Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Батшугар: Засгийн газар, Монголбанк хамтраад улсынхаа зээлжих зэрэглэлийг сайжруулах хэрэгтэй байна DNN.mn

УИХ-ын гишүүн Э.Батшугартай төсвийн тодотголын талаар ярилцлаа.


-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж байна. Таны хувьд төсөлтэй танилцсан байх. Ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэдээж зарлага нь гурван их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Нэмэгдсэн үндсэн шалтгаануудыг нь харж байхад маш олон бүтээн байгуулалтын төсөв байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн дархлааг улам сайжруулах, бэхжүүлэх ач холбогдолтой. Мөн Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, түгжрэлийг саармагжуулах том, том төслүүд орсон байсан. Жишээлбэл, хотын тойрог зам. Ийм тойрог зам бол ямар ч метрополис хотод байдаг зүйл. Бидний сайн мэдэх Бээжин хотод л гэхэд зургаан тойрог зам байдаг. Харин нийслэлдээ ямар ч байсан нэгийг хийе гэж байгаа юм. Хан-Уул дүүргээс Баянзүрх дүүрэг орохын тулд хотын төвийн түгжрэлд оролгүйгээр энэ тойрог замаараа л явчихна. Дээрээс нь нэмээд дүүргүүдийн олон салаа замуудыг тойрог зам нэгтгэж өгнө. Олон жил яригдаж байгаа Туул голыг дагасан хурдны зам байна. Энэ чинь зүүн, баруун чиглэлийг холбосон маш том судас болно. Үүнээс гадна тунель гэдэг их сонин зүйл. Миний хувьд үүнийг үнэхээр дэмждэг. Ямар ч том улсад томоохон тунелүүд байдаг. Улаанбаатар хот маань дөрвөн уулын дунд байрладаг.

Тэлье гэхээр чадахгүй байгаа. Тийм болохоор тунель барьснаар хотоо урагш нь тэлэх бололцоог нээж өгнө. Мөн Солонго-1, 2 хороололд улсын төсвөөс 150 тэрбум төгрөг төсөвлөсөн байна лээ. Улсаас хэрэгжүүлж байгаа 20 мянган иргэнээ орон сууцжуулах том хөтөлбөрийн нэг хэсэг нь энэ. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Шинээр эмнэлэг барих, одоо байгаагаа шинэчлэх, тоног төхөөрөмж шинээр нэмж авах гээд зайлшгүй хийх ёстой зүйлүүдийн нэг. Өнөөдөр монголчууд жил бүр 300 орчим сая ам.долларын эмчилгээг гаднын улсад очиж хийлгэж байна. Энэ урсгалыг дотооддоо авч үлдэх, монголчуудаа эрүүл болгох тал дээр Засгийн г азраас маш том ач холбогдол өгч байна гэж харж байгаа. Мөн бараг 400 орчим тэрбум төгрөгөөр шинээр сургууль, цэцэрлэг барихаар төсөвлөсөн. Энэ мэтчилэн томоохон бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалт хийж байгаад баяртай байна. Нөгөө талдаа эрчим хүчний салбарт ч гэсэн анхаарал хандуулж байгаа. Эрчим хүчний тусгаар тогтнол бол аж үйлдвэрийн үндсэн суурь байдаг. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах, чанар нь муудсан агаарын шугамуудыг солих гээд олон ажил байна. Үндсэн парометрүүдийг аваад үзвэл харьцангуй эрүүл гэж харж байна. Улс орны эдийн засаг тэлж байхад төсөв дагаж тэлэх ёстой. Ингэж байж том том суурь эдийн засгийн төсөл, хөтөлбөрүүдийг хөдөлгөнө. Тэгснээр Монгол Улс хөгжинө. Мөн Засгийн газрын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулсан үндсэн үзүүлэлт нь 34 хувь арай хүрэхгүй байгаа юм. Манайхтай ижил төстэй улсууд буюу Киргизстан 60 хувь, Укбейкстан 38 хувь гэх мэтчилэн байна. Төсвийн алдагдлаа бид яг хоёр хувьдаа барьж байгаа. Цар тахлын дараа хоёр хувьд барьсан улс орон цөөхөн. Ингэхээр манайх эрүүл макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ авч хадгалж чадаж байна гэж ойлгож болж байгаа юм. Харин санаа зовж байгаа хоёр зүйл бий.

