Ерөнхийлөгч Жо Байден Чикаго хотод болж буй Ардчилсан намын үндэсний их хурал дээр сэтгэл хөдөлгөм үг хэлж, хуралд оролцсон бүх хүний алга ташилтаар үдүүлжээ. Байден “Хэдхэн долоо хоногийн дотор ерөнхийлөгчийн өрсөлдөөнийг өөрийн талд эргүүлж чадсан” хэмээн Харрисыг магтаад “Бидэнд хийх зүйл их байгааг хоёулаа мэдэж байгаа. Гэхдээ бид зөв чиглэлд явж байгаа” гэж хэлжээ. Америкийн дэд ерөнхийлөгч болсон анхны хар арьст эмэгтэй Камала Харрис Ардчилсан намд шинэ амьсгал оруулж, олон нийтийн санал асуулгаар Бүгд найрамдах намын удирдагч Дональд Трампыг гүйцэж түрүүлээд байгаа билээ.
Байден Америкийн түүхэнд гүйцэтгэсэн өөрийн байр суурийг товч илэрхийлээд зогсохгүй өөрийг нь Цагаан ордонд залгамжилна гэж найдаж буй дэд ерөнхийлөгчийн тухай үг хэлж түүнд хүндэтгэл үзүүлсэн байна. Тэрээр “Камалаг өнгөрсөн сонгуульд хамтрагчаараа сонгосон нь миний карьерийнхаа туршид гаргасан хамгийн зөв шийдвэр байсан. Тэр хатуу, туршлагатай, үнэхээр үнэнч хүн” гэж хэлжээ. Тэгвэл Камала Харрис тайзан дээрээс “Гайхалтай ерөнхийлөгч” хэмээн түүнийг магтаж “Жо, таны түүхэн манлайлал, манай үндэстний төлөө насан туршдаа хийж гүйцэтгэсэн бүх зүйлд баярлалаа. Бид танд үүрд талархаж байх болно. Би танд хайртай” гэж хэлэхэд намын гишүүд нь “Бид чамд хайртай, Жо” гэсэн уриа цууриатуулж, 81 настай ерөнхийлөгч нулимс дуслуулан, цугласан олны чих дүлийрэм алга ташилтаар үдүүлсэн байна.
Ерөнхийлөгчиийн сонгуульд өрсөлдөхөөр болоод буй АНУ-ын анхны өнгөт арьст эмэгтэй Камала Харрис Байдены хагас зууны улс төрийн замналын хамгийн хэцүү мөчүүдийн нэг болох байсан түүнийг чуулганы эцсийн өдөр тайзан дээр гаргах уламжлалыг эвдэн ерөнхийлөгчийг хурлын эхний өдөр үг хэлүүлж түүнд ийнхүү хүндэтгэл үзүүлэв. Байден намынхаа их хуралд гэр бүлийнхээ хамт оролцсон бөгөөд түүний эхнэр Жилл Байден, охин Эшли нар хамт ирсэн юм. Мөн их хурлын тайзан дээрээс Хиллари Клинтон цугласан олонд “Ноён Байден цагаан ордонд нэр төр, ёс журам, ур чадварыг эргүүлэн авчирсан” гэж хэлэв. Барак Обама мягмар гарагт үг хэлэх бол харин лхагва гарагт Билл Клинтоны ээлж ирнэ. Эд нар хоёулаа дахин сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан АНУ-ын ерөнхийлөгч асан хүмүүс. Харин Жо Байденд ийм боломж олдохгүй.
Чикаго хотод их хурлаа хийж буй, хэдхэн долоо хоногийн өмнө Байден Трамп нарын “аймшигт” мэтгэлцээний дараа сэтгэлээр унаад байсан Ардчилсан намынхан харин өнөөдөр арван нэгдүгээр сард ялалт байгуулна гэсэн бүрэн итгэл найдвар дүүрэн, сэтгэл санаа нь өндөр байна.
Ийнхүү Ардчилсан намын их хурал ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс татгалзсан ерөнхийлөгч Жо Байдены шийдвэрт алга ташин талархал илэрхийлж, түүний анх 1972 онд эхлүүлж, 29 настайдаа Конгресст сонгогдож байсан улс төрийнх нь баялаг замналд өндөр хүндэтгэл үзүүлэв.