Categories
гадаад мэдээ

Камала Харрис албан ёсны нэр дэвшигчээр тодров DNN.mn

Америкийн гол хэвлэлүүд “АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Ардчилсан намын их хурлын төлөөлөгчдөөс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хангалттай тооны санал албан ёсоор авлаа” гэж мэдээлэв. Энэхүү санал хураалт цахимаар явагдсан байна. Тэрээр АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байденыг нэр дэвшихээс татгалзсаны дараа Ардчилсан намаас нэр дэвших цорын ганц хүн болоод байсан билээ. Харрис 2350 төлөөлөгчийн дэмжлэгийг авах ёстой нэр дэвших шаардлагыг нэгэнт давж, цахим чуулганд оролцогчдын 99 хувь нь буюу 3923 төлөөлөгч дэд ерөнхийлөгчийг нэр дэвшигчээр дэмжсэн юм байна. Энэхүү санал хураалтын дараа дэд ерөнхийлөгч Харрис “Би Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаадаа бахархаж байна” гэж мэдэгджээ. Ийнхүү тэрээр Америкийн хоёр том намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны өнгөт арьст эмэгтэй, Өмнөд Азиас гаралтай анхны эмэгтэй болсон байна. Хэрэв тэр Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг ялж чадвал АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллах анхны эмэгтэй болох юм.

Энэ үеэр Дональд Трамп олон нийтийн сүлжээнд дэд ерөнхийлөгч Камала Харрисын гэр бүлийн хөрөг зургийг тавьж “Таны Америкийн өв соёлыг хайрлах халуун дотно, чин сэтгэл маш их үнэлэгддэг” гэж бичээд араас нь “Харрис зөвхөн Ази-Америкийн өв уламжлалыг онцолдог” гэсэн худал мэдэгдлээ давтан тавьсан байна. Учир нь Харрис Ямайк аав, Энэтхэг ээжийн охин билээ. Энэхүү хуурамч мэдэгдлээ Трамп урьд өдөр нь “NABJ” телевизэд ярилцлага өгөхдөө дурдаж “Би түүнийг өмнө нь “хар” гэж бодож байсан. Гэтэл тэр одоо өөрийгөө “хар” гэж дуудуулахыг хүсэхгүй байна. Тиймээс би түүнийг энэтхэг эсвэл “хар”-ын алинаар нь дуудахаа мэдэхгүй болчихоод байна. Тэр энэ бүх хугацаанд энэтхэг байсан, дараа нь тэр гэнэт эргээд “хар” болчихсон” гэж хэлсэн юм. АНУ-д ингэж ил тодоор хэн нэгнийг арьс өнгөөр нь ялгаварлах үзэл гаргана гэдэг ерөнхийлөгчид нэр дэвшигчид байтугай жирийн иргэнд байх ёсгүй явдал билээ. Түүний энэ ярилцлагын дараа сэтгүүлчид Трампыг дэмждэг Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатруудыг асуултаар “булж” тэднийг нийтийн өмнө тун ч эвгүй байдалд оруулав. Тухайлбал, экс ерөнхийлөгчийн ойрын холбоотон, Өмнөд Каролина мужийн сенатор Линдси Грэхэм “Түүний хэлсэн үгэнд бус мөрийн хөтөлбөрт нь анхаарал хандуулах хэрэгтэй” гэсэн бол сэтгүүлчийн “Трамп арьс өнгөөр ялгах үзэл гаргасан уу?” гэсэн асуултад “Би тэгж бодохгүй байна” гэж хариулжээ. Мөн Хойд Каролина мужийн сенатор Том Тиллис “Энэ асуудал бидний анхаарлаа хандуулахыг хүсч буй гол асуудлуудаас сатааруулж байна гэж би үзэж байна. Би хувьдаа бид эдийн засгийн доголдол, хилийн асуудал, үндэсний аюулгүй байдалд анхаарлаа хандуулах ёстой гэж бодож байна” гэжээ. Харин Техас мужийн сенатор Жон Корнин сэтгүүлчийн асуултаас удаа дараа бултаж байсан ч эцэст нь аргагүй байдалд орж “Үнэхээр надад энэ талаар хэлэх зүйл алга.

Ерөнхийлөгч асан Трампыг ийм дайсагнасан орчин бий болгохоос айхгүй байгааг нь би үнэлж байна” гэж хэлжээ. Харин сэтгүүлч Харрисыг холимог арьстан гэсэн Трампын “төөрөгдөл”-ийн талаар тулган асуухад Корнин “Бид бүгд ямар нэг зүйлийн нэгдэл байдаг гэж би бодож байна” гэсэн тун ч арга ядсан хариулт хэлэхээс өөр аргагүй байдалд орцгоосон байна. Энэ бүхний дараа АНУ-ын нэр хүнд бүхий хэвлэлийн сэтгүүлчид “Бүгд найрамдах нам африк, энэтхэг гаралтай сонгогчдын саналыг нэгмөсөн алдлаа” гэж мэдээлжээ. Дашрамд дурдахад, Трамп өөрөө дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн Жей Дэвид Вэнсийн эхнэр Уша Чилукури Вэнс нь энэтхэг бүсгүй билээ. Тэрээр Харристай адил хуульч юм. Трампынхаар Дэвид, Чилукури хоёрын хүүхдүүд хэн болж таарах вэ?! Энэ бүхнээс харахад АНУ-ын нэрт хуульч, судлаач нэгэн саяхан “Трамп бол нийгэмд аюултай сэтгэцийн өвчтөн” гэж тодорхойлон олон нийтэд дэмий ч нэг зарлаагүй болж таарав. Мөн Трампыг ерөнхийлөгч байхад Жонс Хопкинсийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн сэтгэц зүйн зөвлөх, АНУ-ын сэтгэцийн эрүүл мэндийн нэрт мэргэжилтнүүдийн нэг, сэтгэл засалч, доктор Жон Гартнер Йелийн Анагаах ухааны их сургуульд болсон эрдэм шинжилгээний бага хурлын үеэр “Бидэнд ёс зүй бий.

Иймээс бид Дональд Трампын сэтгэцийн өвчний талаар олон нийтэд сэрэмжлүүлэх үүрэгтэй. Ерөнхийлөгч Дональд Трамп нь “парнойд, төөрөгдөл” гэх онцгой оноштой сэтгэцийн аюултай өвчтэй нэгэн бөгөөд тэр АНУ-ыг удирдахад тохиромжгүй” гэж мэдэгдэж байсан билээ. Тухайн үед үүнийг Ардчилсан намын “явуулга” хэмээн хэн ч тоогоогүй юм. Мөн Камала Харрисын сонгуулийн сан түүнийг нэр дэвшиж магадгүй болмогц хэдхэн хоногт 200 сая ам.доллараар нэмэгдэж түүхэн амжилт тогтоосноо долоо хоног дуусахад 300 сая ам. доллар болж дахин рекорд тогтоосон. Мөн бүх санал асуулгын судалгаагаар Харрис Тампыг ардаа орхиж байгаа нь олон нийтэд тодорхой болсон. Харин Трамп телевизээр болон уулзалтан дээр “Би ялж байгаа” гэж мэдэгдсээр байгаа билээ. Ийм хоёр өгөгдөлтэй нэр дэвшигч ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд дор хаяж хоёр удаа орох ёстой. Үүний дараа сонгогчид хэнийг дэмжих нь тодорхой байна. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ бүхний цаад нарийн учир нь ийм юм.

АНУ-д иргэн бүр сонгууль өгдөггүй. Зөвхөн сонгууль өгөхөөр бүртгүүлсэн хүмүүс л сонгууль өгнө. Өнөөдөр сонгууль өгөхөөр бүртгүүлсэн Ардчилсан намын гишүүн 42 сая, Бүгд Найрамдах намын гишүүн 36 сая, харин нам бусчууд 32 сая байна. Сонгууль өгсөн иргэд хэнд санал өгсөн харьцаагаар муж бүрээс, нийт 538 төлөөлөгч сонгогдон, тэдний саналаар АНУ-ын ерөнхийлөгч тодордог. Иймээс Бүгд Найрамдах намын гишүүд 100 хувь дэмжсэн ч худалч, популист Трамп ялахгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Мөн Жо Байден “нэрээ татахгүй” гэж мэдэгдэн Трамп, Венс нарын хослолыг Бүгд Найрамдах намаас гаргаж, өөрийн оронд Харрисыг сонгон, аль нэг чухал “хувирамтгай” мужийн цагаан арьст амбан захирагчийг их хурлаараа дэд ерөнхийлөгчөөр гаргаж ирэх бодлого яуулсан нь тодорхой байна. Ардчилсан намаас дэд ерөнхийөгчид Пенсельван мужийн амбан Жош Шапиро нэр дэвших байх. Харин Бүгд Найрамдах нам доторх Трампын эсрэг “Рейганчууд” үүнийг сайн мэдэж байсан бөгөөд Трампыг ялагдах нь тодорхой болонгуут “сдандарт бус” алхам хийхээр төлөвлөсөн бололтой байна. Учир нь ирээдүйн ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн нэр хүндээс шууд хамаарч Сенатын танхимын 1/3, Төлөөлөгчдийн танхимын тал хувь нь энэ сонгуулиар солигдож Конгресст аль нам олонх болох нь шийдэгдэнэ. Энэ олон улс төрчийн ялангуяа АНУ-ын нэг гол, том намын хувь заяа Трамп, Венс хоёроос болж “золигт гарна” гэж юу байх билээ. Иймээс Бүгд Найрамдах нам Ардчилсан намын их хурлын дараа Харрис, Шапиро гэсэн хосыг ялах “сдандарт бус” алхам хийхээс өөр аргагүй болж байна. Энэ алхам нь АНУ-ын Дээд шүүхээс хуулийн дагуу Трампыг “төрийн эсрэг гэмт хэрэгтэн” гэж зарлах явдлаар эхлэх болов уу. Ямар ч байсан адал явдалт америк кино үзэж буйтай адил ирэх арваннэгдүгээр сарын 5 болтол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль хэнийг ч уйдаахгүй гэдэг нь тодорхой болж байна.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *