Японы ерөнхий сайд Фүмио Кишида “Бидний харилцаа холбоог өргөжүүлэн, гүнзгийрүүлэх ажлыг баталгаажуулахын тулд би ирэх долоо хоногт гадагшаа айлчлахгүйгээр шийдсэн” гэж мэдэгдсэний дараа манай хэвлэлүүд “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн харилцаатай Японы ерөнхий сайд Фүмио Кишида энэ сарын 11, 12-нд манай улсад албан ёсоор айлчлах гэж байна. Ерөнхий сайд Фүмио Кишида айлчлалын үеэрээ манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нарт бараалхана. Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Япон улстай “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 2022 онд хоёр талаас гарын үсэг зурсан харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, уг түншлэлийн үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, бүс нутаг, олон улсын харилцааны талаар Японы сонирхсон асуудлаар санал солилцоход айлчлалын зорилго оршиж байна. Японы ерөнхий сайдын түвшинд 2016 оноос хойш найман жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь Монгол Улсын цаашдын хөгжлийн бодлого, зорилтын хүрээнд ардчиллын нийтлэг үнэт зүйлтэй Япон улстай “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм” хэмээн бичсэн. Гэтэл Японд 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөж, Фүмио Кишидагийн Төв Азийн улсуудад хийх айлчлал цуцлагдаж,тус улсын засгийн газрын эрх бүхий төлөөлөгчид бүс нутгийн удирдагчидтай цахимаар уулзалт хийхээр төлөвлөж байгааг “NHK” агентлаг мэдээлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын ерөнхий сайд Ф.Кишида нар Японы талын хүсэлтийн дагуу 2024 оны наймдугаар сарын 13-ны өдөр утсаар ярилцав.Ярианы эхэнд ерөнхий сайд Ф.Кишида “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар 2024 оны наймдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөгдөж байсан хэдий ч тус улсын Миязаки мужид энэ сарын 08-ны өдөр болсон газар хөдлөлтийн улмаас гарч болзошгүй эрсдэлийг бууруулах, гамшгийн эсрэг авах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагаас үүдэн энэ удаагийн айлчлал цуцлагдсан” гэж тайлбарласан байна. Тэрээр уг айлчлалын бэлтгэлийг хангаж ажилласанд Монголын талд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол Улсад энэ удаа албан ёсны айлчлал хийх боломжгүй болсонд харамсаж буйгаа илэрхийлэхийн сацуу цаашид нөхцөл байдлыг харгалзан уг айлчлалыг хэрэгжүүлэхийн төлөө байна” гэж мэдэгджээ.Хоёр тал хүний эрх, эрх чөлөө, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон улсын харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэж, улс төрийн итгэмжлэлийг батжуулах, бүхий л түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалыг улам бүр эрчимжүүлэх, эдийн засгийн харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын талбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлон, 2024 онд манай хоёр улсын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж буйг сайшаан тэмдэглэж, уг харилцаанд залуу үеийн төлөөллийг түлхүү хамруулж, ард иргэдийн солилцоо, найрамдал нөхөрлөлийг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг илэрхийлжээ.Гэтэл үүнээс хэдхэн хоногийн дараа Японы ерөнхий сайд Фүмио Кишида “Ирэх сард болох Либерал Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхгүй, уг сонгуульд хэн ч ялсан түүнийг дэмжинэ” гэж мэдэгдэв. Энэ нь тэрээр ерөнхий сайдын суудлаас огцорно гэсэн үг бөгөөд Фүмио Кишида уг шийдвэрийнхээ талаар “Олон нийтийн итгэлгүйгээр улс төрд хэн ч ажиллах боломжгүй. Би олон нийтэд ашигтай улс төрийн шинэчлэл хийхийн төлөө байгаа учир энэ хүнд шийдвэрийг гаргаж байна” гэж хэлжээ. Түүнийг 2021 онд ерөнхий сайдаар сонгогдсоноос хойш намынх нь бүртгэгдээгүй хандивын сан ил болж зарим гишүүд нь мөнгө шамшигдуулсан явдал Кишидагийн Засгийн газрын нэр хүнд япончуудын дунд буурахад гол нөлөө үзүүлсэн бөгөөд өнөөдөр ерөнхий сайдын нэр хүнд иргэдийн дунд 20 хүрэхгүй хувьтай байгаа учир тэрээр ийм шийдвэр гаргасан байна. Харин түүний хийж гүйцэтгэсэн ажлаас үүдэн Фүмио Кишидагийн засгийн газрын гадаад нэр хүнд маш өндөр байгаа билээ.
Ерөнхий сайд солигдсон ч Япон Улсын гадаад бодлого өөрчлөгддөггүй онцлогтой.Иймээс энэ улсын ерөнхий сайд манай улсад нэг их удахгүй айлчлах болно. Үнэндээ энэ айлчлалын ач холбогдол манай улсын хувьд маш чухал үйл явдал юм.
Г.АМАРСАНАА