Олон улсын цөмийн физикийн анхдугаар олимпиад Филиппин улсын Нью-Кларк хотноо зохион байгуулагдав.
Тус олимпиадаас Монгол Улсын баг хоёр хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа.
Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн
- 11 дүгээр ангийн сурагч Н.Түвшин
- 10 дугаар ангийн сурагч Г.Хүслэн нар хүрэл медаль хүртжээ.
Мөн 11 дүгээр ангийн сурагч Н.Анударь, 10 дугаар ангийн сурагч М.Анхбаяр нар цөмийн физикийн олимпиадад амжилттай оролцлоо.
Багийн ахлагч, дасгалжуулагч багшаар МУИС-ийн ИТС-ийн дэд профессор М.Одсүрэн, МУИС-ийн ЦФСТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Өсөхбаяр нар ажиллав.
Олон улсын цөмийн физикийн олимпиад нь Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (International Atomic Energy Agency)-ийн ивээл дор зохион байгуулагдсан байна.
Монгол Улс 1965 онд хуучнаар ЗХУ-д бэлтгэгдэн ирсэн мэргэжилтнүүдээр МУИС-д Цөмийн физикийн шинжилгээний группийг анхлан байгуулж, 1970 онд Цөмийн физикээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэн гаргасан.
Өдгөө МУИС-ийн Инженер, технологийн сургуульд “Цөмийн инженерчлэл” бакалавр, “Цөмийн технологи”, “Цөмийн эрчим хүч” хөтөлбөрөөр магистр, “Цөмийн технологи” хөтөлбөрөөр доктор зэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.