-Тэр нь юу вэ?

-Төсвийн тэлэлттэй холбоотойгоор төлбөрийн тэнцэл дээр яалт ч үгүй тодорхой хэмжээний дарамт ирнэ. Ингэснээр нэгдүгээрт, ханш болон Монголбанкны валютын нөөцөд сөргөөр нөлөөлөх үзүүлэлт. Урсгал данс оны эхнээс өнөөдрийг хүртэл 500-гаад сая ам.долларын алдагдалтай байна. Төлбөрийн тэнцэл нийтдээ 50 сая ам.долларын алдагдалтай байгаа. Энэ нь шууд манай гадаад валютын албан нөөц дээр ирэх дарамт. Үүгээр дамжаад ханшид дарамт ирнэ. Хэрэв ханш суларвал импортоор орж ирж байгаа инфляц нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар манай инфляц таван хувь, үүний 1.8 хувь нь импортын инфляц байна. Ковидын дараа манай инфляц 15, үүний 50 хувь нь импортын гаралтай инфляц байсан. Харин тээвэр ложистикийн нөхцөл байдал сайжирсантай холбоотойгоор импортын инфляц буурсан. Мөн шатахуун, түлшний асуудлаар Засгийн газар ОХУ-ын Засгийн газартай хэлэлцээ хийсний үр дүнд өнөөдөр өсөхгүй байгаа.

-Тэгвэл төлбөрийн тэнцэл дээр ирж байгаа дарамтаа яаж арилгах юм бэ?

-Нэгдүгээрт, бид гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ёстой. Нийтдээ 14 мега төсөл, хөтөлбөр байгаа. Эдгээр нь нийтдээ 120 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнийг ямар ч улс орон өөрсдийн төсвөөрөө хэрэгжүүлж чадахгүй. Заавал гаднын хөрөнгө оруулалт буюу инженерийн, хөрөнгө оруулалтын компаниуд оруулж ирэх шаардлагатай. Улсын төсвөөр 10 орчим хувь буюу суурь дэд бүтцийнх нь асуудлыг шийдэж өгөөд үлдсэн дээр нь гадаадын хөрөнгө оруулалт татах ёстой. Ингэж чадвал төлбөрийн тэнцлийн урсгал дансаа сайжруулна. Заавал мега төслүүд гэхгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөлөө сайжруулчихвал бусад салбарт ч хөрөнгө оруулалт татах хэрэгтэй.

-Гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал одоогоор ямар байгаа вэ?

-Маш тааруу байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах гадаадын хөрөнгө оруулалтын коэффициентийг нь харахад манайх ердөө 12-15 хувьтай л байгаад байгаа юм. Үүний 10-аад хувийг нь Оюутолгой дангаараа эзэлж байна. Ингэхээр харамсалтай нь бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалт орохгүй байгаа нь харагдаж байгаа юм. Азийн бар гэгддэг орнуудыг харахад маш олон жил гадаадын хөрөнгө оруулалт нь 40-60 хувь байсан. Тиймээс бид дор хаяж 40 хувьд хүргэх шаардлагатай. Ингэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагч нарын эрх, өмч хөрөнгийг нь хамгаалсан хууль эрх зүйн байдлыг бий болгох ёстой. Хоёрдугаарт, бид зээлжих зэрэглэлээ сайжруулах хэрэгтэй. Гуравдугаарт, мега төслүүдээ гадаадын томоохон хөрөнгө оруулагч нарт сурталчилах хэрэгтэй байгаа юм. Ингэж байж л хөрөнгө оруулалт татаж чадна.

-Энэ намар, болоод ирэх жилийн эдийн засгийг та хэрхэн харж байна вэ?

