Николас Мадурогийн хяналтад байдаг Венесуэлийн тагнуулын алба өнгөрсөн сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд Мадурог ялалт байгуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа сөрөг хүчний идэвхтнүүд болон сэтгүүлчдийг баривчилсаар байна.
Тухайлбал, Венесуэлийн сөрөг хүчний “La Patilla” мэдээллийн сайтын сэтгүүлч Ана Гуаита Барретог баривчилсан нь сүүлийн гурван долоо хоногт саатуулагдсан зургаа дахь хэвлэл мэдээллийн төлөөлөгч болж байна. Барретогийн хамаатан садны хэлснээр нууц цагдаа нар түүнийг шууд гэрээс нь авч явсан бөгөөд сэтгүүлчийг хаана хорьж байгааг ар гэрийнхэнд нь хэлэхгүй байгаа аж. Америк тивийн хэвлэлийн нийгэмлэг (IAPA)-ээс Венесуэлийн эрх баригчид ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 2400 гаруй хүнийг баривчилсан гэж мэдэгдээд байгаа бөгөөд тэднийг улс орны нөхцөл байдлыг тогтворгүй болгох зорилготой гэж байгаа бол заримыг нь терроризмын хэргээр буруутгасан байна.
Венесуэлийн Сонгуулийн хороо Николас Мадурог долдугаар сарын 29-ний ерөнхийлөгчийн сонгуульд яллаа гэж зарласан ч сөрөг хүчнийхэн 2018 оных шиг сонгуулийн дүнг дахин луйвардсан хэмээн Венесуэлд олон мянган иргэдийн эсэргүүцлийн жагсаал болж Мадурогийн засгийн газрыг нэн даруй огцрохыг шаардсаар байгаа билээ.
Мөн арми болон цагдаагийн хамгаалалт дор Николас Мадурог дэмжигчид ч жагсаж байгаа. Учир нь автобусны жолооч мэргэжилтэй, үйлдвэрчний эвлэлийн зүтгэлтэн, талийгаач Уго Чавесын шавь, өв залгамжлагч 61 настай Николас Мадуро анх 2013 онд ерөнхийлөгч болсон бөгөөд тэрээр армийн офицеруудад мөнгө “цутгах” аргынхаа ачаар ийнхүү гурав дахь удаагаа зургаан жил ерөнхийлөгчийн суудалд суухаар оролдож байгаа юм.