэл байгаа нь харамсалтай.
-Гэмт хэрэгтнүүд интернет орчинд ажиллах чадвартай залуус байна гэлээ. Энэ төрлийн хэргийг илрүүлж шалгахад бэрхшээл юу байна. Зарим иргэдийн зүгээс гомдол гаргадаг ч хэрэг үүсгэдэггүй, шийдвэрлэж чаддаггүй гэсэн шүүмжлэл байгаа?
-Цахим орчинд үйлдэгдэж байгаа хэрэг тул тухайн хэрэг үйлдсэн этгээдийн ID дугаараар нь, байршил, нэвтэрсэн компьютерийн сериал дугаараар нь хөөх ажил явагддаг. Мөн хакердаж байгаа үйлдэлд нарийн мэдлэг шаарддаг учраас илрүүлэхэд хүндрэлтэй. Цагдаагийн байгуулагад энэ төрлийн мэргэжлийн алба байгуулагдсан. Үүний араас хөөцөлдөөд илрүүлэх, хохирсон иргэдийн хохирлыг төлүүлэх, зөрчсөн эрхийг сэргээхээр ажиллаж байгаа.
-Үүнээс гадна сошиал сүлжээнд хуурамч хаяг нээн бусдын нэр хүндэд халдах асуудал байна. Энэ төрлийн хэргийг шалгах боломжтой байдаг уу. Хэрэв илрүүлбэл ямар хариуцлага тооцдог вэ?
-Мэдээж энэ төрлийн хэргийг илрүүлэх боломжтой. Энэ асуудалд Эрүүгийн хуульд болон Зөрчлийн хуулиар эрхзүйн зохицуулалтыг шийдэж өгсөн. Бусдын нэр хүндэд халдах, хаяг хакердах, бусдын нэр ашиглах зэргийг Цагдаагийн байгууллагаас тогтоох ажил хийсээр байна. Дээрх гэмт хэрэг, зөрчлийг үйлдсэн этгээдийг олж тогтоож, зохих журмын дагуу хариуцлага хүлээлгэдэг.
Хамгийн гол нь цахим орчинд иргэн өөрөө хэн нэгний гуйлт, мөнгө зээлээч гэсэн хүсэлт ирвэл тухайн хүн рүү холбогдох ёстой. Заавал утсаар ярьж тодруулаарай. Цахим хаягаас мөнгө асууж, гуйсан хаяг ээж чинь байсан ч итгэж болохгүй. Цахим сүлжээгээр тантай харьцаж байгаа хүн хэн ч байж магадгүй. Мэдээж Цагдаагийн байгууллагаас тухайн иргэний гомдол, мэдээллийн дагуу биеэр болон бичгээр Хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу утас, цахим хэрэгсэл ашиглаж өгч буй гомдлыг бүгдийн шалгаж, шийдэж байгаа. Мөн цахим сүлжээнд илт залилангийн шинжтэй зарыг шалгаад устгуулах арга хэмжээг зохион байгуулж байдаг. Мөн олон дагагчтай группүүдтэй хамтарч ажилладаг. Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа тухайн данс эзэмшигчийг олж тогтоох ажлыг хойшлуулашгүйгээр явуулж байна.
-Цахим залилангийн гэмт хэргийг хэрхэн шалгадаг талаар тодруулж болох уу?
-Прокурорын байгууллага болон арилжааны банкуудтай хамтран ажилладаг. Энэ хүрээнд хойшлуулашгүйгээр хууль бус мөнгө шилжсэн дансыг царцаах, битүүмжлэх зэргээр ажиллаж байна. Цагдаагийн тусгай 102 дугаарт залгаж “Би цахим залилангийн хэрэгт өртчихлөө, дөнгөж сая би мөнгөө шилжүүлчихлээ” гэсэн дуудлага ирлээ гэж бодъё. Ингэхэд 24 цагийн хугацаанд мөрдөгч шалгаад залилангийн шинжтэй байвал царцаах ажиллагааг хийж гүйлгээг хаадаг. Маргааш нь прокурор хянаад гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тохиолдолд үргэлжлүүлээд шалгана. Гэмт хэргийн шинжгүй бол цуцална. Царцаах гэдэг нь хуулийн хэллэгээр тухайн дансны шилжилт хөдөлгөөнд хориг тавьж, хязгаарлалт тогтоож байна гэсэн үг.
Б.Оргилмаа, Т.Алтанминж