-Ирэх оны төлбөрийн тэнцэл болон төгрөг дээр ирж байгаа харьцангуй сайжирна гэж харж байгаа. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, Оюутолгойн уурхайн хүчин чадал эрс нэмэгдэнэ. Хоёрдугаарт, төмөр замын холболт хийснээр нүүрсний экспорт энэ оноосоо илүү нэмэгдэх учиртай.

-Энэ жилийн хувьд 78 сая тонн нүүрс экспортолно гэсэн байсан. Энэ боломжтой юу?

-Миний хувьд үүнийг бүрэн бололцоотой гэж харж байгаа. Яагаад гэвэл бид одоогийн байдлаар 42 сая орчим тонн нүүрс экспортолсон байна. Мөн ноднин жилийн долдугаар сараас энэ жилийн долдугаар сар хүртэлх хугацаанд бид 78 сая тонн нүүрс гаргачихсан байгаа юм.

-Урд хөрш маань нүүрсийг одоогийнх шигээ тогтмол авах юм уу?

-Авах үндсэн нөхцөл нь байна. Учир нь Хятад улс жилдээ 480 сая тонн нүүрс импортоор авдаг. Тэгвэл Австрали, Индонезиос далайн тээврээр авах уу. Эсвэл хөрш орон болох Монгол, Оросоос авах уу гэдгээ мэдээж тооцож байгаа. Тээврийн зардлын хувьд манайхаас авах нь хамаагүй хямд тусна. Мөн цаг агаарын өөрчлөлтөөс болж хятадуудын барьсан усан цахилгаан станцуудын гол, ус нь ширгэсэн. Ингэснээр эрчим хүчний үйлдвэрлэл нь багассан. Үүнтэй холбоотойгоор нүүрсний болон атомын цахилгаан станцын маш олон төсөл хэрэгжүүлж эхэлсэн.  Дээрээс нь Хятад улс жилд 1-1,2 тэрбум тонн ган хайлуулдаг. Нэг тонн ган хайлуулахад 700 кг коксжих нүүрс ашигладаг. Тэгэхээр тэнд нүүрсний хэрэглээ өндөр байна. Хэрэв бид төмөр замын хил холболтуудаа хийчихвэл 100 сая хүртэл тонн нүүрс экспортлох боломж байгаа.

-Манай улсын эдийн засагт гол нөлөө үзүүлдэг зүйлсийн нэг нь зэс шүү дээ. Энэ тал дээр ямар байдал ажиглагдаж байна вэ?

-Зэсийн макро үзүүлэлтүүд маш сайн байгаа. Нэг тонн нь одоогоор 9500 ам.доллар байна. Мөн хэрэглээний хувьд огцом нэмэгдэж, нийлүүлэлт нь багасах юм уу, тогтвортой байх үзүүлэлттэй байгаа. Яагаад гэхээр Оюутолгойтой харьцуулах хэмжээний зэсийн орд илрээгүй, ашиглалтад орох төсөөлөл ч алга. Зэсийн хэрэглээ яагаад өсөөд байна гэхээр одоогийн байдлаар дэлхийд 79 сая шинэ машин зарагддаг. Үүний 13 хувь нь электрон машин. Харин Хятад улсад 40 хувийг нь электрон машин эзэлж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар электрон машины хэрэглээ огцом нэмэгдээд, 2026 он гэхэд дэлхийн хэмжээнд 40 хувь хүрнэ гэж байгаа юм. Тэгэхээр үүнийгээ дагаад зэсийн хэрэглээ нэмэгдэнэ. Нэг электрон машин үйлдвэрлэхэд 140 кг зэс ашигладаг юм. Хоёрдугаарт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа нь ч нөлөөлнө. Нэг мегаватт сэргээгдэх эрчим хүчний станц барихад ойролцоогоор 4.2 тонн зэс ордог. Өнөөдөр зарим улс орнууд дотоодын хэрэгцээгээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангахаар хичээж байна. Португал гэхэд л сая хэд хоног 100 хувь хангаж чадсан.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан зургадугаар сарын 5-ны өдрийн хуралдаан маргаан дагуулж байна. Энэ яг юу болсон юм бэ?

-Сангийн сайдын хэлж байгаагаар өрийн тааз болон Засгийн газрын төсвийн алдагдлаа аваад хаячихсан. Харин одоо эргүүлэн оруулж байгаа гэж байсан. Энэ нь зөв л дөө. Гэхдээ хэчнээн аваад хаячихсан ч гэсэн бид үндсэн парометрүүдээ барьж чадсан. Орж ирж байгаа төсвийн тодотгол ч гэсэн үүнийгээ маш сайн барьж байгаа. Мөн 2025 оны төсвийг ч гэсэн оруулж ирэхдээ үүнийгээ барих ёстой.

-Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр орж ирсэн. Гэтэл хэтэрхий олонд том төслүүд зэрэг эхлүүлж байна. Үүний орон эрэмбэлээд нэг, нэгээр нь ашиглалтад оруулаад явах нь зүйтэй гэсэн шүүмжийг зарим нь хэлж байна. Энэ дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Мэдээж нэг талдаа зөв л дөө. Нийт 14 мега төсөл байгаа. Миний харж байгаагаар бэлэн, бүтээн байгуулалт нь эхэлсэн зэргээсээ шалтгаалан зарим нь илүү хурдан хэрэгжинэ гэж харж байгаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, төмөр замын хил холболтууд гээд хурдан хэрэгжих боломжтой төслүүд бий. Харин зарим нь ТЭЗҮийн шатанд ч явж байгаа. Ер нь эцсийн үр дүндээ бид төсвийн тэлэлттэй бодлого явуулж байж эдийн засгаа өсгөнө. Үүнийгээ дагаад ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн орчинг сайжруулна. Эцсийн үр дүн нь Монгол Улсын Засгийн газрын зорилго бол Төв Азидаа нэг хүнд ногдох ДНБ-ээрээ хамгийн чинээлэг улс орон болохыг л хүсээд байгаа шүү дээ. Тиймээс ч зоригтой алхамуудыг хийх нь зүйтэй гэж бодож байна.

-Засгийн газраас нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.доллар болгоно гэсэн. Энэ зорилгодоо хүрэх боломж бидэнд байна уу?

-Дотооддоо бол бүрэн боломж бий. Гэхдээ бид дэлхийн санхүүгийн зах зээлээс шууд хамаардаг. Нүүрс болон зэсийн үнэ. Харин үндсэн макро парометрүүд, эрэлт нийлүүлэлтийн прогноз эерэг байгаа болохоор хүрэх бололцоо нь өндөр байгаа гэж харж байна. Мөн Засгийн газар, Монголбанк хамтран хүчээ нэгтгээд хийх ёстой нэг ажил нь зээлжих зэрэглэлээ сайжруулах юм. Хөрөнгө оруулагч нар биднийг зээлжих зэрэглэлээр л дүгнэдэг. Үүнийг сайжруулснаар хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Олон улсад зээлжих зэрэглэлийг тодорхойлдог Эс энд Пи (S&P), Фитч (Fitch), Мүүдис (Moodys) гэсэн гурван том байгууллага байдаг. Тэгэхээр энэ байгууллагуудтай тулж ажиллаад, Монгол Улсынхаа эдийн засгийн нөхцөл байдлуудыг тайлбарлаад явбал зээлжих зэрэглэл сайжрах боломжтой гэж харж байгаа юм. Ер нь зээлжих зэрэглэлийг тодорхойлдог 23 үндсэн шалгуур үзүүлэлт байдаг. Үүний 22 нь шууд дотоодын эдийн засагтай хамааралтай. Үлдсэн нэг нь гадаад орчин байдаг юм. Тэгэхээр 22 дээр нь бид өөрсдөө зөв тохируулга хийгээд сайн тайлбарлаж чадвал зээлжих зэрэглэлээ сайжруулах боломжтой. Манай улс саяхан л саарал жагсаалтад байсан. Харин Засгийн газар, УИХ, Монголбанк хамтран ажилласны үндсэн дээр амжилттай гарсан. Яг үүн шиг бид өөрсдийгөө илүү сайн ойлгуулаад, тайлбарлаж чадвал бүрэн боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *