Английн Ливерпүүлийн ойролцоох Саутпорт хотод өнгөрсөн даваа гаригт Хүүхдийн бүжгийн клубт гурван охин хутгалуулж, хэд хэдэн хүүхэд шархадсаны улмаас Исламын шашны эсрэг үймээн самуун тус хотод дэгджээ.Английн радикал үндсэрхэг үзэлтэй хэдэн зуун хүн орон нутгийн исламын сүм хийд болон тэднийг зогсоохыг оролдсон цагдаа нар руу чулуу, шил болон бусад эд зүйл шидэж, улмаар цагдаагийн микро автобус болон хогийн савыг шатаасан байна.Орон нутгийн түргэн тусламжийн алба “Эхний удаа 22 цагдаа гэмтэж бэртэж, 11-ийг нь эмнэлэгт хүргэсэн.Цагдаа нараас ес нь ясны хугарал,тархины доргилт зэрэг ноцтой гэмтэл авсан” гэж мэдэгджээ.
Цагдаа нар уг хэргийг үйлдсэн 17 настай хүүгийн нэрийг нууцлан, исламын шашин, мусульманчуудтай холбоотой эсэхийг дурдахаас зайлсхийсэн боловч бүс нутгийн Исламын байгууллагын мэдэгдэл болон бусад нөхцөл байдлаас үүдэн, хүн амины хэргээр баривчлагдсан залууг лалын шашинтан, радикал исламист гэж үзсэн хүмүүс ийнхүү үймээн самуун дэгдээсэн байна.Тэд олон нийтийн сүлжээгээр тарсан мессэжүүдэд үндэслэн ийм дүгнэлтэд хүрсэн гэжээ. Харин цагдаагийнхан эдгээр мэдээлэлд итгэж болохгүй гэж сануулан Цагдаагийн Ерөнхий газрын даргын туслах Алекс Госс “Цагдаагийн газарт хоригдож байгаа 17 настай хүүгийн талаар олон янзын таамаг, тарсан бөгөөд зарим хүмүүс үүнийг манай гудамжинд эмх замбараагүй байдал үүсгэхийн тулд ашиглаж байна. Баривчлагдсан хүн Их Британид төрсөн бөгөөд одоо ийм буруу таамаглал хэнд ч тус болохгүй” гэж мэдэгдэв.Цагдаа нарын мэдээлснээр баривчлагдсан залуу Уэльсийн нийслэл Кардифф хотод төрсөн бөгөөд Саутпортын ойролцоох Банкс тосгонд амьдарч байжээ. Мөн Ливерпүүлийн бүс нутгийн исламын сүм хийдийн холбоо олон нийтийн “X” сүлжээгээр дамжуулан “Нутгийн лалын шашинтнууд Саутпорт дахь хүүхдүүдийн аллагад ямар ч холбоогүй” гэж мэдэгдэв. Исламын сүм хийдийн холбоо мэдэгдэлдээ “Цөөн тооны хүмүүс энэхүү хүмүүнлэг бус үйлдэл лалын шашинтнуудтай холбоотой мэтээр харуулахыг оролдож байна. Үгүй ээ, бид үүнд ямар ч холбоогүй.Биднийг хагалан бутаргаж, үзэн ядалт үүсгэхийг хүссэн хүмүүст бууж өгөхгүй байхыг бид уриалж байна” гэж дурджээ.
Саутпорт хотод үймээн дэгдээсэн хүмүүсийг Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер, Дотоод хэргийн сайд Иветте Купер нар эрс буруушаав.Стармер “Хохирогчдыг дуугүй байх мөчийг далимдуулан хүчирхийлэл, дээрмийн үйлдэл хийсэн хүмүүс уй гашууд автсан олон нийтийг доромжиллоо” гэж Стармер Network “X” дээр бичиж, үймээн дэгдээгчид “хуулийн бүрэн хүчийг мэдрэх болно” гэж амлав.
Саутпорт бол Ливерпүүлээс хойд зүгт 27 км зайд орших далайн эргийн амралтын хот юм. Тэнд 94.5 мянга орчим хүн амьдардаг бөгөөд тэдний мянга гаруй нь л лалын шашинтнууд юм байна.
Г.АМАРСАНАА