Categories
гадаад мэдээ

Украины армийн ээлжит амжилтууд DNN.mn

Глушково тосгоныг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаад удаагүй байсан Курск мужийн амбан захирагчийн үүрэг гүйцэтгэгч Алексей Смирнов энэхүү дүүргийн нутагт бүхэлд нь албадан нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаснаа зарлаж “Курск мужид Украины Зэвсэгт хүчний ажиллагааны үеэр Глушковский дүүрэг гурван талаас шахагдсан. Баруун ба өмнөд талаас – Украины хил, зүүн зүгээс-Украины Зэвсэгт хүчний зарим хэсэг Суджанскийн дүүргээс Кореневскийн дундуур ойртож байна” гээд “Эрхэм элэг нэгтнүүд ээ! Би та бүхнээс одоогийн нөхцөл байдалд ойлголцолтой хандаж, аюулгүй байдлын болон орон нутгийн удирдлагуудын бүх зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүсч байна” гэж мэдэгдэв. Украины дайны өмнө Глушковский дүүрэг 20 мянга орчим хүн амтай байсан юм байна. Энэ үеэр “ВВС” Оросын нутаг дэвсгэрт байгаа украин цэргүүдтэй холбогдож ярилцлага авснаа нийтэлжээ. Нэг украин цэрэг ”Манай “гэнэдүүлэх довтолгоон” үүргээ сайн гүйцэтэсэн. Бид бараг ямар ч эсэргүүцэлгүйгээр маш амархан Оросын нутгийн гүнд нэвтэрч чадсан. Наймдугаар сарын 6-ны шөнө манай эхний бүлгүүд хил давж, хэд хэдэн чиглэлд довтолсон. Бараг тэр даруйдаа бид Сужа хотын баруун захад хүрсэн” гэж хэлсэн бол Украины армийн өөр нэг цэрэг “Агаарын довтолгоон улам ширүүсч, тулалдаан ойртож байгаа тул хилийн хоёр талаас хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байна. Оросын энгийн иргэд биднийг ямар нэгэн байдлаар эсэргүүцэхгүй байна. Гэхдээ ихэнх нь бидэнд маш таагүй хандаж, эсвэл огт харьцахгүй байна. Бас тэд Оросын цэргүүдийн байршлуудын талаар худлаа ярьж байна. Харин бид тэдэнд муу саналгүй, тайван зөнгөөр нь байлгаж байна” гэж хэлжээ.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский энэ өдрийн орой ээлжит мэдэгдэл хийж “Оросын нисэх онгоцны дөрвөн буудалд оновчтой, цаг алдалгүй, үр дүнтэй цохилт өгсөнд баярлалаа. Манай Украины дронууд яг шаардлагатай хэмжээгээр ажиллаж байгаа ч дроноор хийх боломжгүй зүйл гэж бас байна. Харамсалтай нь бидэнд одоогоор барууны пуужингуудыг ашиглах боломж байхгүй байна” гээд “Өнөөдөр Курск мужид манай арми сайн ахиц дэвшил гарган, бид стратегийн зорилгодоо хүрч байна. Манай олзны цэрэг солилцох сан ч нэлээд хэмжээгээр нэмэгдлээ” гэж хэлжээ. Украины Агаарын цэргийн хүчин ОХУ-ын Курск, Нижний Новгород, Воронеж мужид байрлах Оросын цэргийн “Халино”, “Саваслейка”, “Борисоглебск”, “Балтимор” цэргийн нисэх онгоцны буудлуудад нэгэн зэрэг дроны цохилт өгч гал түймэр дэгдэж буй нь нийтийн  сүлжээнд тавигдаад байгаа билээ. Эдгээр буудлуудад Украинд гол хохирол учруулж байгаа Оросын “Су-34” сөнөөгч бөмбөгдөгч онгоц, “Су-35” сөнөөгч болон бусад цэргийн нисэх онгоцууд байрладаг юм. Гэхдээ энэ дайнд удахгүй Украины “F-16” агаарт ноёрхож эхлэх нь тодорхой болоод байна. Учир нь саяхан АНУ-ын гол хоёр намын төлөөлөл Киевт айлчилсан. Энэ үеэр өнгөрсөн жил “НАТО-гийн холбоотнуудад “F-16” онгоц Украин руу шилжүүлэх зөвшөөрөл олгохыг хэргээр хойшлуулсан” гэж Байдены засаг захиргааг шүүмжилж байсан АНУ-ын Бүгд найрамдах намын сенатор Линдси Грэхэм Киевт болсон хэвлэлийн бага хурал дээр “Украины нисгэгчид “F-16” онгоцыг жолоодож сурч байгаа бөгөөд та бүхэнд хангалттай олон нисгэгчтэй болоход хугацаа орно. Иймээс та бүхэн тэтгэвэрт гарсан “F-16” онгоцны барууны нисгэгчдийг хөлсөлж авснаар Украины нисэх хүчин эдгээр онгоцнуудыг хурдан, үр дүнтэй ашиглах боломжтой болно… Та бүхэн үнэхээр зоригтой байна. Бүр маш гайхалтай! Үргэлжлүүлээд байгаарай! Миний хувьд Байдены засаг захиргаанд хэлэхийг хүсч буй зүйл

бол “Украинчууд алдаа гаргаж болохгүй. Иймээс тэдэнд энэ дайнд ялахад шаардлагатай бүх зэвсгийг нь өг” гэж хэлэх явдал юм” гэж хэлсэн билээ. Хэргийн учир нь Кремлийн суртал ухуулагчид сүүлийн үед “Барууны орнууд Украинд цэргийн тусламжийн шинэ багц өгнө гэж амлахад тэр нь аль хэдийнэ ирчихсэн байдаг” хэмээн гомдоллох болоод байгаа юм. Энэ нь эдгээр нисгэгчид аль хэдийн Украинд ирчихсэн байж магадгүй гэсэн үг юм.

Ингэснээр Курскийн чиглэлд ОХУ агаарт ноёрхож чадахгүй гэдэг нь тодорхой болж байна. Учир нь Оросын онгоцнууд тус бүрдээ локатортай байдаг бөгөөд харин “F-16” өөрөөсөө ямар нэгэн долгион гаргаж, локатор ажиллуулахгүй зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллээ гаднаас хүлээн авдаг юм. Энэ нь Оросын “Су”, “МИГ”-уудын локаторын долгионыг хүлээн авмагц “F-16”-ийн “агаар-агаар” ангиллын пуужингууд автоматаар Оросын онгоцнуудыг очиж сөнөөнө гэсэн үг билээ. Иймээс “F-16”-д Сирийн тэнгэрт Оросын “Су”, “МИГ”-үүдийг устгасан байлдааны хангалттай туршлага байгаа бол харин Оросын онгоцнуудад “F-16”-г сөнөөх туршлага байхгүй байгаа юм. Энэ нь Украины арми Оросын эзэлсэн нутгийг түр хориглон хамгаалж, цаг хожин агаарт ноёрхож эхлэнгүүт ганц “ухас хийлт”-ээр Москва чиглэлийн Е105, Е38, М-4 чиглэлийн төмөр болон авто замыг тасална гэсэн үг билээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн II дайнд хангамжийн замаа таслуулж ялагдсан Францын армийн гол хүчний хувь заяаг Оросын арми давтаж магадгүй болоод байна.

One reply on “Украины армийн ээлжит амжилтууд DNN.mn”

Баатарлаг Украинчуудыг Бурхан ивээг!
Оросууд олон Украин хүмүүсийг хороосон.
Одоо амиараа төлөх цаг нь иржээ!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *